Залуусын орон зай

Хотод үлдсэн наадамчин танд зориулав: Хаана, юу хийх вэ?

Posted2025.07.103 минут унших
Хотод үлдсэн наадамчин танд зориулав: Хаана, юу хийх вэ? - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой тохиож байна. Монголын төрт ёс, үндэсний бахархал, өв соёлоо мэдэрдэг энэ их баяр зөвхөн эрийн гурван наадмаар хязгаарлагдахгүй. Урлаг, соёл, түүх, аялал жуулчлалын олон өнгө бүрдсэн баярын хөтөлбөр таны амралтын өдрүүдийг мартагдашгүй болгох юм шүү. Хэрэв та энэ наадмаар хөдөө явах боломжгүй, эсвэл зориуд хотод үлдэхээр төлөвлөсөн бол хотын уур амьсгал, уран бүтээл, наадамчидтай хамт баярлах олон арга хэмжээнүүд таныг хүлээж байна.

7 дугаар сарын 10-нд:  Соёл, уран сайхан, сэтгэлийн цэнгэл

“Монголын сайхан орон” үзэсгэлэн

Хотод үлдсэн наадамчин танд зориулав: Хаана, юу хийх вэ? нийтлэлийн зураг

Монголын урчуудын эвлэлээс долоо дахь удаагаа зохион байгуулж буй энэ үзэсгэлэнд Монгол орны уудам тал, уул ус, байгалийн гоо сайхан урлагийн бүтээл болж хувирсан юм. Хэрэв энэ амралтаар байгальд гарах боломжгүй байгаа бол байгалийг сэтгэлдээ авчрах энэ үзэсгэлэнг бүү алдаарай.

Хэзээ11:00-12:00 цагт

Хаана: Монголын урчуудын эвлэл

ДБЭТ-ын тайзнаа тоглогдох “Клеопатра” жүжиг

Хотод үлдсэн наадамчин танд зориулав: Хаана, юу хийх вэ? нийтлэлийн зураг

Египетийн түүхэн домог болсон сүүлчийн хатан хаан Клеопатрагийн тухай түүхэн жүжиг “Мөнгөн мод” наадмын “Тайзны урлагийн шилдэг бүтээл” шагналыг хүртсэн бөгөөд долоодугаар сарын 10-нд сүүлийн удаа тоглох юм.

Хаана: Улсын дуурь бүжгийн эрдмийн театр

Хэзээ: 7 дугаар сарын 1-нээс 10-ны хооронд

7 дугаар сарын 11-нд: Нүүдэлчдийн соёлын өдөр

“Соёлын наадам” тусгай хөтөлбөр

Хотод үлдсэн наадамчин танд зориулав: Хаана, юу хийх вэ? нийтлэлийн зураг

Бидний өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн нүүдэлчин соёл, уламжлалыг олон түмэнд түгээх зорилгоор СУИС, Монголын урлагийн зөвлөл, Солонгос улсын Мета компани хамтран “Соёлын наадам”-ыг 17 дахь жилдээ толилуулж байна. Иймээс ЮНЕСКО-д бүртгэгдсэн соёлын биет бус өвийг бодитоор мэдрэх ховор боломж юм шүү.

Хэзээ: 10:00-18:00 цагт

Хаана: Хүй долоон худаг

“Мөнхөд гэрэлтэх Монгол” арга хэмжээ

Хотод үлдсэн наадамчин танд зориулав: Хаана, юу хийх вэ? нийтлэлийн зураг

Цар тахлын үеэс хойш Монгол Улсад эрчимтэй өсөж буй салбар бол гарцаагүй аялал жуулчлалын салбар билээ. Өмнө жилийн хувьд л гэхэд манай улсад 800,000 орчим жуулчин аялсан байна. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам 2028 он гэхэд Монгол Улс 2 сая жуулчдыг хүлээж авах зорилтыг тавьсан юм. Монгол Улсыг зорин ирэх жуулчдын сонирхлыг татсан, уламжлалт ёс, соёлын талаар мэдэх хүслийг бадруулах “Мөнхөд гэрэлтэх Монгол” арга хэмжээ нь Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана. Та ч бас энэ үдэш өөрийгөө Монголын жуулчин мэт мэдрэх боломжтой. Эх орноо гаднын хүний нүдээр нэг тольдоод үзээрэй.

