Залуусын орон зай

Хэрхэн Gen-Z үеийнхэнтэй ажиллах вэ?

Posted2025.08.144 минут унших
Хэрхэн Gen-Z үеийнхэнтэй ажиллах вэ? - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Z үеийнхний дэлгэцийн хамаарал, элдэв янзын хэллэгүүд, сонин хачин хувцаслалт, илэрхийлэмжийг бид олонтоо харж, сонсож байсан шүү дээ. Z үе нь 1997-2012 оны хооронд төрсөн залуучууд байдаг бөгөөд одоогийн ажиллах хүчний гол цөм болж байгаа үе билээ. Та магадгүй Z үеийнхэнтэй ажиллаж байгаа атлаа тэдний ажиллах хэлбэр, хандлага, зан араншин, хошигнол зэргийг нэг л ойлгохгүй явна уу? “How to” буланд яг энэ асуудалтайгаа тэмцэж, шийдэл эрж яваа нэгэн уншигч маань захиа илгээжээ. Танд ч бас шийдмээр байгаа асуудал бий бол hello@tsoilogsoz.com хаяг руу “How to” буланд гэж гарчиглаад илгээгээрэй!

“How to” буланд 

Саяхан манай ажилд Z үеийн залуучууд орж ирсэн юм. Тэдний сэтгэлгээ, ажиллах арга барил зэрэг нь манай ажлын хамт олноос ихэд өөр, илэн далангүй санал бодлоо хуваалцдаг хэр нь өөр дээр ирсэн шүүмжлэлийг хүлээж авах нь хэцүү, зөвхөн тодорхой бүтцийн дагуу ажилладаг. Түүнчлэн хурдан сатаарч, удаан хугацаагаар анхаарал хандуулах нь муу юм аа. Хэрхэн тэдний онцлогийг ойлгож, цуг ажиллах вэ?

Хүндэтгэсэн, Z үеийнхэнтэй ажилладаг нэгэн

Z үеийнхэнтэй ажилладаг нэгэнд өгөх зөвлөгөө

ResumeBuilder байгууллага 2023 онд Z үеийнхэнтэй ажиллах нь ямар байгаа талаар 1,300 гаруй ажил олгогч, менежерээс санал асуулга авахад 74% нь Z үетэй ажиллах нь бусад үеийн хүмүүстэй ажиллахаас хэцүү байдаг гэж хариулжээ. Цаашлаад Z үеийнхэн хичээл зүтгэл гаргах, хүнтэй харилцах, үр бүтээмжтэй байх зэрэг дээр харьцангуй муу байдаг гэж дүгнэсэн байна. Тэгвэл яагаад Z үеийнхэн ажлын байран дээр ийм байдаг талаар мэдээлэл хүргэе.

Дижитал орчны нөлөө

Дэлхийн өнцөг булан бүрд болж өнгөрч буй үйл явдлуудын тухай мэдээлэл нүд ирмэх агшинд бидний сошиал хаяг, цахим шууданд зогсолтгүй ирсээр байдаг. Z үеийнхэн нь багаасаа цахим орчинтой танилцаж, түүнийг өдөр тутмын хэрэглээндээ оруулсан хүмүүс байдаг билээ. Ийм ч учраас тэд Facebook, Instagram, Youtube, Snapchat, Tiktok зэрэг сошиал хэрэгслүүдийг ашиглахдаа гаргууд болжээ. Удаан хугацаагаар богино хэмжээний бичлэг, контентыг хүлээж авснаас үүдэн тэдний анхаарал төвлөрөх хугацаа ердөө 8 секунд болсон байна. Энэ анхаарал төвлөрөх хугацаа нь тэдний харилцааны ур чадвар, төвлөрөл зэрэгт сөргөөр нөлөөлдөг бөгөөд эргээд ажлын байран дээр гарахад асуудал болдог байх нь. 

Тэгвэл цахим орчинтой ойр өсөхийн давуу талуудаас дурдъя. Z үеийнхэн нь цахим орчноор дамжуулан сэтгэл зүй, байгаль орчинд тулгамдаж буй асуудал, жендерийн эрх тэгш байдал, хүйсийн чиг баримжаа зэрэг асуудал дээр хамгийн их мэдлэгтэй бөгөөд дуу хоолойгоо идэвхтэй өргөдөг хүмүүс юм. Цаашлаад хүний болон амьтны эрхийг зөрчсөн, байгальд хор нөлөө үзүүлдэг, эсвэл аливаа дайн сөргөлдөөнийг дэмжиж буй байгууллагын эсрэг жагсаж, эсэргүүцлээ илэн далангүй илэрхийлдэг хүмүүс ажээ. Ийм ч учраас тэд өөрсдийн гэсэн хүлээлт, шалгуурын дагуу ажилладаг байна. Манай posted.mn-ийн баг ажил эрхэлж буй Z үеийн хоёр хүнээс яриа авсан бөгөөд тэдний харах өнцгийг энэхүү нийтлэлдээ онцолж байна.

