Ухаалаг санхүүгийн боломж: Санхүүгийн төлөвлөлт


Бид бүгд өөр өөр мөрөөдөлтэй. Хэн нэг нь гадаадад сурахыг хүсдэг бол, нөгөө нь бизнес эхлүүлэхээр зорьдог. Харин зарим нь өдөр тутмын амьдралаа тайван авч явахыг эрхэмлэнэ. Гэвч бид ямар ч зорилготой байсан, ижилхэн асуулттай нүүр тулдаг. “Санхүүгээ хэрхэн зөв төлөвлөх вэ?”
Санхүүгийн тухай ихэнх зөвлөгөө “Цалингийнхаа 20 хувийг хадгал”, “Өр тавих нь буруу” гэх мэт нийтэд зориулсан, нэг жишгээр хэмжсэн байдаг. Хүн бүрийн амьдрал өөр шүү дээ. Жишээ нь, оюутан хүн сурах явцдаа цагийн ажил давхар хийдэг. Орлого нь бага тул 20–30 хувийг хадгалах боломжгүй байж болно. Гэхдээ сард 10,000₮ ч байсан амьдралын зорилгын дансандаа хийж эхлэх боломжтой. Энэ бол тухайн хүний нөхцөлд тохирсон зөв шийдэл юм.
Хэмжээ бус, тогтмол байдал чухал билээ. Санхүүгийн зорилго болон нөхцөл байдалдаа тохируулан төлөвлөх нь хамгийн ухаалаг алхам. Бусдын “төгс” гэх санхүүгийн дүрмийг сохроор дагах бус, өөртөө нийцсэн, хэрэгжүүлж чадах хувилбараа олох нь санхүүгийн амжилтын эхлэл болно.
Өөрийн зорилгод нийцсэн санхүүгийн төлөвлөлт хийх нь
Зорилгодоо хүрэхийн тулд санхүүгээ хэрхэн төлөвлөж, удирдах талаар Ард Секюритиз компанийн Хөрөнгө оруулалтын зөвлөх А.Эрхбилгүүн манай уншигчдад дараах зөвлөмжийг хүргэж байна.

“Санхүүгээ зөв зохицуулна гэдэг нь хувь хүний сахилга бат, мэдлэг болон зорилгоос ихээхэн хамаардаг. Хүн бүрд өөрийн гэсэн хүсэл тэмүүлэл, зорилго, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө байдаг шүү дээ. Тэр бүхэн нь бидний өдөр тутмын хэрэглээ болон орлоготой шууд холбоотой тул зорилготой, төлөвлөгөөтэй байх нь санхүүгийн ухаалаг шийдэл болдог.
Зорилгодоо төвлөрсөн хуримтлал нь бидэнд мөнгөний жинхэнэ үнэ цэнийг ухааруулж, гайхалтай боломжуудыг нээж өгнө. Намайг бага ангид байх үед сургуулиас 10,000₮-ийн аялал зохион байгуулсан ч тухайн үед надад мөнгө байгаагүй тул оролцож чадаагүй. Ингээд ангийнхнаасаа ганцаараа үлдэж, аяллын дурсамжгүй хоцорсон юм. Тэр үед би 10,000₮-ийн үнэтэй дурсамж гэж ямар чухал болохыг мөн мөнгөний үнэ цэн юу болохыг ойлгож байсан. Иймээс өөрийн мэдлэг, туршлага дээр үндэслэн зорилгод нийцсэн санхүүгийн төлөвлөгөө хийхэд дараах зөвлөмжүүдийг хуваалцъя.”
1. Санхүүгийн зорилгоо тодорхойлох
Санхүүгийн төлөвлөлтийн эхлэл нь зорилгоо тодорхойлох. Энэ нь таны зорилго ойрын хугацаанд хүрэх үү, эсвэл урт хугацааны зорилго уу гэдгээс хамаарна. Үүнд:
- Хугацааг маш тодорхой болгох (сар, жил гэх мэт),
- Орлогын түвшинтэй уялдуулан зорилгоо календарьчлах. Ингэснээр зорилгодоо төвлөрч, хэрэгцээгүй зардлыг багасган, ухаалаг шийдвэр гаргах боломж нэмэгддэг.
