Залуусын орон зай

Ододтой бүжиглэе: Шүүгчид оролцогчдод юу гэж зөвлөв?

М.Энхмаа2025.03.283 минут унших
Ододтой бүжиглэе: Шүүгчид оролцогчдод юу гэж зөвлөв? - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Тайзны гэрэл асаж, хөгжим эгшиглэх бүрд сэтгэл зүрх булгилж, бүжгийн ертөнцтэй улам гүнзгий танилцана. Хором бүр шинэ мэдрэмж, догдлол, сорилтоор дүүрэн. Энэ бол “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлэг. 

Долоо хоног бүр сэтгэл догдлуулж, нүд баясгах бүжгийн үзүүлбэрүүдийн ард оролцогчдын өөрийгөө ялах тэмцэл, хязгаараа тэлэх аялал өрнөж буй билээ. Харин тэдний энэхүү аялалд шүүгчдийн үнэ цэнтэй зөвлөгөө, үнэн бодит шүүлт хэрхэн нөлөөлөх бол? Бүжгийн урлагтай амьдралаа холбож, хөгжмийн хөг хэмнэл, бүжгийн хөдөлгөөн бүрээр өөрийгөө илэрхийлэх, “Ододтой бүжиглэе” шоуны эрхэм шүүгчдийн онцгой түүх, үнэ цэнтэй туршлагыг уншигч та бүхэндээ хүргэж байна.

Хүндэт шүүгч О.Саранхүү: Шат ахих тусам шүүлт улам ширүүснэ

Ододтой бүжиглэе: Шүүгчид оролцогчдод юу гэж зөвлөв? нийтлэлийн зураг

Урлагийн төрөл болгон өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Харин бүжгийн урлагт хуурамч зүйл гэж байдаггүй. Хөгжмийн хэмнэл, бүжгийн хөдөлгөөнийг өөрийн биеэр мэдэрч, талбай дээр тэр мэдрэмжээ бодитоор илэрхийлдэг учраас тэр шүү дээ. 

Ээж маань бүжигчин хүн учраас ухаан орсон цагаасаа л бүжгийн урлагтай хамт өссөн гэж хэлж болно. Монгол Улсад “бүжгийн спорт” гэх энэ нэршил орж ирсэн цагаас өнөөг хүртэл тасралтгүй бүжгийн спортоор хичээллэж яваа тул бүжиггүйгээр амьдралаа төсөөлшгүй болжээ. Бүжгийн урлагтай амьдралаа холбосон энэ хугацаан дахь хамгийн тод дурсамж гэвэл 2022 оны Латин формейшн бүжгийн ДАШТ-д “Moon Dance” хамтлаг маань Монгол Улсынхаа нэрийг дуудуулж, анхны медалиа авч байсан тэр мөч бодогдож байна. Маш олон хүний хичээл зүтгэл, хөдөлмөр шингэсэн учраас тэр шүү дээ. 

Яг үүнтэй ижилхэн “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч бүр 7 хоног бүр тэр мэдрэмжийг мэдэрч байгаа байх хэмээн бодож байна. Үзэгчид маань ч гэсэн шоугаа үзээд “Аан, ийм зүйл байх боломжтой юм байна” гэдгийг суралцаж байгаа байх. Учир нь бүжиглэж чадахгүй хүн гэж огт байхгүй. Харин бүжиглэж сураагүй хүн л гэж бий. Бүжгийн хөдөлгөөнийг хүлээн авах чадвар, цаг хугацааны хувьд л хоорондоо ялгаатай болохоос биш хүн бүр тодорхой хугацааны дараа бүжгийн таашаалыг мэдэрч эхэлдэг. Бүжгийн урлагаар хичээллэж эхэлснээр биеийн хэлбэр шугамууд өв тэгшхэн болохоос гадна мэдрэмжүүд, хүний эрчим, энерги хүртэл нэмэгдэж байдаг. Өдөр тутмын амьдралын хэв маяг, хөдөлгөөн хүний хөдөлгөөний дутагдлыг бүрэн арилгаж чадахгүй. Жишээлбэл, шагайн үеэ хэрхэн ашигладгаа ч мэдэхгүй хүмүүс байгаа шүү дээ. Шоуны оролцогч Б.Төгөлдөр маань хүртэл “Хавиргатай байснаа сая л мэдлээ” гээд хошигнож байна. 

Хоёрдугаар улирлын оролцогчдын маань хувьд бас их давуу талтай байх шиг байна. Өмнөх улирлын үзүүлбэрүүдийг судалж үзээд “ингэх ёстой юм байна” гэсэн ерөнхий мэдрэмжээ авч, туршлага суралцсан байх. Тэр ч утгаараа үзүүлбэрүүд төсөөллөөс давж, өдөр бүр илүү чанартай болж орж ирж байна. Шоуны шүүлтийн тухайд оролцогчдын ур чадвар, үзүүлбэрүүдийг заавал бүжгийн спортын тамирчидтай харьцуулъя гэж бодохгүй байгаа. Харин бүжгийн үзүүлбэртээ бүх зүрх сэтгэлээ зориулж, өөрчлөгдөж байгаагаа харуулах нь илүү чухал. Өөрчлөгдөнө гэдэг чинь өнөөдрийн цэгээс дараагийн хүрэх цэгийг л хэлээд байгаа шүү дээ. Долоо хоногийн хугацаанд маш их сэтгэл гаргаж бэлтгэлээ хийж байгаа учраас үзэгчид болоод шүүгчдийн урмаар цааш урагшлах ёстой. Харин шат ахих тусам оролцогчдын маань ур чадвар сайжирч, тухайн бүжгээ илүү ойлгоод эхэлдэг. Тэр үед нь техникийн ур чадвар, хамтран бүжиглэгчтэйгээ хэрхэн холбогдож байна, үзүүлбэр, найруулга, талбай эзэмшилт, тэнцвэр, хөлийн ажиллагаа гэх мэтчилэн нарийн ур чадварт тулгуурласан мэргэжлийн шүүлтийг хийх болно.

Хүндэт шүүгч Э.Ууганбаяр: Богино хугацаанд хамгийн сайн үзүүлбэрийг үзүүлэхийн тулд өөрт байгаа онцгой зүйлээ ашигла

Ододтой бүжиглэе: Шүүгчид оролцогчдод юу гэж зөвлөв? нийтлэлийн зураг

Бүжгийн урлаг бол бүх урлагийн нэгдэл. Дуу хөгжим, хөг хэмнэл, хөдөлгөөн гээд бие физиологийн бүхий л эд эсийг оролцуулдгаараа илүү онцгой гэж хэлж болно. 

Дэлхий ертөнц дээрх найман тэрбум хүн нийгмийн угсаа гарал, арьс өнгө, шашин шүтлэг үл хамааран бүгд өөрсдийн гэсэн бүжгийн үүх түүхтэй шүү дээ. Тиймээс хүн бүр, ямар нэгэн байдлаар үргэлж бүжиглэж байдаг. Олон нийтийн газар бүжиглэдэггүй юм гэхэд ганцаараа байхдаа, хоолоо хийхдээ эсвэл гэрээ цэвэрлэхдээ бүжиглэнэ. Тэгэхээр бүжиг гэдэг шууд утгаараа хөдөлгөөний урлаг, хөдөлгөөний спорт болж таарч байгаа юм. Иймээс хүн бүр бүжиглэж чадна гэсэн үг. 

Миний хувьд багадаа ямар ч хөдөлгөөний эвсэлгүй хүүхэд байсан юм. Наймдугаар ангидаа “Авьяас чадварын тэмцээн”-д цэнгээнт бүжгийн төрлөөр оролцож, тэр үед л бүжгийн спорт, бүжиг гэдэг зүйлтэй танилцаж, хөдөлгөөн, хэмнэлээр дамжуулан тэр гайхалтай мэдрэмжийг анх удаа мэдэрсэн. Одоо ингээд бодоход их хожуу байгаа биз. Учир нь хүүхэд бүр л бага насандаа ямар нэгэн байдлаар бүжиг бүжиглэж, хөгжим сонсоод л хөдөлгөөн хийдэг шүү дээ. Надад наймдугаар анги хүртэл тийм дурсамж огт байгаагүй. Харин СУИС-ийн хөгжимт театрын ангид эзэмшсэн үндсэн дөрвөн мэргэжлийн минь нэг бол яах аргагүй бүжиг. Тиймээс бүжгийн спортоор хичээллэснээс хойш өөрт гарсан өөрчлөлт гэвэл маш их.

“Ододтой бүжиглэе” шоуны оролцогчид маань бүх анхаарлаа бүжгийн ертөнц рүү бүрэн төвлөрүүлж байгаа учраас ур чадвар нь сайжрах нь гарцаагүй. Аливаа зүйлд өдөрт 30 минутыг тууштай зарцуулж чадвал жил хүрэхгүй хугацаанд мэргэжлийн түвшинд хүрэх боломжтой гэдэг шүү дээ. Харин энэ богинохон хугацаанд өөрсдийгөө шинээр сорьж буй оролцогчдодоо хандан нэг зүйлийг хэлмээр санагддаг юм. “Чиний давуу тал бол чи өөрөө”. Яагаад вэ? гэж үү? Яагаад гэвэл чи байгалиас өгөгдсөн давтагдашгүй нөөц бололцоотой. Өндөр үү, намхан уу? Чи гоё хөлтэй юу, урт хүзүүтэй юу? Хүн гэдэг амьтан чинь төгс биш шүү дээ. Хамгийн богино хугацаанд хамгийн сайн үзүүлбэрийг үзүүлэхийн тулд өөрт байгаа онцгой зүйлээ олж, түүнийгээ ашиглах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Гоё гартай бол гоё гараа л ашигла. Бүжгийн янз бүрийн төрөл чамд оноолтоор ирж байгаа учраас өөрт байхгүй зүйлээ хайгаад байвал цаг хугацаа л алдаад байна. Тиймээс гоё гартай бол гоё гараа ашиглаж, богино хугацаанд хэрхэн үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөх зохиомж бодох хэрэгтэй.

