Таны дуу хоолой бол ирээдүйг бүтээх хүч: Итгэлцлийг дахин сэргээх “MEF Youth 2025”


Улс орны хөгжлийн ирээдүйг тодорхойлох хамгийн хүчирхэг хүч бол залуус. Залуусын шинэ санал, санаачилга, инновац, технологийн мэдлэг, ур чадвар бол нийгэм, эдийн засгийн хөгжлийн гол түлхүүр юм. Тэр ч утгаараа бодлого тодорхойлогч, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөл, манлайлагч залуус нэг дор чуулж, залуус дуу хоолойгоо илэрхийлэн, хамтдаа гарц, шийдэл хайх зорилгоор MEF Youth арга хэмжээг зохион байгуулдаг билээ. Гурав дахь жилдээ үргэлжилж буй тус арга хэмжээ энэ жил хүрээгээ тэлж, илүү олон залуусын дуу хоолойг нэгтгэхээр долоодугаар сарын 06-ны өдөр M Bank Arena-д зохион байгуулагдах гэж байна.
MEF Youth 2025 арга хэмжээнд оролцохыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлэн, мандатаа аваарай! Энэ жилийн оролцогч залуусыг долоодугаар сарын 8, 9-нд болох үндсэн форумд оролцох эрх болон батламж хүлээж байна.
Боловсрол бол хамгийн хүчтэй зэвсэг
Боловсрол бол ядуурал, тэгш бус байдлыг бууруулах хамгийн хүчирхэг хэрэгсэл бөгөөд тогтвортой эдийн засгийн өсөлтийн үндэс билээ. Тухайлбал, Дэлхийн банкны “Ending Learning Poverty and Building Skills” 2022 оны судалгаагаар дэлхийн хэмжээнд сургуулийн нэмэлт нэг жил тутамд цалингийн цагийн хөлсний хэмжээ 9 хувиар нэмэгддэг болохыг тогтоожээ. Тиймээс боловсролын салбар дахь бодлого, хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэн, өнөөдрийн шийдэл, маргаашийн боломжийг бүтээхэд өөрийн хувь нэмрээ оруулаарай.
Ирээдүйг бүтээх инновацын эхлэл: Дижитал ур чадвар

Дэлхийн эдийн засгийн форумын (WEF) 2025 оны “Ажлын байрны ирээдүй” тайланд дурдсанаар, технологийн дэвшил, хиймэл оюун ухаан, ногоон шилжилтийн нөлөөгөөр 2027 он гэхэд дэлхий даяар 97 сая шинэ ажлын байр бий болох бол 85 сая ажлын байр устах төлөвтэй байна. Энэхүү өөрчлөлт нь хөдөлмөрийн зах зээлийг үндсээр нь өөрчилж, шинэ ур чадвар, дижитал мэдлэг шаардсан мэргэжлүүдийн эрэлт, хэрэгцээ нэмэгдэхийг харуулж байна. Харин манай улсын хувьд 2024 оны дижитал өрсөлдөх чадварын үзүүлэлтээр 67 орноос 64-рт эрэмбэлэгдсэн нь бид ажлын байрны ирээдүйд хэрхэн бэлтгэх сорилтой нүүр тулж байна. Иймд дэлхийн ур чадвартай хөл нийлүүлэхэд бүх талуудын хамтын оролцоо зайлшгүй шаардлагатай билээ.
Ирээдүйн залуусын төлөөх залуусын дуу хоолой
Мэдээлэл, технологийн салбарт тэргүүлэгч “Creative Realities” компанийн 2022 оны судалгаагаар Gen Z үеийнхний 72 хувь нь өөрсдийгөө энтрепренер гэж үздэг бөгөөд тал хувь нь өөрийн бизнесээ эхлүүлэх хүсэлтэй гэдгийг тогтоожээ. Энэ үзүүлэлт нь залуус өөрсдийн инновац санааг бодит бизнес болгон хөгжүүлж, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулан оролцоотой иргэн байхыг эрмэлздэг болохыг харуулж байна. Харин MEF Youth 2025 арга хэмжээний хүрээнд залуус өөрсдийн дуу хоолойг нийгэм, эдийн засгийн шийдлүүд болон бодлого тодорхойлолтын түвшинд тусгаж, салбартаа манлайлагч экспертүүдтэй шууд холбогдох боломжтой. Түүнчлэн “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдсан, тогтвортой хөгжил, ногоон эдийн засаг, боловсрол, хөдөлмөрийн зах зээл зэрэг салбарыг чиглэсэн санал, санаачилга анхаарал татаж байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг залуусын оролцоо

Монгол Улс дэлхийн дулаарлын хамгийн эмзэг бүс нутагт багтдаг бөгөөд энэ нь байгаль орчинд учирч буй сорилтуудыг улам хүндрүүлж байна. Тухайлбал, НҮБ-ын 2023 оны “Global Climate Risk Index” судалгаагаар Монгол Улс өндөр эрсдэлтэй орны жагсаалтад багтсан бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр манай орны агаарын жилийн дундаж температур сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд 2.4 хэмээр дулаарч, нийт нутаг дэвсгэрийн 76.8 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртжээ. Иймд MEF Youth 2025 арга хэмжээ нь залуусыг уур амьсгалын сорилтуудыг даван туулах инновац, шийдлүүдийг хөгжүүлж, тогтвортой, ногоон хөгжлийн бодлого, үйл ажиллагаанд идэвхтэй оролцох боломжийг бүрдүүлж байна.
“Rebuilding Trust”: Ирээдүйг хүлээх биш, бүтээх цаг ирлээ
Энэ бүх өөрчлөлт, сорилтыг боломж болгон хувиргахын тулд бид мэдлэг, ур чадвараа хөгжүүлэхээс гадна бие биедээ итгэх итгэлцэл, ойлголтыг гүнзгийрүүлж, хамтын хариуцлагаа ухамсарлах шаардлагатай. Тухайлбал, Олон улсын “Edelman Trust Barometer” 2022 судалгаагаар төр, хувийн хэвшил, иргэний нийгэм харилцан итгэлцэлтэй байх нь хамтын ажиллагаа, инновацын амжилтын үндэс болохыг тогтоосон байдаг. Итгэлцэл бол зөвхөн хувь хүмүүсийн хоорондын ойлголцол биш, харин төр, хувийн хэвшил, иргэний нийгэм болон ирээдүйн эзэд болсон залуус хоорондын хамтын хөгжлийн гол цөм юм.

Тиймээс энэ удаагийн MEF Youth 2025 арга хэмжээ “Rebuilding Trust” буюу “Итгэлцлийг дахин сэргээх нь” уриан дор, оролцогч талуудын харилцан итгэлцэл, ойлголцлыг гүнзгийрүүлж, бодлогын түвшинд залуусын оролцоог бататган, хамтын хүчин чармайлтаар ирээдүйн хөгжлийг бий болгох “итгэл” дүүрэн зохион байгуулагдах гэж байна.
Ирээдүй гэдэг хүлээлт биш хамтдаа бүтээх сорилт юм. Ирээдүйг тодорхойлогч залуус бид хамтдаа мэдлэг, ур чадвар, санал, санаачилгаараа энэхүү өөрчлөлтийн тэргүүн эгнээнд алхах цаг ирлээ!