Нүд бол бидний өдөр тутмын амьдралыг хялбаршуулж, чиглүүлж байдаг хамгийн чухал эрхтнүүдийн нэг билээ. Гэвч үүнийг бид байдаг л зүйл мэт хүлээн авч эрүүл нүд, харааны үнэ цэнийг ухаарах нь ховор байдаг шүү дээ. Гэтэл хараа муудах эсвэл хараагаа алдах үед хүний суралцах, унших, боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэх зэрэг энгийн мэт санагдах үйлдлүүд бэрхшээл болон хувирах нь бий.
2023 онд ДЭМБ-аас гаргасан судалгаанд дурдсанаар дэлхий дээрх 2.2 тэрбум хүний ойрын болон холын хараа муудсан байдаг гэжээ. Үүний 1 тэрбум тохиолдол нь хараа муудахаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой байсан хэдий ч өөрт тохирох эмчилгээг хийлгэн, үзлэгт хамрагдаагүйн улмаас хараа нь муудаж улмаар хараагаа алдсан тохиолдол ч цөөнгүй байдаг аж. Хараа муудах, хараагаа алдах асуудал нь аль ч насныханд тохиолдож болох бөгөөд ойрын болон холын харааны бэрхшээлтэй хүмүүсийн дийлэнх нь 50-аас дээш насныхан байдаг ажээ.
Хараа муудах = Харааны бэрхшээл
Хүмүүс ойрын болон холын хараа муудах үеийг харааны бэрхшээлтэй андуурах нь бий. Гэвч харааны бэрхшээл гэдэг нь ямар нэгэн өвчин, эмгэгээс шалтгаалан харааны тогтолцоо өөрчлөгдөж, нүдний хэвийн үйл ажиллагаа алдагдан, харах чадвараа тодорхой хэмжээнд алдсан тохиолдлыг хэлдэг тусдаа ойлголт юм.
Хараа муудах
Ном, сонин унших, утас үзэх үед бүрэлзэж харагдах зэрэг нь ойрын хараа муудсаныг илтгэнэ. Харин самбар дээр бичсэн зүйлс, замын тэмдэг зэрэг нь холоос бүдэг бадаг харагдах нь холын хараа муудсан тохиолдолд илрэх шинж тэмдэг юм.
Харааны бэрхшээл
Нүдний шил, линз зүүсэн ч сайн харахгүй, өдөр тутмын амьдралд саад болохуйц хэмжээнд харааны чадамж буурсан, эмчилгээ хийлгэх шаардлагатай бол харааны бэрхшээлтэй хэмээн үздэг аж. Тодруулбал, ойрын болон холын харааны хүнд хэлбэрийн алдагдалтай, катаракт, глауком, торлог бүрхэвчийн өвчин зэрэг нүдний өвчлөлөөс шалтгаалсан хараа сулралтай, бүрэн хараагүй байдал зэргийг харааны бэрхшээл хэмээн тодорхойлно. Харааны бэрхшээл нь төрөлхийн болон олдмол байдаг.
Анагаахын ухааны доктор профессор Д.Уранчимэг нарын 2015 онд хийсэн “Зайлсхийж болох сохрол, сул харааны тархалт, түүний шалтгаан” судалгааны өгүүлэлд Монгол Улсын хэмжээнд нүдний тэргүүлэх өвчлөлийн эхний гуравт болорын цайлт, нүдний даралт ихсэх, эвэрлэгийн өвчлөлүүд нь хараа муудах гол шалтгаан болж байна гэсэн үр дүн гарсан байдаг ажээ.
Иймд харааны шил, линз зүүх үед хэвийн харж байвал “хараа муутай” хэмээх ангилалд багтах бөгөөд хараа муудсан тохиолдлыг харааны бэрхшээлтэй андуурч болохгүй ажээ.
Нүдний хараа муудсан тохиолдолд шил зүүхийг зөвлөж байна
Бидний ойрын болон холын хараа муудах тусам нүд хуурайших, нулимс гоожих, хорсох, загатнах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Энэ үед мэргэжлийн байгууллагад хандаж, эмчийн заавар зөвлөгөөг аваагүйгээс үүдэлтэй болор цайх, нүдний даралт ихсэх зэрэг нүдний өвчлөлөөр өвдөх магадлал өндөр байдаг аж. Бид нүдний хараа муудахад нөлөөлж буй хүчин зүйлсийг анзаарч, шаардлагатай арга хэмжээг авч чадсанаар нүдний өвчлөлүүдээс бүрэн сэргийлэх боломжтой ажээ.
Иймд бид нүдний хараа муудахад нөлөөлдөг гол хүчин зүйлс, түүнээс хэрхэн сэргийлэх талаар УБ Сонгдо эмнэлгийн нүдний эмч Г.Цацралтай товчхон ярилцаж, зөвлөгөө авсан юм.

Эмчийн хэлж буйгаар сүүлийн үед хийгдсэн мета-анализ томоохон судалгаануудад хүүхдүүд ялангуяа өсвөр насныхан өдөрт дэлгэц харах хугацаа нэгээс дөрвөн цаг байх нь холын хараа муудах эрсдэлийг 21%-иар өсгөдөг гэсэн үр дүн гарсан байна.
- Бидний хараа муудахад нөлөөлдөг гол хүчин зүйлс юу вэ, Хараа муудахаас хэрхэн сэргийлэх боломжтой вэ?
Хараа муудахад нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйлс бий. Үүнд хүмүүсийн өдөр тутамдаа ашиглаж буй гар утас, компьютер зэрэг дэлгэцийн хэт хэрэглээ нь голлох хүчин зүйл болж байна. Утаснаас гадна хүүхэд, залуус хичээлээ хийхдээ буруу суух, завсарлахгүй удаан хугацаагаар ажиллах зэрэг нь нүдэнд сөрөг нөлөө үзүүлэх нь бий.
Бидний нүд алсын бараа ширтэж байхдаа амарч байдаг. Иймд нүдний ачааллыг багасгаж ойрын зайд удаан харахаас сэргийлж аль болох хол зайд харах нь хараа муудахаас сэргийлэх хамгийн энгийн арга болох юм. Хүүхдүүдийн хувьд гадаа 2 цаг тоглоход л хараа муудах эрсдэлээс сэргийлж байдаг. Мөн хараа муудсан тохиолдолд өөрийн хараанд тохирсон шилээ зүүж хэвших шаардлагатай.
- Нүдний хараа муудсан тохиолдолд заавал шил зүүх хэрэгтэй юу?
Хараа муудсан тохиолдолд өөрт таарсан нүдний шилээ зүүх нь нүдэнд ирэх ачааллыг багасгах давуу талтай. Иймд заавал зүү гэж хэлэхгүй ч ихэнх тохиолдолд харааны шил тааруулж зүүх шаардлагатай. Харааны алдагдал ном унших, жолоо барих, дэлгэц харах зэрэг таны өдөр тутмын үйл ажиллагаанд нөлөөлж байвал өөрт тохирсон шилээ зүүхийг зөвлөдөг.
- Компьютерын хамгаалалттай шил зүүх нь ямар ашигтай вэ. Хиймэл нулимс тогтмол ашиглах шаардлагатай юу?
Компьютерын хамгаалалттай шил гэдэг нь харааг сайжруулах биш харин дэлгэцийн ачааллаас нүдийг хамгаалж, тав тухыг нэмэгдүүлэх зорилготой. Иймд компьютерын хамгаалалттай шил нь удаан хугацаанд дэлгэц ширтэхэд нүдэнд үүсэх ачааллыг бууруулж, нүдний хуурайшилт, хорсолтыг багасгадаг бөгөөд нойрны хэм алдагдахаас сэргийлэх ач тустай.
Хиймэл нулимс бол эм биш харин нүдний үйл ажиллагааг дэмжих хэрэгсэл юм. Иймд хиймэл нулимсыг зөвхөн шаардлагатай тохиолдолд тогтмол хэрэглэх нь зүйтэй. Жишээлбэл, нүд нь хуурайшдаг, хорсож улайдаг, компьютер утас зэрэг дэлгэцийн хэрэглээ ихтэй, хуурай, агааржуулалт бага орчинд ажилладаг, контакт линз зүүдэг хүмүүст бол хиймэл нулимсыг өдөрт 2-4 удаа дусаахыг зөвлөдөг.
Эмчийн хэлж буйгаар бид дараах энгийн дадал зуршлыг амьдралдаа хэвшүүлснээр нүдний хараа муудахаас сэргийлэх боломжтой юм байна. Үүнд:
- Жил болгон нүдний эмчид үзүүлэх
- Хараа муутай бол тогтмол шил зүүх
- 20 минут дэлгэц ширтсэн эсвэл ном уншсан бол 20 секундийн турш 20 метр хол зайд харах
- Нүдээ ойр ойрхон анивчиж байх
- Ойрын зайд ширтэж суухаас сэргийлж дасгал хөдөлгөөн тогтмол хийх
- Нүдэнд тустай амин дэмээр баялаг хүнсний ногоо хэрэглэх, эрүүл хооллох
- 8 цагийн бүтэн нойр авах.
Ийнхүү бидний өдөр тутамдаа хийдэг энгийн мэт санагдах дадал зуршлууд нүдний эрүүл мэндэд асар том нөлөө үзүүлдэг ажээ. Дэлгэцийн өмнө өнгөрүүлсэн минут бүр бидний нүдийг ядрааж, алсын бараа ширтэх богино мөч хүртэл нүдний ядаргааг багасгаж, урт хугацааны явцад хараа муудахаас сэргийлэх бодит алхам болж чаддаг байна.


Сэтгэгдэл