Космосын нууцад нэвтрэхүй: Юу, Яагаад, Яаж?


“Холхи газраас гялалзан харагдах өнгөт од оо
Хязгааргүй огторгуйн дунд зугаалсан олон улаан оч оо
Нарт ертөнцийн дотор суугаа марс од оо
Манай хүн төрөлхтөн чамтай танилцахыг хэдийнээс хүсэв…”
Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн сансар огторгуйг төсөөлөн, таамаглаж бичсэн уг шүлгээр Карл Саганы “Космос” номын нээлт эхэлж, бас нэгэн гайхалтай бүтээл монгол уншигчдын оюуныг цэнгүүлэхэд бэлэн боллоо.

Магад та “Одод хооронд” (Interstellar) киног үзсэн бол сансар огторгуйг гайхширан, бид энэхүү өргөн уудам ертөнцөд хэчнээн бяцхан оршихуй болохыг мэдэрч байсан биз ээ. Хүн төрөлхтний бусад амьтнаас ялгарах гол онцлог нь дундаршгүй их сониуч зан гэлтэй. Тиймдээ ч их зохиолч Д.Нацагдорж “Алтан сайхан бие дээр чинь ямар хүн эрдэнэ оршном. Уул, ус, цэцэг мод чинь юугаар бүтсэн бэ?” гэж шүлэглэсэн биз. Үнэхээр л хэдэн мянга, хэдэн тэрбум гэрлийн жилийн зайд ямар амьдрал оршин буй бол? Аль гараг дээр биднээс өөр оюун ухаант оршихуй буй бол? Космос гэмээ нь юу гэгч вэ? Яагаад бидэнд хамааралтай болчхов? Карл Саган “Космос”-д хүн төрөлхтөн ба орчлон ертөнцийн харилцан уялдаа холбоог яаж тайлбарласан юм бол?
Космос гэж ЮУ вэ?
“Космос” бол 1980 онд нэрт астрофизикч Карл Саганы бичин, хэвлүүлсэн шинжлэх ухааны ном юм. Уг номыг Саган 13 ангитай ижил нэрт телевизийн нэвтрүүлгээс санаа аван бүтээж байв. Ийнхүү үл хуучрах эл бүтээл дэлхий хэмээх цэнхэр гаргийн хомо сапиенс төрөл зүйлийн амьтдад хорвоо ертөнц, сансар огторгуйг танин мэдэж, шинжлэх ухааны нарийн төвөгтэй ойлголтуудыг ухан сэхээрэх боломжийг олгосон юм. “Космос” нь 13 бүлэгтэй ба тус бүр нь орчлон ертөнц болон хүн төрөлхтөнтэй холбоотой өөр өөр талыг өгүүлдэг.

Космос гэдэг үг нь Грекийн “kosmos” (κόσμος) үгээс гаралтай бөгөөд энэ нь "дэг журам, зохицуулалт" болон "орчлон ертөнцийн эмх цэгцтэй, бүхэл бүтэн байдал" гэсэн утгатай юм. Нэг ёсондоо бүхэл сансар огторгуй, орчлон ертөнцийг хэлж байна гэж ойлгож болно. Уг номд “Космос бол болоод өнгөрсөн, одоо болж буй, ирээдүйд болох зүйл юм” хэмээн тодорхойлсон байдаг нь уран яруу, утга төгөлдөр ажээ.
Космос ЯАГААД бидэнд хамааралтай вэ?
Дээр хэлсэнчлэн космос нь бидний гарал үүсэл, одоо ба ирээдүйг бүгдийг багтаасан учраас бидний хувьд маш өргөн хүрээтэй ойлголт юм. Энэ нь хамгийн жижиг бөөмсөөс эхлээд хамгийн алс холын галактик хүртэл байгалийн хуулиар харилцан уялдаатай орчлон ертөнцийн уудам орон зайг төлөөлдөг. Зөвхөн биет орон зай төдийгүй гүн ухаан, сэтгэл хөдлөлийн орчил бөгөөд хүн төрөлхтөн оршихуйн талаарх гүн гүнзгий асуултуудын хариултыг өнө мөнхөд хайсаар л ирсэн билээ. “Бид хаанаас ирсэн бэ? Бид яагаад энд байгаа юм бэ? Биднээс цааш юу байна вэ?” гэсэн асуулт тархи оюунд маань эргэлдсээр өнөөдөртэй золгожээ. Космос мэдэгдэж байгаа болон үл мэдэгдэх зүйлийн аль алиныг агуулж байдаг тул айдас төрүүлэм эс бөгөөс догдлон бачуурам ч юм шиг. Космосын цар хүрээ, нууцлаг байдал нь бидний хязгаарыг сануулахын зэрэгцээ сониуч байдлыг улам өдөөдөг. Хүн төрөлхтний хувьд космос бол толь бас уран зураг юм. Энэ нь бидний нийтлэг гарал үүслийг илэрхийлдэг. Бид бүгд Карл Саганы хэлснээр "оддын тоосонцор". Бидний биеийг бүрдүүлдэг нүүрстөрөгч, азот, хүчилтөрөгч зэрэг атомууд хэдэн тэрбум жилийн өмнө мөхсөн оддоос бий болсон агаад одууд устах үедээ сансарт бодис ялгаруулж, энэ нь эцэстээ шинэ од, гарагуудыг бий болгожээ. Тэдгээрийн зарим нь бидний биед орж, биднийг "од" болгосон ажгуу.

