Залуусын орон зай

Хүйтэн ундаа цангаа тайлдаггүй гэдгийг та мэдэх үү?

М.Энхмаа2025.07.233 минут унших
Хүйтэн ундаа цангаа тайлдаггүй гэдгийг та мэдэх үү? - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Зуны халуун өдрүүдэд хөргөгчөөс гаргасан мөстэй хүйтэн ус, ундаа уух шиг тансаг мэдрэмж гэж хаана байх вэ? Хийжүүлсэн ундааны бөмбөлөг хоолойгоор урсан орох мөчид л “сайхан даа!” гэж боддог шүү дээ. Гэвч хүйтэн уух зүйлс үнэхээр бидний шингэний хэрэгцээг нөхөж, амны цангааг бүрэн тайлж чаддаг болов уу? Эсвэл зүгээр л мэдрэхүйн хуурмаглал уу?

Цангаагаа тайлах нэрийдлээр өөрийгөө хуурсаар л байна уу?

Халуун өдрүүдийн аврал бол мөстэй, хүйтэн уух зүйлс гэж бодох хүн цөөнгүй. Гэвч хэт хүйтэн зүйлс уух нь амны цангааг тайлахаас илүүтэйгээр сэрүүцсэн мэт хуурмаг мэдрэмж төрүүлдэг байна. Тодруулбал, Стэнфордын Их сургуулийн судалгаагаар хүйтэн ус, ундаа нь амны хөндийн мэдрэхүйг сэргээж,  сэрүүцсэн мэт мэдрэмж өгдөг ч биеийн шингэний хэрэгцээг нөхөж чаддаггүйг онцолжээ. Учир нь бид халуунд хөлсөөр ус, давс, кали зэрэг эрдэс бодисоо алддаг учраас зөвхөн хүйтэн уух зүйлсээр шингэний хэрэгцээгээ бүрэн хангаж чаддаггүй байна. Түүнчлэн, Кембрижийн Их сургуулийн 2021 оны судалгаагаар хэт хүйтэн зүйлс уух нь ходоод орчмын цусны эргэлтийг удаашруулж, хоол боловсруулалтыг удаашруулдаг болохыг тогтоожээ. Судлаачид энэ үзэгдлийг тархины төөрөгдөл гэж нэрлэдэг байна. Иймд мөстэй, хүйтэн ус, ундаа бол амны цангаа тайлах түр зуурын “хуурамч” баатар юм.

Яагаад хийжүүлсэн ундаа уух тусам цангадаг вэ? 

Хүйтэн ундаа цангаа тайлдаггүй гэдгийг та мэдэх үү? нийтлэлийн зураг

Амны цангааг хийжүүлсэн, чихэртэй ундаа л тайлах юм шиг санагддаг шүү дээ. Гэвч өдөр бүр хийжүүлсэн, чихрийн агууламж өндөртэй ундаа хэрэглэдэг хүмүүсийн биеийн шингэний алдагдал 18-25 хувиар өндөр байдаг аж. Учир нь нэг лааз ундааны чихрийн агууламж 8-10 хоолны халбага сахартай тэнцдэг бөгөөд ундаанд агуулагдах сахар, давс, кафейн зэрэг нь шээс хөөх үйлчилгээтэй тул биеэс усыг гадагшлуулж, усгүйжүүлэлтийг нэмэгдүүлдэг байна. Мөн зарим хийжүүлсэн ундаанд агуулагдах аспартам, сукралоз зэрэг сахар орлуулагч нь гэдэсний микробиом орчныг өөрчилж, цангааг тайлахын оронд улам их уух хүслийг өдөөдөг талаар Frontiers in Nutrition сэтгүүлд нийтлэгдсэн “Non-nutritive sweeteners and their impacts on the gut microbiome and host physiology” судалгаагаар онцолжээ.

Зуны улиралд ус, эрдсээ хэрхэн зөв нөхөх вэ?

Хүний биеийн 60-70 хувийг ус эзэлдэг бөгөөд ДЭМБ-ын зөвлөмжөөс насанд хүрсэн хүн өдөрт дунджаар 2-3 литр ус уух шаардлагатай гэж үздэг байна. Харин зуны халуунд шингэний хэрэгцээ нэмэгдэж, бид хөлсөөр дамжуулан эрдэс бодисуудаа ч давхар алддаг байна. Иймээс шингэнээ зөв нөхөж, шингэний дутагдлаас сэргийлэхэд тань туслах дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.

