Амьтан тэжээхээс өмнө таны зайлшгүй мэдэх ёстой 10 зүйл


Гэр бүлийн бяцхан гишүүд болох өхөөрдөм, жижигхэн амьтад бидний ганцаардал, түгшүүрийг арилгаад зогсохгүй бидний эрүүл мэндэд хүртэл эергээр нөлөөлдөг гэдгийг та мэдэх үү? Тухайлбал, 2019 онд Шведэд хийгдсэн судалгаагаар нохой тэжээх нь хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлж, нийгмийн харилцааг сайжруулан зүрхний шигдээс болон цус харвалтаас үүдэлтэй эрт нас барах эрсдэлийг бууруулдаг болохыг тогтоожээ. Мөн Массачусетсийн Ерөнхий Эмнэлгийн доктор Бэт Фрэйтэсийн үзэж буйгаар нохой эзнээ хэзээд баяр хөөртэй угтдаг бол муур намуухан хүржигнэж, эрхлэх нь эздэдээ онцгой, хайрлагдаж буй мэт мэдрэмж төрүүлдэг аж. Учир нь тэжээвэр амьтдаа илэх үед стрессийн даавар болох кортизолын хэмжээ буурч, аз жаргалын даавар болох окситоцины хэмжээ нэмэгддэг байна.
Ийн бодвоос өхөөрдөм амьтадтай хамт амьдрах нь үнэнч нөхөрлөлийг бүтээх гайхалтай туршлага билээ. Гэвч нэн тэргүүнд амьтан тэжээнэ гэдэг нь харагдаж байгаа шигээ амархан биш бөгөөд асар их асаргаа, анхаарал халамж шаардсан хариуцлагатай үйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Иймд энэхүү нийтлэлээрээ бяцхан амьтдыг гэр бүлийн гишүүнээ болгохоор төлөвлөж буй хүмүүсийн зайлшгүй мэдэх ёстой 10 зүйлийн талаар бэлтгэн хүргэж байна.

1. Та түүнд чанартай цаг хугацааг зориулж чадах уу?
Амьтад бол яг л хүүхэд шиг. Үргэлж анхаарал, халамж, хариуцлага шаарддаг. Хооллох, усанд оруулах, үс хумсыг нь арчлах, өдөр бүр салхилуулах, хамтдаа тоглох гээд цаг хугацаа шаардах зүйлс бишгүй олон. Иймээс тэднийг жаргалтай, эрүүл байлгахын тулд тогтмол анхаарал, халамж зайлшгүй шаардлагатай. Түр зуурын сэтгэл хөдлөлдөө тулгуурлаж амьтан тэжээнэ гэдэг байж боломгүй зүйл учраас урт хугацааны үүрэг хариуцлагаа ухамсарлах нь чухал.
2. Та түүний шаардлагатай хэрэгцээг хангаж чадах уу?
Гэрийн тэжээвэр амьтантай болно гэдэг давхар таны санхүүгийн сахилга батыг сорьж байдаг. Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэдэг шүү дээ. Хайртай амьтандаа аль чанартай бүхнийг зориулж, өөрт нь тохирох хоол хүнс сонгож, хэрэглүүлэхээс эхлээд эрч хүчийг нь зөв хуваарилах тоглоом, ариун цэврийг нь сахих шампунь, хумсны хутга, сам, ариун цэврийн хэрэгсэл, тухтай ор дэвсгэр зэрэг олон хэрэгсэл шаардлагатай. Мөн хачиг, бүүргийн эсрэг эмчилгээ хийлгэх, вакцин, туулга зэрэг тогтмол үзлэгт хамруулах болон яаралтай тусламжийн зардлыг тооцоолох хэрэгтэй.
3. Та түүнд тохирсон таатай орчин нөхцөлийг бүрдүүлсэн үү?
Хэрэв та амьтан тэжээхээр шийдсэн бол түүнд зориулсан тухтай орчин, нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, таны гэрийн орчин амьтанд тохирсон байх хэрэгтэй гэсэн үг. Жижиг орон зай мууранд тохиромжтой байж болох ч том нохой тэжээхэд илүү том орон зай шаардана шүү дээ. Нохдод аюулгүй тоглож, ханатлаа гүйх гадаа талбай хэрэгтэй гэдгээс эхлээд хэрэв хоёр, гурав дахь амьтнаа тэжээхээр шийдсэн бол тэднийг шинэ амьтантайгаа хэрхэн дасгах талаар ч сайтар бодох хэрэгтэй гэсэн үг. Хэрэв та түрээсийн байранд амьдардаг бол түрээслүүлэгчээсээ амьтан тэжээж болох эсэхийг лавлахаа мартуузай. Хайртай амьтнаа үл ойлголцлоос болж тэжээх боломжгүй болсон тохиолдол олон байдаг гэдгийг мартаж болохгүй.
