Залуусын орон зай

Дэлхийн эдийн засгийн форумын онцлох судалгаанууд

Б.Намуун2025.01.245 минут унших
Дэлхийн эдийн засгийн форумын онцлох судалгаанууд  - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Швейцарын Давос хотноо нэгдүгээр сарын 20-25-ы хооронд Дэлхийн эдийн засгийн форум зохион байгуулагдаж байна. Уг форумын зүгээс дэлхийн хэмжээнд тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэхийн тулд томоохон судалгааны байгууллагуудтай идэвхтэй хамтран ажилладаг. Аливаа судалгааны гол зорилго нь шинэчлэл хийж, асуудлаас урьдчилан сэргийлэн, юу, яагаад, яаж гэсэн асуултад хариулт авахад чиглэдэг билээ. Иймээс олон улсын хэмжээнд хийсэн томоохон судалгаануудыг уншиж танилцсанаар хамгийн сүүлийн үеийн, үнэн зөв мэдлэгтэй болж, шийдвэр гаргах чадвараа сайжруулах юм.  

Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр олон төрлийн сэдвээр томоохон судалгаанууд хийдэг. Уг судалгааг та интернэтээс үнэгүй, шууд унших боломжтой байдгаараа давуу талтай бөгөөд өнөөгийн болон ирээдүйн хэтийн төлөвийг мэдэж авах юм шүү.  

Онцлох судалгаанууд 

Дэлхийн эрсдэлийн үнэлгээ 2025

Дэлхийн эдийн засгийн форумын онцлох судалгаанууд  нийтлэлийн зураг
Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр “Дэлхийн эрсдэлийн үнэлгээ” гаргадаг бөгөөд энэ оны тайлан ч олон нийтэд нээлттэй татаж авахаар байршжээ. Тус тайлан хоёр бүлэгтэй бөгөөд “Дэлхийн эрсдэлүүд 2025: Өсөн нэмэгдэж буй хуваагдмал ертөнц” хэмээх эхний бүлэгт геополитикийн хямрал, эдийн засгийн хурцадмал байдал, технологийн туйлшралын талаар авч үзжээ. Харин “Дэлхийн эрсдэл 2035: Буцах боломжгүй цэг” бүлэгт 2035 онд дэлхий ямар байхыг урьдчилан таамагласан байна.  

Яагаад унших хэрэгтэй вэ? 

  • Стратегийн шийдвэр гаргахад тусална. Энэхүү тайланд дэлхийн хэмжээнд тулгамдаж буй эрсдэлүүдэд иж бүрэн дүн шинжилгээ хийсэн нь Засгийн газар, бизнес, иргэний нийгмийн шийдвэр гаргагч, хувь хүмүүст илүү мэдээлэлтэй сонголт хийх боломжийг олгох юм. 
  • Болзошгүй аюулаас урьдчилан сэргийлнэ. Тайланд дурдсан чиг хандлагын талаар тодорхой төсөөлөлтэй байснаар оролцогч талуудад бэрхшээл, боломжуудыг шууд аюул болохоос нь өмнө урьдчилан харахад тусална. 
  • Бизнесийн тасралтгүй, тогтвортой байдал. Эрсдэлийг эрт илрүүлэх нь дасан зохицох чадварыг бий болгох, саад бэрхшээлээс зайлсхийхэд чиглэсэн идэвхтэй арга хэмжээ авахад тусалдаг. 
  • Нийгмийн хариуцлагыг дээшлүүлнэ. Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх санаа зовоосон асуудал нь сэргээгдэх эрчим хүч, өөрчлөлтөд тэсвэртэй дэд бүтцэд хөрөнгө оруулалт нэмэгдэхэд хүргэж чадна. Түүнчлэн хүн нэг бүр асуудлыг ухамсарлан, хувь нэмрээ оруулах боломж бүрдэх билээ.  

Ажлын байрны ирээдүйн тайлан 2025 

Дэлхийн эдийн засгийн форумын онцлох судалгаанууд  нийтлэлийн зураг
Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг уг судалгаа нь хөдөлмөрийн зах зээлийн хувьсан өөрчлөгдөж буй орчныг шинжилдэг гол судалгаа юм. Тус тайланд технологийн дэвшил, эдийн засгийн чиг хандлага, хүн ам зүй болон нийгмийн өөрчлөлтүүд нь янз бүрийн салбар, бүс нутгуудын ажлын мөн чанарыг хэрхэн өөрчилдөг талаар тусгадаг. Улмаар энэ нь улс төрчид, бизнес эрхлэгчид, хувь хүмүүс эдгээр өөрчлөлтөд дасан зохицож, ирээдүйд тулгарч буй  сорилт, боломжуудыг ойлгоход туслах юм. Энэ удаагийн тайланд 2025 оны дэлхийн хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдлыг шинжилж, ажлын байрны нийт өсөлт болон хорогдол, хүлээгдэж буй шинэ ур чадваруудын талаар өгүүлжээ. 

