Улс төр дэх нөлөө бүхий хосууд


Төмөр хатагтай гэж хочлогддог нэгний ард ч гайхалтай хайрын түүх бий. Гаднаа шийдэмгий, хөндий хүйтэн мөс шиг харагдаж буй хэн нэгэн удирдагчид ч догдлон хүлээсэн хайрын захиа, өмөрч урагдсан зүрх сэтгэл байж л таарна. Улс төрийн үзэл суртал ондоо ч нэгнээ гэсэн хайрын түүхүүд бидний дунд оршин буй. Ингээд улс төрийн тавцан дахь романтик хайр дурлалын түүхүүдтэй танилцъя.
Улс төрийн хуваагдлыг даван туулсан хайр
Хоёр өөр намын, хоёр өөр итгэл үнэмшилтэй хүмүүс хайрлалцана гэдэг хуучин цагт бол хориотой хайр гэж болохуйц. Жеймс Карвилл, Мэри Маталин хоёрын хайрын түүх бол ийм хайрын бодит жишээ юм. АНУ-ын Ардчилсан намын нэрт стратегич Карвилл, Бүгд найрамдах намын гол зөвлөх Маталин нар 1990-1991 оны сонгуулийн үеэр анх уулзаж байжээ. Улс төрийн хувьд өөр итгэл үнэмшилтэй байсан ч тэдний хооронд хайрын оч ассан юм.

Консерватив + Либерал = ❤️
1992 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Карвилл Билл Клинтоны кампанит ажлыг удирдаж байх үед Мэри Маталин Жорж Бушийн ахлах зөвлөхөөр ажиллаж байв. Энэ үеэс тэдний харилцаа олон нийтийн анхаарлыг татсан билээ. Гэсэн ч тэдний мэргэжлийн өрсөлдөөн хувийн харилцаанд нь сад болоогүй юм. Уг хайрын түүхээс бид улс төрийн хэрүүл маргаан дунд бие биеэ хүндэтгэж, хайр сэтгэлээ хадгалж үлдэх чадварыг сурах боломжтой. Жеймс Карвилл 1992 онд Билл Клинтоныг Ерөнхийлөгчийн сонгуульд ялахад гол үүрэг гүйцэтгэсэн тууштай либерал үзэлтэн юм. Тэрбээр Бүгд найрамдах намын бодлогыг эрс шүүмжилсээр ирсэн бол түүний эхнэр Мэри Маталин уламжлалт ёсоор консерватив үнэт зүйлсийг баримталдаг байлаа.
1993 онд Карвилл, Маталин нар гэрлэж, хувийн болон мэргэжлийн амьдралаа холих аялалд гарчээ. Тэдний амьдралынхаа түүхээр бичсэн "Хайр ба дайн: Хорин жил, гурван Ерөнхийлөгч, хоёр охин ба Луизиана дахь нэг гэр" хэмээх хамтын ажиллагаа, гэрлэлт, улс төрийг хэрхэн удирдан чиглүүлэн хослуулж байсан туршлагаа өгүүлсэн ном Нью-Йорк Таймсын шилдэг борлуулалттай номд багтаж байв. Ийнхүү улс төрийн хоёр өөр үзэл бодолтой уг хос 32 жил хамтдаа амьдарч байгаа билээ.
Эшлэл: "Бид хоёулаа энэ улсад хайртай, энэ улсад алба хааж байсан хүмүүст хайртай, улсад маань юу хэрэгтэйг ойлгодог учраас нэгнээ маш их хүндэлдэг” /Мэри Маталин/
Цезарь ба Клеопатрагийн эзэнт гүрэн дамнасан хайр

Гоо үзэсгэлэнгээрээ шагшин магтагдсан Клеопатра болон хатуу ширүүн аашаараа зартай Цезарийн хооронд жинхэнэ хайр байсан ч тэдний харилцаа Ром, Египетийн ирээдүйг тодорхойлсон стратегийн өндөр ач холбогдолтой улс төрийн холбоо байсан юм.