2. Зорилгодоо тохирсон хуримтлал, хөрөнгө оруулалтаа сонгох
Хуримтлал хийхдээ хугацааг сайн тооцох хэрэгтэй. Хэрэв та богино хугацааны санхүүгээ төлөвлөж байгаа бол хугацаагүй хадгаламж тохиромжтой. Урт хугацаанд бол хугацаатай хадгаламж илүү өндөр өгөөжтэй. Энэ хоёрын ялгаа гэвэл танд гэнэтийн мөнгөний хэрэгцээ гарлаа гэж үзвэл хугацаагүй хадгаламж ямар нэгэн шимтгэл хураамжгүйгээр мөнгөө буцааж авч болдог бол хугацаат хадгаламж нь хугацаанаасаа өмнө цуцлах шаардлага үүсэж, мөн шимтгэл ч бас төлөх болдог.я
Хэрэв сахилга баттай байж, өөрийгөө сорихыг хүсвэл энгийн харилцах данс ашиглан хуримтлал үүсгэж болно. Энэ төрлийн данс нь шууд гүйлгээ хийх боломжтой тул мөнгөө амархан үрэх эрсдэлтэй. Харин яг энэ онцлогийг нь ашиглан, өөрийн тэвчээр болон сахилга батыг шалгаж үзэж болно шүү дээ.
4. Өөрийн хэв маягт тохирсон төсөв гаргах
50\20\30 дүрэм эсвэл сар бүр 200,000₮ хуримтлуулах хатуу зорилт тавивал, орлого багатай саруудад “энэ сарыг алгасаад дараа нөхье” гэх хандлага гаргадаг. Тиймээс танд орлогынхоо 10-15%-ийг хадгалахыг зөвлөж байна. Ингэснээр орлогын хэмжээнээс үл хамааран өөрт тохирсон уян хатан, үр дүнтэй яхуримтлал үүсгэж чадна. Орлого гэдэгт зөвхөн цалин төдийгүй, эцэг эхээс орж ирэх мөнгө зэрэг ч хамаарах боломжтой шүү.
3. Орлого, зарлагаа хянаж, уян хатан хуваарилах
Зарлага гаргах бүрдээ "Энэ надад яг хэрэгтэй юу? Үнэхээр үнэ цэнтэй юу?" гэж өөрөөсөө асууж сурах нь чухал. Хүмүүс мэддэг ч хэрэгжүүлдэггүй зүйл бол зөв худалдан авалт хийх чадвар юм. Нийтлэг 20%-ийг хуримтлуул гэдэг зөвлөмж нь хүн бүрд тохирохгүй. Хувь хүн бүрийн нөхцөл байдал, хэрэглээ өөр тул өөртөө тохирсон төсвийг бий болгох нь зөв.
5. Санхүүгийн мэдлэгтээ нийцсэн хөрөнгө оруулалт хийх
Санхүүгийн мэдлэг бага үед шууд хувьцаа, койн зэрэг эрсдэл өндөртэй хөрөнгө оруулалт сонгох нь сэтгэлзүйн хувьд болон санхүүгийн хувьд эрсдэл нэмж болзошгүй. Тиймээс эрсдэл багатай хөрөнгө оруулалтаас эхэлж, санхүүгийн мэдлэг нэмэгдэх тусам эрсдэлтэй хөрөнгө оруулалт руу зорих нь хамгийн ухаалаг сонголт байх болно.
6. Санхүүгийн боловсролоо тасралтгүй хөгжүүлэх
Судалгаагаар санхүүгийн боловсролтой хүмүүс илүү зөв шийдвэр гаргадаг нь тогтоогдсон. Санхүүгийн ном унших, сургалтад хамрагдах, зөвлөгөө авах зэргээр байнга өөрийгөө хөгжүүлэх нь чухал гэдгийг зөвлөмөөр байна.
Энэхүү нийтлэл таны санхүүгээ зөв төлөвлөхөд тус болсон гэдэгт итгэж байна. Санхүүгийн сахилга бат, мэдлэг, зорилго гурвыг хослуулснаар та мөрөөдлөө биелүүлэх боломжийг өөртөө бий болгоно. Өнөөдрөөс эхэлсэн төлөвлөгөө ирээдүйн хамгийн үнэ цэнтэй хөрөнгө байх болно шүү. Танд амжилт хүсье!
Бэлтгэсэн: Х.Цолмон