УБ 16°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Яагаад хуримын зочид цагаан, улаан хувцас өмсөж болохгүй гэж?
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Яагаад хуримын зочид цагаан, улаан хувцас өмсөж болохгүй гэж?

Яагаад хуримын зочид цагаан, улаан хувцас өмсөж болохгүй гэж?

Б.Намуун
Б.Намуун
Сэтгүүлч
2024.08.15 · 5 унших

Хурим найрын сар эхэлж, хосууд хуримын зургаа дэлгэн, бид ч даган уйлж, ерөөлөө хайрлах үедээ хайрлаж, зочдын хувцсыг шүүх үедээ шүүж байна. Цагаан даашинз өмссөн зочныг мэдрэмжгүй, бүдүүлгээр нь цоллон, улааныг өмссөнийг нь нөхрийнх нь сэтгэлийг булаах гэж оролдлоо гэж зэмлэж буйг харсан л биз. Хуримын гэрч улаан үстэй байгааг хүртэл ард олноороо шүүгээд амжсан. Ер нь жинхэнээсээ тийм ёс жаяг байдаг юм болов уу? Эсэргүү зан гаргаад өмсчхөж болох болов уу? 

Сүйт бүсгүйн даашинз яагаад заавал цагаан байх ёстой юм бэ? 

Frame 1261156755.png

Цагаан даашинзтай сүйт бүсгүй нь харьцангуй орчин үеийн ойлголт буюу 19-р зуунд үүсжээ. 1840 онд Их Британийн хатан хаан Викториа хунтайж Альберт нарын хуримын ёслолоос үүдэн цагаан хуримын даашинзны уламжлал эхэлсэн гэдэг. Үүнээс өмнө өнгө харгалзахгүй, өөрийн хамгийн сайхан даашинз эсвэл үндэсний хувцсаараа гоёдог байж. Цаг хугацаа өнгөрөх тусам цагаан даашинз нь зөвхөн цэвэр ариун байдлыг төдийгүй эд баялаг, нийгмийн байр суурийг илэрхийлэх болсон байна. Учир нь цагаан даашинз нь зөвхөн чинээлэг хүмүүсийн авч чадах тансаг зүйл байв. Уламжлал үргэлжлэн хөгжиж, 20-р зууны дунд үе гэхэд цагаан хуримын даашинз барууны олон соёлд жишиг болсон нь манайд ч нэвтэрсэн аж.  

Монгол ёсонд цагаан өнгө нь цэвэр ариун, гэм зэмгүй байдлын илэрхийлэл учраас хуримаар хосууд цагаан дээл хувцас өмсөх нь тохиромжтой. Орчин үеийн монгол хуримд хосууд европ хуримын хувцас, монгол дээлийн аль алинаар нь гангарах болсон. Хуримын эхний хэсэгт хуримын даашинз, дэгжин хүрмээр гоёх бол, дараагийн хэсэгт хос дээл өмсөх нь бий. Түүнчлэн охид насанд хүртлээ үсээ 12-24 салаа сүлждэг бол хуримын үеэр хоёр салаа болгон туйванд хийдэг нь “Энэ бие минь хоёр боллоо” гэсэн утга бүхий юм

Хуримын зочин цагаан хувцас өмсөж болохгүй гэдэг нь барууны соёл 

Цагаан өнгө нэгэнт сүйт бүсгүйн өнгө болсон учраас хуримын зочид цагаан өнгийн хувцас өмсөх нь сүйт бүсгүйг үл хүндлэн, анхаарлын төвд орох зорилготой гэгддэг болжээ. Энэ нь мөн л барууны хуримын уламжлал юм. Уг ойлголт зөвхөн эмэгтэй зочдод хамааралтай юу гэвэл “Үгүй”. Эрчүүд хувцаслалтдаа цагаан цамц сонгох нь элбэг учраас энгийн зүйл хэдий ч цагаан өмд, хүрэм зэргээр бүтэн цагаан хувцаслах нь тохиромжгүй гэж үздэг байна. Гэвч монголчуудын хуримлах ёсонд зочдын хувцсыг зааж тусгаагүйг харахад бидэнд ийм жаяг байгаагүйг илтгэх юм.  

Улаан хувцасны цээрлэл нь ам дамжсан “үлгэр”-ээс өөр юу ч биш 

Улаан өнгийн хувцас өмсөх нь сүйт бүсгүйгээс гол дүрийн байр суурийг булаах гэсэн хүндэтгэлгүй үйлдэл гэж үзэх нь бий. Түүнчлэн зарим соёлд улаан өнгө цагааны адил чухал ач холбогдолтой байдаг. Жишээлбэл, Энэтхэг, Пакистан, Хятадын хуримд улаан өнгө нь аз, аз жаргал, хөгжил цэцэглэлтийг бэлгэддэг тул сүйт бүсгүйн уламжлалт өнгө юм. Ийм тохиолдолд улаан хувцас өмссөн зочдыг сүйт бүсгүйн  хувцастай өрсөлдөж байна гэж дүгнэдэг аж.  

