УБ 16°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
МИНИЙ ДОШ: Их сургуулийн гудамж
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / МИНИЙ ДОШ: Их сургуулийн гудамж

МИНИЙ ДОШ: Их сургуулийн гудамж

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2025.04.17 · 3 унших

Дурсамж заримдаа зангирч өвддөг. Дурсамж заримдаа загатнуулж зовоодог. Дурсамж заримдаа дулаахан мэдрэмж төрүүлдэг. Тэгвэл Posted.mn сайтын дурсамжийн галт тэрэг таны ой санамжийг хамгийн нандин дурсамж тань өнгөрсөн газарт хүргэхээр дараагийн өртөө рүү хөдөллөө. Дараагийн зогсоол Их сургуулийн гудамж.

Их сургуулийн гудамж олон өнгөтэй. Улбар, ногоон, саарал. Модод дэлгэрч, навчис хагдарч, цас хялмаалан, бороо зүсэрсэн ч сэтгэлд үргэлж танил дотно. Дэргэдүүр нь өнгөрөх бүрийд оюутан насаа эргэн санаж, лекцийн танхимдаа ахин нэг суумаар, дэггүйхэн явсан үе тэнгийнхэнтэйгээ мөр зэрэгцэн алхмаар санагдана. Их сургуулийн гудамж ийм шидтэй. Улирал даган өөрчлөгдөх моддын өнгөөр зүсээ хувиргаж, оюутан залуусын эрч хүч, хүсэл мөрөөдөл, хайрын өнгөөр солонгорсон Их сургуулийн гудамж амьдралын олон өнгөтэй сүлэлдэн урьдын адил намуухнаар оршино. Улаанбаатарын зүрхэн тушаа амьдрал ийн буцалдгаараа буцлах энэ л эгшинд урсан өнгөрөх цаг хугацаанаас түр амсхийж оюутан насны нандин дурсамжаараа хамтдаа аялцгаая!

_ZZW7637.png_ZZW7360 1.png

Харахад холын, нууцлаг ертөнц Монгол Улсын Их Сургууль

Арван жилийн бяцхан охин “Том болоод энэ сургуульд л сурах юм сан” гэх нууцхан мөрөөдөлтэй. Д.Сүхбаатарын нэрэмжит Хоёрдугаар сургуулийн бага ангийн сурагч байхаас өдөр бүр Их сургуулийн гудамжаар алхаж, “күүл” ах, эгч нарыг харан “Хурдхан шиг л том болоод ийм гоё эгч болох юм сан” гэх нууцхан хүсэлд хөтлөгдөнө. Ерөөс тэр үед Их сургууль гэдэг нууцлаг, хүрч боломгүй холын зүйл мэт санагддаг байв. Х.Чойбалсангийн хөшөө, хичээлийн нэгдүгээр байрны барилга байгууламж, гоёмсог баганууд, хоёрдугаар байрны “Монгол Улсын Их Сургууль” хэмээх цэнхэр хаяг гээд харахад бүх зүйлс нь их л сүрлэг. 

_ZZW7410.png

_ZZW7716.png

“Ботгоны амьдрал” шинэхэн, соньхон

Цаг хугацаа урсан өнгөрч, хотын төв орох шалтаг л гарвал Их сургуулийн гудамжаар алхах дуртай охин нэг л мэдэх нь ээ Их сургуулийн босго давж, “ботгоны амьдрал”-д хөл тавив. МУИС-ийнхан нэгдүгээр түвшний оюутнуудыг “ботго” хэмээн өхөөрдөн нэрийдэх нь цаанаа л учиртай гэдгийг түвшин ахих тусам ойлгож билээ. Учир нь шинэ элсэгчдийн биеэ авч яваа байдлыг хараад л “Аан, энэ ботго байна” хэмээн таньж мэдэхээр тийм ил цагаахан. Өнчин ботго шиг өхөөрдөм нүдээ бүлтэлзүүлэн өнөөх олддоггүй 345, 346 тоот анги, хичээлийн долоо, наймдугаар байр, дөрвөн давхар барилгын 801 тоот буюу биеийн тамирын заалны эрэлд гарна. Нэгдүгээр байрнаас гуравдугаар байр луу. Гурвын “А”-аас гурвын “Б” рүү дамжих дөт зам тэдний хувьд нууц хонгил шиг санагдана. Дээд курсийн ах, эгч нараа танихгүй “багшаа” хэмээн эндүүрч, самбарын өмнө анхны илтгэлээ танилцуулахдаа сандарч мэгдэн, гацаж орхино. Үерхэж дотноссон арван жилийн нөхдөөсөө цагийн аясаар холдож, шинэ хүрээлэлд дасан зохицон шинэ найзуудтай болох гэж хэсэгтээ л ганцаардаж, учраа олохгүй тэвдэж явсан үе бид бүгдэд л бий. Энэ бол “ботгоны амьдрал”.

