Залуусын орон зай

Future of Digi Pay: Шинэ санаа, дижитал шийдэл, бүтээлч сэтгэлгээ

М.Энхмаа2025.10.144 минут унших
Future of Digi Pay: Шинэ санаа, дижитал шийдэл, бүтээлч сэтгэлгээ - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

ХААН Банкнаас хоёр дахь жилдээ олон нийтэд нээлттэй зохион байгуулсан “Future of Digi Pay: Hackathon 2025” тэмцээний сүүлийн шатанд шилдэг долоон баг 48 цагийн турш DigiPay аппликэйшнд шууд хэрэгжих боломжтой шинэлэг шийдлүүдийг бүтээхийн төлөө өрсөлдлөө. Тэмцээний гол зорилго нь залуу мэргэжилтэн, хөгжүүлэгч, оюутнуудад дижитал шилжилтэд хувь нэмрээ оруулах, ухаалаг санхүүгийн шийдэл бүтээх орон зайг бий болгох явдал юм.

Энэ жилийн хакатон “Хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг зардлын зөвлөх”, “Аппликэйшинд суурилсан тоглоомчилсон урамшууллын систем”, “Зорилтот хуримтлал болон бичил хөрөнгө оруулалтын шийдэл”, “Ногоон хэрэглээг дэмжих тогтвортой хөгжлийн санаачилга” зэрэг чиглэлээр өрнөж, технологи, санхүү, инновацын огтлолцолд шинэ санаа, бүтээлч шийдлүүд төрснөөрөө онцлог байлаа. 

Future of Digi Pay: Шинэ санаа, дижитал шийдэл, бүтээлч сэтгэлгээ нийтлэлийн зураг

72 цагийн турш тасралтгүй хөгжүүлэлт хийж, менторуудын зөвлөгөө авч, санаагаа бодит бүтээгдэхүүн болгон хувиргасан шилдэг багуудын дундаас I байр 20 сая, II байр  15 сая, III байр 10 сая төгрөгийн эзэд тодорсон юм.

Залуусын хэрэгцээ, шинэ боломж, бүтээлч шийдэл

Future of Digi Pay: Шинэ санаа, дижитал шийдэл, бүтээлч сэтгэлгээ нийтлэлийн зураг
ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа

“Future of DigiPay: Hackathon 2025” тэмцээний гол зорилго нь залуусын хүсэл сонирхол, хэрэглээний хэрэгцээнд нийцсэн DigiPay аппликэйшний шинэ боломж, оновчтой шийдлүүдийг тодорхойлох явдал байв. Энэ жилийн хакатонд нийт 28 баг оролцож, хоёр үе шаттайгаар өрсөлдсөн бөгөөд шилдэг долоон баг хоёр өдрийн турш даалгавраа боловсруулж, шийдлээ танилцуулсан нь өмнөх жилүүдтэй харьцуулахад чиглэл тодорхой, бүтээлч байдал нэмэгдсэн болохыг илэрхий харуулж байна.

Бид өмнөх жилүүдийн туршлагад тулгуурлан ХААН Банкны мэдээллийн технологи, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хиймэл оюун ухаан хариуцсан газрын захирлууд зэрэг нийт таван менторын бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлж, баг тус бүртэй уулзан зөвлөгөө өгч, тэдний боловсруулж буй шийдлүүд банкны алсын хараа, эрхэм зорилго, уриатай хэрхэн нийцэж буй талаар дэмжлэг үзүүлж, хамтран ажиллалаа.”

Худалдан авалт бүрээсээ хуримтлал үүсгэх зуршил

Тогтвортой хуримтлал үүсгэнэ гэдэг нь олон хүнд хэцүү мэт санагддаг ч өдөр тутмын худалдан авалт бүрээс хуримтлал үүсгэх боломжтой гэдгийг “Flow” багийн залуус харууллаа. Тэд 48 цагийн хугацаанд бүтээлч сэтгэлгээ, цагийн менежментийг ашиглан хэрэглэгчийн зан төлөвт тулгуурлан DigiPay аппликэйшн дээр шууд хэрэгжүүлэх боломжтой шинэ шийдлийг боловсруулжээ. 