Хүндэт шүүгч С.Наран: Бие биетэйгээ өрсөлдөх биш энэ шоунаас таашаал, эрч хүчийг мэдрээсэй гэж хүсэж байна

Ододтой бүжиглэе: Шүүгчид оролцогчдод юу гэж зөвлөв? нийтлэлийн зураг

Дуучин хүн хөгжмийг зүрх сэтгэлээрээ мэдэрч, үг аялгууг хоолойгоороо дамжуулан амилуулдаг. Харин бүжгийн урлаг гэдэг хөгжим болоод сэтгэл хөдлөл, бүхий л мэдрэмжээ биеийн хөдөлгөөнөөр дамжуулан илэрхийлж, утга агуулгыг үггүйгээр өгүүлэх урлаг юм.

Миний хувьд 2013 оноос бүжгийн гайхамшгийг мэдэрч, алхам алхмаар суралцсаар явна. Дуучин хүн мэдрэмжтэй байх ёстой, биеэ гоё авч явах ёстой шүү дээ. Тиймээс “өөртэйгөө ажиллаж эхэлье” гэж шийдээд хөдөлгөөний эвслээ сайжруулж, жингээ хасах зорилгоор анх бүжгийн спортоор хичээллэж эхэлсэн. Ийнхүү 2013 онд Лос Анжелес хотын “Third Street Dance” студид Румба, Салса, Бачата гурвыг сурч, анхны алхмуудаа заалгасан. Миний хамгийн дуртай бүжиг бол Румба. Энэ бүжгийг сурах явцдаа бидний бие организм ямар хөшүүн болчихсон байдгийг мэдэрсэн. Урьд нь өөрийгөө боломжийн эвсэлтэй гэж боддог байсан ч бүжгийн бичлэгээ үзэхэд миний хөдөлгөөн надад огт таалагдаагүй. Тиймээс сэтгэл дотроо бүжиглээд байгаа хэр нь түүнийгээ сэтгэл, мэдрэмж, биеийн хэлэмжээрээ илэрхийлнэ гэдэг асар чухал, нарийн чадвар гэдгийг тэр үед ойлгосон юм. Тэгэхээр хөгжмийн хэмнэл, өгүүлэмжийг бүрэн илэрхийлэхийн тулд техник, гүйцэтгэлүүдийг төгс эзэмших ёстой юм билээ. Суралцах тусам бүжгийн урлагийн гайхамшгийг мэдэрч, олон төрлийн бүжгийн нарийн ялгаа, онцлог, ур чадваруудыг мэдээд, мэдрээд ирэхээрээ өөрийн эрхгүй тэмүүлж, яваандаа энэ спорт үнэхээр миний зүрх сэтгэлийг татсан гэж хэлж болно.

“Ододтой бүжиглэе” бол үнэхээр гайхалтай шоу. Хүн бүр эндээс өөрийн ертөнцийг таньж, мэдэж, эерэг хандлага, гоо зүйг харж, хичээл зүтгэлээр хэрхэн хүнийг өөрчилж чаддагийг биеэрээ мэдэрч байна шүү дээ. Тиймээс оролцогчид маань бие биетэйгээ өрсөлдөх биш энэ шоунаас таашаал, эрч хүчийг мэдэрч амьдралдаа тохиож буй энэ гоё мөчөө дурсамж дүүрэн өнгөрүүлээсэй гэж хүсэж байна. Бүжгийн урлагаар дамжуулан өөрөө өөрийгөө дайчилж, эрч хүч, тэсвэр хатуужлыг мэдрэхийн сацуу бусдад эерэг хандлагыг түгээж байгаа гэдгээ битгий мартаарай гэж хэлмээр байна.

Биднийг ямар гайхалтай аялал хүлээж байгаа бол?

Ододтой бүжиглэе: Шүүгчид оролцогчдод юу гэж зөвлөв? нийтлэлийн зураг

Ийнхүү “Ододтой бүжиглэе” шоуны оролцогчид бүжгийн хэмнэлд хөл нийлүүлэн, ур чадвараа сорьж, амьдралдаа мартагдашгүй нэгэн дурсамжийг бүтээж байна. Үзэгч та бүхэн энэхүү сэтгэл догдлом аялалтай хамт байж, тэдний гайхалтай үзүүлбэрүүдээс эрч хүч, урам зоригийг мэдрээрэй! 

Холбоотой нийтлэлүүд