Залуусын орон зай

Сайн дурын ажил танд ямар боломжуудыг нээх вэ? 

Б.Намуун2025.04.253 минут унших
Сайн дурын ажил танд ямар боломжуудыг нээх вэ?  - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

LinkedIn-ийн судалгаагаар таван менежер тутмын нэг нь сайн дурын ажил хийж байсан туршлагатай хүнийг ажилд авдаг аж. Тухайлбал, ажил олгогчдын 20 хувь нь сайн дурын ажил хийж байсан ажил горилогчийг ажилд авдаг нь сайн дурын ажил амьдралын баталгаа болох ч боломжтойг харуулж буй юм. Тэгвэл сайн дурын ажил ирээдүйд танд ямар боломжуудыг нээхийг мэдэж авцгаая.    

Сайн дурын ажил танд ямар боломжуудыг нээх вэ?  нийтлэлийн зураг
Оюутнуудын хувьд сайн дурын ажил зүгээр нэг хичээлээс гадуурх үйл ажиллагаа биш, харин өөрийгөө нээх, ур чадвараа дээшлүүлэх, ирээдүйн карьерынхаа хөрсийг зөв тавих хүчирхэг хэрэгсэл юм.  

Мэргэжлийн эрэл хайгуул ба бодит ертөнцийн туршлага  

Сайн дурын ажил нь оюутнуудад эрүүл мэнд, боловсролоос эхлээд байгаль орчин, технологи зэрэг янз бүрийн салбарыг урт хугацааны үүрэг хариуцлага хүлээхгүйгээр, нэг ёсондоо ажилд орохгүйгээр судлах боломжийг олгодог. Улмаар сургуулиа төгсөж, ажилд орохоосоо өмнө ажлын байрны амьдралыг ойлгож сэтгэлээ бэлдэх, өөртөө итгэх итгэлийг бий болгох, ажил мэргэжлээ зөв сонгоход тусалдаг аж. DoSomething олон улсын байгууллагын 2018 онд хийсэн судалгаагаар сайн дурын ажил хийдэг оюутнуудын 76% нь энэ туршлагаараа дамжуулж ирээдүйд юу хийхийг хүсэж байгаагаа мэдэж авсан гэжээ. 

Их дээд сургуулийн элсэлт ба тэтгэлэг 

Хүн бүрийн сайн мэддэгээр гадаадын их сургууль болон тэтгэлгийн шаардлагад нийгмийн идэвх, сайн дурын ажил гэдэг зүйл байдаг. Учир нь сайн дурын ажил нь тууштай байдал, манлайлал, санаачилгыг харуулдаг чухал чадвар, давуу тал юм. Цалин өгдөггүй ажилд сайн дураараа бусдад туслахын тулд, өөрөө өсөж хөгжихийн төлөө цагаа зарцуулан ажиллаж байгаа нь авууштай чанар. Коллежийн элсэлтийн зөвлөгөө өгөх үндэсний ассоциаци (NACAC)-аас явуулсан судалгаагаар коллежуудын 58 хувь нь сайн дурын ажлын туршлагыг элсэлтийн шийдвэрт нөлөөлдөг гэж үзсэн байна. Түүнчлэн Монголын төдийгүй олон улсын ихэнх тэтгэлэг сайн дурын ажлыг тэтгэлэгт тэнцэхэд туслах гол үзүүлэлтийн нэг гэж үздэг. Голч оноо багатай ч нийгмийн идэвхтэй, сурах чин хүсэл эрмэлзэлтэй хүүхдүүдэд олгодог тэтгэлгүүд ч бий.  

Амьдралд хэрэгтэй зөөлөн ур чадварууд  

Сайн дурын ажил хийснээр 21 дүгээр зууны чухал ур чадварууд болох багаар ажиллах, цагийн менежмент, манлайлах ур чадварт суралцдаг. “Points of light” байгууллагын судалгаагаар тогтмол сайн дурын ажил хийдэг оюутан, сурагчдын өөртөө итгэх итгэл, өрөвдөх сэтгэл, асуудал шийдвэрлэх чадвар өндөр хөгжсөн байдаг аж.   

Ментортой болох боломж 

Олон төрлийн сайн дурын ажил хийж явахдаа цаашдын амьдрал, карьерт тань туслах зөвлөгч, менторыг олж авах боломжтой. Энгийн амьдралын хэв маяг дунд төдийлөн олж уулзаж чаддаггүй мэргэжилтнүүдийг сайн дурын ажлын үеэр л олж уулзах нь элбэг байдаг. Иймээс тэднээс суралцах, хамтарч ажиллах асар их боломж нээгддэг билээ.  

Сайн дурын ажил танд ямар боломжуудыг нээх вэ?  нийтлэлийн зураг
Ажил мэргэжлийн ахиц дэвшил, ур чадварыг хөгжүүлэх 

Дэлхийн хамгийн том мэргэжлийн үйлчилгээний компаниудын нэг “Deloitte"-ийн тайланд дурдсанаар хүний нөөцийн менежерүүдийн 92 хувь нь сайн дурын ажил манлайллын ур чадварыг дээшлүүлдэг гэж үздэг бөгөөд 82 хувь нь сайн дурын ажлын туршлагатай хүнийг ажилд авах магадлал өндөр байдаг аж. Иймээс насанд хүрэгчид сайн дурын ажил хийснээр ажил мэргэжлийн хувьд ахих, шинэ ур чадваруудад суралцах боломжтой юм. Түүнчлэн мэргэжлээ өөрчлөх, завсарлага авах хүсэлтэй хүмүүсийн хувьд сайн дурын ажил нь ур чадвараа хөгжүүлж, шинэ салбарт амжилт гаргах сайхан арга билээ. 

Сэтгэцийн эрүүл мэндэд тустай 

Нэг хэвийн ажил хийдэг хүмүүс өөр ажил туршиж үзэнгээ сайн дурын ажил хийх нь өөр орчинд орж, сэтгэл зүйгээ дэмжихэд тустай. “Journal of Happiness Studies” сэтгүүлд нийтэлсэн судалгаагаар сайн дурын ажил хийдэг хүмүүсийн аз жаргалын түвшин нэмэгдэж, сэтгэл гутралын түвшин буурдаг болохыг тогтоожээ.  

Өөрчлөлт хэн нэгнээс эхэлдэг - Энэ удаа тэр хүн нь та байж яагаад болохгүй гэж? 

Сайн дурын ажил танд ямар боломжуудыг нээх вэ?  нийтлэлийн зураг
Лантуун дохио ТББ-ын гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Volunteer Day” арга хэмжээ энэ сарын 26-нд буюу Бямба гарагт Volunteer HUB-д болох гэж байна. Уг арга хэмжээ нь сайн дурын ажил хайж буй залуусыг байгууллагуудтай холбож, бодит боломж, урам зориг, шинэ танилуудтай учруулах зорилготой. Арга хэмжээ үнэ төлбөргүй, гэхдээ бүртгэлийн тоо хязгаартай тул ЭНД дарж бүртгэлээ баталгаажуулаарай. 

Холбоотой нийтлэлүүд