Future of Digi Pay: Шинэ санаа, дижитал шийдэл, бүтээлч сэтгэлгээ нийтлэлийн зураг
"FLOW" багийн гишүүн Б.Тэмүүжин

“Ихэнх хүмүүсийн хувьд хуримтлал үүсгэх зуршил суулгах нь хэцүү байдаг шүү дээ. Харин эсрэгээрээ өдөр тутмын худалдан авалт хийх зуршил хүн бүрд бий. Тиймээс энэхүү хэрэглээний зуршлыг эерэг дадал болгон хувиргах зорилгоор DigiPay-ийн худалдан авалтын гүйлгээ бүрээс хуримтлал үүсгэх шийдэл боловсруулсан.

Богино хугацаанд санаагаа хөгжүүлэх нь сорилттой байсан ч цагийн менежмент, бүтээлч сэтгэлгээ, хэрэглэгчийн зан төлөвийг ойлгох зэрэг олон талын туршлага хуримтлуулсандаа баяртай байна. Ялангуяа менторуудын тусламжтайгаар банкны дотоод процесс, дижитал бүтээгдэхүүн хөгжлийн онцлогийг илүү сайн ойлгож авлаа. Эцэст нь хэлэхэд, аливаа шинэ санаа төрмөгц хэт их бодолгүйгээр зүгээр л эхэлж үзэх нь хамгийн зөв алхам юм байна. Хийж эхэлсний дараа тулгарсан асуудлуудыг тухай бүрд нь шийдээд явбал, анх боломжгүй мэт санагдсан зүйлсийн ард гардаг юм шүү гэж хэлмээр байна.”

Future of Digi Pay: Шинэ санаа, дижитал шийдэл, бүтээлч сэтгэлгээ нийтлэлийн зураг

Санхүүгийн салбарын ирээдүй: Тоглоомжуулалт

"Future of Digi Pay: Hackathon 2025" тэмцээн нь банк санхүүгийн салбарын цаашдын чиг хандлагыг тодорхойлох шинэ санаануудын индэр байлаа. Тус тэмцээнд өрсөлдсөн гол тоглогчдын нэг болох 4W багийн танилцуулсан шийдэл нь хуримтлалыг хот хөгжүүлэлттэй хослуулж, хэрэглэгчийн идэвхийг нэмэгдүүлэх шийдэл онцгой анхаарал татсан юм. Бид тус багийн төлөөлөлтэй ярилцаж, тэдний "Хадгаламжид суурилсан хот хөгжүүлэлт" шийдлийн гол үзэл баримтлал, тэмцээнд оролцсон туршлага болон хакатоны үнэ цэнийн талаарх сэтгэгдлийг сонслоо.

Future of Digi Pay: Шинэ санаа, дижитал шийдэл, бүтээлч сэтгэлгээ нийтлэлийн зураг
"4W" багийн гишүүн Э.Түвшинжаргал

“Манай багийн хувьд технологийн холбогдолтой тэмцээн, уралдаанд оролцож, өөрсдийгөө сорьж, салбарын хүмүүстэй танилцахыг зорьдог учраас ХААН Банкнаас зарласан тус хакатоныг маш гоё боломж гэж бодоод оролцсон. “Future of Digi Pay: Hackathon 2025” тэмцээний хувьд маш чанартай багууд шинэлэг санаануудыг танилцуулж, өрсөлдөөн ширүүн явагдлаа гэж харж байна. Бидний шийдэл бол адгаламжид суурилсан хот хөгжүүлэлт юм. Хэрэглэгч хотоо хөгжүүлэх тусам хадгаламжийн хүү өсдөг бөгөөд хотыг хөгжүүлэхийн тулд туршлагын оноо цуглуулах хэрэгтэй. Туршлагын оноог цуглуулахын тулд хэрэглэгчид жижиг, богино тоглоомуудыг тоглоно. Харин эдгээр тоглоомыг тоглохын тулд DigiPay-д нэвтрэх, гүйлгээ хийх зэрэг өдөр тутмын даалгавруудыг биелүүлэх шаардлагатай гэсэн үг. Энэхүү шийдлээрээ тус хакатонд дэд байр эзэлсэндээ маш их баяртай байна. Залуустаа хандаж хэлэхэд, өөрсдийгөө тэмцээн уралдаанд сорьж үзээрэй. акатон бол богино хугацаанд асар их туршлага хуримтлуулж, шинэ санаагаа бодит болгох хамгийн үр дүнтэй боломжуудын нэг юм шүү.”

“Оролцогчид туршлага хуримтлуулахын зэрэгцээ мэргэжлийн холбоо үүсгэх боломжтой нь хакатоны онцлог”

Энэхүү арга хэмжээнд оролцогч багуудын ур чадвар, шийдлийн цар хүрээ жилээс жилд өсөн нэмэгдэж буйг шүүгч, менторууд болон зохион байгуулагчдын зүгээс онцолж байсан юм. 

 

Future of Digi Pay: Шинэ санаа, дижитал шийдэл, бүтээлч сэтгэлгээ нийтлэлийн зураг
ХААН Банкны Мэдээллийн технологи, архитектур өгөгдлийн газрын захирал Г.Саруулбат

“ХААН Банкны зүгээс хоёр дахь жилдээ олон нийтэд нээлттэй зохион байгуулж буй тус хакатонд миний бие хоёр дахь жилдээ ментороор ажиллаж байна. Жил ирэх тусам оролцогчдын ур чадвар сайжирч, багуудын тоо нэмэгдэж, санаа, шийдэл нь улам онцлог болж байна. Энэ удаагийн хакатон DigiPay аппликэйшнд суурилан шинэлэг, инновацлаг санаа боловсруулах сэдвийн хүрээнд зохиогдсон бөгөөд багууд маань хиймэл оюун ухаан, ногоон хөгжлийг дэмжих зэрэг шийдлүүдийг түлхүү боловсруулсан байна.

48 цагийн богино хугацаанд багууд бүтээлч сэтгэлгээ, цагийн менежментийг бүрэн дайчлан ажиллаж, демо бүтээлүүдийг боловсруулан DigiPay аппликэйшнтэй холбон танилцуулсан нь гүйцэтгэлээ бодитоор илэрхийлэх боломжийг бүрдүүлжээ. Багууд стартап хэрэгжүүлэгч, оюутнууд зэрэг төрөл бүрийн чадвар, туршлагатай хүмүүсээс бүрдсэн бөгөөд шилдэг багууд хоорондоо танилцаж, цаашдын карьер, ур чадвар, туршлагаа хөгжүүлэх мэргэжлийн харилцаа, холбоо үүсгэх боломжийг нээж байгаа нь тус хакатоны бас нэгэн онцлог, үнэ цэнтэй тал юм.

Тиймээс залуустаа хандаж хэлэхэд, мэдээлэл технологийн салбар дэлхий дахинаа хурдтай хөгжиж, хиймэл оюун ухаанд суурилсан бүтээгдэхүүн, санаа зах зээлд нэвтэрч байна. Иймд тасралтгүй суралцаж, мэдлэгээ нэмэгдүүлснээр Монголын технологийн зах зээл, салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ хувийн өрсөлдөх чадвар, туршлагаа дээшлүүлэх боломжтой юм шүү.”

Future of Digi Pay: Шинэ санаа, дижитал шийдэл, бүтээлч сэтгэлгээ нийтлэлийн зураг

Хамтын хуримтлал, интерактив шийдэл бүхий шинэ аялал эхэллээ!

Технологийн салбарын шилдэг шийдлүүд ихэвчлэн хэрэглэгчийн хувийн туршлага, эрэл хайгуулаас эхэлдэг. Хакатонд оролцогч ABBA багийн анхны санаа ч мөн адил “DigiPay аппликэйшинд ямар үйлчилгээ байвал би ашиглах вэ” гэх асуултад хариулт эрэлхийлсэн тэр мөчөөс эхэлжээ.

Future of Digi Pay: Шинэ санаа, дижитал шийдэл, бүтээлч сэтгэлгээ нийтлэлийн зураг
"ABBA" багийн гишүүн Д.Буянжаргал

“Миний хувьд DigiPay-ийг төдийлөн ашигладаггүй байсан учраас “энэ аппликэйшнд юу нэмэгдвэл би ашиглах вэ” гэх асуултын хариултаас анхны санаагаа олсон. Хэрэв найзууд дундын хуримтлал үүсгэж, хүн тус бүр орлогоо хянаж чаддаг байвал илүү ашиглах юм байна гэж бодсон. Үүнээс улбаалан бид хамтын хуримтлалыг дэмжих, чатботын тусламжтай зөвлөмж авах, хадгаламжийн дүн өсөх тусам аяллын газрын зураг нээгдэж шинэ аялал эхэлдэг интерактив шийдэл боловсруулсан.

Хакатонд оролцсоноор бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хэрэглэгчийн туршлага, танилцуулгын ур чадвар гээд олон чиглэлд мэдлэгээ өргөжүүлж чадсан. Менторуудын санал, зөвлөгөө биднийг илүү бодитой сэтгэж, шийдлээ улам боловсронгуй болгоход чиглүүлсэн. Хэдий манай баг хоёрхон гишүүнтэй байсан ч цөөхүүлээ байх нь сул тал биш, харин илүү уян хатан, зорилготой ажиллах боломж гэдгийг ойлгосон. Залуустаа хандаж, цөөхүүлээ байх нь шантрах шалтгаан биш. Хийж буй зүйлдээ итгэж, тухайн процессыг зүгээр л мэдрэх хэрэгтэй шүү гэж хэлмээр байна.”

Future of Digi Pay: Шинэ санаа, дижитал шийдэл, бүтээлч сэтгэлгээ нийтлэлийн зураг

Энэ удаагийн хакатон оролцогчдод бүтээлч санаагаа шийдэл болгох  боломжийг олгохоос гадна, богино хугацаанд туршлага хуримтлуулах, салбарын мэргэжилтнүүдээс суралцах, харилцаагаа өргөжүүлэх зэрэг үнэ цэнийг бий болгосноороо давуу талтай байлаа. Багаар ажиллах, шийдэл эрэлхийлэх, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн хөгжүүлэх ур чадвар нь оролцогчдын ирээдүйн карьерт дэмжлэг үзүүлэх чухал нөлөөтэй юм. 

“Future of Digi Pay: Hackathon 2025” тэмцээний тэргүүн байранд “Flow” , дэд байранд “4W”, гутгаар байранд “ABBA” багууд тус тус шалгарч, 48 цагийн дотор боловсруулсан шийдлүүдээрээ Монголын дижитал санхүүгийн зах зээлд бодит хувь нэмэр оруулах боломжтойг харууллаа. Энэхүү хакатон нь залуу мэргэжилтнүүдэд мэдлэг, туршлагын хязгаарыг даван, шинэ санаагаа хэрэгжүүлэх, мөн ухаалаг санхүүгийн шийдлийн нэг хэсэг болох тогтвортой нөхцөлийг бүрдүүлсэн арга хэмжээ болж өндөрлөлөө.

Ийнхүү тус арга хэмжээ амжилттай өндөрлөсөн ч залуу мэргэжилтнүүдэд зориулсан туршлага хуримтлуулах, харилцан суралцах, шинэ санаагаа бодитоор хэрэгжүүлэх “аялал” үргэлжилсээр байна. Хүрээллээ тэлж, мэдлэг, туршлагын хязгаарыг даван, ирээдүйн ухаалаг санхүүгийн шийдлүүдийн нэг хэсэг болж, хамтдаа өсөж дэвжицгээе!

Холбоотой нийтлэлүүд