Залуусын орон зай

Яагаад бид хавар болохоор л хайр хүсээд байдаг вэ? 

Б.Намуун2025.03.313 минут унших
Яагаад бид хавар болохоор л хайр хүсээд байдаг вэ?  - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

“Хайр дагуулж хаврын улирал ирэв үү? 

Дуу дуулах хүслийг надад дурлал өгөв үү? 

Дутуу бичсэн захидлаа одоохон дуусгаад 

Дуу болгон чиний зүрхэнд илгээе” 

Дуулж уншсан биз дээ! Тэгэлгүй яах вэ. Хавар болохоор л сэтгэл гэгэлзээд, энэ дуу аманд аялагдаад эхэлдэг дээ. Нарны илч хацар илбэн үнсэж, салхины зөөлөн үнэр хамар цоргин, пальто цуваа өмссөн ганган охид, залуучууд зөрөлдөнө. Байгаль дэлхий сэргэхийн хэрээр зүрх сэтгэл маань ч хэмнэл нэмэн цохилно. Хорвоо ертөнц ийм сайхан байхад бид яаж хариуд нь хайрлаж, хайрлагдахыг хүсэхгүй байх билээ? 

Хайрын түүх 1. Хавар учирсан хоёр 

Яагаад бид хавар болохоор л хайр хүсээд байдаг вэ?  нийтлэлийн зураг

Наранд “хөлчүүрхэж”, хайранд согтоно 

Өвөл болж, өдрийн гэрэл багасах тусам нойрны мөчлөгийг зохицуулдаг мелатонины ялгаруулалт нэмэгддэг аж. Ийнхүү мелатонины хэмжээ ихсэх үед нойрмоглож, аливаа зүйлээс мэдрэх мэдрэмж ч багасах нь бий. Судалгаагаар мелатонин арван хоёр дугаар сард дөрөв дүгээр сартай харьцуулахад хоёр дахин их байдаг нь өвлийн саруудад хүрээлэн буй орчны гэрэлд өртөх нь багасдагтай холбоотой юм. Харин эсрэгээрээ хавар болж, өдрийн гэрэл уртсах тусам мелатонины үйлдвэрлэл буурдаг. Энэхүү бууралт нь өвлийн улиралд тохиолддог нойрмог байдлыг намдааж, сонор сэрэмж, эрч хүчийг нэмдэг ажээ.  

Мелатонины улирлын өөрчлөлт зөвхөн нойрны хэв маягт нөлөөлөөд зогсохгүй сэтгэл зүйн байдал, нийгмийн зан үйлд ч нөлөөлдөг. Мелатонин бага ялгаруулдаг учраас үүний оронд бидэнд сайхан мэдрэмжүүдийг төрүүлдэг допамины идэвхжил нэмэгдэнэ. Энэхүү шилжилт нь биднийг илүү эрч хүчтэй, аз жаргалтай, нийгэмших хүсэл эрмэлзлийг мэдрэхэд тусалдаг ба нэг ёсондоо хайрыг хүсэж эхэлдэг байх нь. 

Хайрын түүх 2. Хаврын улирал хайр дагуулж ирээсэй! 

Яагаад бид хавар болохоор л хайр хүсээд байдаг вэ?  нийтлэлийн зураг

Илүү их нийгмийн харилцаанд орох хүсэл  

Өвлийн жихүүцэм цаг агаар хаврын дулаанаар солигдохын цагт байгальтай хамт бидний нийгмийн амьдралын эрч хүч сэргэн, гадуур гарах хүсэл төрж, найз нөхөдтэйгөө уулзан,  хуучны танилуудтайгаа холбогдож эс бөгөөс цоо шинэ хүмүүстэй танилцах хүсэл бадардаг. Хаа нэгтээ дотор сууж цагийг өнгөрүүлэх бус задгай талбай, цэцэрлэгт хүрээлэнгээр алхаж, цаг агаарын сайхныг мэдрэхийг хүсэх хүсэл маань цаанаасаа л гэгэлзээд байдаг даа. Түүгээр ч зогсохгүй хаврын хурц өнгө, анхилуун үнэр нь бидний мэдрэхүйг идэвхжүүлж, биднийг хүрээлэн буй гоо үзэсгэлэн буюу бусдын сэтгэл татам байдлыг илүүтэй анзаарахад тусалдаг аж. 

Хүн бол байгалийн амьтан - “Үржлийн цаг” 

Мэдээж хүн улирлын чанартай үржүүлэгчид биш. Бидэнд үржилд орох тодорхой үе гэж байдаггүй. Гэхдээ бусад олон зүйл амьтны хувьд хавар бол байгаль орчны таатай нөхцөлөөс шалтгаалан үржлийн улирал юм. Жишээлбэл, хэрэм, харх, элбэнх зэрэг зулзагаа богино хугацаанд тээдэг амьтад ихэвчлэн өвлийн сүүл эсвэл хаврын эхэн үед нийлж, үрждэг. Үүний эсрэгээр зулзагаа удаан тээдэг том хөхтөн амьтад намрын улиралд нийлж, хавар төллөдөг. Эндээс харахад хавар ургамал ногоо ургаж, хоол хүнс элбэг дэлбэг болдог учраас шинэхэн төрсөн нялх зулзага өсөж бойжих тохиромжтой цаг юм. Мөн хавар төрсөн үр төлүүд өвлийн хатуу ширүүн нөхцөл байдалд орохоос өмнө өсөж, бойжих урд сарууд бий нь тэдний амьд үлдэх боломжийг нэмдэг ажээ.  

Хүнд тодорхой үржлийн үе байдаггүй ч хоол тэжээл, температур, өдрийн гэрлийн үргэлжлэх хугацаа зэрэг хүрээлэн буй орчны хүчин зүйлүүд нь хүний нөхөн үржихүйн үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг гэнэ. “Human Reproduction Open” сэтгүүлийн судалгаагаар улирлын чанартай өөрчлөлт ихтэй бүс нутагт хоол хүнсний олдоц арвин, таатай цаг агаартай үед жирэмслэх нь илүү өндөр байгааг тогтоожээ. Энэ нь дээр дурдсан бусад төрлийн амьтад хавар үрждэг шалтгаантай ижил төстэй юм.  

Ийнхүү бид яагаад хавар болохоор л хайр дурлалыг хүсэмжлээд байдгаа мэдэж авлаа. Цаг агаарын сайхныг хүртэл ганцаараа биш өөр нэгэнтэй мэдрэхийг хүсдэг энэ улиралд зүрх сэтгэлээ нээлттэй байлгаж, хайрыг тосоод аваарай. “Сайхан хайр гэж байдаг юм шүү. Олдвол битгий алдаарай” гэдэг байх аа. Хавар, хайр хоёр танд хамт ирэх болтугай! 

Холбоотой нийтлэлүүд