Европын орнууд өсвөр үеийнхний сошиал хэрэглээг хязгаарлаж эхэлжээ

2026.03.302 минут унших
Европын орнууд өсвөр үеийнхний сошиал хэрэглээг хязгаарлаж эхэлжээ - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Өсвөр үеийнхний сошиал медиа хэрэглээний талаарх маргаан дэлхий даяар олон нийтийн анхаарлыг татсан хэвээр байна. Тухайлбал, АНУ-д Meta болон Google компаниудын эсрэг олон нийт гомдол гаргаж залуу үеийнхний сошиал донтолт, сэтгэлзүйн тогтворгүй байдал болон насны онцлогт тохироогүй алгоритм санал болгодог зэрэг асуудалд технологийн компаниуд хариуцлага хүлээх ёстой хэмээн үзэж байгаа ажээ. 

Тиймээс Европын орнууд насанд хүрээгүй бол цахим хаяг нээх, ямар нэг байдлаар дижитал орчинд нэвтрэх эрхийг хязгаарлах талаар хэлэлцэж эхэлжээ. Тодруулбал, Герман улс өсвөр насныхны сошиал медиа хэрэглээг хориглох, хатуу хяналт тавих талаар хэлэлцэж эхэлсэн бол Австрали улс 2025 оноос хойш 16-аас доош насныхан сошиал сүлжээ ашиглахыг хориглосон. Мөн Франц, Португал зэрэг улсууд сошиал сүлжээнд 15-16 насны босго тогтоох хууль баталж, Их Британи, Испани зэрэг улсууд хэлэлцэх шатандаа явж байгаа юм байна.

Сошиал хэрэглээг хязгаарлахын эерэг болон сөрөг талууд

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар өсвөр насныхны сошиал хэрэглээг хязгаарлах бодлого эрчимжиж, 13–16 насны босго тогтоох болсон нь хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилготой бөгөөд кибер гэмт хэрэг, хүчирхийлэл, ёс бус зүйл сурталчилсан контент, цахим залилан зэрэг эрсдэлийг бууруулахад чиглэж байгаа аж. 

Энэхүү хууль ёсны хязгаарлалтын бодлого нь тодорхой эерэг өөрчлөлтүүдийг дагуулах боломжтой аж. Тодруулбал, хүүхдийн анхаарал төвлөрөл сайжирч сэтгэлзүй нь тогтвортой байх, амьд харилцаа сайжрах, аюулгүй байдал дээшлэх зэрэг давуу талууд бий болно хэмээн мэргэжилтнүүд онцолж байна. Гэвч нөгөө талаас мэдээллээс хоцрох, найз нөхдийн харилцаа тасалдах, нууцаар ашиглах зэрэг сөрөг үр дагавар гарах эрсдэлтэй тул судлаачид зөвхөн хориг тавих нь хангалтгүй бөгөөд дижитал боловсрол, эцэг эхийн оролцоо, технологийн шийдлийг хослуулах шаардлагатай гэжээ.

Монгол Улсын хувьд 16-аас доош насныхны сошиал хаягийг хязгаарлах талаар мөн хэлэлцэж байгаа ч бодлого бодит үр дүнд хүрэх эсэх нь хэрэгжилт буюу нас, нэр зэргийг баталгаажуулах хяналтын систем, боловсролын орчны оролцооноос шууд хамаарах болохыг мэргэжилтнүүд онцолж байна.

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд