Сошиал медиаг “скролдох” бус, зөв ашиглаж чадвал чи ялгарч чадна


Бидний дунд сошиал хэрэглээ аль хэдийнээ энгийн зүйл болж, бид сошиал сүлжээний дурын платформуудыг чөлөөтэй ашиглан, мэдээлэл хүлээн авч, түгээж, үзэл бодлоо илэрхийлж, сурталчилж, танилцаж, хэлэлцэж, хэрэлдэж нэгэнт сурчээ.
Datareportal сайтаас гаргасан 2024 оны байдлаарх дэлхийн улс орнуудын интернэт, сошиал медиа хэрэглээний талаарх нэгэн сонирхолтой тоон судалгаа байна.
Тус судалгаанд дурдсанаар 2024 оны эхэн үеийн байдлаар Монгол Улсад 2.91 сая интернэт хэрэглэгч бүртгэгдсэн байх бөгөөд энэ манай нийт хүн амын 83.9 хувь юм. Харин мөн үеийн байдлаар манай улсад 2.5 сая сошиал медиа хэрэглэгч байжээ. Энэ нь манай нийт хүн амын 72 хувьтай дүйцнэ.
Түүнчлэн манай улсад интернэт хэрэглэгчдийн тоо 2023 оны нэгдүгээр сараас 2024 оны нэгдүгээр сарын хооронд 40 мянгаар өссөн гэнэ. Гэхдээ 2024 оны эхний байдлаар Монголд нийтдээ 558.3 мянган хүн интернэт ашигладаггүй гэсэн тооцоо гарсан байна. Бас нэгэн сонирхолтой тоо байгаа нь манай улсад 2024 оны эхний байдлаар нийт 5.13 сая гар утас интернэтэд холбоотой байжээ. Ингээд харахад интернэт, сошиал ертөнц гэдэг зүйл бидний харилцах гол орчин гэж хэлж болохоор болсон байгаа биз.
Монгол залуусын хэрэглэдэг топ платформууд: Фэйсбүүк, Инстаграм, YouTube, Тик Ток

Бүр сүүлийн үеийн судалгаа болох СИКА судалгааны төвөөс гаргасан 2025 оны Монгол Улсын нийгмийн үеийн судалгаагаар манай улсад хамгийн өргөн хэрэглэгддэг сошиал платформ нь Фэйсбүүк, дараа нь мессенжер болон YouTube оржээ. Мөн насны хувьд залуужих тусам хэрэглээ төрөлжиж, Фэйсбүүкээс гадна Инстаграм, YouTube, Тик Ток түлхүү ашиглаж байгаа үр дүнгүүд гарж.
Сошиал медиаг мэдээлэл авч, хий дэмий цаг нөхцөөх маягаар скролдож өнгөрүүлдэг залуус бидний дунд байдаг ч үнэндээ сошиал ертөнц бол бүтээлч байдлаа хөгжүүлэх, хувийн болоод үндэсний соёлоо түгээх хэрэгсэл гэж харж ашиглах залуучууд, коммьюнити бүлгүүд, байгууллагууд өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа. Тэр ч утгаараа сошиал ертөнцийн уур амьсгал, зүй зохистой хэрэглээний соёл улам дэлгэрсээр байгаа билээ. Тухайлбал, боловсролын орчинд ч сошиал хэрэглэх шинэ чиг хандлага бий. Хичээл болон тухайн салбартай холбогдох мэдлэгээ сошиалаар түгээж, олон нийтэд үнэ цэн бүтээж буй залуус олон байна. Энэ бүхэн нь сошиал зөв хэрэглээтэй бол өөрийгөө хөгжүүлэхээс гадна нийгэмд бодит өөрчлөлт авчирч чаддагийг харуулж байгаа юм.
MEF Youth 2025: Трендийг сохроор дагах бус, өөрийн хувилбарыг гаргаж хөгжүүл

Харин ийм зөв соёл түгээхээр хичээж буй залууст зориулан MEF Youth 2025 арга хэмжээнд Япон улсаас хүрэлцэн ирсэн TikTok контент бүтээгч Ацуши Иноэ зөвлөхдөө “Анх би зөвхөн япон, англи хэл дээр гэхээсээ илүү яриагүй контент хийж эхэлснээр дэлхийд хүрч чадсан. Ингээд томоохон байгууллагуудтай хамтрах үед ганцаараа хийх боломжгүй тул баг бүрдүүлэх хэрэгтэй болсон. Ингэснээр контент бизнес болон хөгжиж, нэлээн тогтвортой болсон байна. Ер нь ганцаараа тодорхой түвшин хүртэл явж болдог ч, цааш амжилттай явахад багийн хүч зайлшгүй шаардлагатай байдаг. Харин сошиал дээр ялгарахын тулд трендийг сохроор дагах бус, өөрийн хувилбарыг гаргаж хөгжүүлэх хэрэгтэй. Трендийг урьдчилан тооцоолох, эсвэл түүнийг өөрийнхөөрөө цааш тууштай хөгжүүлэх чадвар бол сошиал орчинд өөрийн бүтээл, контентуудаа түгээх түлхүүр болдог” гэжээ. Мөн түүний дэлгэрэнгүй ярилцлагыг унших боломжтой шүү.
Сошиал орчин бидний цагийг авч, анхаарал төвлөрөлтийг бууруулж, мэдээллээр бөмбөгдөхөөс цаашгүй орон зай мэт санагдавч яг үнэндээ зөв зохистой хэрэглэж чадвал өөрийгөө хөгжүүлэх, санаагаа түгээх, соёлоо сурталчлах хамгийн ойрын боломж байх гээд байна. Ацуши Иноэгийн хэлснээр санаагаа гаргаад, өөрийн өнгө төрхийг бий болгоод, тууштай байж чадах юм бол бүгдэд боломж байна шүү дээ. Тэгэхээр сошиалыг “скролдох” хэрэгсэл биш, харин өөрийгөө болон нийгмээ хөгжүүлж чадах талбар гэж хардаг байцгаая.