Залуусын орон зай

Тоглолт дундах “Kiss Cam” анх хэзээнээс яаж үүссэн бэ?

Posted2025.07.253 минут унших
Тоглолт дундах “Kiss Cam” анх хэзээнээс яаж үүссэн бэ? - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Спортын тоглолт, концерт болон олон нийтийн арга хэмжээний завсарлагаанаар том дэлгэц ашиглан үзэгчдийн дундаас хосуудыг онцолж, бие биеэ үнсэхийг уриалан хөгжилтэй уур амьсгал бүрдүүлэх энэ үйл явдал бол “Kiss Cam” гэх интерактив контент юм. Энэ үзэгдэл нь орчин үед арга хэмжээний салшгүй нэгэн хэсэг болжээ.

“Kiss Cam”-ын үүсэл ба технологийн хөгжил нь:

Пенсильванийн Их Сургуулийн Брайс Жордан төвийн нэгэн нийтлэлд дурдсанаар 1980-аад оны эхэн үе бол спортын салбарт технологи эрчимтэй нэвтэрсэн он жилүүдийн нэг байжээ. Мицүбиши Электрик компани 1980 онд АНУ-ын Лос Анжелес хот дахь Доджер цэнгэлдэх хүрээлэнд “Diamond Vision” нэртэй хамгийн анхны өнгөт том дэлгэц буюу жумботроныг суурилуулсан нь энэ трендийн үндэс суурийг тавьсан гэж үздэг. Энэ дэлгэц суурилагдсанаар тоглолтын туршид үзэгчдийг шууд харуулах боломжтой болж, танхим доторх уур амьсгалыг улам хөгжилтэй, дотно болгож эхэлжээ. Өөрөөр хэлбэл, технологийн хөгжил нь “Kiss Cam’’ гэх контентын санааг бий болгосон байна.

Тоглолт дундах “Kiss Cam” анх хэзээнээс яаж үүссэн бэ? нийтлэлийн зураг

Тоглолтын уур амьсгалд шинэлэг өнгө нэмсэн нь

“Kiss сam”-ыг анх 1990-ээд оны эхэн үеэс АНУ-ын сагсан бөмбөгийн Дээд лиг болон Үндэсний сагсан бөмбөгийн холбооны тоглолтуудад албан ёсоор гарч эхэлжээ. Нью-Йоркийн “Madison Square Garden”, болон Лос Анжелесийн “Staples” төв зэрэг томоохон танхимууд үүнийг өргөн ашиглаж, олон нийтэд танил болгосон байна.

Үзэгчдийн анхаарлыг тоглолт руу чиглүүлэх зорилгоор эхэлсэн ч удалгүй инээдэмтэй, сэтгэл хөдөлгөм, интерактив контент болон хувирсан. Тэр ч бүү хэл “Super Bowl”, NBA-ийн бүх оддын тоглолт зэрэг томоохон арга хэмжээнүүд дээр албан ёсны хөтөлбөрт орж, үзэгчдийн хүлээлттэй хэсэг болжээ.

Тоглолт дундах “Kiss Cam” анх хэзээнээс яаж үүссэн бэ? нийтлэлийн зураг

“Kiss Cam”-ыг ашиглаж эхэлмэгц үзэгчид ихэвчлэн хөгжилтэй, сонирхолтой шинэ зүйл хэмээн эергээр хүлээн авсан ч зарим тохиолдолд харилцааны тодорхойгүй байдалтай хосууд ичих, сандрах хандлага ажиглагдаж байв.

Хожим арга хэмжээний зохион байгуулагч нар илүү шинэлэг, сонирхолтой сэдвээр баяжуулан, “Dance Cam”, “Fan Cam”, “Hug Cam”, “Look-Alike Cam” гэх зэргээр өргөжиж, улам тренд болгосоор байна. 

Сонирхуулахад, Канадын алдарт "Arkells" хамтлаг 2021 онд “Kiss Cam” нэртэй дуу гаргаж, энэхүү интерактив үзэгдлийг хайр дурлал, уянгын мэдрэмжтэй хослуулан хөгжмийн хэлээр илэрхийлж байжээ.

“Kiss Cam” буюу интерактив маркетингийн хүч

Тоглолт дундах “Kiss Cam” анх хэзээнээс яаж үүссэн бэ? нийтлэлийн зураг

Энэхүү тренд нь сошиал платформын хөгжилтэй уялдан TikTok, YouTube богино видео, Instagram рийлс зэрэг контентыг ашиглан маркетинг сурталчилгаа хийх нь олонтоо болжээ. 

АНУ-д төвтэй контент маркетингийн салбарт судалгаа шинжилгээ хийх болон маркетерүүдэд зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Контент маркетинг институтийн судалгаагаар интерактив контент нь үзэгчдийн анхаарлыг уламжлалт хэлбэртэй харьцуулахад 75%-иар илүү татаж, брэндийг бусад өрсөлдөгчөөс ялгаруулахад илүү үр нөлөөтэй болохыг тогтоожээ. Мөн маркетерүүдийн 96% нь хэрэглэгчтэй харилцах, мэдээлэл түгээхэд үр дүнтэй, харин 93% нь уламжлалт контенттой харьцуулахад илүү үр ашигтай гэж үнэлсэн байна.

Үүний тод жишээ бол спортын арга хэмжээний үеэр “Fan Cam” болон “Kiss Cam”-нд өртсөн үзэгчид өөрийн бичлэгийг TikTok, Instagram стори дээр хуваалцахад тухайн эвент, брэнд, болон ивээн тэтгэгч байгууллагуудын нэршил сошиалд илүү өргөн тархах нөхцөл бүрддэг. Энэ нь тухайн брэндүүдэд маркетинг хийх боломж болжээ.

Үзэгчид энэхүү камерт өртөх үед тоглолтын уур амьсгалыг улам мэдэрч, оролцооны мэдрэмж нь өссөнөөр эерэг хандлага илүү давамгайлдаг байна.

Хэрэв та дараагийн удаа “Kiss Cam” болон “Dance Cam”-д өртвөл тоглолтын уур амьсгалаа улам мэдэрч цагийг хөнгөхөн хөгжилтэй өнгөрүүлэхээ бүү мартаарай. 

 

Бэлтгэсэн: Х.Цолмон

Холбоотой нийтлэлүүд