Z үеийн ажлын байранд тавих хүлээлт

Уян хатан цагийн хуваарь

Z үеийн оюутан: Аль болох уян хатан цагийн хуваарьтай байвал илүү их үр бүтээмж гардаг. Үр бүтээлтэй байх цаг нь хүн хүнээсээ хамаараад өөр өөр байдаг шүү дээ. Зарим хүн өглөө эрт ирээд ажлаа амжуулахыг илүүд үздэг бол нөгөө хэсэг нь өдөр, орой ажилладаг гэх мэтээр. Миний өмнө нь ажиллаж байсан байгууллага намайг өглөө яг 9 гэж ирээд, 18 цаг гэж буух ёстой гэсэн шаардлага тавьдаг байсан. Мөн заавал оффистоо байж байх ёстой гэсэн хатуу хандлагатай байсан нь надад маш тухгүй санагддаг байсан.

Цалин урамшуулал

Z үеийн залуу: Манай үеийнхэн цалин дээр их ач холбогдол өгдөг юм шиг санагддаг. Аливаа зүйлийг мэдээж суръя гэсэндээ ажил хийж байгаа ч гэлээ цалинг илүү чухалчилж авч үздэг. Үүнээс болоод Z үеийнхнийг шүүмжлэх хандлага их байдаг шүү. Багаасаа цахим орчноор дамжуулан “19 настай саятан”, “17 настай CEO” гэх мэтийн мэдээлэл харсаар байгаад цалин мөнгө их боддог болсон. Ажлын ярилцлага дээр ч тэр, бидний зүгээс асуудаг гол хоёр зүйл нь “Ямар үүрэг хүлээх вэ?”, дараа нь “Миний цалин хэд юм бол?

Тэдэнд тулгамддаг асуудлууд

Z үеийн оюутан: Өмнөх ажилдаа анх орж байхад намайг шинэ ажилтан гээд тоож байгаа юм байхгүй, эхний 14 хоногтоо ихэвчлэн ганцаараа байдаг байсан. Удирдлагууд ч тэр, хамт ажиллаж байгаа хүмүүс ч тэр, тусалж дэмжиж байгаа зүйл байхгүй, өөр өөрийнхөө ажлыг хийгээд суучихдаг байсан.

Z үеийн залуу: Нэг зүйлээ удаан хугацаанд хийхээр уйдах хандлагатай байдаг. Би өөрөө аливаа зүйлийг хийсээр байгаад гарт орсны дараа сураад байх зүйл байхгүй болчихлоо доо гэсэн дүгнэлт хийдэг. Мөн миний анзаарсан зүйл гэвэл залуу үеийнхэнтэй ажиллах илүү амар байдаг санагдсан. Нас ойр хүмүүстэй харилцаж, ойлголцох нь харьцангуй гайгүй. Харин 30, 40 настай хүмүүстэй ажиллахад хоцрогдсон, хуучны үзэл бодлоороо дайрах хандлагатай байдаг.

Карьерынхаа эхлэлийг тавьж буй Z үеийнхэн нь ажлын байран дээр гарах үед энэ мэтийн асуудлуудтай тулгардаг байна. Энд дурдаагүй өөр олон асуудлыг Z үеийнхэн дотроо тээж явдаг тул тэдэнтэй хэрхэн ажиллаж, ойлголцох талаар мэдэж авцгаая.

Хэрхэн Gen-Z үеийнхэнтэй ажиллах вэ? нийтлэлийн зураг

Тэдний өнцгөөс ойлгоорой

Өмнө нь дурдсанчлан, цахим орчноос үүдэж бий болсон ур чадварын зөрүү Z үеийнхэнд их байдаг тул тэдний юу хийж чадах чадахгүйг ойлгох нь ажил олгогч эсвэл хамт ажиллаж буй хүний зүгээс хийх эхний алхам юм. Жишээлбэл, харилцааны ур чадвар дээр та Z үеийнхнийг дутмаг гэж үзэж байгаа бол тэднийг шүүмжлэхийн оронд зөвхөн үр бүтээмж дээр нь анхаарч ажиллаарай. Z үеийнхэн тогтсон ажлын цаг, ужиг болсон ёс зүйн дагуу ажиллахаас илүүтэй өөрсдийн цагийн хуваарьт таарсан, уян хатан байдлыг илүү эрхэмлэдэг байна. Иймээс голцуу тэдний ажлын үр бүтээмж дээр дүгнэлт гаргаж, ажлын цаг, арга барил зэргийг тэдэнтэй ярилцан тохиролцохыг зориорой.

