Түүхэн улирлын онцлох агшнууд: Бишрэлт Металлын эргэн ирэлтээс Казинсын дуулиан хүртэл


Монголын сагсан бөмбөгийн түүхэнд шинэ хуудас нээж, 1994 онд анхны улирлаа зохион байгуулсан Үндэсний дээд лиг 30 дахь улирлаа амжилттай өндөрлүүллээ. Гурван аравны турш дотоодын шилдэг баг, тамирчид, спортод хайртай хэн бүхнийг нэгтгэсээр ирсэн Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улиралд багуудын өрсөлдөөн улам ширүүсэж, спортыг дэмжигч, хамтран ажиллагч байгууллагууд, сагсан бөмбөгийн үнэнч фанатуудын дэмжлэг, оролцоо нэмэгдсэн нь лигийн хөгжил дараагийн шатанд гарсныг гэрчилж байлаа. Тэгвэл энэ улирлын онцлох агшин, түүхэн үйл явдлуудын талаар эргэн харцгаая!
Сагсан бөмбөгийн соёл түгээх “Аялан тоглолт”
Багууд анх удаа өөрийн хот, дүүрэгтээ буюу “өөрийн талбай”-даа аялан тоглолт зохион байгуулж, нутгийн хөгжөөн дэмжигчдэдээ илүү ойртсон нь спортын хөгжлийг зөвхөн нийслэл хот гэлтгүй орон нутагт тэгш, хүртээмжтэй хөгжүүлэх зорилгын эхлэл болсон юм. Тухайлбал, “Дархан Юнайтед”, “Налайх Бизон” багууд хэсгийн тоглолтыг талбайдаа зохион байгуулсан нь спортод хайртай залуусын хүсэл мөрөөдлийг бадрааж, сагсан бөмбөгийн соёлыг орон нутагт түгээх шинэ хуудсыг нээлээ!
FIBA Asia Cup 2025 Qualifiers

2024 оны арваннэгдүгээр сард Монгол Улс анх удаа “FIBA Asia Cup 2025 Qualifiers” тэмцээнийг M Bank Arena-д амжилттай зохион байгууллаа. Азийн шилдэг шигшээ багууд Улаанбаатар хотноо цугларч, чансаа, ур чадвараараа өрсөлдсөн нь Монголын спортын салбарт шинэ хуудас нээж, Ази тивийн сагсан бөмбөгийн хорхойтнуудын анхаарлыг татсан томоохон үйл явдал болсон юм.
30 жилийн түүхийг бүтээлцсэн гурван үеийн 30 шилдэг тоглогч

Лигийн өнгө төрхийг тодорхойлж, үзэгчдэд хамгийн их хүлээлтийг үүсгэдэг арга хэмжээний нэг бол Бүх оддын тоглолт билээ. Энэ улирлын Бүх оддын тоглолт 2025 оны хоёрдугаар сарын 07, 08-ны өдөр зохион байгуулагдлаа. Тоглолтын нээлтийн үеэр Үндэсний дээд лигийн түүхийг бүтээлцсэн гурван үеийн 30 шилдэг тамирчныг алдаршуулж, нэгэн үеийн бахархал, нөгөө үеийн урам зоригийн гүүр болж чаддаг гэдгийг харуулсан нь залуусыг гүнээ урамшуулсан, сэтгэл хөдөлгөм мөч байлаа.
3 онооны шидэлтийн “Дархан аварга”

Бүх оддын тоглолтын бас нэгэн мартагдашгүй агшин бол “Эрдэнэт Майнерс” багийн тоглогч Н.Золжаргалын түүхэн амжилт байлаа. Тэрбээр 3 онооны шидэлтийн тэмцээнд тав дахь удаагаа түрүүлснээр тус төрөлд таван удаа түрүүлсэн анхны тоглогч болж Бүх оддын тоглолтын түүхэнд нэрээ тамгаллаа.
Эмэгтэй лигийн онцлох улирлын онцгой тоглогч

Эмэгтэй Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улиралд багуудын өрсөлдөөн ширүүсэж, олон шинэ одод тодорсон онцгой мөч байлаа. Хоёрдугаар сарын 03-ны өдөр эмэгтэй лигийн шилдгүүд тодорч, улирлын үнэ цэнтэй тоглогчоор “Улаанбаатар Амазонс” багийн Б.Ариунцэцэг нэрлэгдсэн билээ. Тэрбээр 15 тоглолтод дунджаар 19 оноо, 9,7 самбар, 2,9 дамжуулалт, 49 хувийн довтолгоотойгоор багийн амжилтад үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
NBA-ын од Демаркус Казинсаар амьсгалсан хагас улирал

