

Шүүгээ дүүрэн хувцастай хэр нь өглөө бүр өмсөх хувцас олдохгүй бухимдах үзэгдэл бидэнд түгээмэл тохиодог шүү дээ. Хэрэглээний сэтгэл судлалд үүнийг "сонголтын парадокс" гэж тодорхойлдог бөгөөд хэтэрхий олон сонголт дунд хүний тархи шийдвэр гаргаж чадахгүй гацдаг зүй тогтол юм. Тэгэхээр энэхүү асуудал хувцасны тоо хэмжээнээс илүүтэй бидний худалдан авах зан төлөв, хувцасны бодит үнэ цэнийг харах өнцөгтэй холбогддог байна.
Бид “Хувцас загвар, хэрэглээ” цувралынхаа өмнөх дугааруудаар загварын түүхэн хувьсал, дижитал сувгууд болон тогтвортой хэрэглээний тухай хуваалцсан. Харин энэ удаагийн хаалтын дугаартаа уламжлалт хандлагаа өөрчилж, санхүү болон сэтгэл зүйдээ хэмнэлттэй ухаалаг сонголт хийх бодит шийдлүүдийг танилцуулж байна.
Бид яагаад 20 жилийн өмнөхөөс илүү их худалдан авалт хийж байна вэ?

Төлөвлөгөөгүй худалдан авалтууд санхүүгийн алдагдлаас гадна шүүгээг хэрэгцээгүй зүйлсээр дүүргэж, өмсөх хувцас олдохгүй байх сэтгэл зүйн дарамтыг үүсгэдэг. Тухайлбал, олон улсын “McKinsey & Company” судалгааны байгууллагын тайланд дурдсанаар, өнөөдөр хүмүүс 20 жилийн өмнөхөөс дунджаар 60%-иар илүү хувцас худалдаж авдаг болсон ч тэдгээр хувцасны ашиглалтын хугацаа нь хоёр дахин багассан байна. Үүний гол шалтгаан нь шүүгээнд байгаа хувцаснууд хоорондоо зохицдоггүй, тус тусдаа хэт өвөрмөц эсвэл хэмжээ нь таардаггүй зэрэг байдаг аж. Тиймээс ухаалаг хэрэглээг хэвшүүлэхийн тулд хувцас нэмж авахаасаа өмнө шүүгээгээ цэгцэлж, сүүлийн зургаан сар огт өмсөөгүй хувцаснуудаа ялгаж сураарай. Ингэснээр өөрт яг ямар хувцас хэрэгтэйг бодитоор харж, оновчтой сонголт хийхэд тань туслах болно.
Худалдан авалтын бодит өртгийг тооцох "CPW" аргачлал
Хэрэглэгчид хувцас худалдан авахдаа ихэвчлэн шошго дээрх үнийг гол шалгуур болгодог. Хямдралтай эсвэл хямд үнэтэй хувцсыг олноор авах нь санхүүд хэмнэлттэй мэт санагдавч, урт хугацаандаа эдийн засгийн хувьд ашиггүй сонголт болдог байна. Загварын салбарын эдийн засагчид хувцасны жинхэнэ өртгийг тооцохдоо "өмсөлт бүрийн өртөг" буюу “Cost per Wear” (CPW) гэсэн аргачлалыг ашигладаг аж. Энэ нь тухайн хувцасны анхны үнийг нийт өмссөн тоонд нь хувааж, нэг удаа өмсөхөд танаас бодитоор хэдэн төгрөгийн зардал гарч байгааг тодорхойлдог математик тооцоолол юм.
Хамтдаа энэхүү аргачлалыг ашиглан дараах жишээг тооцож үзье. Та 100,000 төгрөгөөр тухайн үедээ тренд болж буй, чанар муутай цамц аваад, чанараа алдсан эсвэл трендээс гарсан шалтгаанаар ердөө хоёр удаа өмсөөд шүүгээндээ үлдээжээ. Энэ тохиолдолд уг хувцасны нэг удаагийн өмсөлтийн өртөг 50,000 төгрөг болж байна. Сэтгэл хөдлөлөөр эсвэл хямдрал харж авсан хувцаснууд урт хугацаандаа илүү өндөр өртөгтэй тусдаг жишээ энэ юм. Харин 400,000 төгрөгөөр чанартай, биед эвтэйхэн, загвар нь хуучирдаггүй пальто худалдаж аваад хоёр жилийн хугацаанд 100 удаа өмссөн бол нэг удаагийн өмсөлтийн өртөг ердөө 4,000 төгрөг бөгөөд эдийн засгийн хувьд хамаагүй ашигтай байна.
Капсул шүүгээ ба 70/30-ийн зохицол
Орчин үед энэхүү зохицуулалтыг "капсул шүүгээ" (Capsule Wardrobe) бүрдүүлэх соёл хэмээн нэрлэж байна. Энэ нь хоорондоо төгс зохицдог, чанартай, цөөн тооны суурь хувцастай болохыг хэлэх бөгөөд хувцасны тоо багасах тусам өглөө бүр шийдвэр гаргахад зарцуулдаг цаг хугацаа, энерги хэмнэдэг давуу талтай.
Хүмүүс ихэвчлэн ухаалаг шүүгээ бүрдүүлэхдээ 70/30-ийн дүрмийг баримталдаг байна. Шүүгээний 70 хувийг загвар нь хоцрогдохгүй жийнсэн өмд, цагаан цамц, цулгуй пиджак гэх мэт суурь хувцаснууд бүрдүүлэх бол, үлдсэн 30 хувьд нь өөрийн өнгө төрх, хэв маягийг тодотгох тренд өнгө төрх бүхий хувцас эдлэлийг багтаагаарай.
Түүнчлэн, шүүгээгээ дахин хэрэггүй хувцсаар дүүргэхгүйн тулд шинээр нэг хувцас авсан бол хуучин хувцаснаасаа нэгийг трифт дэлгүүрт өгөх эсвэл хүнд дамжуулах "нэг хувцас орвол, нэг хувцас гарах" дадлыг хэвшүүлэх нь эдийн засгийн болон экологийн зөв эргэлтийг дэмждэг давуу талтай юм.
Хувцаслалт бол хувь хүний үнэт зүйл, соёлын илэрхийлэл
Хувцас загвар гэдэг гадаад үзэмж, гоёл төдий зүйл биш. Энэ бол таны дэлхий ертөнцөд өөрийгөө танилцуулж буй үнэт зүйл, соёлын илэрхийлэл билээ. Тиймээс “хувцас загвар, хэрэглээ” цувралын хүрээнд хувцас, загварын салбарын түүхээр аялж, өөрийгөө сорьж, хөгжүүлэх боломжуудыг таньж, тогтвортой хэрэглээг ухамсарласан уншигчид маань одоо хувцас худалдан авах бүрдээ эдгээр өнцгүүдийг эргэцүүлдэг болсон гэдэгт итгэлтэй байна. Хэрэгцээгүй олон хувцаснаас татгалзаж, өөрийн үнэ цэнийг харуулсан ухаалаг, чанартай сонголтыг хийж сурцгаая. Сонголт үргэлж таны гарт бий шүү.
Сэтгэгдэл