Клеопатрагийн ах Птолемей XIII Юлий Цезарийн цэргүүдэд ялагдсаны дараа Клеопатра хаан ширээгээ баталгаажуулахын тулд холбоотон хэрэгтэй болжээ. Ийнхүү Ромд эрх мэдлээ бататгаж байсан Цезарь МЭӨ 48 онд Египетэд ирэхдээ Клеопатрагийн сэтгэл татам байдалд тэр даруй татагдсан гэдэг. Харин Клеопатра Цезарийн хүсэл тэмүүлэл, хүч чадалд бүрэн автжээ.
Энэ үеэр Клеопатра хивсэн дунд нуугдан Цезарийн ордонд нууцаар орж ирсэн нь түүний зоригтой, сэтгэл татам байдлыг улам өдөөсөн гэж тэмдэглэдэг. Олон удаа гэрлэсэн Юлий Цезарьт хэд хэдэн эмэгтэй байсан ч Клеопатра гоо үзэсгэлэн, оюун ухаан, улс төрийн мэдлэгээрээ бусдаас ялгардаг байв. Плутарх гэх мэт эртний эх сурвалжид Цезарийн Клеопатраг гэх хайрыг жинхэнэ утгаар нь тайлбарлаж, түүнийг улс төрийн эрх мэдлээс ч илүү зүйл гэж үздэг байсан хэмээдэг. Тэдний хүү Цезарион нь тэдний хайр дурлалын харилцааны баталгаа билээ /Plutarch. (1916). The lives of the noble Grecians and Romans/. Цезарьтай нэгдсэнээр Клеопатра өөрийн хаант улсыг дотоод болон гадаад аюулаас хамгаалаад зогсохгүй Ромын эх үүсвэр, улс төрийн нөлөөг хамгаалж чадсан юм. МЭӨ 44 онд Цезарь алагдсанаар тэдний харилцаа дуусгавар болсон билээ. Тэдний хайр дурлалын холбоо улс төр, хайр сэтгэлийн харилцааны хамаарал бүхэл бүтэн үндэстэнд нөлөөлөх шийдвэрт ч чухал хувь нэмэр оруулдгийг ийнхүү гэрчилсэн юм.
Улс төрийн үзэл баримтлал 🗳️ 🏛️
Клеопатра болон Юлий Цезарийн улс төрийн үзэл суртлыг орчин үеийн улс төрийн категориудад хамруулан тооцоход тохиромжгүй. Гэсэн хэдий ч Египетийн Птолемей гүрний сүүлчийн идэвхтэй захирагч Клеопатра (МЭӨ 51–30 онд) эллинист болон Египетийн уламжлалаас улбаатай хаант ба автократ улс төрийн хандлагыг баримталдаг байжээ /Fletcher, J. (2008). Cleopatra the Great: The Woman Behind the Legend. HarperCollins/.
Эллинист абсолютизм - Птолемейын захирагчийн хувьд Клеопатра үнэмлэхүй эрх мэдлийг эзэмшиж, өөрийгөө бурханлаг агаад улс төрийн өндөр дээд эрх мэдэлтэн гэж тодорхойлдог байв.
Египетийн Тэнгэрлэг хаанчлал - Клеопатра өөрийгөө Исис дарь эхийн хойд дүр хэмээн дүрсэлж, Египетийн харьяат хүмүүсийн дунд хууль ёсны байдлаа бэхжүүлсэн байдаг /Roller, D. W. (2010). Cleopatra: A Biography. Oxford University Press/.
Харин Ромын жанжин, төрийн зүтгэлтэн Юлий Цезарь (МЭӨ 100–44) популист автократыг баримталдаг байжээ. Клеопатрагаас ялгарах зүйл нь Цезарийн үед Ром улс Бүгд Найрамдах Улс байсан бөгөөд Ромын сенат, ардын хурал зэрэг олон нийтийн байгууллагууд төрийн бодлогыг тодорхойлоход оролцдог байв. Цезарь МЭӨ 46 онд насан туршийн диктатур (Dictator Perpetuo) болж, сенатын хяналтаас ангид, бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлсэн юм /Goldsworthy, A. (2006). Caesar: Life of a Colossus. Yale University Press/. Цезарь хаан болохыг хүсээгүй гэж олон түүхчид үздэг ч түүний үйлдэл (жишээ нь, өөрийгөө бурханчлан тахих, хэт төвлөрсөн эрх мэдэлтэй байх) түүнийг хаант засаг тогтоохыг хүссэн мэт харагдуулж байв. Энэ нь түүнийг алах гол шалтгаан болсон юм.