Хэзээ: 21:00-22:30 цагт

Хаана: Төв цэнгэлдэх хүрээлэн

“Улаанбаатарын үдэш”–2025

Хотод үлдсэн наадамчин танд зориулав: Хаана, юу хийх вэ? нийтлэлийн зураг

Чихэнд хоногшсон, сэтгэлд үлдсэн үдшийн цэнгүүнээр бид Үндэсний их баяр наадмын нээлтийн өдрийг өндөрлөдөг уламжлалтай билээ. Энэ жилийн “Улаанбаатарын үдэш” тоглолт Монголын 70 гаруй уран бүтээлчид оролцож буйгаараа онцлогтой. Үндэсний болон орчин цаг үеийн хөгжим хосолсон эгшгийг сонсож, үдшийн аялгуунд уяраарай.

Хэзээ21:00-00:00 цагт

Хаана: Сүхбаатарын талбай

7 дугаар сарын 12-нд: Ид хав, хүч чадлын өдөр

Өсвөрийн бөхийн барилдаан

Үндэсний их баяр наадмын хоёр дахь өдөр нь өсвөрийн бөхийн барилдаанаар эхэлж байна. Монгол бөхийн сүр хүч, арга мэх, биеийн тамир зэрэг нь бага наснаас нь эхлэн бий болдог. Дасгал сургуулилт, өсвөр үедээ чармайсан хичээл зүтгэлээс тэдний амжилт тодорно. Бөхийн барилдаан нь хүүхдэд бага наснаас тэсвэр тэвчээртэй, шаламгай байдал болон дархлаа, бие бялдрыг сайжруулах зэрэг олон ашиг тустай спорт билээ. Та өмнө нь өсвөрийн бөхийг сонирхон үзэж байсан удаатай юу? Хэрэв үгүй бол энэ жилийн наадмаар өсвөрийн бөхчүүдийн арга мэх, хүч чадлыг хараарай. 

Хэзээ: 13:00-16:00 цагт

Хаана: Төв цэнгэлдэх хүрээлэн

7 дугаар сарын 13-нд: Морьтон түмний бахархал

Урлагийн тоглолт - Уяачдын наадмын нээлт

Хотод үлдсэн наадамчин танд зориулав: Хаана, юу хийх вэ? нийтлэлийн зураг

Бидний соёлын биет бус өв болсон хурдан морины уралдаанд зориулсан урлагийн тоглолт долоодугаар сарын 13-ны өдөр болох гэж байна. Түүнчлэн энэхүү тоглолтыг телевизээр шууд дамжуулах тул гэрээсээ ч уламжлал соёлоо үзэж сонирхох боломжтой юм шүү.

Хэзээ: 12:10-12:30 цагт

Хаана: Хүй долоон худаг

Хотод үлдсэн гээд баярын уур амьсгалгүй байна гэсэн үг биш. Улаанбаатартаа байсан ч та баярын төвд байх боломжтой. Наадмын өдрүүдэд Улаанбаатар хот танил бус өнгөөр амьсгалдаг. Гудамж нэг л эзгүй мэт санагдах боловч театр, үзэсгэлэн, соёлын наадмуудаар бялхсан төв болон хувирдаг билээ. Хэрэв та энэ жил хотдоо үлдэж байгаа бол сэтгэлээ баясгах, мэдлэгээ тэлэх, соёлын уламжлал, түүхээрээ аялж, шинэлэг маягаар баяр амралтын өдрүүдээ өнгөрүүлээрэй.

Бэлтгэсэн: А.Гоомарал

Холбоотой нийтлэлүүд