Монголын орчин үеийн хөгжмийн соёлын хамгийн том төлөөлөл болсон Playtime Festival 2026 хөгжмийн наадмын эхний line-up албан ёсоор зарлагдлаа. Энэ жил тус наадам 24 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд 7 дугаар сарын 2-4-ний хооронд гурван өдрийн турш "Playtime Field"-д үргэлжлэх юм. Наадмын зохион байгуулагчдын зүгээс энэ жилийн олон улсын онцлох уран бүтээлчдийг танилцуулж байна:

Kings of Convenience (Норвеги)
1999 онд байгуулагдсан инди-фолк чиглэлийн дуэт хамтлаг. Хоёр акустик гитар болон хоёр дуучны намуун хоолойн зохицол бүхий аялгуугаараа дэлхийд танигдсан бөгөөд "I'd Rather Dance with You", "Misread" зэрэг дуунууд нь тэдний нэрийн хуудас юм. Хөгжим сонирхогчдын дунд акустик хөгжмийн томоохон төлөөлөгчдөд тооцогддог байна.
DIIV (АНУ)
Нью-Йорк хотын Брүүклинээс гаралтай инди-рок хамтлаг. Тэдний хөгжим нь гитарын цуурайтсан эффект болон мөрөөдлийн мэт зөөлөн хэмнэлээрээ (shoegaze) онцлогтой. 2012 онд гаргасан "Oshin" цомог нь шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, энэ төрөл жанрын гол хамтлагуудын нэг болгосон юм.
HYUKOH (Өмнөд Солонгос)
Зүүн Азийн инди-рок хөгжмийн нүүр царай болсон хамтлаг. Гоцлол дуучин О Юкээр ахлуулсан тус хамтлаг нь рок, жазз болон соул урсгалыг хольж тоглодог. Залуу насны мэдрэмж, амьдралын тухай өгүүлдэг "Tomboy", "Comes and Goes" зэрэг дуунууд нь Солонгосоос гадна олон улсад маш их алдартай болжээ.
Molchat Doma (Беларусь)
Пост-панк болон синт-поп урсгалаар тоглодог Беларусийн хамтлаг. Тэд 1980-аад оны Зүүн Европын шинэ давлагаа (new wave) болон индустриал хөгжмийн хэв маягийг орчин үеийн хэмнэлтэй хослуулдаг. "Sudno" хэмээх дуу нь сошиал медиа орчинд тренд болсноор тэд дэлхий даяар олон сая сонсогчтой болсон байна.
Stereolab (Их Британи)
1990-ээд оны альтернатив хөгжмийн хамгийн нөлөө бүхий хамтлагуудын нэг. Тэд арт-рок, электроника болон жааз хөгжмийг сүлэлдүүлж, туршилтын шинжтэй өвөрмөц бүтээлүүд туурвидаг. Франц болон англи хэлээр дуулдаг нь тэднийг бусад хамтлагаас ялгаруулдаг гол онцлог юм.


Сэтгэгдэл