Д.Сүхбаатар, Н.Янжмаа нарын ороо бусгаа цаг үеийн хайр

Уг түүхэн зүтгэлтнүүдийн хайрын түүх нь Монголын Ардын хувьсгалын түүхтэй холбоотой нэгэн чухал бүлэг бөгөөд тэдний харилцаа улс төрийн болон хувь хүний хэмжээнд гүн нөлөөтэй байсан юм. Нэмэндэйн Янжмаа гэх бүсгүй жанжин Сүхбаатарыг нас барсны дараагаар нөхрийн нэрээр овоглож, Сүхбаатарын Янжмаа гэгдэх болсон нь тэдний хайр сэтгэлийн үнэнч хийгээд үл тасрах шижмийг бэлхнээ гэрчлэхүйц.
1910 онд Д.Сүхбаатар, Н.Янжмаа нар гэрлэж, 1912 оны цагаан сарын битүүнд Галсанлхүндэв хэмээх хүүтэй болжээ. 1924 онд намын Төв хорооны Суртлын хэлтсийн дэргэд Бүсгүйчүүдийн тасгийг анх байгуулж байв. Бид их жанжин Д.Сүхбаатарын үйл хэргийг бэлхнээ мэднэ. Иймд түүний эхнэр Янжмаагийн улс төрд оруулсан хувь нэмрээс танилцуулъя. Тэрбээр Москвад болсон Дэлхийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны хуралд зохиолч Э.Оюуны хамт оролцож, Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг тус холбооны гишүүнээр элсүүлж байв. Мөн 1947 онд Прагад хуралдсан Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны хуралд төлөөлөгчөөр очиж илтгэл хэлэлцүүлсэн байдаг.
Д.Сүхбаатар болон Н.Янжмаа нарын хайрын түүх нь Монголын хувьсгалын үеийн хосуудын нэгэн жишээ бөгөөд тэдний харилцаа, улс төрийн хамтын ажиллагаа нь нийгэмд томоохон нөлөө үзүүлсэн гэдгийг бид мартах учиргүй.
Клеопатра, Юлий Цезарь нарын стратегийн холбооноос эхлээд Жеймс Карвилл, Мэри Маталин хоёрын чин сэтгэлийн холбоо, Д.Сүхбаатар, Н.Янжмаа нарын нэгнээ түшиж тулан улс эх орондоо хувь нэмэр оруулсан хайр хүртэлх энэ түүхүүд сэтгэл хөдөлгөм ажээ. Уг хосууд улс төрийн үзэл суртлаар хуваагдаж болох ч хайраар нэгдэж, зөвхөн хайр дурлал дээр зогсохгүй хамтын алсын хараан дээр тулгуурласан түншлэлийг бий болгон, хувийн болон мэргэжлийн ахиц дэвшлээ бэхжүүлж болдог гэдгийг бидэнд харуулж байна. Эцэст нь хэлэхэд, эрх мэдэл дэлхийг өөрчилж болох ч хайр бол зүрхний гүнд гүнзгий, сэтгэлд үүрд мөнх оршиж, бодит өөрчлөлтийг авчрах хүчтэй билээ. Улс төрийн бүхий л тэмцэл, зөрчил, өөрчлөлтүүдийн ард, нэгнээ гэсэн хайр л тэдгээр тэмцлийн хамгийн хүчирхэг шалтгаан болж, түүхийг өөрчилдөг. Улс төр дэх хосуудын хайрын түүх дэлхийг илүү сайхан газар болгох хүчтэй ажээ.