Хүйтэн ундаа цангаа тайлдаггүй гэдгийг та мэдэх үү? нийтлэлийн зураг

Цэвэр усыг амттай болгох хялбар арга

Халуунд цангаа тайлах хамгийн үр дүнтэй арга бол яах аргагүй цэвэр ус. Хэрвээ өдөр бүр ус уух нь танд нэгэн хэвийн, уйтгартай санагддаг бол цэвэр усаа илүү амттай, сонирхолтой болгоод үзээрэй. Жишээлбэл, нэг литр усанд 4-5 зүсэм нимбэг, гүзээлзгэнэ, гаа зэрэг жимс, ургамлын навч хийж, 10 минут орчим хандалснаар амттай, сэрүүн, цангааг тайлах ундаа бэлэн болно. Сэрүүцүүлнэ, амттай, бас эрүүл!

Электролит ундаа бол таны биеийн нууц цэнэг

Хүний бие махбодын эс бүр цахилгаан цэнэгтэй жижиг молекул болох электролитийн тусламжтайгаар ажилладаг. Тэдгээр нь натри, кали, кальци, магни зэрэг эрдсүүд бөгөөд биеийн шингэний тэнцвэрийг хадгалах, булчингийн агшилт, амралтыг зохицуулах, мэдрэлийн дохио дамжуулах болон цусны даралтыг тогтворжуулах зэрэг чухал үүргийг гүйцэтгэдэг. Тиймээс биеийн шингэн, эрдэс бодисоо нөхөхөд туслах “супер туслах” бол электролит агуулсан ундаа юм. Энэ төрлийн ундаанд байгалийн эрдсээр баялаг рашаан, чихэргүй, жимс жимсгэнэтэй электролит ундаа зэрэг багтана. Харин гэрийн нөхцөлд нэг литр усанд нэг цайны халбага давс, хоёр хоолны халбага нимбэгийн шүүс, бага зэрэг жимсний шүүс хийгээд сайтар холиод амттай электролит ундаа бэлдэх боломжтой.

Монгол ухаан: Уламжлалт идээ ундаа

Монголчууд бид идээ ундааны элбэг соёл, уламжлалтай ард түмэн билээ. Тухайлбал, зуны улиралд шар сүү, тараг зэрэг сүүн бүтээгдэхүүнээ хэрэглэж заншсан нь ч нарийн учиртай байна. Тодруулбал, сүүн ундаа нь хэт халуунд хөлрөлтийг багасгаж, биеийн дулааныг дотроос нь тэнцвэржүүлэхээс гадна ашигтай бактери нь гэдэсний бичил биетнийг тэнцвэржүүлж, хоолны шингэцийг сайжруулдаг. Зуны халуунд ходоод амархан хүндэрдэг тул энэ төрлийн ундаа хэрэглэх нь илүү тохиромжтой аж. 

Усаа уухаа мартдаг уу? Тэгвэл…

Хүйтэн ундаа цангаа тайлдаггүй гэдгийг та мэдэх үү? нийтлэлийн зураг

Усаа марталгүй, цаг тухайд нь уухад туслах аппликэйшн ашиглаарай. Тухайлбал, Hydro Coach, WaterMinder зэрэг усны хэрэглээг хянах аппликэйшн нь таны биеийн жин, хөдөлгөөний түвшин, цаг агаар зэргээс хамааран өдөрт уух шаардлагатай усны хэмжээг тооцоолж, цаг тухайд нь сануулж тусална. Ингэснээр усны хэрэглээгээ хянах, цангаагаа цаг алдалгүй тайлахад амар байх болно. 

Тиймээс халуун өдөр зөвхөн сэрүүцэх гэж бус, биеийн шингэнээ ухаалгаар тэнцвэржүүлж, эрүүл мэнддээ анхаараарай. Ус бол бидний энергийг тэнцвэржүүлж, анхаарал төвлөрөлтийг сайжруулан, бодисын солилцоо, хоолны шингэцийг идэвхжүүлэх чухал зүйл юм шүү!

Холбоотой нийтлэлүүд