Урамшуулал болон урам зориг өгөөрэй

Z үеийн залуу: Далайд дусал нэмэр гэгчээр ажлын байрны зүгээс дэмжлэг авах нь үр бүтээмжид нөлөөлнө өө. Манай ажлын хувьд унааны мөнгө, хоолны мөнгө, оройны ээлжээр ажиллаж байгаа тохиолдолд ажлын машинаар хүргэж өгөх гэх мэтээр туслалцаа үзүүлдэг. Тиймэрхүү зүйлүүд үнэхээр л дэм болдог юм шиг л санагдсан. Манай үеийнхний хувьд хурдан хурдан, тэр дор нь үр өгөөжөө аваад явахыг илүүд үздэг тул урамшуулал үр бүтээмжийг нэмэгдүүлдэг ээ.

Z үеийн оюутан: Ажлын байрны зүгээс өгөх дэмжлэгийг маш чухал гэж боддог оо. Хэдий ажлаа хийгээд байгаа ч гэсэн намайг урамшуулахгүй, ажлаа хийж байгаа гэсэн мэдрэмж төрөхгүй байвал дараа дараагийн ажил, төслүүдээ хийхэд хэцүү болдог. Үүнийг сайн хийсэн ч яалаа, муу хийсэн ч яалаа, угаасаа хэнд ч үнэлэгдэхгүй юм чинь гэсэн хандлагатай болоод ирдэг. Хэрвээ санхүүгийн хувьд бололцоогүй байгууллага байгаа тохиолдолд үгээр ч болов дэмжиж болно.

Z үе нь аливаа зүйлийн үр дүнг хурдан шуурхай хүлээж авч сурсан хүмүүс билээ. Сошиал орчинд түгээгдэж буй мэдээллийг тэд шуурхай хүлээж аваад сурсан байдаг тул богино хугацааны үр дүн, цалин урамшууллыг илүүд үздэг ажээ. Анхаарал төвлөрөх хугацаа 8 секунд байгаагаас эхлээд Z үе нь ямар нэгэн удаан хүлээгдсэн, үр дүн нь урт хугацааны дараа гарч ирдэг зүйл дээр үр бүтээлтэй, идэвхтэй байх нь харьцангуй бага байдаг юм. 

Удирдлагын зүгээс дэмжээрэй

Z үеийн оюутан: Z үеийн шинэ ажилтнуудаа сайн чиглүүлж, уулзалтууд ойр ойрхон хийх хэрэгтэй. Юу хийх гэж байгаа, яах гэж байгаа, шинээр орж ирж буй надаас юу хүсээд байгаа нь тодорхойгүй атлаа “Тэр чинь ийм байсан шүү дээ” гээд зэмлэх хандлага харагддаг. Буруу бүхнийг бусдаас биш өөрөөсөө хайх гэдэг шиг удирдлага ч гэсэн тухайн үүрэг даалгаврыг өгөхөөсөө өмнө чиглүүлгээ маш сайн өгөх хэрэгтэй. Ийм ийм ажил хийнэ, эдгээрийг хийснээр цалин хөлс нь ийм байгаа гэх мэтээр аль болох тодорхой ойлголтыг өгөх нь зөв шүү.

Z үеийн залуучуудтайгаа хамтран ажиллах цаг ирсэн байгаа тул тэдний талаарх ташаа ойлголтуудаа арилгаж, өсөж торнисон орчин, цаг үеийг нь тунгаан бодолцож, сайтар ойлголцож ажиллах хэрэгтэй байх нь. Аливаа дижитал дэвшил, шинэ тренд, мэдээ мэдээллийг Z үеийн хүмүүс хамгийн түрүүнд хүлээн авч, цаашаа түгээдэг тул тэрхүү ур чадвар, давуу тал дээр урамшуулал өгч, ойр ойрхон дэмжиж ажиллах нь зүйтэй байна.

 

Бэлтгэсэн: А.Гоомарал

Холбоотой нийтлэлүүд