Залуусын орон зай

Баавгай ичих цагаар бид “ичихгүй”: Өвөл аялцгаая!

Б.Намуун2024.10.174 минут унших
Баавгай ичих цагаар бид “ичихгүй”: Өвөл аялцгаая!  - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Аялал, зугаалгын цаг гэхээр ганцхан зун биш юм. Тэр тусмаа гаднын улсыг зорьж, галуу шувууны мах идэхэд хамгийн тохиромжтой цаг намар, өвлийн үе билээ. Яагаад гэж үү? НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын мэдээлснээр 11-2 дугаар сард олон улсын жуулчдын тоо 6-8 дугаар сарын оргил үетэй харьцуулахад ойролцоогоор 30-40 хувиар буурдаг аж. Түүнчлэн “TripAdvisor” компаниас хийсэн судалгаагаар хүмүүс урин дулаан цагт аялахыг илүүд үздэг ч судалгаанд хамрагдагсдын 60 гаруй хувь нь намар, өвлийн аялал хөл хөдөлгөөн багатай, үнийн хувьд илүү таатай байдаг гэсэн байна. За тэгэхээр, хариулт тодорхой боллоо. Намар, өвлийн улирал бол аялахад хамгийн таатай үе байх нь. Ажлаа цэгцлээд, цүнхээ бэлдээд аялцгаая! Харин хаашаа аялах вэ?  

Эйфелийн цамхаг дахь романтик болзоо

Баавгай ичих цагаар бид “ичихгүй”: Өвөл аялцгаая!  нийтлэлийн зураг

Европын аялал жуулчлалын комиссоос хийсэн судалгаагаар Европын орнуудад өвлийн улиралд ирэх жуулчдын тоо зуныхаас дунджаар 35%-иар буурдаг гэнэ. Тухайлбал, бараг л хүн бүрийн очиж үзэхийг хүсдэг хайр дурлалын хот Парис зуны  2023 онд л гэхэд долоо, наймдугаар саруудад 6.2 - 6.4 сая жуулчин хүлээн авчээ. Харин намар, өвлийн саруудад энэ тоо ихээхэн буурдаг аж. Жуулчид цөөхөн учраас алдартай газруудын тасалбар захиалах, хамгийн шилдэг ресторанд хооллох, соёлын арга хэмжээнд оролцох зэрэг улам л хялбар болно гэсэн үг. Хөл хөдөлгөөн ихтэй Луврын музейг ч тааваараа тухтай үзнэ гэхээр хэчнээн сайхан. 

Аялах зардал ба байр, сууц: Өвлийн улиралд Парис руу нисэх онгоцны тийз зуны оргил үетэй харьцуулахад хамаагүй хямд байдаг. Тухайлбал, 11-3 дугаар сарын хооронд зул сар, шинэ жилийн амралтын өдрүүдийг эс тооцвол нислэг, буудал зэрэг аяллын зардал ерөнхийдөө бага гэнэ шүү. 

Баавгай ичих цагаар бид “ичихгүй”: Өвөл аялцгаая!  нийтлэлийн зураг

Тав тухтай цаг агаар: Зуны халуунд хөлсөө цувуулаад, аахилж уухилан, зөрөх завсаргүй хүмүүс дундуур сүлжин явах жаахан хүндрэлтэй. Харин намар, өвлийн сэрүүн цаг агаарт хоттой танилцаж, явган аялал хийн, гадаа зугаалахад илүү тухтай билээ. Парист зундаа дундаж температур 24°C байдаг бол 35°C-аас дээш температурт хүрэх нь ч бий. Мөн агаар нь дунд зэргийн чийгшилтэй учраас хөлөрч, халууцах мэдрэмж ихсэх юм. Харин өвлийн саруудад дундаж температур ойролцоогоор 2°C-аас 7°C-ийн хооронд хэлбэлздэг аж. Манайх шиг хэт хүйтэрдэггүй учраас өвөл яг л намар цаг шиг байдаг гэсэн үг. 

Өвлийн гоо үзэсгэлэн: Цас дарсан Эйфелийн цамхгийг харна гэдэг хэчнээн догдлом байх бол. Шинэ оноо Парист гаргавал ч хэзээ ч мартагдахааргүй хамгийн сайхан шинэ жил болох биз ээ. Хотел де Велле буюу Парисын хотын захиргаа нь жил бүр хашаагаа мөсөн гулгуурын талбай болгодог билээ. Анивчих гэрэл, баярын чимэглэл дунд халуун шоколад уунгаа Парист тэшүүрээр гулгана гэдэг үлгэрийн биш гэж үү. Түүнчлэн Тюйлри цэцэрлэгт хүрээлэн дэх баярын захуудаар явж, сонин хачин юм үзэж, худалдан авалт хийн, амттай хоол идэн болзох нь жил бүр үздэг Зул сарын тухай киногоо бодитоор хэрэгжүүлж байна л гэсэн үг.   