Энэ улирлын томоохон онцлог бол легионер тоглогчдын түвшин огцом өссөн явдал юм. Тэдгээрийн дотор NBA-ын түүхэнд домог болон бичигдсэн, олон улсын сагсан бөмбөгийн ертөнцөд нэр хүнд, ур чадвараараа ялгардаг төвийн тоглогч Демаркус Казинс Монголын Үндэсний дээд лигт хөл тавьсан нь энэ улирлын хамгийн шуугиант үйл явдлын нэг байлаа. Тэрбээр гуравдугаар сарын 10-ны өдөр лигийн эхний тоглолтоо “BCH Knights” багийн эсрэг хийж, 21 оноо, 14 самбар авсан авсан билээ. Ийнхүү сагсан бөмбөгийн супер од “Сэлэнгэ Бодонс” багтай нэгдсэнээр Үндэсний дээд лигт мэргэжлийн жишиг тогтоохын сацуу манай сагсан бөмбөгийн хөгжил ямар өндөр түвшинд хүрснийг олон улсад таниулах чухал алхам болсон юм.
Хорин настай шилдэг тоглогч

Үндэсний дээд лигийн 30 дахь улирлын шилдгүүд гуравдугаар сарын 13-ны өдөр тодорсон. Энэ улирлын “Rising Star” бол яах аргагүй “Хасын Хүлэгүүд” багийн төвийн тоглогч А.Азбаяр байлаа. Талбайг бүрэн мэдэрч, шийдвэр гаргах ур чадвар нь тоглолтын уур амьсгалыг бүхэлд нь өөрчилдөг тэрбээр хурдтай, тэсрэлттэй тоглолтоороо улирлын хамгийн үнэ цэнтэй тоглогч болон шилдэг хамгаалан тоглогчоор тодорсон билээ. Ийнхүү хорин настай тэрбээр хамгийн залуу үнэ цэнтэй тоглогчийн нэг болж, шинэ залуу тоглогчдын өнгө төрхийг тодорхойлж эхэллээ.
Сагсан бөмбөгийн спортоос төрсөн найм дахь Гавьяат

Энэ улирлын бас нэгэн бахархам мөч бол 2025 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр “Хасын Хүлэгүүд” багийн довтлогч, ОУХМ Б.Билгүүн Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртсэн явдал байв. Ийнхүү Монголын сагсан бөмбөгийн тамирчид найм дахь Гавьяатаа өлгийдөн авсан бөгөөд Б.Билгүүний хувьд ид тоглож байх үедээ Гавьяат цолоор шагнуулсан анхны тамирчин юм. Тэрбээр Монголын сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн тулах хүч болж, лигийн хөгжлийн түүхийг бүтээлцэж яваа домгуудын нэг билээ.
Эмэгтэй лигийн хоёр удаагийн аварга “Улаанбаатар Амазонс” баг

Эмэгтэй Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирал амжилттай өндөрлөлөө. Энэ улиралд зургаан баг хурд, хүчээ сорьсон бөгөөд багууд өмнөхөөсөө ч илүү ширүүн өрсөлдөөнийг үзүүлж, тэсвэр хатуужил, сэтгэл зүйн бэлтгэл, тамирчдын ур чадвар хэрхэн дараагийн түвшинд хүрснийг үзэгчдэдээ харууллаа. 2025 оны гуравдугаар сарын 09-ний финалын гал гарсан тоглолтод “Улаанбаатар Амазонс” баг ялалт байгуулж, хоёр дахь аваргын цомоо өргөсөн нь энэ улирлын сэтгэл хөдөлгөм мөчүүдийн нэг байлаа.
3:0-ээс 4:3 буюу “Бишрэлт Металл”-ын түүхэн эргэн ирэлт

