Ганц бие хүмүүс ганцаараа байхдаа юу хийдэг вэ?

М.Энхмаа
Д.Жавхлан
М.Энхмаа, Д.Жавхлан
2026.02.133 минут унших
Ганц бие хүмүүс ганцаараа байхдаа юу хийдэг вэ? - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Сошиал медиагийн ачаар бид түүхэнд байгаагүйгээрээ бие биетэйгээ холбогдсон атлаа, бодит амьдрал дээр өмнөхөөсөө илүү ганцаардах болжээ. Ганц бие байх нь эрх чөлөөтэй мэт боловч хүний сэтгэл зүйн гүнд хайрлаж, хайрлагдах төрөлх хэрэгцээ үргэлж байдаг аж. Учир нь хайртай хүнтэйгээ байна гэдэг амьдралын бүхий л мөчийг хуваалцах итгэлт түнштэй болох тухай асуудал шүү дээ. Гэвч яг энэ цэгт хүрэх замд "хэт их сонголт" болон "өөрийгөө дутуу таних" гэсэн хоёр том төөрөгдөл биднийг гацааж орхидог байна. Тэгвэл энэхүү байдлаас гарч, өөрт тохирох түүнийгээ хэрхэн олж, эрүүл харилцааг бүтээх вэ?

Ганц бие хүмүүсийн сэтгэл зүйн онцлог

Бид сэтгэл зүй, нийгмийн харилцаа, эрүүл мэнд зэрэг олон хүчин зүйлийн нөлөөнд “ганцаараа байх уу эсвэл хостой байх уу” гэдгээ шийддэг байна. Сүүлийн үед хүмүүс ганц бие байхыг илүүд үзэх болсон ч хосын харилцааны ач холбогдлын талаарх судалгаанууд идэвхтэй хийгдсээр байгаа ажээ.

Сэтгэл судлалд “ганцаардал” (loneliness) болон “ганцаараа байх” (solitude) ойлголтыг тусад нь авч үздэг. Корнеллийн их сургуулиас гаргасан 2020 оны судалгаанд дурдсанаар “хүн сайн дураараа буюу өөрөө хүссэн учраас ганцаараа байхыг хүсдэг ба энэхүү шийдвэр хувь хүний сэтгэл санаа, бие махбодод эерэг нөлөө үзүүлэх боломжтой. Харин ганцаардал нь сэтгэл ханамжгүй байдал, сөрөг мэдрэмжийг нэмэгдүүлдэг” хэмээн тодорхой тайлбарласан байна.

АНУ-ын сэтгэл судлаач, зохиолч Белла ДеПауло (Bella DePaulo) "Singled Out" бүтээлдээ "синглизм" (Singlism) хэмээх шинэ нэр томьёог гаргаж ирсэн байдаг. Синглизм гэдэг нь ганц бие хүмүүсийг ялгаварлан гадуурхах, тэднийг гэрлэсэн хосуудаас илүү дутуу үнэлэх нийгмийн хандлагыг хэлдэг ажээ.

Ганц бие хүмүүс ганцаараа байхдаа юу хийдэг вэ? нийтлэлийн зураг

Белла ДеПауло ганц бие хүмүүсийн талаарх нийгэмд тогтсон энэхүү хэвшмэл ойлголтыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр няцааж, тэдний сэтгэл зүйн дараах онцлогуудыг дурдсан байдаг.

Хувь хүний хөгжил ба өөрийгөө тодорхойлох чадвар

Судалгаагаар ганц бие хүмүүс өөрийгөө хөгжүүлэх, сурч боловсрох болон хувийн сонирхлоо хөөхөд илүү их цаг зарцуулдаг ба өөрийнхөө үнэ цэнийг бусдын үнэлэмжээр биш, дотоод сэтгэл ханамжаараа тодорхойлох хандлагатай байдаг ажээ.

Нийгмийн өргөн харилцаа

Сонирхолтой нь, ганц бие хүмүүс хостой хүмүүсээс илүү найз нөхөд, төрөл төрөгсөд болон хөршүүдтэйгээ бат бөх, идэвхтэй харилцаатай байдаг нь судалгаагаар батлагджээ. Хостой хүмүүс ихэвчлэн хоёулхнаа цагийг өнгөрөөхийг илүүд үзэж, нийгмийн харилцаанд оролцохоос татгалзах хандлагатай байдаг гэнэ.

