Залуусын орон зай

Хасын Хүлэгүүд VS Бишрэлт Металл: Тэд финалын өмнө юу гэж хэлэв? 

Б.Намуун2025.05.164 минут унших
Хасын Хүлэгүүд VS Бишрэлт Металл: Тэд финалын өмнө юу гэж хэлэв?  - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн аваргын цувралын дөрөв дэх тоглолт тавдугаар сарын 17-нд буюу өнөөдөр эхэлж байна.  Сүүлийн гурван жил дараалан финалын босгыг алхсан “Бишрэлт Металл” өнөөдөр Азийн аваргуудын лиг BCL Asia-гийн хэсгийн шатандаа ялагдашгүй амжилт үзүүлсэн “Хасын Хүлэгүүд”-ийг хожиж, аваргын цувралыг тэнцүүлж чадах уу гэдэг асуултын хариуг сагсан бөмбөгийн хорхойтнууд тэсэн ядан хүлээж байна. Харин энэ улирлын дээд лигийн өнгө төрх, оргилд хүрэх өрсөлдөөн, талбайн сэтгэл хөдлөлийг хоёр багийн тоглогчид болон эсрэг багийн үнэнч дэмжигчид хэрхэн мэдэрч, дүгнэж байгааг харцгаая.  

“Хасын Хүлэгүүд” багийн тоглогч А.Азбаяр: Багтаа 100 хувь итгэж байна 

Хасын Хүлэгүүд VS Бишрэлт Металл: Тэд финалын өмнө юу гэж хэлэв?  нийтлэлийн зураг

Энэ жил миний дээд лигт тоглож байгаа хоёр дахь жил. Өмнөх жилүүдээс ялгаатай нь цаг үе өнгөрөх тусам сагсан бөмбөг болон Дээд лиг маань улам сайжирч хөгжин, жилээс жилд багууд болон тамирчдад улам их хөгжих боломж бий болсоор байгаа нь үнэхээр сайхан байна.  

Энэ жилийн зорилтуудаасаа бас нэгээхэн том зорилгоо биелүүлэхэд хэдхэн алхам дутуу байгаа болохоор ажлаа амжилттай дуусгахын тулд бэлтгэлдээ 100 хувь анхаарч, сэтгэл зүйгээ бас маш сайн бэлдэж байгаа. Өрсөлдөгч баг маань маш өндөр түвшний сайн баг учраас бэлтгэл дээрээ маш их анхаарч байна даа. Хожил ч бай, хожигдол ч бай бүх л тоглолтод баг хамт олны маань олон жилийн хөдөлмөр байдаг учраас тоглолт бүр дээр бүх зүйлээ л зориулахыг хичээдэг. Ингээд бодохоор энэ улирлын онцлох үе гэж цохож хэлэхийн аргагүй бүх л цаг мөч сэтгэлд үлддэг юм байна.  

-Энэ улиралд өөрийнхөө хувьд шинээр нээсэн зүйл юу вэ? 

-Тамирчны ур чадварын тал дээрээ илүү их анхаарч довтолгоо болон шидэлтүүд дээрээ илүү сайн ажиллаж эхэлсэн.  

-Баг тань аварга болоход нөлөөлөх давуу тал юу гэж бодож байна вэ? 

-Миний бодлоор хамгийн чухал зүйл бол багийн уур амьсгал, ойлголцол, итгэлцэл, нэг зорилгын дор хамтдаа хөдөлмөрлөх, ярилцах. Манай баг эдгээрийг хангалттай сайн хэрэгжүүлдэг учраас багтаа 100 хувь итгэж байна. 

-Дэмжигчдэдээ хандаж юу гэж хэлэх вэ? 

-Ялж, ялагдах бүхий л үед биднийг үргэлж дэмжсээр байдаг хөгжөөн дэмжигчдэдээ маш их баярлалаа. Та бүгдээс маш их урам зориг эрч хүч авдаг шүү. Цаашдаа итгэлийг нь алдахгүй улам их хичээх болно. 

“Хасын Хүлэгүүд” багийн үнэнч дэмжигч Б.Шинэзул: Хасын Хүлэгүүд баг гэдэг үгийн утга учрыг бүрэн харуулдаг хамт олон 

Хасын Хүлэгүүд VS Бишрэлт Металл: Тэд финалын өмнө юу гэж хэлэв?  нийтлэлийн зураг

Дээд лигийн тоглолтуудыг ер нь аль болох байнга үзэхийг хичээдэг. Гэхдээ ажлын ачаалал, цаг завын хувьд тааруулах хэцүү үе зөндөө гарна. Гэлээ ч үзэх гэж хичээдэг дээ. 