Frame 1261156758.png

Тэгвэл ийм уламжлалгүй улсад зочин нь улаан хувцас өмсөж болох уу? Хуримаа хийхээр төлөвлөж буй хүмүүст зориулсан нийтлэл бэлтгэн хүргэдэг “The Knot Worldwide” сэтгүүлийн сэтгүүлч, соёлын антропологич София “Зарим хүн улаан өнгө нь хүсэл тачаал, дур булаам байдлыг илэрхийлдэг учраас сүйт залуугийн сэтгэлийг татах зорилготой эсвэл өмнө нь хайр дурлалын холбоотой байсан хүн ийм хувцас өмсдөг гэдэг. Энэ нь үнэмшилтэй сонсогдох ч ам дамжсан үлгэрээс өөр юу ч биш” гэжээ. Мөн тэрээр нийтлэлдээ “Улаан өнгө анхаарал татахуйц тод өнгө байж болох ч ягаан, улбар шар, шар зэрэг тод өнгө ч бий. Иймээс тухайн улсын ёс заншил л биш бол улаан өнгөнөөс айлтгүй” хэмээсэн байна. Харин ч улаан өнгийг тухайн хурим аль улиралд болж буйгаас хамаарч загварчлан өмсөж болохыг санал болгожээ. Намар, өвлийн хуримд хүрэн улаан тэргүүтэй бараан улаан өнгийг сонгож болох бол хавар, зуныхад тод интоорын зэрэг час улаан өнгө ч байж болох аж.  

Монголчууд баяраар хар дээл өмсөхийг цээрлэдэг 

Frame 1261156759.png

Монгол ёсонд хар өнгийг гашуудлын шинжтэй гэж үздэг тул баяраар хар дээл өмсөхийг цээрлэдэг. Иймд бидний хувьд хурим найрт очихдоо хар хувцас өмсөх нь ёс заншлын хувьд зохимжгүй юм. Үүний адилаар Хятад, Энэтхэг, Япон зэрэг Азийн соёлд хуримаар зочид нь хар хувцас өмсөхийг таашаадаггүй байна. Барууны орнуудад хар өнгийг гашуудлын шинжтэй гэж үздэг байсан ч өдгөө үдшийн хүлээн авалт, ёслолын үед өмсөх хамгийн тохиромжтой хувцасны өнгө хэмээн санал болгодог ажээ. Тэгэхээр ёс уламжлалаа дагавал цээрлэх зүйл. Харин барууны хэв шинжтэй хуримын хувьд энэ нь хэвийн зүйл байх нь.  

Хуримаар тэгвэл юу өмсөж болох юм бэ? 

Ямартай ч хуримын зочин цагаан хувцас өмсөхгүй гэдэг нь барууны албан бус соёл, улаан хувцасны тухайд бол хатуу ёс заншилтай улсад нь л биш бол энгийн үзэгдэл, хар хувцас нь монголчуудын хувьд найр наадмын үеийн цээрлэх ёс ажээ. Тэгэхээр ёс уламжлалаа ягштал даган хуримлаж буй хосын ёслолд очихоос бусад тохиолдолд та алийг нь ч өмсөж болно гэсэн үг. Харин нэгэнт л энэ гурван өнгө “сэвтэй” санагдаад, “шүүмжлэлийн бай болох вий” гэдгээс эмээж, тухгүй байгаа бол өөр хувцас сонгож болох юм. 

Frame 1261156760.png

Сүүлийн үед хуримлагч хосууд хуримаа онцгой эсвэл эмх цэгцтэй харагдуулах үүднээс урилга дээрээ зочдын хувцаслах кодыг тусгах болсон. Хэрэв ийм код байвал азны юм, бичсэн хувцсыг нь л өмсөөд оч. Хэрэв байхгүй бол үдшийн хуриманд илүү албан ёсны шинжтэй бараан өнгийн дэгжин хувцаслалтыг, өдрийн хуримын үйл ажиллагаанд цайвар өнгийн хувцас тохиромжтой. Харин гадаа болох хуриманд газар нутгийн онцлогт тохирсон хувцас сонговол зохистойг “The Knot Worldwide” сэтгүүл зөвлөжээ.

Frame 1261156761.png   

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Б.Намуун
Б.Намуун
Сэтгүүлч · 0 дагагч

Сэтгүүлч

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.