Яагаад унших хэрэгтэй вэ? 

  • Хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлтийг урьдчилан таамаглах. Энэ нь бизнес эрхлэгч болон ажилтнуудад ур чадварын хомсдолоос зайлсхийхэд тусалж, ирээдүйд бэлтгэх боломжийг олгох юм.  
  • Шинээр гарч ирж буй үүрэгт дасан зохицох нь. Энэхүү тайланд хиймэл оюун ухаан, тогтвортой байдал, эрүүл мэнд, кибер аюулгүй байдалтай холбоотойгоор  шинээр гарч ирж буй ажлын байруудыг онцолдог. Иймээс тус тайлантай танилцсанаар үр дүнтэй ажиллах боломж бүрдэнэ.  

ДЭЗФ-ын судалгаануудыг хаанаас олох вэ?  

Дэлхийн эдийн засгийн форумын онцлох судалгаанууд  нийтлэлийн зураг

  • Дэлхийн эдийн засгийн форумын албан ёсны веб сайтаар зочлоорой. Уг сайтын “Publications” хэсэгт судалгаануудын тайланг татаж авч болохоор байршуулдаг учраас бүрэн эхээр нь унших боломжтой.  
  • Цахим орчинд “World Economic Forum” хаягийг дагаарай. LinkedIn, Twitter, Facebook, Instagram зэрэг платформ дээр албан ёсны хуудаснуудыг дагаснаар шинэ судалгаа, үйл явдлуудтай хурдан танилцана.  

Дэлхийн эдийн засгийн форумын онцлох судалгаанууд  нийтлэлийн зураг

Олон улсын судалгаануудтай яагаад танилцах хэрэгтэй вэ? 

Олон улсын судалгаанууд нь олон эрдэмтдийн хяналт, шүүмжээр дамжиж, өргөн цар хүрээний өгөгдлийг шинжилж үзсэний үр дүнд гардаг дүгнэлт учраас бодит үнэн гэж итгэж болохуйц баримт юм. Иймээс энэ төрлийн судалгаануудтай аль болох танилцаж байх хэрэгтэй. Тэр дундаа  хамгийн том байгууллагууд, олон улсын төрийн тэргүүнүүд оролцдог Дэлхийн эдийн засгийн форумын судалгаанд илүү нэр хүндтэй судлаач, эрдэмтэд ажиллаж, хяналт шалгалт ч сайн хийдэг. Түүнчлэн дэлхийн ирээдүйн чиг хандлага хаашаа чиглэж байгааг үнэнд хамгийн ойроор хэлэлцдэг тавцан тул бид үүнд анхаарлаа хандуулах нь зүйтэй юм. 

Хэрхэн судалгаа уншиж сурах вэ? 

Шинжлэх ухааны өгүүлэл, судалгааны тайлан нь энгийн хүн уншихад хэцүү байх нь бий. Академик стандартын дагуу бичдэг учраас энгийн сэтгүүл уншиж буй мэт ойлгоход хүндрэлтэй. Гэхдээ бид ямар нэгэн баримт, нотолгоо хайж л байгаа бол шинжлэх ухааны өгүүлэлд тулгуурлах хэрэгтэй. Миний хувьд өгүүллийг шууд уншдаггүй. Аливаа шинжлэх ухааны өгүүллийг уншаад, энгийн үгээр товчилж тайлбарласан судлаачдын нийтлэлийг уншдаг. Уг товчлолыг бичсэн хүмүүс өөрсдөө судлаач байхын зэрэгцээ редакцын хамт олон давхар хянаж байгаа тул итгэж уншдаг юм. Зарим нэг өгүүллийг заавал өөрөө унших хэрэгцээ мэдээж үүснэ. Энэ үедээ судалгааны ажлын хураангуй хэсгийг уншдаг. Эл хэсэгт судалгааны ажлын товчлол байдаг учраас хурдан хугацаанд мэдээлэл авах боломжтой. Мөн гарчгийн хэсгээс өөр хэрэгтэй агуулгыг олж уншиж болно.  

Аливаа мэдээлэл өдөр бүр хувьсан өөрчлөгдөж буй энэ эрин зуунд шинээр хийсэн судалгаануудтай танилцах нь зөвхөн эрдэмтэн, судлаачдад л хамааралтай зүйл биш юм. Энэ нь хувь хүний сэтгэлгээний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг учраас хүн бүр танилцаж байх учиртай. Өдгөө бид урьд хожид хэзээ ч байгаагүй их мэдээллийг хурууны үзүүрээрээ товч дарах төдийд л олж чадна. Иймээс судалгааны ажлуудтай танилцаж, насан туршийн суралцахуйг бүтээцгээе. Таны олж авсан мэдлэг өөртөө болон эргэн тойрны хүмүүстээ илүү сайн ирээдүйг бий болгоход туслах юм шүү.  

Холбоотой нийтлэлүүд