Хасын Хүлэгүүдийг дэмжээд долоон жил болжээ. Дэмжих болсон шалтгаан маань нэлээд сонирхолтой. Бага байхад ах маань намайг Спортын төв ордон руу хааяа дагуулж очдог байлаа. Тэр үед ах “Гарьд” гэдэг багийг дэмждэг байсан юм. Тэгээд тоглолт үзэх бүрд улаан хувцастай баг хожигдчихдог байлаа. Яагаад ч юм тэр үед ахынхаа эсрэг багийг дэмжинэ гээд шийдсэн хэрэг. Ингээд л би улаан хувцастай Хасын Хүлэгүүдийг сонгосон доо.  

Энэ улирлын тоглолтод мартагдашгүй мөчүүд олон байлаа. Жишээ нь, зодог тайлж байгаа тамирчдадаа хүндэтгэл үзүүлж, эсрэг багийн фэнүүд хүртэл дурсгалын зүйл бэлэглэж байсан тэр торгон мөч үнэхээр сэтгэл хөдөлгөсөн. Мөн NBA-ийн од тамирчин ирсэн нь дараа дараагийн улирлуудад ирэх легионеруудын түвшнийг өсгөж, манай лиг хэрхэн хурдацтай хөгжиж байгааг харуулсан. Түүнчлэн монгол сагсчид ч гадаадын лигт тоглох боломж нэмэгдсэн нь бахархмаар. Энэ улирал бас нэгэн том сургамжийг өгсөн юм шиг санагдсан. Хэчнээн алдартай тоглогч байлаа ч, баг гэдэг хамтын хүч. Нэгдмэл байдал, сахилга бат, хүндлэл гэдэг хамгийн чухал юм байна гэж би хувьдаа ойлгосон. Тамирчид талбай дээр байхдаа мэргэжлийн, спортын хүн гэдгээ үйлдэл бүрээрээ харуулж байх ёстой гэдгийг мэдрүүлсэн улирал боллоо. 

-“М банк Арена” гэгдэх болсон нь зохион байгуулалтад өөрчлөлт авч ирсэн гэж бодож байна уу? 

Ингэж өөрчлөгдсөн нь их зөв алхам байсан. Сагсан бөмбөг нэг шат ахиад зогсохгүй, хэд хэдэн шатаар дэвшиж байна. Хобби төдий тоглоом биш, ард нь том бизнес, маркетинг, мэргэжлийн карьер гээд бүх зүйл явж байгааг харах сайхан байна шүү дээ. Үүнийг дагаад тамирчдын чадвар, өөрийгөө үнэлэх үнэлэмж нь хүртэл улам өсөж байгааг анзаарсан. 

-Багтаа хандаж юу гэж хэлэх вэ? 

“Хасын Хүлэгүүд” бол баг гэдэг үгийн утга учрыг бүрэн харуулдаг хамт олон. Тэд үнэхээр дэмжигчдээ хүндэлдэг, ёс зүйтэй баг. Дээд лигийн хамгийн тогтвортой түүхтэй баг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. BCL-ийн дараагийн бүх тоглолтуудад нь амжилт хүсье. Шинэ түүхийг бүтээнэ гэдэгт нь маш их итгэлтэй байгаа! Хүлэгүүд хүчтэй. Хүлэгүүд урагшаа! 

“Бишрэлт Металл” багийн тоглогч Н.Мөнхчөдөр: Багийн хамтын ажиллагаа, тогтвортой сэтгэлзүй бидний гол давуу тал

Хасын Хүлэгүүд VS Бишрэлт Металл: Тэд финалын өмнө юу гэж хэлэв?  нийтлэлийн зураг
Энэ жилийн Дээд лиг өмнөх жилүүдээс онцлог, ялгаатай зүйл ихтэй байлаа. Юуны өмнө тэмцээний дундуур Азийн аваргын урьдчилсан шат, BCL буюу Азийн аваргуудын лигийн тэмцээн давхар зохиогдсоноор дотоодын лигийн хуваарь бага зэрэг удааширсан. Гэхдээ энэ бол сөрөг зүйл гэхээсээ илүү Монголын сагсан бөмбөг олон улсын тавцанд гарч эхэлж байгаагийн илрэл. Мөн онцлох нэг зүйл нь энэ улиралд ирсэн легионер тоглогчдын түвшин. Өмнөх жилүүдтэй харьцуулахад илүү чадварлаг, туршлагатай легионерууд ирсэн нь тоглолтын чанарт шууд нөлөөлсөн гэж бодож байна. 

Бид гурав дахь жилдээ аваргын төлөө тоглож байна. Өмнөх хоёр улиралд мөнгөн медаль авсан учраас энэ удаа зүгээр л талбайд гарч тоглох биш, жинхэнэ утгаар нь аваргын төлөө тулахыг зорьж байна. Харин энэ улирлын хамгийн сэтгэлд үлдсэн тоглолт гэвэл хагас шигшээд “Apes” багтай хийсэн цуврал. Манай баг 0:3-аас эргэн ирж, хожил байгуулсан. Энэ бол Монголын сагсан бөмбөгийн түүхэнд хоёр дахь удаа бүртгэгдэж буй явдал байсан.  

