Ганц бие хүмүүс гэр бүлтэй хүмүүсээс илүү санхүүгийн стрессийг мэдэрдэг


Ганц бие хүмүүсийн амьдрал гаднаас харахад эрх чөлөө, уян хатан байдлаар дүүрэн мэт. Гэвч санхүүгийн тал дээр байдал арай өөр. Лондонгийн Эдийн засгийн сургуулийн дэргэдэх олон нийтэд чиглэсэн бизнес, эдийн засгийн судалгааны блогт нийтлэгдсэнээр ганц бие хүмүүс гэр бүлтэй хүмүүсээс илүү санхүүгийн стресс мэдэрдэг байна. Учир нь түрээс, хоол хүнс, цахилгаан зэрэг тогтмол зардлыг ганцаараа үүрэх нь орлогын ихээхэн хэсгийг авч, гэнэтийн зардалд мэдрэмтгий болгодог байна.
Ганц бие байхын нэг давуу тал нь мөнгөө хүссэн үедээ, хүссэн зүйлдээ зарцуулах эрх чөлөөтэй байдал юм. Гэхдээ сард хэдэн удаагийн аяга кофе, жижиг аялал, эсвэл гэнэтийн худалдан авалт хийсний дараа цалин хаашаа алга болсныг мэдэхгүй дуусах нь элбэг. Харин гэр бүлтэй хосуудын хувьд бүх зүйл илүү төлөвлөгөөтэй, харилцан тохирсон дүрэмтэй байдаг тул санхүү нь тогтвортой байдаг байна. Их Британийн Үндэсний статистикийн газрын судалгаагаар ганц бие хүмүүс сард орлогын 92%-ийг хоол хүнс, түрээс зэрэгт зарцуулдаг бол насанд хүрсэн гэр бүлүүд зөвхөн 83%-ийг зарцуулдаг гэжээ.
Тэгвэл ганцаараа амьдрах, эсвэл гэр бүлтэй байх хоёрын санхүүгийн ялгаа яг юунд оршдог юм бол?

Х.Тэмүүжин /Ганц бие/
“Миний сарын орлого 2.1 сая төгрөг. Үүнээс түрээсэнд 900 мянга, хоол хүнсэнд дунджаар 300–400 мянга зарцуулдаг. Үлдсэн нь найзуудтай уулзах, фитнесийн төлбөр, жижиг аялал зэрэг гэнэтийн зүйлд л явдаг даа. Хуримтлал бол тогтмол хийдэггүй зарим сард 200 мянга хадгалчихдаг бол заримдаа нэг ч төгрөг хийхгүй өнгөрөх үе байдаг. Ганцаараа байхад шийдвэр гаргах амархан ч, хяналт жаахан сул болчихдог юм байна лээ. Заримдаа том худалдан авалт хийх гэхээр их мөнгө үрчихсэн юм шиг санагдаад болчьхдог. Дараа нь бага дүнтэй хэрэггүй зүйл, амттан, хоол, кофе зэрэгт том худалдан авалтаасаа ч их мөнгө үрчихсэн байх үе гарч, түүндээ стрессдэг шүү.”

