

Монголын энтертайнмент технологийн салбарын хөгжлийг танилцуулан, салбарынхны хамтын ажиллагаа бэхжүүлэх, хэрэглэгчдэд уг салбарын мэдлэгийг түгээх зорилготой "MET EXPO 2026" арга хэмжээ нь тавдугаар сарын 14-нд "M Bank Arena"-д нээлтээ хийлээ. Уг экспо тавдугаар сарын 15-ны 18:00 цаг хүртэл үнэ төлбөргүй зохион байгуулагдаж байна. Энэ жилийн экспод салбартаа манлайлагч 40 гаруй байгууллага оролцож, энтертайнмент салбарын сүүлийн үеийн технологийн шийдэл, инновацыг хэрэглэгчдэд танилцуулж байгаа бөгөөд энтертайнмент салбарыг сонирхдог хүн бүхэнд нээлттэй орчин үеийн инженерчлэлийн мэдлэгийг түгээх сургалт, воркшопуудыг нэг дор төвлөрүүлж буйгаараа онцлогтой юм.
Иймд "MET EXPO 2026"-д нэгдэж, техник технологийн дэвшлийг хэрэглэгчдэд түгээж буй салбарын мэргэжилтнүүдийн экспод оролцож буй сэтгэгдлийг уншигч та бүхэнд хүргэж байна.
“Бид зөвхөн бүтээгдэхүүн танилцуулаад зогсохгүй, уг салбарыг сонирхдог хүн бүрд нээлттэйгээр олон төрлийн сургалт зохион байгуулж байна”

"Бидний гол зорилго бол энтертайнмент салбарын компаниудыг нэг цэгт төвлөрүүлж, хэрэглэгчдэд сонголт хийх, мэдлэгээ тэлэх боломжийг олгох юм. Энэ жилийн экспо өмнөхөөсөө илүү өргөн цар хүрээтэй болж, оролцогч байгууллагууд болон зорин ирэх хүмүүсийн тоо нэмэгдсэн байна. Онцлох нэг зүйл бол бид зөвхөн бүтээгдэхүүн танилцуулаад зогсохгүй, мэргэжлийн инженерүүдээр дамжуулан дуу, дүрс, гэрэлтүүлгийн сургалтуудыг нээлттэй зохион байгуулж байгаа юм. Ингэснээр уран бүтээлийн чанар сайжирч, салбарын хөгжилд бодит ахиц гарахад нөлөөлнө гэдэгт итгэж байна."
“MET EXPO-гоор дамжуулан хэрэглэгчдэд мэргэжлийн тайлбар, мэдээлэл өгөх боломж олдож баяртай байна”

"Манай кампанийн хувьд тоглолтын тоног төхөөрөмж түрээсийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд салбартаа 12 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Бид энэ удаагийн экспод инновацлаг шинэ бүтээгдэхүүн болох гадаа орчинд, нарны шууд гэрэлд ч өнгөний гайхалтай нягтралтай “Black Lamp” технологи бүхий LED дэлгэцийг хэрэглэгчдэд танилцуулж байна. Түүнчлэн, тус экспод оролцсоноороо бид мэдээлэл түгээхээс гадна энтертайнмент салбарт гарч буй бүх төрлийн хөгжил дэвшилтэй танилцаж, салбарынхан маань хөдөлмөр аюулгүй ажиллагааг илүү эрхэмлэдэг болсон гэдгийг олж харахад их таатай байна. Манай салбарын бүтээгдэхүүнүүд өдөр тутмын хэрэглээ биш учраас хэрэглэгчдэд мэргэжлийн тайлбар, мэдээлэл маш чухал байдаг. Иймд бидний зүгээс “MET EXPO” хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаад баяртай байна."
“Орон нутгийн мэргэжилтнүүд энд ирж орчин үеийн шийдлүүдтэй танилцан, туршлага судлаасай гэж хүсэж байна”