4. Таны өдөр тутмын амьдралын хэв маяг амьтан тэжээхэд тохиромжтой юу?
Та завгүй амьдралын хэв маягтай, ихэнх цагаа гадуур өнгөрөөдөг үү? Хэрэв тийм бол таны амьдралын хэмнэл амьтан тэжээхэд хэр тохиромжтой болохыг бодолцож үзээрэй. Жишээлбэл, ноход асар их энергитэй байдаг тул тэдний энергийг зөв зарцуулахын тулд өдөр бүр салхилуулах шаардлагатай байдаг. Ажил ихтэй, удаан хугацаагаар гэрээсээ хол байх тохиолдолд таны амьтдыг хайрлаж, салхилуулж, асрах хэн нэгэн бий эсэхийг анхаараарай.
5. Таны гэр бүлийн гишүүдийн санал нийлсэн үү?
Амьтан тэжээхээс өмнө гэр бүлийн бүх гишүүдийн саналыг сонсож, бэлэн байгаа эсэхийг нягтлах нь маш чухал. Учир нь зөвхөн нэг хүний бус бүх гишүүдийн амьдралд нөлөөлөх шийдвэр учраас хэд хэдэн зүйлсийг сайтар бодолцох хэрэгтэй. Танай гэр бүлд амьтны үс, тоосонцроос харшилтай хүн байгаа эсэхийг урьдчилж шинжлүүлээрэй. Учир нь урт хугацаанд хамт байх үед харшил сэдэрч, тухайн амьтнаас харшилтай байснаа олж мэдсэн олон тохиолдол бий. Хэрэв харшилтай хүн байвал харшил өдөөхгүй, илүү тохиромжтой амьтныг судлах эсвэл өөр сонголт хийх шаардлагатай. Түүнээс гадна гэр бүлийн бүх гишүүд амьтны асаргаа, хооллолт, эрүүл мэндийн асуудалд хэрхэн оролцохоо ярилцаж, үүрэг хариуцлагаа хуваарилах нь зүйтэй.
6. Та урт хугацааны үүрэг хариуцлагын талаар бодож үзсэн үү?
Ийнхүү гэр бүлийнхэн, ойр дотнын хүмүүстэйгээ маш сайн ярилцсаны эцэст амьтан тэжээхээр шийдсэн бол ирээдүйн төлөвлөгөөндөө ч бас тэднийг багтаах хэрэгтэй. Нохой 10-15 жил, муур 15-20 жил амьдардаг. Ирээдүйд нүүх төлөвлөгөөтэй бол тэр үед амьтнаа хамт авч явах боломжтой эсэхийг бодолцож үзэх. Ажил, амьдралын шаардлагаар аялалд гарах үедээ өхөөрдөм амьтантайгаа хамт явж чадах уу, эсвэл түр хугацаанд асарч, харж хандах хүн байгаа юу гэдгийг хүртэл урьдчилж тооцоолох нь чухал. Мөн амьдралын чухал өөрчлөлтүүд буюу гэр бүлд шинэ гишүүн нэмэгдэх, ажил солигдох болон эрүүл мэндийн асуудал гарвал тэжээвэр амьтнаа хайр, халамжаар дутаалгүй өсгөж чадах уу гэдэг талаар хүртэл бодож үзээрэй.
7. Та гэрийн тэжээвэр амьтны тухай хууль, дүрэм журамтай танилцсан уу?
Амьтан тэжээхээсээ өмнө хууль, дүрэм журмыг нягтлах нь хариуцлагатай эзний зайлшгүй хийх зүйлсийн нэг юм. Түрээсийн байранд амьдарч байгаа бол гэрээний нөхцөлдөө амьтан тэжээхийг зөвшөөрсөн эсэхийг эхлээд сайтар шалгах хэрэгтэй. Үүнээс гадна, тухайн улс, хот, дүүргийнхээ амьтны эрх, хамгааллын хууль тогтоомжийг судлах нь маш чухал. Тухайлбал, манай улс саяхан буюу 2023 онд “Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль”-тай болсныг та мэдэх үү? Дээрх хуультай сайтар танилцсанаар тэжээвэр амьтнаа эрүүл мэндийн үзлэгт хамруулах, вакцинжуулалт, чипжүүлэлт зэрэг нь зөвхөн амьтны аюулгүй байдлыг хангаад зогсохгүй, таны хууль ёсны үүрэг гэдгийг ойлгох болно. Мөн хөршүүдтэйгээ зохицон амьдрах, амьтныхаа тав тух, эрүүл мэндийг хангах үүднээс амьтны хүмүүжил, хооллолт, эрүүл ахуйд анхаараарай.
