Залуусын орон зай

Хэрхэн "FOMO"-гоо таньж, даван туулах вэ?

Posted2025.07.024 минут унших
Хэрхэн "FOMO"-гоо таньж, даван туулах вэ?	 - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Орчин цагийн хурдацтай, яаруу хэмнэлд хэн бүхний дотор шинэ зүйлээс хоцорч, тэр нэг найзын сториг үзэхэд гадаадад сурч, аялж, өөр нэгэн найз бизнес хийж, орлого их олж буйг харахад тэдгээрийг хийхгүй л бол боломж алдан шинэ зүйлээс хоцорч байгаа юм шиг санагдаж, хангалтгүй байна гэх бодол төрөх явдал бишгүй тохиодог билээ. Ийм мэдрэмжийг мэдэрч яваа нэгэн залуу манай Posted.mn сайтын “How to” буланд захидал илгээжээ. Танд ч бас шийдмээр байгаа асуудал бий бол hello@tsoilogsoz.com хаягаар “How to” буланд гэж гарчиглаад илгээгээрэй! 

“How to” буланд,  

Ахлах сургуулиа төгсөөд, гадаадад сурах зорилгоор завсар жил авсан боловч өөрийгөө хөгжүүлэх, хүрээллээ тэлэх зэрэг боломжуудын талаар хаанаас мэдээлэл авахаа мэдэхгүйгээс стресс, бухимдалтай болж, утсаа байнга шалгах зуршилтай болчихсон. Ийм учраас өөрийгөө FOMO буюу бусдаас хоцорч, боломж алдахаас айх айдастай гэдгээ ухаарсан юм. Үүнийг хэрхэн даван туулах талаар тодорхой ойлголтгүй хэвээр байна. Бусдын амжилттай яваа дүр зурагтай өөрийгөө харьцуулах тусам нэг алхам хоцорч буй мэт мэдрэмж төрдөг. Одоо би яах ёстой вэ?

~ Хүндэтгэсэн, Ноён "FOMO boy" ~

Ноён "FOMO boy"-д хүргэх зөвлөгөө

Хэрхэн "FOMO"-гоо таньж, даван туулах вэ?	 нийтлэлийн зураг

Бусадтай өөрийгөө харьцуулж, өөрийгөө дутуугаар мэдрэх нь нийтлэлийн эхэнд дурдсанчлан бүх хүнд тохиодог бөгөөд энэ нь муу зүйл биш гэдгийг хамгийн түрүүнд ойлгоосой гэж хүсэж байна. Айлын мундаг хүүхэд ч бас өөрйгөө бусадтай харьцуулах үе гардаг гэдгийг санаарай. Үүнийг уншаад, жаахан ч болов тайвширсан бол гүнзгий амьсгаа аваад, FOMO гэж юу болохыг хамтдаа ойлгохыг хичээе.

“FOMO” гэж юу вэ?

“FOMO” буюу “Fear of Missing Out” гэдэг нь хүн өөрийнх нь оролцоогүй болж буй сонирхолтой үйл явдал, боломж, туршлага зэргээс хоцорч үлдэхээс айх сэтгэл зүйн ойлголтыг хэлдэг байна. Энэ нь сэтгэл гутрал, стресс, түгшүүр үүсгэх үндсэн шалтгаан болдог ажээ. 2018 онд “Motivation and Emotion” хэмээх сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд дурдсанаар хэрэв хүн хоцрохоос айх айдастай бол өөртөө итгэх итгэл сул, амьдралдаа сэтгэл ханамж багатай, нийгмээс тусгаарлагдсан мэт мэдрэмж төрдөг байна. Мөн 2013 онд “JWT Intelligence”-ээс гаргасан судалгаанд 13–17 насны 110 өсвөр насныхан хамрагдсан ба тэдний 70% нь өдөр бүр хоцрохоос айх айдас мэдэрдэг гэжээ. Энэхүү судалгаанд оролцогчид “Би найзуудаа өмнөө зорилго тавьж, түүнийхээ төлөө хичээж байгааг нь хараад атаархдаг”, “хэрвээ би утсаа шалгахгүй бол ямар нэгэн юм алдчих гээд байх шиг санагддаг”, “сошиал дээр шинэ зүйлс болж байх тэр мөчид би унтаж байсан гэж бодохоор хүртэл сэтгэл тавгүйрхдэг” гэж хариулжээ.

Гэхдээ аливаа зүйл хоёр талтай  

Хэрхэн "FOMO"-гоо таньж, даван туулах вэ?	 нийтлэлийн зураг

Бүх зүйлд оролцох албагүй гэж боддог, одоогийн байгаа газраа, нөхцөл байдалдаа сэтгэл хангалуун байж, бусдын амьдралтай өөрийнхөө амьдралыг хэт харьцуулдаггүй, тайван, ухамсартайгаар дотоод руугаа төвлөрдөг гүндүйгүй гэмээр тийм нэгэн найзууд бас байдаг шүү дээ. Тэгвэл тэдний ийм сэтгэл зүйн байдлыг “Joy of Missing Out” (JOMO) буюу аливаа мэдээлэл, үйл явдал, боломжид оролцохгүй байсан ч сэтгэл хангалуун, тайван байх дадал, хандлагыг хэлдэг байна.

Хэрхэн "FOMO"-гоо таньж, даван туулах вэ?	 нийтлэлийн зураг

Тэгвэл хоцрохоос айх айдсаасаа салж, өөрийгөө хүлээн зөвшөөрөн, JOMO хандлагатай болох зөвөлгөөг хуваалцаж байна.

Талархлын дасгал хийх нь хоцрохоос айх айдсыг бууруулдаг 

Өглөө эрт сэрэхдээ, “хөөх, би эрт сэрсэн байна, ашгүй дээ!”, “өнөөдөр би чадна” гэх зэргээр шинэ өглөөгөө урмаар гэрэлтүүлээрэй. Эхэндээ эвгүй санагдаж болох ч үйлдэл, оролдлогоо урьтал болговол өдөр ирэх тусам танд илүү урам зориг мэдрэгдэж эхлэх болно. Time сэтгүүлд 2016 онд хэвлэгдсэн нэгэн нийтлэлд дурдсанаар, өдөр тутмын амьдралын энгийн сайхан зүйлсэд анхаарлаа төвлөрүүлж, талархлын дасгал хийх нь FOMO-гийн түгшүүр, ганцаардал, стрессийг бууруулдаг байна. 

Сошиал завсарлага авснаар FOMO-гоос үүдэлтэй стресс буурдаг

Байрныхаа гадаа өглөөний нарыг мэдэрч, гүнзгий амьсгаа аваад нэг цаг утас болон сошиал хэрэглээнээс холдоод үзээрэй. Энэ нь таныг өөрийн дотроос гайхамшгийг олж харах боломжийг олгоно. Заримдаа чимээгүйхэн орчноо ажиглан санаа алдаад суух сайхан шүү дээ. Сошиал медиа хэрэглээгээ багасгах эсвэл түр хугацаанд холдох үед FOMO-гоос үүдэлтэй ганцаардал, стрессийн түвшин буурдаг.

Бясалгал хийснээр айдас алсарч, жинхэнэ амар амгалан эхэлдэг

Хэрхэн "FOMO"-гоо таньж, даван туулах вэ?	 нийтлэлийн зураг

Хоцрохоос айх айдсыг даван туулах хамгийн үр дүнтэй арга бол одоо байгаа мөчид анхаарлаа төвлөрүүлж, өчүүхэн ч гэлээ сайхан зүйлсийг мэдэрч сурах юм. Гүн амьсгал болон бясалгал нь тайвшруулахын зэрэгцээ биднийг өөртэйгөө дахин холбогдож, амьдралын хэмнэлээ өөрийнхөөрөө удирдахад тусалдаг байна. Бидэнд аль хэдийн байгаа зүйл хангалттай үнэ цэнтэй гэдгийг ойлгосноор FOMO-гийн айдас алсарч, жинхэнэ амар амгалан эхэлдэг.

Амьд харилцаа бол үнэ цэнтэй, сэтгэл ханамжтай амьдрахын түлхүүр 

“Онлайн байна уу” гэж хүлээж суухын оронд утасдаад, “ярилцах зав байгаа юу”, “хов базах уу” гэх мэтчлэн биечлэн уулзаж, ярилцахыг илүүд үзээрэй. Амьд харилцаанаас төрөх сэтгэл ханамжийг мөнгөөр хэмжвэл жилийн $97,000+ орлоготой адил “үнэтэй” мэдрэмж төрдөг гэдгийг мэдэх үү?

Сошиал медиа өөрөө буруу зүйл биш. Харин бидний тархи төрөлхийн бусадтай өөрсдийгөө харьцуулах зуршилтай байдаг бөгөөд бүгд өөрсдийгөө хамгийн сайхнаар харуулахыг хичээдэг. “Биечлэн харилцах нь Facebook гэх мэт цахим харилцаанаас илүү сэтгэл ханамж өгдөг бөгөөд хэрвээ энэ сэтгэл ханамжийг мөнгөн дүнгээр хэмжвэл жилийн $97,265-тай тэнцэхүйц “үнэтэй” мэдрэмжийг өгдөг гэж судлаачид үзжээ. Тиймээс цахим харилцаанаас гадна биечлэн уулзах, бодит харилцаанд хөрөнгө оруулах нь илүү үнэ цэнтэй, сэтгэл ханамжтай амьдрахын түлхүүр юм.

Тэмдэглэл хөтлөх нь дотоод бат бөх байдлыг бий болгоход тусалдаг

FOMO-г даван туулахын тулд өдөр бүр талархал, жижиг амжилт, ирээдүйн зорилгоо тэмдэглэн бичих нь сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг. Ингэснээр өөрийгөө бусадтай харьцуулах сэтгэлгээг багасгаж, дотоод бат бөх байдлыг бий болгоход тусалдаг.

Эцэст нь бидний амьдрал үргэлж амжилттай байдаггүй шүү дээ. Амьдрал бол дан ганц амжилт, боломж биш, алдаа, дутагдлаа ч мөн хүлээн зөвшөөрч, түүнээсээ суралцах нь чухал юм. Өнгөрсөн дэх алдаа оноо, туршлага чинь маргаашийн чамд сургамж болох болох болно. Танд амжилт хүсье!

Бэлтгэсэн: Х.Цолмон

Холбоотой нийтлэлүүд