Нүүдлийн шувуу шиг халуун орныг зорихуй 

Нарны илч буурч, нуур мөрөн хөлдөх цагаар усны шувууд нутаг сэлгэн, дулаан орныг зорьдгийн адил дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд аж төрдөг бид ч халуун орны илч дулааныг мэдэрч яагаад болохгүй гэж. Манай улс жилийн дөрвөн улиралтай ч хүйтэн цаг нь хавьгүй урт үргэлжилдэг. Иймээс өвлийн тэсгэм хүйтнээс зуны халуун руу гэнэт “үсрэх” нь мэдээж таатай. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр монголчууд Азийн орон руу хамгийн их аялдаг аж. Тухайлбал, 2023 онд Солонгос улс руу 69,539, Хятад улс руу 53,534 хүн аялсан нь шил шилээ даран нэг, хоёрдугаар байрт жагсжээ. Хятадын Хавай гэгддэг Хайнан, Жан Жиан Жиэ, Тайландын Бангкок, Пукет, Вьетнам бол монголчуудын түгээмэл аялдаг газрууд билээ. Гайхам тансаг байгалийн сайханд өвлийн хэсэг хугацааг ч болов өнгөрүүлэхийг хүсэж буй хэн бүхэнд төгс тохирох сонголт гэдэг нь мэдээж.  

Баавгай ичих цагаар бид “ичихгүй”: Өвөл аялцгаая!  нийтлэлийн зураг

Аялах зардал ба байр сууц: Өвлийн улиралд Хятад, Тайланд, Вьетнам зэрэг улс орнуудаар аялах нь нислэгийн зардал, орон байр зэрэгт ихээхэн хэмнэлттэй байдаг аж. Тодорхой байршил, аяллын огноо, хугацаанаас хамааран хөнгөлөлтийн хувь хэмжээ өөр өөр байж болох ч өвлийн саруудад эдгээр чиглэлийн нислэгийн тийз нь оргил ачааллын үетэй харьцуулахад мэдэгдэхүйц хямд болдог гэнэ. Тухайлбал, Хятад, Вьетнам руу аялахад оргил улиралдаа зочид буудлын үнэ 50-100 хувиар нэмэгдэх боломжтой аж. Мэдээж ачаалал бага үед энэ нь хэвийн хэмжээнд очих учраас хямд зардлаар сайхан аялах боломжтой. 

Тав тухтай цаг агаар: Халуун оронд өвөл очсон ч ялгаагүй л халуун шүү дээ гэж бодож байна уу? Үгүй дээ. Өвлийн цагт халуун оронд аялах нь цаг уурын хувьд давуу тал ихтэй. Тухайлбал, Тайландын хувьд зундаа 30°C-аас 40°C хүртэл халдаг учраас гадуур явж, зугаалахад ихээхэн бэрхшээлтэй. Харин 11-2 дугаар сарын хооронд агаарын температур илүү тааламжтай болж, 20°C-аас 30°C-ийн дулаантай байхын зэрэгцээ чийгшил багатай тул далайн эрэгт цагийг өнгөрүүлж, хотын аялал хийхэд хамаагүй амар юм. Вьетнамын Ханой зэрэг хойд бүс нутагт 5-9 дүгээр сард температур 30°C, Да Нанг зэрэг төвийн бүсүүдэд бүр 40°C ч хүрдэг.  Энэ нь өвлийн саруудад сэрүүсэн, хойд хэсэгтээ 10°C хүртэл буурч, төв болон өмнөд хэсгээр 20°C-аас 25°C болдог нь аялахад хамгийн тохиромжтой үе гэнэ.  

Баавгай ичих цагаар бид “ичихгүй”: Өвөл аялцгаая!  нийтлэлийн зураг

Өвлийн гоо үзэсгэлэн: Халуун оронд ч өвлийн гоо үзэсгэлэн бий шүү. Цасгүй шинэ жил утгагүй санагдаж болох ч бас нэгэн сонирхолтой туршлага байж болох юм. Вьетнамын Ханой, Хо Ши Мин зэрэг хотуудад Зул сарын баярыг барууны хэв маяг бүхий чимэглэл, гацуур модтой тэмдэглэдэг. Иймээс олон нийтийн үйл ажиллагаануудад оролцож, олонтойгоо бужигнан баярлах боломжтой юм. Харин шинэ жилийн үдэш Хой Анд хаа сайгүй дэнлүү асаадаг учраас соёлын онцлог шингэсэн баярын уур амьсгалыг мэдэрч болно. Түүнчлэн Хо Ши Мин хотод Сайгон мөрний дээгүүр салют буудаж, дээвэр дээрх үдэшлэгүүд болдог нь бүр ч сэтгэл татам ажээ.  

Харин Тайланд улсын хүн амын дийлэнх нь Буддын шашинтай учраас Зул сарын баяр албан ёсны баяр нь биш ч Бангкок зэрэг томоохон хотууд баярын чимэглэлээр гоёж, үзэж харах зүйл ихтэй байдаг билээ. Мөн Ко Панган арал дээрх хамгийн алдартай гадаа үдэшлэгт оролцож, шинэ оноо угтах боломжтой юм.  

Баавгай ичих цагаар бид “ичихгүй”: Өвөл аялцгаая!  нийтлэлийн зураг

Холбоотой нийтлэлүүд