- Энэ улиралд өөрийнхөө хувьд шинээр нээсэн зүйл юу вэ? 
- Өмнөх жилүүдэд би дундын зайн шидэлт түлхүү хийдэг байсан. Харин энэ улиралд эргэлзэлгүйгээр 3 онооны шидэлт гүйцэтгэж эхэлсэн. Өөрийгөө шинээр нээсэн зүйл гэвэл энэ шидэлт л байна даа. 

-Баг тань аварга болоход нөлөөлөх давуу тал юу гэж бодож байна вэ? 

-Манай баг энэ удаагийн цувралд нэг л легионертэй оролцож байгаа. Гэсэн ч талбайд гарч буй монгол тоглогчид маань маш сайн тоглож, нэгнийгээ нөхөж чадаж байна. Багийн хамтын ажиллагаа, тогтвортой сэтгэлзүй энэ хоёр бидний гол давуу тал. 

- Дэмжигчдэдээ хандаж хэлэх үг? 
- Бишрэлт Металл багийг чин сэтгэлээсээ дэмждэг та бүхэндээ баярлалаа. Манай багийн ард үргэлж зогсож, урам өгч байдаг та нарын дэмжлэг л биднийг урагшлуулдаг. Цаашид ч гэсэн биднийг үргэлж дэмжээрэй! 

Бишрэлт Металл багийн үнэнч дэмжигч Б.Сувданзаяа: Талбай дээр тоглож байхад нь нүдээ дараад залбирч суудаг... 

Сонирхуулахад, Б.Сувданзаяа нь “Бишрэлт Металл” багийн тоглогч Н.Мөнхчөдөрийн найз охин юм. 

Хасын Хүлэгүүд VS Бишрэлт Металл: Тэд финалын өмнө юу гэж хэлэв?  нийтлэлийн зураг

 “Бишрэлт Металл” багийн тоглолттой өдөр бүр очиж үзэхийг хичээдэг. Тоглолт алгассан өдөр ер нь цөөхөн. Дээд лигийн энэ удаагийн улирал урт үргэлжилж байгаа болохоор яг хэдэн удаа очиж үзсэнээ ч мэдэхгүй байна. 

Өнгөрсөн жилийн “Apes” багтай хийсэн цувралын 7 дахь тоглолтыг баярлах, бахархах мэдрэмжээр дүүрэн үзэж байсан. Харин энэ жилийн тус багтай таарч тоглосон цуврал хүнд болж өнгөрлөө. Тоглолт бүрд найз залуугийнхаа өмнөөс би л сандарч байсан даа. 

Найз залуугаа үнэхээр их тэвчээр, хичээл зүтгэл гаргаж байгааг харах, мэдрэх бүрдээ улам их хайрладаг. Баярлах үед нь хамт баярлана, харин хүнд хэцүү үед нь хамт байж ярилцаж, мэдрэмжийг нь хуваалцахыг хичээдэг. Би энэ хүний оронд байсан бол надаас ийм их тэвчээр гарах болов уу гэж бодохоор найз залуугаараа бахархах мэдрэмж төрдөг юм. 

– Найз залуугаа тоглож байхад яаж хүлээж авдаг вэ? 
-Хамаг бие чангараад, довтолгоо хийх үед нь хааяа нүдээ дараад л сууна шүү дээ. Үзэгчийн суудлаас өөрийн мэдэлгүй залбираад л, үйлдэл бүрийг нь хараад суудаг. Хүчтэй контакт авах үед нь бэртчих вий гээд л санаа зовно. Тоглолт үзэх бүрдээ бусад ямар ч үед гаргадаг сэтгэл хөдлөлөөсөө хэд дахин илүү их сэтгэл хөдлөлтэй л үздэг дээ. 

– Найз залуудаа болон багт нь хандаж хэлэх үг? 
- Найз залуугаараа болон “Бишрэлт Металл” багаараа маш их бахархаж байгаа шүү. Аваргын цувралд нь амжилт хүсье! Мөн нэмж хэлэхэд Металл багийн дэмжигч нараа харахаар л хайр хүрээд байдаг юм. Та бүхний нэг болж хамтдаа багаа дэмжиж байгаадаа баярладаг шүү гэж хэлмээр байна. 

Хасын Хүлэгүүд, Бишрэлт Металл багийн аль нь ялалт байгуулахыг мэдэх мөч ойртсоор. Спорт зөвхөн оноо тоолоод өнгөрөх зүйл биш. Энэ бол бахархал, нэгдэл, хүсэл мөрөөдлийн бодит биелэл юм. Тамирчид талбай дээр бүхнээ зориулж, багуудын ард мянга мянган дэмжигч зүрх сэтгэлээрээ хамт оршино. Та аль багийн дэмжигч вэ? Хамтдаа багаа дэмжицгээе.   

Хасын Хүлэгүүд VS Бишрэлт Металл: Тэд финалын өмнө юу гэж хэлэв?  нийтлэлийн зураг

Холбоотой нийтлэлүүд