Залуусын орон зай

Өвлийн улиралд арьсаа хэрхэн зөв арчлах вэ?

Б.Отгонзаяа2024.11.054 минут унших
Өвлийн улиралд арьсаа хэрхэн зөв арчлах вэ? - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Гадаа хүйтэн байна

Хайр аа хүйтэн байна… 

Хацар минь үрчлээтэж, чийгшлээ алдаад

Хаа сайгүй таталдсан мэдрэмж төрөөд хэцүү байна. Танд ч бас арьсаа чийгшүүлж, тордоод байхад нэг л хуурай, арчилгаа авахгүй байгаа юм шиг мэдрэмж төрж байна уу? Үүний шалтгаан нь улирал солигдож байгаатай холбоотой юм. Улирал солигдоход агаарын чийгшлийн хэмжээ болон температур өөрчлөгдөж байдаг учир арьсны байдал ч мөн тодорхой хэмжээнд өөрчлөгддөг байна. Арьсны төрөл өөрчлөгдөхгүй ч төлөв байдал нь өөрчлөгдөнө гэсэн үг.

Өвөл болон зуны улиралд арьсанд гардаг өөрчлөлтүүдийг харьцуулсан судалгаагаар өвлийн улиралд арьсны меланиний индекс (арьсыг нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг байгалийн өнгө) болон арьсны гадаргуугийн чийгшил буурдаг болохыг тогтоожээ. 

Дулааны улиралд бидний арьсанд байгалийн чийгшлээс гадна тосны үйлдвэрлэлт буюу ялгаралт хангалттай явагддаг учир арьсны тос, чийгийн баланс харьцангуй тогтвортой байдаг. Харин агаарын температур буурч, хүйтрэхийн хэрээр тосны ялгаралт, чийгшлийн хэмжээ багасаж арьс, үс  хуурайшиж эхэлдэг байх нь. 

Тэгвэл хуурайшил, эмзэгшилт явагдаж байгаа энэ үед бид арьсаа хэрхэн мэдэрч, зөв арчлах юм бэ? Энэ талаар “Skin Аid” арьс гоо заслын эмнэлгийн арьсны эмч Б.Ариймаагийн зөвлөгөөг хүргэе. 

Өвлийн улиралд арьсаа хэрхэн зөв арчлах вэ? нийтлэлийн зураг

Улиралдаа тохируулан арьс арчилгааны бүтээгдэхүүнээ сольж байх хэрэгтэй

Арьсны төрлөөсөө хамаараад хүн бүрийн арьс арчилгааны дараалал, тохирох орц найрлага нь өөр өөр байдаг. Тиймээс бүтээгдэхүүнээ сонгохдоо арьсныхаа онцлогт тааруулан бүтэц найрлагыг нь судалж мөн  улиралдаа тохируулан арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдээ сольж байх хэрэгтэй. Тослог арьстай хүмүүсийн хувьд тослогийн хэмжээ нь зуны улиралд илүү нэмэгдэж, өвлийн улиралд багасаж байдаг. Өөрөөр хэлбэл, зун таарч байсан бүтээгдэхүүн өвөл хангалттай чийгшил өгч чаддаггүй. Нөгөөтээгүүр өвөл хэрэглэж байсан бүтээгдэхүүнүүд зуны улирлын арьс арчилгаанд хүндэддэг. Тиймээс зуны улиралд илүү хөнгөн бүтэцтэй бүтээгдэхүүн хэрэглэж, өвөлдөө илүү чийгшил өгөх бүтээгдэхүүнүүдийг нэмэлтээр хэрэглэх хэрэгтэй. 

