800 авахгүй байсан ч зүгээр дээ...

2026.06.243 минут унших
800 авахгүй байсан ч зүгээр дээ...  - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Элсэлтийн шалгалтын өдөр дөхөх тусам олон мянган сурагч айдас, догдлол, эргэлзээ, сандрал мэдэрч суугаа байх. Ирээдүйн амьдралаа одоо л шийдэх гэж буй мэт энэ хачирхалтай мэдрэмжийг тойрч гарсан хүн бараг үгүй биз.

2026 оны Элсэлтийн шалгалтад нийт 49,014 сурагч бүртгүүлснээс математик, англи хэл болон нийгэм судлалын хичээлийг хамгийн их сонгожээ. Газар зүйн байршлын хувьд нийт шалгуулагчийн 53.2 хувь нь нийслэл хотод, 46.8 хувь нь орон нутагт бүртгүүлсэн байна. Эдгээр шалгуулагчийн 55 хувийг эмэгтэй, 45 хувийг эрэгтэй сурагчид эзэлж байгаа аж. Насны бүлэг буюу төгссөн хугацаагаар нь авч үзвэл нийт бүртгэлийн 87 хувь нь энэ оны төгсөгчид байгаа бол үлдсэн 13 хувь нь өмнөх оны төгсөгчид байна.

Тиймээс элсэлтийн шалгалтаа өгөх гэж буй сурагчдадаа Posted.mn-ийн редакцын зүгээс бяцхан зөвлөгөөг бэлтгэлээ.

Энгийн л нэг шалгалтын өдөр юм шүү!

800 авахгүй байсан ч зүгээр дээ...  нийтлэлийн зураг

Төгсөх ангийн сурагчдад “Өөрийгөө танин мэдэх үе шат” хамгийн ихээр идэвхэжсэн байдгийг Psychology Today сайтад  тэмдэглэжээ. Ийм үедээ үргэлж эргэлзэх, олон зүйл туршиж үзээд дундаас нь зогсоох, сонирхлоо өөрчлөх, түгших гэх мэт үе тохиолдоно. Тэгэхээр шалгалтын өмнө олон янзын бодол, айдас мэдрэгдэж байвал хэвийн үзэгдэл шүү. Өөрийгөө буруутгахгүйгээр тэр мэдрэмжүүдтэйгээ нүүр тулаад хүлээн зөвшөөрөөрэй. Түүнчлэн элсэлтийн шалтгалт өгөх өдрийг “маш онцгой өдөр” хэмээн хэтрүүлэн төсөөлөх нь түгшүүрийг нэмэгдүүлэх хортой тул зүгээр л урт амьсгаа аваад энэ бол энгийн нэг шалгалтын өдөр гэдгийг өөртөө сануулаарай.

Шинэ хичээл судлах гэж хичээх хэрэггүй

Багш нар шалгалтын өмнөх өдөр шинэ сэдэв, шинэ хичээл судалж, өөрийгөө төөрөгдүүлэхгүй байхыг сануулдаг. Олон сарын турш бэлдсэн, багшийнхаа зөвлөсөн сэдвүүдийг гүйлгээд харахад л хангалттай. Дахин шинэ хичээл үзэх гэж хичээх тусам тархи хүлээж авахгүй шүү.

Нойр, хоолоо зохицуулаарай

Ялангуяа сүүлийн нэг жилд Элсэлтийн шалгалтын тухай бодол чамаас салаагүй байх. Тэр чинээгээр стресс нэмэгдсэн байж таарна. Тэгэхээр шалгалтын өмнөх өдрүүдэд хэт их цагаар сууж өөрийгөө ядраахаас зайлсхийн амрах нь зүйтэй. Өдөрт 6-8 цаг унтаж хэвших, ус тохируулан ууж, жимс ногоо идэх, нүүрс устай болон уураглаг хүнс, омега хэрэглэхийг мэргэжлийн хүмүүс санал болгодог. Харин их хэмжээний кафейн, чихэрлэг зүйл, тос ихтэй шарсан хоолноос түрдээ татгалзаарай.

Шалгалт өгөх газраа төсөөлж, танил орчин болгоорой

800 авахгүй байсан ч зүгээр дээ...  нийтлэлийн зураг

Элсэлтийн шалгалт өгөх танхимаа одооноос эхлэн бодит мэт төсөөлөн хараарай. Сандал, ширээ, самбар, цонх, тэнд байх хүүхдүүд, багш нарыг нарийн сайн төсөөлчихвөл яг тухайн өдрөө танил орчиндоо ирсэн мэт санагдаж, сандралаа дарж чадна.

Агаарт алхаж, амьсгалын дасгал хийгээрэй

45-60 минут суралцаад 10-15 минут амрах дүрмийг баримталж хэвшээрэй. Амрах үедээ агаарт алхах, дуртай дуугаа сонсох, амьсгалын дасгал хийх зэргээр чанартай сэргээш авах хэрэгтэй. Амьсгалын дасгал төвлөрөх боломжийг өгдөг учраас олон бодолд автсан үедээ 30-60 секундийн хугацаатай дасгал хийж байгаарай. 

Мэдрэмжээ бусадтай хуваалц

Өөрийн дуртай сэдвээр хэн нэгэнтэй дотно ярилцлага өрнүүлж, өөрт төрж байгаа мэдрэмжээ нуулгүй хуваалцвал тайвшрах болно. Сандарч, түгшиж байгаагаа, хариуцлагатай үеийнхээ өмнө ирснээ хэрхэн мэдэрч буйг, стресс хэр байгаагаа илэн далангүй уудлаарай. Тийм итгэл даах хүн эргэн тойронд нь байхгүй бол мэргэжлийн хүмүүст хандаж болно. Сургуулийн сэтгэл зүйч нартайгаа тогтмол уулзвал энэ асуудлыг ардаа орхино шүү.

Бүх зүйл төгс биш учраас тайвшир, 800 авахгүй байсан ч зүгээр

Хэтэрхий төгс зүйл рүү тэмүүлэх хэрэггүй дээ. Энэ орчлонд 10 хуруу тэгш зүйл хаа ч байхгүй. Заавал ийм оноо авч, заавал тэр мэргэжлийг эзэмшихгүй л бол тэг зогсолтод орох юм шиг санагдаж байвал дахиад нэг бодоод үзээрэй. Тэр биш бол энэ байж болдог. Амьдралын алхам бүрд шинэ сонголт гарч ирсээр байдаг учраас сандарч, айх хэрэггүй. Зүгээр л удаан хугацаанд давтсан хичээлээ хамгийн сайнаараа хийгээд гарч ирэхэд л болно шүү дээ.

Эцэст нь өөрийгөө хэнтэй ч бүү харьцуулаарай

Хүн бүр өөр, өөрийн замаар алхаж, амьдралаа бүтээдэг. Чамд байгаа ур чадвар, чиний ертөнц дахин давтагдашгүй болохоор заавал бусад шиг байх шаардлагагүй. Алдаж болно, санасандаа хүрэхгүй байж болно. Алдсан хүн нэг ухраад хоёр урагшилж байдгийг санаарай. Хамгийн чухал зүйл бол “би чадна” гэж өөртөө итгүүлэх. Юу ч болж байсан чи чадна гэдэгт итгээрэй. Бүх зүйл урсаад л өнгөрдөг юм. Амжилт хүсье.

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд