Залуусын орон зай

М.Мөнхжин: Хичээл бүрийн батламжаа LinkedIn-д оруулах нь миний үнэ цэнийг өсгөж байгаа  

Б.Намуун2025.07.244 минут унших
М.Мөнхжин: Хичээл бүрийн батламжаа LinkedIn-д оруулах нь миний үнэ цэнийг өсгөж байгаа   - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Борлуулалтын менежерээс баталгаат орчуулгын үйлчилгээний вебсайттай, маркетингийн мэдлэгтэй бизнес эрхлэгч болохоор М.Мөнхжин суралцаж, ажиллаж яваа нэгэн. Тэрбээр олон улсын харилцааны мэргэжлээр Москва хотод суралцаж, борлуулалтын салбарт долоон жил ажилласан ч маркетингийн мэдлэггүйгээр бизнесээ амжилтад хүргэхэд хэцүү гэдгийг ойлгож эхэлсэн тэр мөчөөс маркетингаар сурахаар шийджээ. Grow with Google Mongolia хөтөлбөр түүнд зөвхөн мэдлэг биш, өөртөө итгэх итгэл, дараагийн шат руу үсрэх хүчийг өгсөн байна. 

  • Нэр: М.Мөнхжин
  • Ажил мэргэжил: Өмнө нь - борлуулалтын менежер, одоо - орчуулагч
  • Хөтөлбөрөөс сурсан гол зүйл: Google Ads, нөлөөлөгчийн маркетинг, нийгмийн сүлжээний маркетинг ба тайлан гаргалт
  • Зорилго: Бизнесээ дараагийн шатанд гаргаж, орлогоо 50% нэмэх
  • Хамгийн их урам өгсөн зүйл: “Бусдаас биш өөрийнхөө дотроос урам зоригийг хайгаарай!” 

Хөтөлбөрт хамрагдахаас өмнөх би 

М.Мөнхжин: Хичээл бүрийн батламжаа LinkedIn-д оруулах нь миний үнэ цэнийг өсгөж байгаа   нийтлэлийн зураг

“Үр дүнтэй маркетинг хийж чадвал борлуулалтад маань шууд нөлөөлнө гэж бодсон” 

М.Мөнхжин бол 31 настай, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг нэгэн. Москвагийн Олон Улсын Харилцааны Их сургуулийг төгссөн тэрбээр долоон жил худалдааны компанид борлуулалтын менежерээр ажилласан туршлагатай. 2024 оны аравдугаар сараас өөрийн вебсайтаар баталгаат орчуулгын үйлчилгээ эрхэлж эхэлсэн бөгөөд бизнесээ дараагийн шатанд гаргахын тулд Grow with Google Mongolia хөтөлбөрийг сонгожээ.  

“Борлуулалтын менежер хийдэг байхад маркетингийнхан маань үргэлж гоё, бүтээлч харагддаг байлаа. Харин өөрөө орчуулгынхаа зарыг фэйсбүүк дээр тавьж эхэлснээс хойш маркетинг зайлшгүй хэрэгтэй зүйл гэдгийг ойлгосон. Үр дүнтэй маркетинг хийж чадвал борлуулалтад маань шууд нөлөөлнө шүү дээ. Тэгээд л энэ хөтөлбөрийг сонгосон. Өнгөрсөн жилийн элсэлтээр “Маркетингийн мэдлэгтэй байвал маркетингийн багтайгаа илүү мэргэжлийн түвшинд ажиллаж чадах юм байна” гэж бодоод бүртгүүлж байсан ч тэнцээгүй. Харин энэ жил дахин бүртгүүлээд тэнцсэн. 

Надад бол тэнцсэн гол шалтгаан нь, хичээлд өдөрт хэдэн цаг зарцуулж чадах вэ гэсэн асуултад 7–8 цаг буюу хамгийн ихийг нь сонгосонтой холбоотой гэж бодож байгаа. Яагаад гэвэл би хувиараа ажилладаг болсон учраас хичээлдээ цаг гаргах боломжтой байсан. Манай багш ч “Хичээлдээ цаг зарцуулах боломжтой эсэх нь оролцогчдыг сонгоход нөлөөлсөн” гэж хэлсэн.” 

Хөтөлбөрт хамрагдаж буй би 

“Сургалтаар сурсан зүйлсээ өдөр тутамдаа шууд ашиглаж байгаа” 

Би одоо orchuulagch.mn гэх баталгаат орчуулгын вебсайтыг ажиллуулж байгаа. Өдөр тутмынхаа ажилд шууд ашиглаж, бодит үр дүн гаргахын тулд энэ жил Grow with Google Mongolia хөтөлбөрт дахин бүртгүүлсэн. Жишээлбэл, хичээлийн үеэр багш маань “.com домэйн дотоодын хэрэглэгчдэд төдийлөн хүрдэггүй” гэж хэлсэн. Уг зөвлөгөөг сонсоод л би сайтынхаа домэйнийг orchuul.com-оос orchuulagch.mn болгон яаралтай өөрчилсөн. Мөн сургалтын явцад бид даалгавар хийдэг. Өмнө нь бүтэн цагийн ажилтай байхдаа хэрэглэгчийн зан төлөвийг тодорхойлох ажлыг хийж байсан ч өөрийн хувийн бизнес дээрээ хийж үзээгүй байлаа. Харин энэ удаа даалгаврын хүрээнд анх удаа өөрийн бизнест зориулан “Манай хэрэглэгч хэн бэ?” гэдгийг тодорхойлж үзсэн нь маш том нүд нээсэн туршлага болсон. 

М.Мөнхжин: Хичээл бүрийн батламжаа LinkedIn-д оруулах нь миний үнэ цэнийг өсгөж байгаа   нийтлэлийн зураг

Одоогийн байдлаар аль хичээл хамгийн сонирхолтой байгаа вэ? 

Хичээлүүд маань Coursera платформ дээр орж байгаа. Саяхан Google Ads-ын хичээл орсон. Тэр дундаа түлхүүр үг (keyword) болон хайлтын системийн оновчлол (search engine optimisation) нь надад хамгийн сонирхолтой санагдсан. 

Манай улсын хувьд хүмүүс одоогоор бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг голчлон фэйсбүүкээс хайдаг. Харин манай багш “Сүүлийн үед томоохон компаниуд Google-ийн хайлтад илүү анхаардаг болсон” гэж хэлсэн. Үүнийг сайн сурч чадвал хэдий вебсайт маань одоогоор бичил бизнес байгаа ч ирээдүйд жижиг, дунд бизнесийн түвшинд шилжих үед хайлтын системд тохируулга хийх нь маш чухал юм байна гэж бодсон. 

Хамт суралцагчид болон ментор багшийн зүгээс танд ямар нөлөө үзүүлж байна вэ? 

Хамт сурч байгаа хүмүүс маань ерөнхийдөө надаас дүү залуус. Тийм болохоор их эрч хүч, шинэ сэтгэлгээг өгдөг. Харин багшаасаа  аль болох олон зүйлийг ойлгож, шимтэж сурахыг хичээж байна. Эхний хичээл дээр багш маань “Багштайгаа сайн зууралдсан хүмүүс л ихийг сурдаг даа” гэж хэлсэн нь санаанд үлдчихсэн. Тэр цагаас хойш багштайгаа фэйсбүүкээр найз болоод бараг залхтал нь л юм асууж байна даа. 

“Маркетингийг анхнаас нь цэгцтэй сурахыг хүссэн хүмүүст яг тохирсон хөтөлбөр” 

Өмнө нь маркетингийн талаар олон зүйл сонссон ч системтэй, цэгцтэй ойлгож байгаагүй. Харин одоо энэ хөтөлбөрөөр дамжуулаад бүх зүйлийг анхнаас нь логик дараалалтайгаар сурч байгаа нь сайхан байна. Маркетингийг анхнаас нь цэгцтэй сурахыг хүссэн хүмүүст яг тохирсон хөтөлбөр шиг санагдсан. Хичээлүүд нь ч хамгийн сүүлийн үеийн мэдээлэлд тулгуурладаг юм билээ. Жишээлбэл, хичээлийн бичлэг дунд орсон тоон мэдээлэл шинэчлэгдсэн байснаас харахад, статистикууд нь тогтмол өөрчлөгдөж, сүүлийн хоёр жилийн бодит мэдээлэл дээр үндэслэн шинэчлэгддэг юм байна гэж ойлгосон. 

М.Мөнхжин: Хичээл бүрийн батламжаа LinkedIn-д оруулах нь миний үнэ цэнийг өсгөж байгаа   нийтлэлийн зураг

Цагийн менежмент: Хичээл, ажил хоёрыг хэрхэн зохицуулдаг вэ? 

Coursera платформ хичээлээ төлөвлөхөд тусалж, Google Calendar-тай холбох боломж олгодог. Хичээлээ хэдэн цагт хийх, шалгалтаа хэзээ өгөхөө хүртэл нарийн тохируулж болдог. Багш маань “Долоо хоногт нэг курсийг цаг тухайд нь үзээрэй” гэж анхааруулсан болохоор долоо хоногийн эхний гурван өдөр бүтэн сууж, эрт дуусгах арга барил сонгосон. Над шиг өөртөө цаг гаргах боломжтой хүнд энэ нь тохиромжтой. Харин бүтэн цагийн ажилтай бол эртнээс сайн төлөвлөж, амралтаа тааруулах хэрэгтэй гэж бодож байна. 

