Залуусын орон зай

Хэрхэн уйлахгүйгээр маргалдаж сурах вэ?

Б.Намуун2025.01.245 минут унших
Хэрхэн уйлахгүйгээр маргалдаж сурах вэ?  - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Хэн нэгэнтэй маргахаасаа өмнө юу гэж хэлэхээ төсөөлөн бодож, давтах атлаа яг маргааны үеэр аль ч үг нь амнаас гарахгүй, арай гэж ам нээвэл нулимсны сүв давхар нээгдэн, нулимс урсаж, хоолой зангирдаг даа. Ярьж байснаа уйлаад эхэлнэ гэдэг бас л эвгүй шүү. “How to” буланд яг энэ асуудалтайгаа тэмцэж, шийдэл эрж яваа нэгэн уншигч маань захиа илгээжээ. Танд ч бас шийдмээр байгаа асуудал бий бол hello@tsoilogsoz.com хаяг руу “How to” буланд гэж гарчиглаад илгээгээрэй! 

“How to” буланд 

Ажлын хамт олон, найз, гэр бүлийнхэн гээд хэнтэй ч маргалдах үе бишгүй л гарах юм. Яг ийм үед хэлмээр байгаа юмаа гаргах гэхээр шууд уйлчих юм аа. Заримдаа үнэхээр удаан тээсэн зүйл болохоор тэгэх үе байдаг ч ихэнхдээ өөрийн эрхгүй л нулимс асгардаг. Тэнэг хүн шиг шууд л уйлдгаа больж, өөрийгөө хянаж сурмаар байна. Би яаж уйлахгүйгээр маргалдаж сурах вэ?  

                                                       ~Хүндэтгэсэн, Усан нүдэн гүнж~ 

Усан нүдэн гүнжид өгөх зөвлөгөө 

Юуны өмнө та ганцаараа биш юм шүү. Уур уцаар болон бусад хүчтэй сэтгэл хөдлөлдөө автаж уйлдаг хүмүүс их бий. Энэ нь хэрүүл маргаан, зөрчилдөөн гэх мэт нөхцөл байдалд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж буй физиологийн хэвийн хариу үйлдэл юм. Бидний бие махбод үнэхээр ухаантай. Хэрүүл, маргааны үед зүрхний цохилт хурдсан, стрессийн байдалд шилждэг. Иймээс нулимс таныг тайвшруулахын тулд гарч эхэлдэг аж. Уйлах үед зүрхний цохилтыг бууруулж, стресстэй үйл явдлын дараа тайвшруулдаг окситоцин болон пролактиныг ялгаруулдаг. Тэгэхээр хөөрхий бие тань “Хүүе, энэ хүн чинь уурлаад уналаа. За, тайвшраад сайхан уйлчих” гэж л байгаа санаа юм уу даа.  

Хэрхэн уйлахгүйгээр маргалдаж сурах вэ?  нийтлэлийн зураг

Сэтгэл хөдлөлийн хэт ачаалал 

Маргааны үеэр бухимдал, уур уцаар, уйтгар гуниг, өөрийгөө сул дорой мэт мэдрэх гэх мэт хүчтэй сэтгэл хөдлөлүүд дийлэнх болж, нулимс асгардаг. Гуннар болон бусад судлаачдын хийсэн судалгаагаар стресстэй холбоотой сэтгэл хөдлөлүүд нь уйлах зэрэг сэтгэл хөдлөлийн хариу үйлдлийг зохицуулдаг тархины лимбийн системийг идэвхжүүлдэг ажээ /Gunnar, M.R., (2000). "The effects of stress on the brain and behavior"/. Ийнхүү идэвхэжсэнээр бид уйлж эхэлдэг байх нь.  