Өвлийн улиралд арьсаа хэрхэн зөв арчлах вэ? нийтлэлийн зураг

Арьсны онцлогоосоо хамаараад хүн бүрийн арьс арчилгааны дэс дараалал, тохирох орц найрлагатай бүтээгдэхүүн зэрэг нь өөр өөр байдаг. Өөрөөр хэлбэл, найзад чинь эсвэл эгчид чинь хамгийн сайн тохирсон бүтээгдэхүүн таны арьсанд  үр нөлөө үзүүлнэ гэж ойлгож болохгүй. “Skin Aid” арьс гоо заслын эмнэлгээр үйлчлүүлэгчдийн  80 орчим хувь нь батганы асуудалтай хүмүүс байдаг байна. Тэдгээрийн дийлэнх хувийг 15-24 насны залуус эзэлдэг. 15-24 насны залуусын арьс арчилгааны бүтээгдэхүүн худалдаж авахдаа гаргадаг нийтлэг алдаа нь Тик токоор давлагаалж буй бүтээгдэхүүнүүдийг өөртөө тохирох эсэхийг нь судлалгүйгээр худалдаж авах. Орц найрлагыг нь өөртөө тохирох эсэхийг судлалгүй авсан бүтээгдэхүүн нь тэдний арьсанд төдийлөн сайн үр дүн өгдөггүй байна. Тиймээс өөрийнхөө арьсны төрөлд тохируулж, бүтээгдэхүүнийхээ орц найрлагыг сайн судалж авах нь хамгаас чухал гэдгийг мэргэжлийн эмч зөвлөж байлаа. Тэгвэл өвлийн улиралд арьсанд хамгийн тохиромжтой болон хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй орц найрлагуудыг “Cloudnine” дэлгүүрийн худалдааны зөвлөхөөс Ч.Энхжинээс тодруулцгаая.

Өвлийн улиралд арьсаа хэрхэн зөв арчлах вэ? нийтлэлийн зураг

-Өвлийн улиралд арьсанд хамгийн сайн тохирох орц найрлагуудыг бидэнтэй хуваалцахгүй юу?

-Өвлийн улиралд арьсаа хуурайшуулахгүй байх нь хамгаас чухал байдаг. Тиймээс арьсыг чийгшүүлэх, ус чийгийг татаж байдаг найрлагуудаас гиалуроны хүчил, глицерин, арьсны хамгаалах ханыг бэхжүүлэн тэжээлээр хангах үйлчилгээтэй сирамид орсон бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэвэл илүү тохиромжтой. Эдгээр найрлагыг арьс арчилгаандаа түлхүү сонгосноор өвлийн цаг агаараас арьсаа хамгаалж, эрүүл байлгах боломжтой.

-Нөгөөтээгүүр өвлийн арьс арчилгаандаа хийж болохгүй үйлдэл болон тохирохгүй орц найрлага гэж бий юу?

-Өвлийн улирал арьсны хамгаалах хана /Skin Barrier/ гэмтэн эмзэгшиж, хуурайших нь элбэг байдаг. Тиймээс  аль болох зөөлөн бүтэцтэй бүтээгдэхүүн хэрэглэж, хэт хүчиллэг найрлагаас зайлсхийх хэрэгтэй. Мөн хүчтэй орц найрлагатай цэвэрлэгчээр ойр ойрхон цэвэрлэхэд арьсны хүчил шүлтийн тэнцвэр алдагдаж, арьсны олон төрлийн асуудал бий болох нөхцөлийг үүсгэж байдаг. 

Өвлийн улиралд арьсаа хэрхэн зөв арчлах вэ? нийтлэлийн зураг

Тиймээс тайвшруулах болон чийгшүүлэх найрлагуудыг голчлон хэрэглэхийг дахин сануулъя. Нэмж хэлэхэд өвлийн улиралд арьсаа хэт их гуужуулахаас зайлсхийж  байгаарай. Дулааны улиралд 2-3 удаа арьсаа гуужуулдаг байсан бол хүйтэн сэрүүний улиралд давтамжаа 1-2 удаа болгон багасгах хэрэгтэй. Ингэснээрээ арьсны байгалийн тослогийг алдагдуулахгүй хуурайшуулахгүй байлгах боломжтой юм.

Урууландаа хүртэл нарны тос түрхэх хэрэгтэй       

Арьс арчилгааны талаар хийсэн судалгаа, нийтлэл, зөвлөгөөнд дурдсан болон худалдааны зөвлөх, мэргэжлийн эмчийн өгч байсан хамгийн чухал зөвлөгөө бол нарны тосыг өглөө, өдөр, орой, өвөл, зун гэлтгүй бүхий л үед заавал хэрэглэж хэвших байлаа. Нарны тосыг гэрээс гарахаасаа 30-40 минутын өмнө түрхэх хэрэгтэй.  Учир нь тос түрхсэний дараах нарнаас хамгаалах чадвар, хамгаалалтын  хугацаа дор хаяж 30 минутын дараа бий болдог байх нь. Үүнээс гадна хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа нь нарны тосыг зовхи, уруулаа тойруулж түрхэх явдал гэдгийг арьсны эмч онцолж байв. Наранд ил байгаа биеийн бүх хэсгийн эсүүд нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр өөрчлөлтөд орж байдаг. Нарны хэт ягаан туяа уруулд хүртэл нөлөөлдөг учир нарны тосоо уруулдаа түрхэх хэрэгтэй. Тиймээс бүхий л цаг улиралд, өдөр бүр нарны тосоо түрхэж байгаарай. 

Өвлийн улиралд арьсаа хэрхэн зөв арчлах вэ? нийтлэлийн зураг

Буруу арьс арчилгааны дэглэмийг хэвшүүлснээр арьсны өнгөн давхаргыг гэмтээх, эмзэгшүүлэх, бүтээгдэхүүн хүлээн авах чадваргүй болгох зэрэг эрсдэлүүд үүсдэг. Тэгвэл бид эдгээр эрсдэлийг бий болгохгүйн тулд өвлийн улиралд арьсаа хэрхэн зөв арчлах вэ? 

“Skin Aid” арьс гоо заслын эмнэлгийн арьсны эмч Б.Ариймаа ийн зөвлөж байна. 

Өвлийн улирал тоос шороо, агаарын бохирдол бусад үеүдээс илүү байдаг. Тиймээс оройны арьс арчилгаандаа 2 шатлалт цэвэрлэгээг заавал хийж байх хэрэгтэй. Шууд хөөсөөр нүүрээ угаалгүйгээр арьсны онцлогтоо тохируулан тосон болон усан цэвэрлэгчийг эхний шатандаа хэрэглэж дараагаар нь хөөсөн цэвэрлэгчээр угаахыг зөвлөе. Ингэснээр бид арьсны бохирдлоо бүрэн гүйцэт цэвэрлэж чадна. Хоёрдугаарт, гуужуулалт маш чухал. Ямар ч төрлийн арьстай байсан үхэжсэн эд эсээ тогтмол гуужуулж байх хэрэгтэй. Хамгийн гол нь гуужуулалтаа зөв хийх. Скрабдаж үрэлгүйгээр аль болох AHA, BHA, PHA-тэй зөөлөн бүтэцтэй, арьсны гүн рүү орж гуужуулдаг орц найрлагатай бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэхийг зөвлөж байна. Хуурайшсан арьсыг скрабдаж үрэхээр улам л эмзэгшдэг. Гуравдугаарт, чийгшүүлэгч бүтээгдэхүүн маш чухал. 

Арьсны төрлөөсөө хамаараад чийгшүүлэлтийг өөр өөр хийнэ. Хуурай арьстай хүмүүс салфеткан маскийг долоо хоногтоо 3-4 удаа тавьж болно. Харин батгаших гээд байдаг тослог, холимог арьстай хүмүүс салфеткан маскийг  2-3 удаа тавивал илүү тохиромжтой. Олон давтамжтайгаар өдөр болгон маск тавих үед арьсны нүх сүв эсэнснээс нь бөглөрөөд батгаших гээд байдаг тал бий. Мөн нүүрээ цэвэрлэчхээд хув хуурай арьсан дээр арьс арчилгааны бүтээгдэхүүнээ нүдээд байж болохгүй. Арьсаа бага зэргийн чийгтэй байхад нь тонер эссэнсээ түрхэж өгвөл илүү үр дүнтэй байдаг. Мөн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдээ нэг дор түрхэлгүйгээр 1-2 минутын зайтай түрхэж байгаарай. 

Биеийн арьс, гар, хөл, үс уруулаа ч бас мартаж болохгүй

Хүний биеийн бүхий л арьс, үс нь үс, тосны булчирхайтай холбоотой. Тиймээс өвлийн улиралд ч мөн адил биеийн арьс, үс хуурайшиж байдаг. Өвлийн улиралд биеийн арьс бага багаар чийгээ алдаж, хуурайшиж эхлэхэд атопийн дермати, экзем зэрэг арьсны харшлын өвчнүүд сэдэрдэг бол хэвийн эрүүл арьстай хүний бие ч гэсэн хуурайшиж байдаг. Тиймээс усанд орохдоо аль болох богино хугацаанд 5-10 минутад орж байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Мөн шүршүүрт орж, гарч ирээд, заавал биеэ тосолж байх хэрэгтэй. Өмнө дурдсанчлан биеийнхээ арьсыг бүрэн гүйцэт хатаагүй байхад нь тосолж өгвөл арьсыг илүү сайн чийгшүүлдэг байна. Нэмэлтээр уруул, гар, үсэндээ ч гэсэн маск, тавьж тогтмол чийгшүүлж байгаарай.  

Холбоотой нийтлэлүүд