Космос номыг яагаад унших хэрэгтэй вэ?
- Шинжлэх ухааны орчуулгыг монгол хүний сэтгэлгээнд тохируулсан
Уг номын редактор С.Энхцэцэг “Саганы найруулгын хэв маягийг монгол хэлнээ буулгахдаа цаад мөн чанарыг нь хэвээр үлдээх даалгавар надад оногдсон. Монгол хүний сэтгэлгээнд тэр онол, ойлголт яаж буух бол гэсэн асуулт байнга толгойд эргэлддэг байлаа. Жишээ нь, тэдэн бээр, тэдэн миль гэсэн ойлголт бидэнд буухгүй шүү дээ. Оронд нь саахалтын газар гэх мэтээр хэмжээсийг өөрчлөх хэрэгтэй болсон. Мөн би өөрийнхөө мэддэг үгэн дунд эргэлдэж болохгүй юм байна гэдгийг ойлгож, маш их толь харж, өөр үг, утга санааг эрэн хайсан. “Муу юм тохиолдоно гэж зөгнөөд байхаар тэр нь тохиож л байгаа юм” гэсэн утгатай өгүүлбэрийг “Ёр ёсоор болно” хэмээн гурван үгэнд багтаан, монголчилж өөрчлөх жишээтэй. Илүү ойлгомжтой орчуулах үүднээс бид багаараа үг нэг бүрийг тусгайлан ярьдаг байсан” хэмээсэн юм.
- Мэргэжлээ сонгохоос өмнө өөр рүүгээ нэг өнгийж харна
“Космос” номын орчуулагч А.Доржпалам: Их сургуульд нийгмийн шинжлэх ухаанаар сурдаг байхдаа энэ номыг уншаад юу хийх ёстойгоо ойлгож, мэргэжлээ солиход нөлөөлж байлаа. Иймээс сурагчид энэ номыг уншвал магад мэргэжлээ сонгоход нь том нөлөө үзүүлэх байх. Ажил карьераа эхлүүлчихсэн хүмүүс уншсан ч нийгэм, амьдралыг харах өнцөгт нь нөлөөлж, магадгүй сонгуульд санал өгөхөд нь ч нөлөө үзүүлж болох юм. Нэг ёсондоо илүү ухаалаг иргэнийг бий болгоход тусална гэж найдаж байна.
- Өргөн хүрээний сэтгэлгээг хөгжүүлнэ
“Космос” номын орчуулагч Д.Энхтүвшин: Би өөрөө физикч, одон орон судлаач мэргэжилтэй хүн. Тэгэхээр яг туршлагаасаа хэлж байгаа юм шүү. Одон орон судлал нь хүнийг өргөн хүрээнд сэтгэдэг болгодог учраас илүү төлөв даруу болдог. Эл салбар нь өөрөө хүнийг хайрцгаас гарч сэтгэхэд тусалдаг юм. Монгол хүний жилд уншдаг номын дундаж тоо 0.3-0.6-н хооронд гэсэн тоон үзүүлэлт харсан л даа. Гэтэл хөгжингүй орнуудад нэг хүний жилд унших номын тоо дунджаар 3-5 байдаг. Монголд 0.6 байна гэхээр монголчууд ном уншихгүй байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр шинжлэх ухааны ч гэлтгүй, ер нь л бид ном унших хэрэгтэй байна.
- Хайрлахад суралцана
“Космос” номын редактор С.Энхцэцэг: Сансраас дэлхийгээ харвал улс орнуудын хил зааг харагдахгүй. Бид өөрсдөө л газрын зураг гаргаж ирээд энд ийм улс байгаа, энд өөр тив, өөр үндэстэн бий гэж ялгаад байгаа. Магадгүй шинжлэх ухааныг сайн ойлгосон хүн хүнийг, эх дэлхийгээ, бусад бүх зүйлийг хайрлаж чаддаг болох юм шиг санагдсан. Иймд хамгийн гол энэ номоос авах зүйл дан ганц шинжлэх ухааны мэдлэг биш хандлага, магадгүй хайр байх юм шиг.
- Шинжлэх ухаанд дурлана
“Космос” номын нээлтэд оролцогч, уншигч О.Нандинцэцэг: Манай ерөнхий боловсролын сургуулиудад хими, физик гэх мэт шинжлэх ухааны хичээлийг жаахан уйтгартай, уламжлалт арга барилаар заасаар ирсэн. Энэ ч утгаараа манай сургууль, ангид цөөхөн хүүхэд энэ төрлийн шинжлэх ухааны хичээлд дуртай байлаа. Хичээлийг уйтгартай зааж байгаа нь мэргэжил сонголтод нөлөөлж, улс оронд нийгмийн ухааны чиглэлийн мэргэжил илүүдэлтэй болжээ. Би ч өөрөө нийгмийн ухааны хүн. Зүгээр л сургуулийн нэг анги доторх жижиг асуудал мэт боловч эргээд улс орны шинжтэй том зүйл болж хувирч байна. Тийм ч учраас би өөрийгөө шинжлэх ухааны мэдлэг дутмаг гэж боддог. Одоо бол насанд хүрч, төлөвшсөн хүн болсныхоо дараа энэ номыг эх хэл дээрээ унших боломж бүрдсэнд баяртай байна. Мөн бодлого боловсруулагчид маань магадгүй энэ номыг дэмжихийн зэрэгцээ цаашлаад шинжлэх ухааны хичээлийг туршилт, лаборатори ихтэй болгоосой гэж хүсэж байна.
“Космос”-д хүн төрөлхтөн ба орчлон ертөнцийн уялдаа холбоог ЯАЖ тайлбарласан бэ?