Л.Саруул, Б.Наран /Гэр бүл/
Саруул: Бид хоёрын сарын орлого нийлээд 4.5 сая төгрөг. Цалин буусан тохиолдолд хамгийн түрүүнд түрээс, цахилгаан, интернэт, хоол хүнс зэрэг бүх тогтмол зардлаа төлнө. Дараа нь хуримтлал руу 200,000₮ тогтмол хийхийг хичээдэг дээ. Үлдсэн мөнгөөр бол болзоо, аялал, өөрийн хувийн хэрэгцээнд гэх мэтээр зарцуулна. Хамгийн чухал нь бид хоёр бүх мөнгөө нэг дансанд хийдэггүй, тус тусын дансандаа хадгалдаг. Ингэснээр бие биедээ хяналт тавих бус, бие биедээ итгэж зөв хандлагатай болоход нөлөөлж байгаа юм шиг санагдсан.
Наран: Гэр бүлийн санхүү бол тооцоолол, итгэлцэл гэдгийг гэр бүл болоод ойлгосон. Миний хувьд жилдээ нэг аялалд явахыг хүснэ, гэвч Саруул бол хуримтлалдаа илүү мөнгө нэмэхийг илүүд үздэг. Энэ үед бид хамтдаа ярилцаад дундын шийдвэрийг гаргахыг зорьдог. Жишээ нь, аялах үедээ бага зардлаар явахыг тооцож, хуримтлалдаа хийдэг мөнгөө тухайн сард бага хэмжээгээр багасгах боловч гол нь тогтмол хийхийг чухалчилдаг. Гэр бүлтэй болсноос хойш миний санхүү илүү тогтворжсон. Өмнө нь би өөрөө ч анзаараагүй байхдаа их мөнгө үрчихдэг байсан шүү.
Ингээд харахад ганцаараа байх нь эрх чөлөөтэй атлаа заримдаа санхүүгийн тогтворгүй байдал дагуулдаг нь мэт. Харин багахан зохицуулалт, ухаалаг дадал зуршилтай бол ганц бие амьдрал санхүүгийн хувьд ч илүү бат бөх, аз жаргалтай байж чадна. Тэгвэл ганц бие хүмүүс юуг анхаарч, хэрхэн санхүүгээ зөв удирдах вэ?
Ганц бие танд өгөх санхүүгийн зөвлөгөө

Хадгаламж эсвэл хөрөнгө оруулалтын сонголт хийхээсээ өмнө санхүүгийн зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Та богино хугацааны зарлага (жишээ нь: аялал эсвэл гэнэтийн зардал) үүсгэх үү, эсвэл урт хугацааны зорилго төлөвлөж байна уу? гэх мэт зорилгоо ойлгосноор шийдвэр гаргах үйл явц илүү хялбар болно.
2. Хадгаламжийн хүүг анхаарах
Монгол Улсын санхүүгийн байгууллагуудын хадгаламжийн бүтээгдэхүүнүүд нь банкны хадгаламжаас илүү өндөр хүүтэй байх тохиолдол байдаг. Иймээс өндөр хүүтэй хадгаламжийг сонгосноор хуримтлалаа илүү хурдан өсгөх боломжтой.
3. Мөнгөний урсгалыг төлөвлөх
Сард орлогоосоо түрээс, хоол хүнс, цахилгаан, интернэт гэх мэт тогтмол зардлаа төлөөд , үлдсэн мөнгөө хуримтлал, өөрийн хэрэгцээ, жижиг аялалд зарцуулаарай. Өөрийн данс болон хадгаламжийн дансаа тусад нь байршуулах нь мөнгөндөө илүү хяналттай байх боломж өгнө.
4. Хуримтлалаа төрөлжүүлэх
Богино хугацааны хуримтлалд хадгаламж, урт хугацаанд бол бонд, хувьцаа зэрэг бүтээгдэхүүн сонгох. Эрсдэлийн түвшин болон зорилгодоо нийцүүлэн хөрөнгө оруулах нь хуримтлалыг үр дүнтэйгээр өсгөдөг.
5. Мэргэжлийн зөвлөгөө авах
Санхүүгийн мэргэжилтнээс зөвлөгөө авах нь зөв шийдвэр гаргахад ихээхэн тусална. Одоогийн зарлага орлого зэргийг мэргэжлийн зөвлөхөд үзүүлж, нарийн төлөвлөгөөг гаргах нь илүү хялбар.
Энэхүү зөвлөмжүүд танд өөрийн санхүүг илүү хянамгай, төлөвлөгөөтэй удирдаж, гэнэтийн зардал, санхүүгийн стрессээс сэргийлэхэд тус болно гэж найдаж байна. Санхүүгийн эрх чөлөө, тогтвортой байдлыг хангахын тулд зорилгоо тодорхойлох, мөнгөний урсгалыг хянах, хуримтлалаа төрөлжүүлэх, мэргэжлийн зөвлөгөө авах зэрэг алхмуудыг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлээрэй. Танд амжилт хүсье!
Бэлтгэсэн: Х.Цолмон