Эмзэг байдлын талаарх мэдээлэл 

Уйлах нь заримдаа эмзэг байдал эсвэл үгээр хэлэхийн аргагүй мэдрэмжийг илэрхийлэх арга болдог. Судлаач Карниолын хийсэн судалгаагаар маргааны үеэр уйлах нь сэтгэлийн зовуурийг илтгэх эсвэл нөгөө хүнээсээ өрөвдөх сэтгэлийг эрэлхийлэх ухамсаргүй оролдлого байж болох юм. Маргаан нь эмзэг эсвэл хувийн сэдвүүдийг хөндөх үед энэ нөхцөл идэвхэждэг аж /Karniol, R.,Grosz, E.,&Schorr, I.(2003). "Emotional crying: An investigation into its function and origins”/

Сэтгэл хөдлөлөө удирдах 

Сэтгэл хөдлөлөө удирдаж чаддаггүй хүмүүс хэрүүл маргааны үеэр уйлах хандлагатай байдаг. Сэтгэл хөдлөлөө удирдах нь хүнд, хэцүү нөхцөл байдлыг зохицуулах чухал ур чадвар юм. Иймээс сэтгэл хөдлөл хэт хүчтэй болж, тухайн хүн үүнийг үр дүнтэй зохицуулж чадахгүй байх үед уйлах нь боловсруулаагүй сэтгэл хөдлөлийг гадагшлуулах гарц болж болно /Gross, J. J. (2002). "Emotion regulation: Affective, cognitive, and social consequences"/

Дааврын хүчин зүйлс 

Стресс, сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл нь дааврын өөрчлөлтөд хүргэдэг бөгөөд улмаар уйлж эхлэх нь бий. Тухайлбал, сэтгэл санааны хямралын үед бие кортизол ялгаруулснаар бид уйлдаг ажээ. Түүнчлэн хэт сэтгэл хөдлөх үед симпатик мэдрэлийн системийн үйл ажиллагаа ихсэн нулимсыг өдөөдөг байх нь /Kreibig, S. D. (2010). "Autonomic nervous system activity in emotion: A review”/.  

Яаж уйлахгүйгээр “зад” маргах вэ? 

  1. Мэдрэмжүүдээ нэрлэж сурах 

Дээр хэлсэнчлэн хүмүүс хэрүүл маргааны үеэр уйлдаг гол шалтгаануудын нэг нь сэтгэл хөдлөлийн хэт ачаалал эсвэл хүчтэй сэтгэл хөдлөлийг зохицуулах чадваргүй байдагтай холбоотой. Сэтгэл хөдлөлийн зохицуулалтын онолын анхдагч сэтгэл судлаач Жеймс Гросс хувь хүн уйлахаасаа өмнө сэтгэл хөдлөлөө таньж, нэрлэх тал дээр ажиллахыг зөвлөж байна. Энэхүү сэтгэл хөдлөлөө ухамсарлах дадлага нь сэтгэл хөдлөлөө илүү үр дүнтэй удирдахад туслах юм.   

Хэрхэн уйлахгүйгээр маргалдаж сурах вэ?  нийтлэлийн зураг

Арга хэмжээ: Хариу үйлдэл үзүүлэхээсээ өмнө түр тайвшраад өөрөөсөө "Би яг одоо юу мэдэрч байна? Энэ яг уйлах зүйл мөн үү?" гэх зэргээр мэдрэмжээ ойлгох шаардлагатай ажээ. Мөн гүнзгий амьсгаа авч, өөрийгөө тайвшруулж болно. Түүнчлэн гэр бүлийн харилцааны чиглэлээр ажилладаг сэтгэл судлаач Жон Готтманы зөвлөснөөр маргаан эхлэхийн өмнө өөрийгөө буруугаар ойлгогдохоос айх, үгүйсгэгдэх вий гэж эмээж байгаа бол энэ мэдрэмжээ сайтар эргэцүүлэн бодож, ойлгох хэрэгтэй шүү /Gottman,J.M. (1999). "The Seven Principles for Making Marriage Work”/.  

2. Тэнгэр шиг бай 

Сэтгэл зүйч Даниел Големан хүмүүс сэтгэл хөдлөлөө зохицуулах дадлага хийснээр цаг хугацааны явцад сэтгэл хөдлөлийн тэсвэр хатуужлыг бий болгож чадна гэж үздэг. Маргаантай үед аяндаа гарч буй нулимс, мэдрэмждээ дарлуулахын оронд үндсэн мэдрэмжээ ухамсарлаж, асуудалд анхаарлаа төвлөрүүлэхийг хичээх хэрэгтэй аж /Goleman,D. (1995). "Emotional Intelligence: Why It Can Matter More Than IQ”/. Гол асуудалд анхаарлаа төвлөрүүлж сурснаар та юу ч болсон тэнгэр шиг байх юм.  

Арга хэмжээ: Стресстэй нөхцөл байдлын үед сэтгэл хөдлөлөө тэнцвэртэй байлгахын тулд анхаарал төвлөрүүлэх бясалгалыг тогтмол хийгээрэй. Мэдээж яг маргааны үеэр бясалга гэсэн юм биш, өмнө нь өөрийгөө бэлдэж бясалгахыг санал болгож буй юм. 

3. Маргааны үед бусдад биш өөртөө төвлөр 

Хүмүүс хоорондын харилцааны чиглэлээр мэргэшсэн сэтгэл зүйч Шарон С.Брехмийн хэлснээр, хэрүүл маргааны үед сэтгэл хөдлөлийн хэт их хариу үйлдэл үзүүлэхээс зайлсхийхэд өөртөө итгэлтэй байдал чухал ажээ. Өөрийн бодол санаа, мэдрэмжээ тодорхой, шууд илэрхийлж сурах хэрэгтэй. Ингэхдээ юун түрүүнд нөгөө хүнээ буруутгахаас өмнө "би" гэсэн үгсийг ашиглах хэрэгтэй гэнэ шүү /Brehm,S.S.(2001). "Intimate Relationships"/.  

Арга хэмжээ: “Би” гэх эзэн биед төвлөрөхдөө “Чи тэгсэн биз дээ” гэж маргахаас урьдаж “Би энэ байдалд урам хугарлаа” зэргээр яривал илүү албан ёсны өнгө аястай болох учраас сэтгэл хөдлөлөө удирдахад туслах юм.  

4. Маргааны үеэр түр завсарлага аваарай 

Хэрхэн уйлахгүйгээр маргалдаж сурах вэ?  нийтлэлийн зураг

Эмнэл зүйн сэтгэл судлаач Меган МакКарти сэтгэл хөдлөл хэт хүчтэй үед маргаанаас завсарлага авахыг зөвлөжээ. Хэрэв та дээрх бүх аргыг туршсан ч уйлах гээд байвал маргаанаас хэсэг зуур холдох нь тустай. Энэ нь хоёр тал тайвширч, илүү тодорхой, оновчтой ярианд буцаж орох боломжийг олгодог.  

Арга хэмжээ: Маргаж буй хүндээ “Хоёулаа тайвшраад энэ талаар үргэлжлүүлж ярья” гэж завсарлага санал болгоорой. Ухаан дутаж, уур дийлсэн газар чи алдсан байдаг гэдэг дээ. Уурандаа хэлсэн замбараагүй үг, урсгасан нулимс асуудлыг бүр хүндрүүлж мэднэ. Иймээс тайван үедээ эргээд ярилцаарай. 

Хэрхэн уйлахгүйгээр маргалдаж сурах вэ?  нийтлэлийн зураг

Хэрүүл маргааны үеэр нулимс урсах нь сул дорой байдлын шинж биш харин таны сэтгэл хөдлөлийн гүн, өрөвдөх сэтгэлийн бат бөх байдлын баталгаа юм шүү. Хааяа аливаа зүйлийг гүнзгий мэдрэх нь зүгээр шүү дээ. Ингэж л та өөрийгөө амьд байгаагаар бас хүн гэдгээ мэдэрнэ. Тэгэхээр таны зорилго мэдрэхээ зогсоох биш, харин өөрийгөө тодорхой бөгөөд үр дүнтэй илэрхийлж сурах гэдгийг санаарай. Өөрчлөлтийг эрэлхийлэх хүсэл тань үнэхээр гайхалтай зориг, өөрийгөө ухамсарлаж байгааг илтгэж буй юм. Дараагийн удаа уйлахгүйгээр маргана гэдэгт итгэлтэй байна. Амжилт! 

 

Холбоотой нийтлэлүүд