Z үеийнхний дунд “Zero posting” буюу сошиалд юу ч постлохгүй байх хэв маяг дэлгэрч эхэлжээ


Бидний өдөр тутмын амьдралын нэгэн хэсэг болсон нийгмийн сүлжээний платформууд анх биднийг хооронд нь ойртуулж, өөрийгөө илэрхийлэх эрх чөлөөт орон зайг нээж өгч байсан бол сүүлийн жилүүдэд үүний эсрэг чиглэлийн хэв маяг тренд болох болжээ.
The Financial Times-д нийтлэгдсэн 50 орны 250 мянга орчим интернэт хэрэглэгчийн зан төлөвийг шинжилсэн судалгаанд сошиал медиа ашиглалт 2022 оноос хойш дунджаар 10 орчим хувиар буурсан гэж дурдсан байна. Энэ бууралт ялангуяа залуусын дунд түлхүү ажиглагдаж байгаа нь сошиал медиаг өөрийн амьдралын нэг хэсэг болгож байсан үеийнхнүүд өнөөдөр түүнээс хамгийн их ядрах болсон гэдгийг харуулж байна гэж үзжээ.
Нөгөө талаас цахим орчинд найз нөхөд, танилуудынхаа амьдралын сонирхолтой мөчүүдийг харах гэхээс илүү зар сурталчилгаа, давтагдсан трендтэй богино бичлэгүүд, хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн контентууд дүүрэн байх болсон нь залуусын дунд “нийгмийн сүлжээнд юу ч постлохгүй, амьдралд маань сонирхолтой зүйлс өрнөж байгаа ч түүнийг би постлох албагүй” гэх сэтгэлгээ буюу “zero posting” хандлагыг улам хүчтэй дэлгэрэхэд хүргэжээ. Ингэж юу ч постлохгүй байх сонголтыг шинжээчид алгоритм давамгайлсан орчноос өөрийн анхаарлыг буцаан авах оролдлого гэж үзэж байна.
Zero posting = Байгаа ч ил харагдахгүй байх философи
“Zero posting” бол сошиалаас зугтах биш, харин өөртөө эргэж төвлөрөх нэг төрлийн философи ажээ. Юу ч постлохгүй байх нь анхаарлаа өөр дээрээ буцааж авахаас эхлээд, хувийн амьдралаа хамгаалж, тасралтгүй илэрхийлэх дарамтаас өөрийгөө чөлөөлөх боломж болдог байна. Өөрөөр хэлбэл, амьдралыг тасралтгүй “бусдад үзүүлэх” биш, зүгээр л “амьдрах” хэв маягийг сонгож буй хэрэг. Үүний үр дүнд залуус “би сошиалд хэн бэ?” гэсэн асуултаас аажмаар холдож, “би бодит амьдрал дээр хэн бэ?” гэх илүү үнэ цэнтэй, бодит асуулт руу дотроосоо чиглэж байгаа гэж хэлж болох юм.
“Zero posting” тренд болох болсон шатгаанууд
Үзэгдэж харагдаж, тайлагнаж байх дарамтаас ангижрах
Амьдралаа нийгмийн сүлжээнд ил тод байлгах нь сошиал медиа ашиглагчдын хувьд хэвийн зүйл болж байсан хэдий ч энэ нь аажмаар байх ёстой, харуулах шаардлагатай мэт мэдрэмж төрүүлэх болсноор залуусын ихэнх нь “нийгмийн сүлжээнд харагдахгүй бол оршин тогтнохгүй” юм шиг дарамт мэдэрч эхэлжээ. “Zero posting” нь энэ хэм хэмжээнээс ухарч, амьдралынхаа хэв маягийг өөрийнхөөрөө тогтоох хандлага болсон байна.