"Манай "Z Music" компани тайз, дэлгэц, шоу арга хэмжээний техник түрээс болон зохион байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү экспод оролцож, хэрэглэгчдэд чанартай техник, технологийг танилцуулах, мөн өөрсдийн туршлага, мэдлэг чадварт тулгуурлан салбарын мэргэжилтнүүддээ мэдлэг олгохыг зорьж байна. Ялангуяа хөдөө орон нутгийн соёлын төвүүдэд чанартай техник нийлүүлэх нь бидний нэг зорилго юм. Миний бие дуучин хүний хувьд орон нутагт техник хэрэгслийн дутагдлаас болж дуугаралтын алдаа гарах асуудлыг сайн мэднэ. Тиймээс орон нутгийн мэргэжилтнүүдийг энэхүү “MET EXPO”-д ирж, орчин үеийн шийдлүүдтэй танилцан, туршлага судлаасай гэж хүсэж байна."
“Эвент менежментийн салбарт дутагдаж буй хүний нөөцийг бүрдүүлэх, залууст энэ салбарыг таниулах тал дээр томоохон гүүр болж байна”

"Манай компани 2012 оноос хойш техник болон хүний нөөцийн цогц шийдлийг санал болгож ирсэн. Энэ жилийн “MET EXPO” эвент менежментийн салбарт дутагдаж буй хүний нөөцийг бүрдүүлэх, залууст энэ салбарыг таниулах тал дээр томоохон гүүр болж байгаад баяртай байна. Энэхүү экспогоор энтертайнмент салбарынхнаараа шинэлэг технологийг хэрэглэгчдэд танилцуулж, салбарт тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэж, хамтын шийдэл хайх боломж олгож байгаа нь үр өгөөжтэй, өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа болгож байна гэж дүгнэж байна."
“Өмнө жилийн экспогоор олон байгууллага, хүмүүстэй танилцаж, хамтран ажилласан”

"Манай компани энтертайнмент технологийн салбарт 20 гаруй жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Бидний хувьд “MET EXPO”-д хоёр дах жилдээ оролцож байгаа бөгөөд өмнө жилийн экспогоор олон байгууллага, хүмүүстэй танилцаж, хамтран ажилласан. Энэ удаагийн экспогоор өнөөдөр хэрэглэгчдэд ууран хөшиг, ухаалаг гэрэлтүүлгийн нэгдсэн систем зэрэг сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг танилцуулж байна. Уг экспогоор дамжуулан салбарынхан нэг дор цугларч, нэгдмэл зорилгын дор технологийн хөгжлийг хэрэглэгчдэдээ таниулж байгаадаа баяртай байна."
“Хэрэглэгчид мэдээллээс хоцролгүй шинэ, шилдэг бүтээгдэхүүнтэй нэг дор танилцах боломжийг олгож байна”

"Технологи хурдтай хөгжиж буй энэ цаг үед хэрэглэгчид мэдээллээс хоцролгүй шинэ, шилдэг бүтээгдэхүүнтэй нэг дор танилцах боломжийг энэхүү экспо олгож байна гэж харж байна. Манай компани хоёр дах жилдээ уг экспод оролцож байна. Энэ жилийн хувьд гэрэл зургийг хүмүүст ойлгуулж, таниулах үүднээс зочдын зургийг дарж, дурсгал болгон өгч байна. Ийм төрлийн арга хэмжээ жилд хоёр удаа зохиогдсон ч эрэлт хэрэгцээтэй байх болов уу гэж бодож байна."
Энтертайнмент ертөнцийн техник, технологийн гайхамшгийг нэг дороос мэдрэх "MET EXPO 2026" арга хэмжээ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Иймд та цаг үетэй хөл нийлүүлэн алхах дуртай, шинийг эрэлхийлэгч бол өнөөдөр 19:00 цагаас өмнө "M Bank Arena"-г зорин ирж, мэргэжилтнүүдийн зааварчилгаа болон үнэ төлбөргүй сургалтуудыг авч тайз, дэлгэц, гэрэлтүүлэг, дууны системийн дэлхийн зах зээлд нэвтэрч буй хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдтэй танилцаарай.






Сэтгүүлч: А.Дүүрэнбилэг
Сэтгэгдэл