_ZZW7544.png

_ZZW7367 1.png

Шинэхэн элсэгчдийн хувьд юм бүхэн шинэхэн, соньхон. Их сургуулийн лекцийн танхимаас авхуулаад өнцөг булан бүрийг олж нээн, өөр өөрсдийнхөөрөө нэрлэх аялал тэднийг хүлээнэ. Хоёрдугаар байрны хоёр давхрын пистульд амраг хосууд болзож, хавьд уулзаагүй найзууд хол ойрын хов живийг ярилцаж байхад зарим нөхөд лекцийн тэмдэглэл хөтөлж, дараагийн семинартаа бэлдэнэ. Цонхтой цагаа өнгөрүүлэх залуус шатар, даам, хөзөр тоглон суугаа харагдах нь энүүхэнд. Сайн дурын үйл ажиллагаа явуулдаг клубүүд хандивын аянд зориулан худалдаа эрхлэх, оюутан залууст зориулсан хөнгөлөлт, урамшуулал, тэтгэлгийн мэдээлэл тараах гэх мэт хөл толгой нь үл мэдэгдэх энэхүү хөгжилтэй зураглалыг “Хоёрын Нарантуул” хэмээн егөөдөх нэршил сүүлд бий болсныг ийн дуулгая. Харин таны үед энэ мэтчилэн ямар сонин, содон нэршил байсныг бидэнтэй хуваалцаарай. Төрөлх сургуулиа ахин шинээр таньж, мэдэх боломж ч юм бил үү? Миний хувьд баруун жигүүрийн гурваас дөрвөн давхрын голын шатыг “Диваажингийн шат” хэмээн нэрлэсэн юм. Дөрвөн давхар луу гарах хүмүүсийн тоо цөөн учраас цаанаа л нэг нам гүмхэн, тайван. Цонхны тавцан дээр гурван цэцэг, урд нь нэг сандал. Цонхоор харагдах моддыг ажиглангаа бодлоо цэгцэлж, уужуу амьсгаа авах боломж тэнд л олддог байсан сан. 

_ZZW7583 1.png

_ZZW7594.png_ZZW7580.png

“МУИС-ийн охид хөөрхөн”

Их сургуулийн гудамж яг л загварын тайз мэт. Цэмцгэр хувцасласан, өөртөө итгэлтэй охид, залуус харц дээгүүр бардам алхана. Ёстой л өнөөх “мэлмий баясна” гэгч нь болж байна уу гэмээр санагдахыг яана. Их сургуулийн гудамжийг “хөөрхнүүдийн хөндий” хэмээн нэрлэдэг байсныг багш маань бидэнд сонирхуулахад “МУИС-ийн охидыг харах гэж хичээлээ тараад яаран ирдэг байсан” талаарх ах нарын хошин яриа үнэн гэдгийг батлах шиг болсон юм. Урин цагт нэгийн арын цэцэрлэг, гуравдугаар байрны голын сааданд үзэсгэлэнт моддын дор гитарын аялгуу эгшиглэж, хос залуусын болзон суухыг харах ямар романтик гэж санана. Эндээс л жинхэнэ залуу нас “үнэртэх” шиг. Их сургуулийн гудамж хайрын төгөл болон хувирна. 

_ZZW7502.png

_ZZW7517.png

Их сургуулийн гудамжаас амьдралын харгуй руу хамтдаа

Монгол Улсын Их Сургуулийн нийт төгсөгчдөөс хэчнээн хос төрөн гарсан бол? Бүтэлтэй, бүтэлгүй олон болзооны дараа хэчнээн хүн Мандахын гуляш, Ундрамын цуйван, Милаягийн борщ, Этүгэний пирожкинд хууртагдан ходоодоороо найрагдсан бол? Хайрлах нь хуваалцахаас гэдгийн жишгээр мөнгө муутай ч сэтгэлээр баян оюутнуудын хувьд өөрт байгаа бүхнээ хуваалцахыг хичээх тэр л халамж, хайранд нь уярч хорвоогийн хатуу бэрхийг хамтдаа туулж яваа бол? Энэ мэтчилэн олон сонирхолтой асуултын хариултыг бидэнтэй хуваалцаж, үерхлийн нандин мөчөө эргэн дурсаж яагаад болохгүй гэж?

_ZZW7394.png_ZZW7392.png

Оюутны ширээнээс хайраа олоогүй ч амьдралынхаа үнэнч нөхрөө, оюутан цагийн дурсамжийн эзнээ олсон гэдэгт итгэлтэй байна. Бэст, Беркли, Энтимема, Титэм түүх, Хос Уянга гээд оюутан залуусын хүсэл зоригийг хөглөж, мэдлэгээр жигүүрлүүлэх чимэг болсон оюутны клубүүдээс насны хайраа, амьдралын нөхрөө олсон хүмүүс ч олон болов уу. Давахгүй нь дээ гэж бодсон даваа бүрийг хамтдаа туулж, хэний ч санаанд ороогүй галзуу, шинэ содон бүхнийг сэтгэж, хамтдаа л байвал юу ч хийж чадах юм шиг тийм эрэмгий, гал цогтой, нандин нөхөрлөлийг Их сургуулийн гудамжны өнцөг булан бүр гэрчлэх шиг.  

_ZZW7478.png

_ZZW7362 1.png_ZZW7681.png

Ийн дурсахад Их сургуулийн гудамж гэдэг өнгөрсөн, одоо, ирээдүйн огтлолцол мэт. Гудамжаар алхах хүн бүрийн дотор оюутан цагийн танил мэдрэмж, дотно үнэр ой дуртгалынх нь тойронд тодорно. Миний, таны, бидний залуу нас, гоо үзэсгэлэн, хүсэл мөрөөдөл, анхны хайр, анхны бүхнийг Улаанбаатарын зүрхэн тушаа орших энэ л гудамж чимээгүйхэн хадгална. Модод дэлгэрч, навчис хагдарч, цас хялмаалан бороо зүсэрсээр л…

 

Гэрэл зургийг: Д.Занданбат

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.