Саган уг номоороо бидэнд "Бид одноос бүтсэн" гэдгийг сануулдаг билээ. Энэ ч утгаараа бид орчлон ертөнцтэй салшгүй холбоотой юм. Мөн энэхүү ном нь сансар огторгуйн цаг хугацааны асар том цар хүрээ, түүний доторх хүн төрөлхтний харьцангуй богино оршин тогтнолыг энгийн, ойлгомжтой тайлбарласан байдаг. Саган орчлон ертөнцийн 13.8 тэрбум жилийн түүхийг хуанлийн ганц жилтэй харьцуулсан. Энэхүү он цагийн хэлхээс дээр хүн төрөлхтний бүх түүх арван хоёрдугаар сарын 31-ний сүүлийн хэдхэн секундын дотор өрнөдөг ажээ. Үүгээр бидний оршин тогтнон буй цаг хугацаа орчлон ертөнцийн уудам эрин үетэй харьцуулахад хэр өчүүхэн бөгөөд тун саянхных гэдгийг харуулж буй юм. Түүнчлэн Карл Саган хүн төрөлхтний оршин тогтнол бидний эх дэлхийгээ болон бие биеэ халамжлах хандлагаас шалтгаална гэдгийг номоороо дамжуулан сануулдаг билээ.
Космосын тухай юу, яагаад, яаж хэмээх асуултуудад бид хариулт авлаа. Орчлон ертөнцийн агуу түүхийн хажууд хүн төрөлхтөн түр зуурын агаад сансар огторгуйн салхинд шивнэх чимээ төдий байж болох юм. Гэсэн хэдий ч энэ богинохон оршин тогтнолдоо бид ухаарлын өвөрмөц бэлгийг авч төржээ. Карл Саган бидэнд бид бол зүгээр л нэг сансар огторгуйг ажиглагчид биш, харин түүний оролцогчид, өв залгамжлагчид гэдгийг сануулжээ. Бидний космостой холбогдох нарийн бөгөөд үл үзэгдэх учиг нь алс холын тэнгэрийн хаяаг ширтэн, оддыг ажиглан суухын зэрэгцээ гэр гэж нэрлэдэг энэхүү эмзэг ертөнцөө нандигнахыг уриалж буйд гол утга оршин буй юм. Учир нь сансар огторгуйг ойлгох урт холын аяллын явцад бид эцэст нь өөрсдийгөө ойлгож чадах билээ. Бид бол өөрийгөө таньж, ухамсарласан Космосын амьд биелэл юм.