“Digital fatigue” буюу мэдээллийн хэт ачааллаас залхах үзэгдэл
Сүүлийн жилүүдэд интернэт орчинд урсаж буй мэдээлэл хэт их болсон тул тархи өдөр бүр тасралтгүй шүүлтүүр мэт ажиллаж, үүнээс болж сэтгэл зүйн хувьд ядрах үзэгдэл их гарах болжээ. Нэгэн судалгаагаар Gen Z үеийн залуусын 73% нь өөрсдийгөө “дижитал ядаргаанд” орсон гэж хариулсан байна. Тиймээс “амсхийх”, “завсарлах” эрхтэй гэдгээ мэдрэх хүсэл “zero posting” хэмээх хандлагатай уялдаж, олон залуусыг юу ч постлохгүй байх хэв маягийг сонгож, өөртөө хувийн орон зай бий болгох алхам руу хөтөлж байгаа аж.

Амьдралаа ил харуулах нь тансаг хэрэглээтэй хүмүүсийн хийдэг зүйл
Орчин үеийн сошиал орчинд юу ч нийтлэсэн бай бусдын хараа, шүүлтүүр, тайлбар дагалддаг болсон тул амьдралаа ил гаргах нь “тансаглал” мэт мэдрэмж төрүүлдэг болжээ. Зураг, үг, байршил, богино хэмжээний түүх хүртэл ямар нэгэн утга агуулга, хүлээлт, үнэлгээ дагуулдаг учраас хүн бүрд тийм хүч, тийм сэтгэлийн тэнхээ байдаггүй гэж үзэж байгаа бөгөөд “zero posting” энэ бүхнээс өөрийгөө хамгаалах зөөлөн арга, хувийн орон зайгаа хамгаалж, бусдын хүлээлтээс ангид байж, зөвхөн өөрийнхөөрөө амьдрах сонголт болж ирж байгаа юм.
“Zero posting” хэв маягийг дагаж буй хүмүүсийн гурван төрлийн зан төлөв
Сошиал медиа хэрэглэгчийн зан төлөвийн тухай GWI болон Pew Research-ийн олон улсын судалгаанууд идэвхтэй болон идэвхгүй оролцогчдыг ангилахдаа гурван бүлгийг тогтмол дурдаж ирсэн байдаг байна. Энэ нь “zero posting” хэв маягийг дагаж буй хүмүүсийн өнөөгийн дүр зургуудтай яг давхцаж байгаа юм.
Нууцлаг бүтээлч хүмүүс
Энэ бүлгийнхэн өөрсдөө пост оруулдаггүй ч сошиал орчинд идэвхтэй ажиглагчид байдаг. Тэд уншдаг, цуглуулдаг, судалдаг, зарим нь бүр бүтээлээ идэвхтэй туурвидаг ч онлайнд ил гаргадаггүй. Pew Research тэднийг “үздэг ч оролцдоггүй хэрэглэгчид” гэж тодорхойлжээ.
Чимээгүй хэрэглэгчид
Тэд сошиалаас бүрэн гарахгүй ч профайлаа хоосон байлгана. Профайл нь шинэчлэгдэхгүй, пост бараг байдаггүй. Гэхдээ тэд мессенжер, стори хэсгийг хэрэглэх, мэдээлэл авах байдлаар оршдог. GWI эдгээрийг “идэвхгүй хэрэглэгчид” гэж нэрлэдэг бөгөөд тэдний хувьд сошиал бол “ажил биш, ачаалалгүй хэрэглээ” ажээ.
Дижитал минималистууд
Энэ бүлгийнхэн “zero posting”-ийг амьдралын философитойгоо холбодог. Зөвхөн хэрэгцээтэй үедээ пост оруулж, контентоо маш ховор, ухаалгаар хуваалцана. Deloitte-ийн Digital Media Trends тайланд энэ зан төлөвийг “дижитал минималистууд” гэж тодорхойлдог бөгөөд олон мэдээлэл дундаас өөрийн амар амгаланг хамгаалж, дижитал орчныг хялбаршуулдаг хэрэглэгчид байдаг байна.