Өөдрөг үзэл

Ганц бие хүмүүс асуудлыг бие даан шийдвэрлэх чадварт илүү суралцсан байдаг тул гэнэтийн хямрал, өөрчлөлтийг харьцангуй тайван хүлээж авч сэтгэл зүйн хувьд илүү уян хатан хандаж чаддаг байна.

Заавал хостой болох хэрэгтэй гэж үү?

Хүн төрөлхтний хувьсал болон биологийн үүднээс харахад хостой байх нь амьд үлдэх, үр удмаа үлдээх болон аюулгүй байдлаа хангахад чухал нөлөө үзүүлдэг болохыг судлаачид онцолж байна. Тэгвэл хостой байх нь таны сэтгэл зүй болон эрүүл мэндэд тодорхой хэмжээний эерэг нөлөө үзүүлдэг ажээ.

Харвардын Их Сургуулийн 80 гаруй жил үргэлжилсэн “The Harvard Study of Adult Development” урт хугацааны судалгааны үр дүнд гэрлэлт болон бат бөх хосын харилцаа нь бидний хөгшрөлтийг удаашруулж, тархины үйл ажиллагааг дэмжихэд тусалдаг болохыг тогтоожээ. Тодруулбал, хостой байх нь кортизол буюу стрессийн дааврын түвшинг бууруулж, хайртай хүндээ хүрэх, тэврүүлэх үед ялгарах окситоцин буюу хайрын дааврыг нэмэгдүүлж, тайвшруулах эмтэй адил үйлчилгээ үзүүлдэг юм байна. 

Гэхдээ "хостой болох хэрэгтэй юу?" гэх асуултын хариулт бол тухайн хүний амьдралын үнэт зүйл, сэтгэл зүйн хэр бэлтгэлтэй байхаас шууд хамаарна. Хамгийн чухал нь бусдын шахалтаар биш, өөрийгөө таньж мэдсэний дараа өөрийн хүслээр сонголт хийхэд хостой байхын сайхан орших юм.

"Ангууч" байхаас татгалзаж, өөрийгөө бүтээх нь

Хүмүүс хос олохыг нэг төрлийн "ан агнах" гэж харах болсон байна. Хамгийн гоё зургаа сошиалдаа тавиад, хэн нэгнийг өөртөө татах гэж хичээдэг. Гэвч харилцаа гэдэг бие биедээ соронзон мэт татагдаж, сэтгэлдээ нээх тэр л мэдрэмж. Учир нь та өөрөө ямар байгаагаас шалтгаалж, тийм л хүн таны амьдралд орж ирдэг.

Үүнийг Нью-Йорк дахь Стони Брук Их сургуулийн сэтгэл судлаач Артур Арон нэгэн сонирхолтой туршилтаар баталжээ. Тэрбээр хоёр танихгүй хүнийг өөд өөдөөс нь харуулж суулгаад, энгийнээс эхлээд сэтгэлийн гүн дэх айдас, хүслийг нь хөндсөн 36 асуултад хариулахыг даалгасан байна. Үр дүнд нь хүмүүс бие биедээ маш хурдан гүнзгий дасдаг болох нь тогтоогджээ. Энэ нь бидний хайж буй тэр дотно харилцааг бий болгоход ердөө "сэтгэлээ нээх зориг" л дутагдаж байгааг харуулж байгаа аж.

Морин тойруулга буюу сонголтын төөрөгдөл

Орчин үеийн соёл биднийг нэгэн сонин тойрогт оруулчихжээ. Үүнийг сэтгэл судлаачид "Мэрри-Го-Раунд" буюу морин тойруулга эффект гэж нэрлэдэг байна. Бид яг л хөгжмийн аянд эргэлдэх модон морин дээр суугаад, хажуугаар өнгөрөх хүмүүсийг "түүнээс илүү хүнтэй учрах болов уу" гэж шинжин харсаар л байдаг аж.

Америкийн сэтгэл судлаач Барри Шварцын тодорхойлсон "Сонголтын парадокс" ёсоор сонголт их байх тусам хүн шийдвэр гаргах чадваргүй болдог байна. Сошиал медиагаар маш олон хүний амьдралыг харж байгаа нь бидэнд "хязгааргүй сонголт" байгаа мэт хуурмаг мэдрэмж төрүүлж, дэргэд байгаа үнэ цэнтэй хүнийг анзаарах завдал өгөхгүй, нэг тойрогт л эргэлдүүлээд байгаа ажээ.

