Бид өглөө хэдэн цагт босох ёстой вэ?

Д.Жавхлан
Д.Жавхлан
2026.01.252 минут унших
Бид өглөө хэдэн цагт босох ёстой вэ? - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Шинэ долоо хоногийг, илүү эрч хүчтэй, бүтээмжтэй эхлүүлэхийн тулд хүмүүс ихэвчлэн өдөр бүр өглөөний 5 цагт босохыг чухалчлах болжээ. Дэлхийн томоохон бизнес эрхлэгчид, алдартай тамирчид эрт босох нь амжилтын нууц хэмээн ярих нь бий. Гэвч нойр судлаачид үүнийг хүн бүрд тохирох зөвлөгөө биш гэж үздэг ажээ. Хүмүүс ихэвчлэн өөртөө илүү чөлөөт цаг гаргаж, олон ажил амжуулахын тулд нойроо хасан эрт босох хандлагатай байдаг аж. 

АНУ-ын Калифорни мужийн нойрны эмч Майкл Брюс хэлэхдээ “та ‘шөнийн хүн’ буюу шөнө анхаарал нь төвлөрч, илүү ажилладаг хүн бол өөрийгөө 5 цагт босгох гэж хүчилж болохгүй. Учир нь хэдхэн цагийн нойртой хэр нь эрт босох гэж оролдвол улам ядарч, амархан сэтгэлээр унах эрсдэлтэй” гэсэн байна. Мөн тэрээр “сүүлийн үед хүмүүс өглөө 5 цагт босох гэж хичээх, орой унтахдаа амаа наалтаар нааж унтах нь ихэссэн. Гэвч энэ нь ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй зүйл” хэмээн тайлбарласан байна.

Мөн АНУ-ын Gallup байгууллагаас гаргасан судалгааны үр дүнд Америк залуусын ойролцоогоор 20 хувь нь шөнөдөө таван цаг ба түүнээс бага цаг унтдаг гэсэн бол 57 хувь нь “их унтах нь тархийг сайн амраадаг” гэсэн ч өдөр тутмын стресс, түгшүүр бөх нойрсоход саад болдог гэж хариулжээ. 

Тэгвэл бид яг хэдэн цагт босох ёстой вэ, гэж үү? Энэ асуултанд судлаачид тодорхой тогтсон хариулт өгөхөөс татгалздаг юм байна. Учир нь хүний биеийн онцлог, нас, өдөр тутмын амьдралын хэв маяг, генетик онцлогоос хамааран нойрны хэм өөр өөр байдаг тул хүн бүр нэг ижил цагт сэрэх боломжгүй аж. Тиймээс сэрэх цагаас илүү, 7-9 цагийн чанартай нойр авч чадсан эсэхдээ анхаарах нь чухал ажээ. Өөрийн бие махбодын онцлог, нойрны хэмнэлдээ тохируулан чанартай нойр авч хэвшсэнээр та өглөө хэдэн цагт боссон ч өдрийг эрч хүчтэй өнгөрүүлэх боломжтой юм.

Эх сурвалж: The Wall Street Journal

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд

0
Бид өглөө хэдэн цагт босох ёстой вэ? | Posted