Гар утсаараа усаа хэмнэхэд туслах аппликэйшнууд


Үргэлж дэргэд минь байж байдаг болохоор зарим зүйлийн үнэ цэнийг ойлгохгүй байх нь бий. Харин гэнэт л алга болсных нь дараа харуусан санаж, хайрлах минь яав даа гэж боддог нь бидний төрөлх араншин гэлтэй. Хананаас урсаж л байдаг болохоор усны үнэ цэнийг бид төдийлөн ойлгодоггүй. Харин жил бүрийн гуравдугаар сарын 22-нд Дэлхийн усны өдөр тохиодог. Энэ нь ус бол хүний үндсэн эрх төдийгүй цэнхэр гаргийн маань сайн сайхны төлөө зайлшгүй шаардлагатай зүйл учраас бид гамнах учиртай гэдгийг сануулах “сэрүүлэг” өдөр юм. Усаа хэмнэж, байгалиа хайрлах нь тийм ч хэцүү зүйл биш. Өглөө сэрээд л оролддог гар утсаа ашиглаад усаа хайрлах сэтгэлгээг өөртөө бүтээж болох юм.
1.Матрыг усанд оруулцгаая! - Where’s My Water? 

Тоглоомоор дамжуулж усаа хайрлах сэтгэлгээг анх авсан тоглоом маань эгдүүтэй ногоон матрыг усанд оруулах тоглоом байсан юм. Яг сайхан усанд орох гээд байхад ус гарахгүй байх хэн бүхний хувьд муухай мэдрэмж шүү дээ. Тоглогчид янз бүрийн саад тотгорыг даван зам гаргаж, усаа урсгасаар матрын шүршүүрийг устай болгодог. Тоглоом нь асуудлыг шийдвэрлэх, стратегийн сэтгэлгээг хөгжүүлэхээс гадна матрын усыг дэмий үрж урсгалгүйгээр хэрхэн үр ашигтайгаар удирдаж болохыг сурдаг. Түүнчлэн бидний багадаа хичээл зүтгэл гарган матарт ус хүргэх гэсэн оролдлого дэлхийн зарим хэсгийг цэвэр усаар хангахад тулгарч буй бэрхшээлүүдийн нарийн тусгал ч болж байжээ.
2.Ус аваарай! - “Get water” тоглоом

Тоглоомын үйл явдал
Тоглогчид сургуульд сурах хүсэлтэй Маяа хэмээх залуу охин болж хувирна. Тосгоны усны насос эвдэрсэн тул тэрбээр гэр бүлдээ ус цуглуулахын тулд сургуулиа орхих нь их. Тэгэхээр таны хийх гол зүйл бол Маяа хурдан усаа цуглуулж, хичээлдээ эргэн ороход нь туслахын зэрэгцээ цэвэр усны хүртээмж муутай бүс нутагт тулгардаг бэрхшээлүүдийн талаар суралцах явдал юм. Уг тоглоом нь үе бүрийн араас тоглогчдод усны хэрэглээ, хэмнэлтийн талаарх мэдээллийг өгдгөөрөө давуу талтай. Супер Мариог санагдуулам энэ тоглоом сонирхолтойгоос гадна усны үнэ цэн болон боловсролын утга учрыг танд гүнзгий мэдрүүлэх болно. Өнөөдөр хий дэмий үрж байгаа усыг тань дэлхийн хаа нэгтээ хэн нэгэн жаахан хүүхэд цуглуулахын тулд ийм хол замыг туулж байгааг мөн үл тоон тасалж байгаа хичээлд тань ганц ч өдөр болтугай явж үзэхийг хүсдэг хүүхдүүд байдгийг ухаарах юм.
3.Усны хэрэглээгээ хяналтдаа авахад туслах “Dropcountr”

