Залуусын орон зай

Ипотекийн зээл VS Орон сууцны зээл

Б.Отгонзаяа2025.02.194 минут унших
Ипотекийн зээл VS Орон сууцны зээл  - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Ипотекийн зээлийг хамгийн анх 2013 онд олгож эхэлсэн байдаг. 2013-2020 онд ипотекийн зээлийн хүүгийн хэмжээ 8 хувь байсан бөгөөд тухайд үед 65,000 орчим иргэн тус зээлд хамрагдсан байна. Харин 2020 онд орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн журамд өөрчлөлт орж, зээлийн хүүг 6 хувь болгон бууруулахаар шийдвэрлэн, өнөөдрийг хүртэл тус журам мөрдөгдөж байгаа билээ. Тэгвэл энэхүү урт хугацааны, бага хүүтэй  зээлийг сонгох шалтгаан нь юу вэ? 

Бид өмнөх нийтлэлээрээ ипотекийн зээлийн тавигдах шаардлага, зээл олгох нөхцөл зэрэг ерөнхий мэдээллийг хүргэсэн бол энэхүү нийтлэлээрээ  ипотекийн зээл олгож буй арилжааны 10 банкнаас сонголтоо хийхэд тань хэрэг болохуйц мэдээллүүдийг хураангуйлан тайлбарлая. 

Ипотекийн зээл VS Орон сууцны зээл  нийтлэлийн зураг

 Ялгаа нь юу вэ?

Орон сууцны зээл болон ипотекийн орон сууцны зээл нь хоёулаа үл хөдлөх хөрөнгө худалдан авах зорилготой ч нөхцөл, хүү, хугацаа, санхүүжилтийн эх үүсвэрийн хувьд ялгаатай. Орон сууц худалдан авах зээлийн хүү 15-24 хувь байгаа бол ипотекийн зээлийн хүү 6 хувь байдаг. Мөн ипотекийн зээлийн хувьд урьдчилгаа төлбөр 30 хувь ба түүнээс дээш дүнгээр төлсөн байх ёстой. Орон сууц худалдан авах зээлийн хувьд урьдчилгаа нь 20-40 хувь байхыг шаарддаг.  

Орон сууц худалдан авах зээлийн ерөнхий нөхцөл

Ипотекийн зээл VS Орон сууцны зээл  нийтлэлийн зураг

Давуу тал. Орон сууц худалдан авах зээлийн хувьд барьцаа хөрөнгөө чөлөөтэй сонгох боломжтой. Мөн хурдан шийдэгддэг.

Сул тал. Хүү өндөр

Ипотекийн зээлийн ерөнхий нөхцөл

Ипотекийн зээл VS Орон сууцны зээл  нийтлэлийн зураг

Давуу тал. Орон сууц худалдан авах зээлийг бодвол хүү бага, хугацаа урт, тогтвортой нөхцөлтэй.

Сул тал. Шалгуур өндөртэйгөөс гадна орон сууцны сонголтын хувьд хязгаарлагдмал, олгогдох хугацааны хувьд урт. 

Хүүгийн зөрүүг тооцоолбол…

Аль ч зээл өөрийн давуу болон сул талтай. Тиймээс бүгдээрээ эргэн төлөх мөнгөн дүнг ХААН БАНКНЫ жишээн дээр тооцоолж үзье. Иргэн Б-ын худалдан авахаар сонирхож буй байр 150 сая төгрөгийн үнэтэй. Түүнд бэлнээр төлөх 150 сая төгрөг байхгүй тул орон сууцны зээлийг судалж үзэв. 

Орон сууц худалдан авах зээлд хамрагдвал

Хэрэв Б Орон сууц худалдан авах зээлд хамрагдвал урьдчилгаа 20 хувийг өгөх ёстой болно. 150 сая төгрөгийн 20% нь 30 сая төгрөг. 

Нийт дүн: 150 сая төгрөг

Урьдчилгаа: 30 сая төгрөг

Зээлийн дүн: 120 сая төгрөг

Жилийн хүү: 21.6%

Сарын хүү:  1.8% 

Хугацаа: 60 сар (5жил)

Сард: 3,287,036  төгрөг төлөх хэрэгтэй болно.

Төлбөл зохих нийт хэмжээ: 197,110,772 төгрөг болж байна.

Ипотекийн зээлд хамрагдвал

Хэрэв Б Орон сууц худалдан авах зээлд хамрагдвал урьдчилгаа 30 хувийг өгөх ёстой болно. 150 сая төгрөгийн 30% нь 45 сая төгрөг.

Нийт дүн: 150 сая төгрөг

Урьдчилгаа: 45 сая төгрөг

Зээлийн дүн: 105 сая төгрөг

Жилийн хүү: 6%

Сарын хүү: 0.5%

Хугацаа: 240 сар (20 жил) 

Сард: 752,253 төгрөг төлөх хэрэгтэй болно.

Төлбөл зохих нийт хэмжээ: 180,561.539 төгрөг болж байна.

Хүүгийн зөрүүг ойлгомжтойгоор харуулахын тулд жишээ болгон ХААН БАНК-ийг сонгосон болно. Та дээрх шаардлага, нөхцөлүүдтэй нарийн танилцаж өөрт тохирох, зээлийг сонгоорой.

Холбоотой нийтлэлүүд