Хэрхэн хайраа олох вэ?

Ганц бие хүмүүс ганцаараа байхдаа юу хийдэг вэ? нийтлэлийн зураг

1. Стандартын жагсаалтаа үнэт зүйлээр солих нь

Бид хэн нэгнийг сонгохдоо ихэвчлэн өндөр, царай зүс, боловсрол гэх мэт гадаад үзүүлэлтүүдийг л чухалчилдаг. Гэвч харилцааны гал халуун үе өнгөрөхөд таны хажууд зураг шиг хүн биш, харин итгэл даах хүн л үлддэг. Түүний хобби таныхтай ижил байх албагүй ч, амьдралыг харах өнцөг, хүнд хэцүү үед баримталдаг зарчим нь таныхтай нийцэж байх нь хамгийн чухал юм. Өнгөн хэсэг цаг хугацааны эрхээр элэгддэг бол, хүний мөн чанар хэзээ ч хуучирдаггүй гэдгийг санаарай.

2. Эмзэг байх нь таны хамгийн том зэвсэг

Артур Ароны 36 асуултын гол ид шид нь ердөө л илэн далангүй байдалд оршдог ажээ. Бид бусдад төгс харагдах гэж хичээх тусмаа тэднээс холдож байдаг. Харин өөрийнхөө алдаа, айдас, сул талыг нээж чадах тэрхүү зориг л хоёр хүний дунд жинхэнэ гүүрийг босгодог аж. Ханаа нураахгүйгээр хэнийг ч дотогшоо оруулж чадахгүйн адил, хайр гэдэг нь бие биенийхээ эмзэг талыг хараад, түүнийг нь нандигнан хайрлахыг хэлдэг юм шүү.

3. Хангалттай сайн гэдгийг хүлээн зөвшөөрөх

Хязгааргүй сонголт дундаас үргэлж хамгийн шилдэг хувилбарыг хайгчид хэзээ ч сэтгэл хангалуун байж чаддаггүй. Учир нь тэд "дараагийнх нь илүү байх болов уу?" гэж үргэлж эргэлзэж суудаг ажээ. Харин өөрийн чухал гэж үзсэн хэдхэн шалгуурт нийцсэн хүнийг сонгоод, тэр харилцаагаа тордож чаддаг хүмүүс л хамгийн аз жаргалтай амьдардаг. Төгс хүн гэж байдаггүй, харин бие биедээ төгс болж хувирдаг хосууд л гэж бий.

4. Өөрийгөө "соронзон" болгох нь

"Би ямар хүн хүсэж байна вэ" гэж асуухын оронд "би тийм хүний хажууд байх хэмжээний хүн мөн үү" гэж өөрөөсөө асууж сурах хэрэгтэй аж. Хүн өөрөө өөртөө сэтгэл хангалуун, амьдралдаа эзэн нь байх үед бусдыг татах хүч нь аяндаа бий болдог байна. Ганцаардлаа нөхөх гэж хэн нэгнийг хайх биш, харин дүүрэн байгаа хайраа хуваалцах хүнээ хайх нь эрүүл харилцааны эхлэл юм шүү.

5. Хайр бол сонголт

Сошиал медиагийн хуурамч гялбаа, сонголтын төөрөгдөл дунд жинхэнэ хайр дурлал дэлгэцэн дээрх шиг төгс байдаггүй. Хайр гэдэг нь өглөө бүр тэр хүнийг дахин сонгох, асуудал тулгарахад зугтахын оронд хамтдаа давах, нэг нэгнийхээ өсөлтөд дэм болох тухай амьд харилцаа юм.

Тэгэхээр морин тойруулгаасаа одоо буух цаг болжээ. Хажуугаар өнгөрөх мянган хүнийг шинжихээ зогсоож, яг одоо дэргэд чинь байгаа, эсвэл маргааш учрах тэр нэгэн хүний ертөнцөд нэвтрэх зоригтой байгаарай. Хайраар гэрэлтэж амьдраарай <3

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд

0
Ганц бие хүмүүс ганцаараа байхдаа юу хийдэг вэ? | Posted