Хувийн усны хэрэглээндээ хяналт тавих нь тогтвортой байдлыг дэмжих, нөөцийн үрэлгэн байдлаас урьдчилан сэргийлэх чухал арга юм. Гэсэн хэдий ч олон хүн усны бодит хэрэглээгээ мэдэхгүй хэвээр байна. Сэтгүүлч би ч өдөрт хэр их ус уудгаа хэмжиж мэднэ үү гэхээс хэчнээнийг ашиглаж байгаагаа мэдэхгүй нь харамсалтай. Харин “Dropcоuntr” нь усны хэрэглээг үр дүнтэй хянах, удирдах хэрэгслүүдийг санал болгож, усны хангамжийн байгууллагуудыг хэрэглэгчидтэй холбодог платформ юм. Ингэхдээ усны тоолуураас авсан өгөгдлийг бодит ойлголт болгон хөрвүүлдэг аж. “Dropcountr”-ийн хэрэглэгчид усны хэрэглээгээ дунджаар 7-9 хувиар бууруулж, ус хэмнэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулдаг тухай судалгааны үр дүн ч бий.
Гол онцлогууд:
- Ус ашиглалтын хувийн хяналт: Хэрэглэгчид усны хэрэглээгээ хянаж, ижил төстэй айл өрхтэй харьцуулан, үр ашгийн зорилго тавих боломжтой.
- Мэдэгдэл, сэрэмжлүүлэг: Сар бүр таны усны хэрэглээний хураангуй болон гэрт нь ус алдсан эсэхийг мэдээлэх анхааруулга илгээж, гарч болзошгүй асуудлын талаар мэдээлэл өгдөг. Усны цоргоо хаалгүйгээр гараад явчихдаг. Гол нь өөрөө ч санахгүй, мэдэхгүй байвал хэчнээн хэцүү билээ дээ. Харин уг төхөөрөмж таны утсанд мэдээлэл илгээж, аврах аж.
- Өөртөө үйлчлэх хэрэгслүүд: Үйлчлүүлэгчид цахим төлбөр тооцоогоо тус аппликэйшнаар дамжуулан хийх боломжтой ажлыг хөнгөвчлөх бас нэг хэлбэр юм. Зөвлөгөөнүүд ба хөнгөлөлтүүд: Dropcountr нь байгаль хамгаалах зөвлөмж, боломжит хөнгөлөлтийн талаар мэдээлэл өгч, хэрэглэгчдээ өөрийн амьдралдаа ус хэмнэх арга барилыг хэрэгжүүлэхэд урамшуулан дэмждэг.
4.Гүний усны талаар гүнзгийн мэдлэгтэй болцгооё! - “Water1der”

Тус аппликэйшн нь Гүний усны сангаас (The Groundwater Foundation) гаргасан үнэгүй гар утасны программ бөгөөд гүний ус болон усыг хамгаалах ойлголтыг сонирхолтой асуулт хариултаар дамжуулан сайжруулах зорилготой юм. IPad, iPhone, Android төхөөрөмжүүдэд ашиглах боломжтой энэхүү программ нь устай холбоотой янз бүрийн сэдвүүдийг судлах интерактив платформыг санал болгодог.
Гол онцлогууд:
- Төрөл бүрийн асуултын хэлбэрүүд: Water1der нь олон сонголтоос зөвийг олох, үнэн эсвэл худлыг олох зэрэг олон төрлийн асуултуудыг танилцуулж, хэрэглэгчдийн мэдлэгийг шалгах хичээлийн арга барилтай. Иймээс тоглоом тоглонгоо шинийг сурна гэсэн үг юм.
Боловсролын агуулга: Гүний ус ба бохирдлоос урьдчилан сэргийлэх, хамгаалах, усжуулалт, усны эргэлт, уст давхарга, дахин боловсруулалт, усны хагалбар, усны хэрэглээ, худаг зэрэг өргөн хүрээний сэдвүүдийг хамардаг учраас та яг ямар учиртай зүйлийг хайрлаж гамнах гээд буйгаа сайтар ойлгох боломжтой. Мөн эл программыг боловсролын тохиргоонд оруулах боломжтой бөгөөд багш, эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид аппликэйшн дотроо бүлэг үүсгэж, хуваалцсан оноогоор дамжуулан сурагчдын сургалтын явцыг хянаж болно.
5.Чамайг ажиглаж байгаа шүү, ус минь! - “EyeOnWater”

“EyeOnWater” нь хэрэглэгчдэд усны хэрэглээгээ үр дүнтэй хянах, удирдахад нь туслах зорилгоор боловсруулсан гар утасны программ юм. Энэхүү программын тусламжтайгаар хэрэглээний хэв маягийг харах, алдагдлыг илрүүлэх, усаа хэмнэх боломжтой.
Гол онцлогууд:
- Усны ашиглалтын хяналт: EyeOnWater нь хэрэглэгчдэд ойлгомжтой графикаар дамжуулан усны хэрэглээг нь харуулахын зэрэгцээ хугацаагаа өөрөө сонгон, харьцуулалт хийх ч боломжтой.
Ус алдахыг илрүүлэх: Dropcountr-н адилаар энэ аппликэйшн ч усны үр ашиггүй хэрэглээ, дусалж л байдаг цоргоны ус, хаахаа мартсан цоргыг илрүүлэн мэдээлэл өгөх чадвартай.
Байгалиа хайрлах, усаа хэмнэж сурах гэдэг тийм ч хэцүү зүйл биш байгаа биз. Өдөр бүр дандаа л хамт байдаг утсаа ашиглаад л усаа хэмнэхэд суралцацгаая! Ус бол зүгээр нэг шингэн биш, бидний амьдралын үндэс, эрдэнэ, амьдралыг сэргээн тэтгэгч гол эх сурвалж билээ. Тиймээс бидний үүрэг бол усны нөөцийг зөв зохистой ашиглаж, хайрлан гамнах явдал юм.