Сургалтад хамрагдсаны дараах би 

“Өмнө нь маркетингийг их дутуу үнэлдэг байжээ...” 

Шулуухан хэлэхэд, өмнө нь маркетингийг үнэхээр дутуу үнэлдэг байж. Борлуулагч байхдаа хурдтай ажиллаад шууд үр дүнгээ харчихдаг болохоор “Надад маркетинг хэрэггүй” гэж боддог байлаа. Харин одоо эргээд харахад миний борлуулалтын амжилт маркетингийн багийн хүчтэй холбоотой байжээ. 

Өөрөө хийж үзээд л ойлгож байна. Постер бэлдээд, фэйсбүүк дээр тавих амархан юм шиг хэр нь цаана нь асар их судалгаа, тоон мэдээлэл, стратеги шаарддаг юм байна. Цаашдаа энэ чиглэлээр гүнзгийрэх бол өгөгдөл шинжилгээ (data analysis) хийх чадвар зайлшгүй хэрэгтэйг ойлгосон. 

М.Мөнхжин: Хичээл бүрийн батламжаа LinkedIn-д оруулах нь миний үнэ цэнийг өсгөж байгаа   нийтлэлийн зураг

6 сарын дараах өөрийгөө яаж төсөөлж байна вэ? 

Орлогоо 50 хувиар өсгөсөн байна гэж төсөөлж байгаа. Учир нь одоо хийж буй ажлууд маань дижитал маркетингтай шууд холбоотой.  Grow with Google Mongolia хөтөлбөр надад зөвхөн шинэ зүйл сурах боломж биш, харин өөрийгөө хэрхэн харж, үнэлэх өнцгийг маань өөрчилсөн. Хичээл бүрийн дараа батламж авч, түүнийгээ LinkedIn-д оруулах боломжтой нь миний цахим нэрийн хуудсыг улам тодорхой болгож өгч байна. Урьд нь намайг хүмүүс борлуулалтын чиглэлээр л төсөөлж, ажлын санал тавьдаг байсан бол одоо дижитал маркетингийн мэдлэгтэй, хөгжиж буй мэргэжилтэн гэж харж эхэлсэн. Энэ бол миний ирээдүйн үнэ цэнийг нэмсэн маш чухал алхам юм. 

Хөтөлбөрт хамрагдахад танд урам болж байгаа зүйл юу вэ? 

Хүмүүс урам зориг гэж их ярьдаг. Харин миний хувьд амьдралын нөхцөл байдал өөрөө намайг сул дорой байхыг хэзээ ч зөвшөөрдөггүй. Би түрээсийн байранд гэр бүлтэйгээ, бага насны хүүхэдтэй амьдардаг. Ийм болохоор заавал урам зориг хүлээгээд, түүнийг гаднаас хайгаад суух зав надад байхгүй. Юм хийх ёстой бол хийж л таарна. Тиймээс би өөрийгөө дотроосоо цэнэглэж сурсан. Хүмүүст урам зоригийг гаднаас биш, өөрөөсөө хайж байгаарай гэж хэлье. 

Энэ хөтөлбөрийг сонирхож байгаа хүмүүст дайх үг 

Хэрвээ та дунд түвшний англи хэлтэй, өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй бол энэ хөтөлбөрт заавал бүртгүүлээрэй. Амьдралд шууд хэрэгжүүлж болох практик мэдлэг олгодог маш үр дүнтэй сургалт. Бид ердөө 200 мянган төгрөг төлөөд 80 хувийн тэтгэлэгтэйгээр суралцаж байна. Энэ бол миний хувьд асар том хөрөнгө оруулалт. 

Хичээлүүд интернэтэд бий ч хөтөлбөрт тэнцэж, багш, ангийнхантайгаа хамт суралцана гэдэг огт өөр туршлага. Бямба гараг бүр эрт сэрээд хичээлдээ сууна гэдэг өөрөө өөрийгөө дайчлахад нөлөөлдөг. Хамгийн гол нь энэ бол зөвхөн миний боломж биш. Би орж ирээгүй бол өөр хэн нэгэн тэнцэх байсан. Тиймээс боломжоо дутуу үнэлэлгүй, бүрэн ашиглахын тулд илүү их хичээх хүсэл төрдөг юм билээ. 

Холбоотой нийтлэлүүд