2024-2025 оны Үндэсний Дээд Лигийн плей-оффын хамгийн галтай, шуугиантай цуврал бол “Бишрэлт Металл” ба “SG Apes” багуудын халз тулаан байлаа. Тэр дундаа дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн долоо дахь буюу шийдвэрлэх тоглолтын үеэр ордон тэр аяараа халуухан уур амьсгалаар халгиж, үзэгчдийн алга ташилт, уухайн дунд сүүлийн мөчүүдийг амьсгаа даран хүлээсэн билээ. Эхний гурван тоглолтод “Бишрэлт Металл” баг хожигдож, цувралыг 0:3 гэсэн тун хүнд байдалтайгаар үргэлжлүүлсэн ч тэд бууж өгөлгүй сүүлийн дөрвөн тоглолтод дараалан ялалт байгуулж, цувралын харьцааг 4:3 болгон гайхалтай эргэн ирэлт хийсэн юм. Ийнхүү тэд Үндэсний дээд лигийн түүхэнд 0:3-аас эргэн ирсэн анхны баг болсноороо тэмдэглэгдээд зогсохгүй дэлхийн сагсан бөмбөгийн лигийн түүхэнд цувралын харьцааг 0:3-аас 4:3 болгож, ялалт байгуулсан хоёрхон багийн нэг болоод байна.
“Бишрэлт Металл”-ын мятрашгүй байдал
Үндэсний дээд лигийн 2024–2025 оны улирлын аваргууд тавдугаар сарын 21-ны өдөр тодорсон билээ. Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн 30 жилийн түүхэнд олон шилдэг багууд амжилт, ялалтын төлөө өрсөлдөж ирсэн ч гурван улирал дараалан мөнгөн медаль хүртсэн баг өмнө нь байгаагүй. Харин ”Бишрэлт Металл” баг 2022-2023, 2023-2024, 2024-2025 оны улирал дараалан финалд шалгарч, мөнгөн медалийн эзэн болсноор сагсан бөмбөгийн түүхэнд нэрээ мөнхөлж, ямар хүчтэй баг гэдгээ батлан харууллаа.
“Хасын Хүлэгүүд” шинэ түүх бүтээж, ес дэх аваргын цомоо өргөлөө

Үндэсний дээд лигийн 30 дахь улиралд “Хасын Хүлэгүүд” баг дахин нэгэн түүхэн хуудсыг бичиж, ес дэх удаагаа аваргын цом өргөлөө. Ийнхүү тэд Үндэсний дээд лигийн ширүүн өрсөлдөгч, хамгийн олон удаа түрүүлсэн баг гэдгээ баталгаажуулж, гурван улирал дараалан аваргаа хамгаалж үлдлээ. Тэдний амжилт бол багийн менежмент, тоглогчдын тууштай хичээл зүтгэл, хөгжөөн дэмжигчдийн үнэнч дэмжлэг мөн олон жилийн системтэй хөгжлийн үр дүн юм.
Зүүн Азийн супер лигт Монгол Улсын нэр цуурайтна
Энэ улирлын аварга баг Зүүн Азийн супер лигт оролцох эрхтэй болсноор Монголын сагсан бөмбөгийн түүхэнд шинэ хуудас бичигдэж байна. Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Филиппин зэрэг сагсан бөмбөгийн өндөр хөгжилтэй орнуудын шилдэг багуудтай эн зэрэгцэн манай баг тамирчид анх удаа өрсөлдөх гэж буй энэхүү явдал нь Монголын сагсан бөмбөгийн хөгжилд гарч буй томоохон алхам болж байна.
Түүх бүтээсэн 7 сар 9 хоног
2024 оны аравдугаар сарын 12-нд эхэлсэн Үндэсний дээд лигийн 30 дахь улирал 2025 оны тавдугаар сарын 21-нд өндөрлөж, нийт 221 хоног үргэлжилснээр лигийн түүхэн дэх хамгийн урт хугацааны улирал болж тэмдэглэгдэн үлдлээ. Үндэсний дээд лигийн 30 жилийн ойтой давхацсан энэхүү онцгой улирал тэмцээний цар хүрээ, зохион байгуулалт, үзэгч, хөгжөөн дэмжигчдийн идэвхтэй оролцоог бүрдүүлэх гээд бүхий л талаараа жинхэнэ мэргэжлийн түвшинд хүрч ажилласан нь энэ улирлын бас нэгэн бахархал байлаа.
Ийнхүү Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирал Монголын сагсан бөмбөгийн хөгжлийг нэг алхмаар урагшлуулж, тус спортод хайртай, үнэнч дэмжигчид, ирээдүйн залуу тамирчдад итгэл найдвар, урам зориг түгээсэн гал гарсан, сэтгэл хөдөлгөм үнэ цэнтэй мөчүүдээр дүүрэн байлаа.