8. Та өргөж авах гэж байгаа амьтныхаа эрүүл мэндийн байдалтай танилцсан уу?
Амьтан өргөж авахаасаа өмнө түүний эрүүл мэндийн байдал, шаардлагатай тусламж, ирээдүйд гарч болзошгүй эрүүл мэндийн асуудлуудыг урьдчилан судлах нь маш чухал. Өргөж авах гэж буй амьтан тань өмнө нь ямар нэгэн өвчин туссан эсэх, эрүүл мэндийн асуудалтай байсан эсэхийг тодруулах нь нэн чухал. Амьтны асрамжийн төв, амьтны эмнэлэг, өмнөх эзнээс дараах мэдээллийг авч судлаарай. Үүнд, шаардлагатай вакцинуудыг хийлгэсэн эсэх, өмнө нь ямар нэгэн ноцтой өвчин туссан эсэхийг тодруулах. Тухайлбал, халдварт өвчин, харшил, үе мөчний өвчин, харааны болон сонсголын асуудал байгаа эсэхийг лавлах. Мөн зарим амьтад төрөлхийн зүрхний өвчин, амьсгалын асуудалтай байх магадлалтай тул төрөлхийн эмгэг байгаа эсэх болон өмнө нь мэс засал хийлгэж байсан эсэх талаарх мэдээлэлтэй байх хэрэгтэй. Ингэж байж дараагийн эрсдэлээс урьдчилан сэргийлнэ шүү дээ.
9. Та амьтны сургалт, хүмүүжлийн талаар судалсан уу?
Шинэ орчинд, шинэ гэр бүлийн гишүүн болж ирж буй амьтдад зан төлөвийн сургалт зайлшгүй шаардлагатай болдог. Амьтны хүмүүжилд анхаарлаа хандуулснаар тэдний тав тух, аюулгүй байдлыг хангаад зогсохгүй нийгэмшилд ч бас сайнаар нөлөөлдөг. Иймд өргөж авч буй амьтнаа шинэ орчинд дасгахын тулд эхний ээлжид үндсэн сургалтад нь анхаарах хэрэгтэй. Жишээлбэл, нохойг дэвсгэр болон гадаа орчинд бие засахад сургах, муурыг элсэнд нь дасгах. Амьтнаа аюулгүй байлгах, гэрийн дэг журамд сургахын тулд тор ашиглах, торонд дасгах. Мөн өдөр бүр тогтмол цагт хооллож, амрах, тоглох орчныг бүрдүүлэх нь амьтны зан төлөвт эергээр нөлөөлөх болно. Зарим амьтад шинэ орчиндоо дасан зохицохдоо тодорхой зан төлөвийн асуудал гаргаж болзошгүй. Тухайлбал, хэт удаан хугацаанд ганцааранг нь орхисноор ганцаардал, түгшүүрт өртөж, зан төлөвийн хувьд ууртай болох эрсдэлтэй. Муур тавилга маажих, нохой эд зүйл хазах, сүйтгэх зэрэг асуудлууд гарч болзошгүй тул тэдэнд тохирсон зориулалтын тоглоом, маажуур өгөх нь зүйтэй юм шүү. Тэднийг нийгэмшүүлэхийн тулд өөр бусад амьтад, хүмүүстэй аажмаар танилцуулж, айдасгүй байхад нь туслах хэрэгтэй. Олон нийтийн газар явахдаа тайван байх дадал суулгах, гэр бүлийн бүх гишүүнтэй танилцуулж, бие биедээ итгэх нөхцөлийг бүрдүүлээрэй.
10. Та түүнд бүх хайраа зориулахад бэлэн үү?
Эцэст нь хэлэхэд, амьтад ч бас бидний адил хайр халамж, анхаарал хүсдэг. Тэдний амьдралын бүхий л хугацаанд нь дэргэд нь байх, халамжлах, өвдөхөд нь эмчлүүлэх, хөгшрөхөд нь ч орхихгүй байх үнэнч сэтгэл танд бий юу? Амьтад биднийг хариу нэхэхгүй хязгааргүй хайраар хайрладаг. Тиймээс та тэднийг гэртээ угтан авахдаа зөвхөн өнөөдөр биш, олон жилийн турш хайрлаж чадна гэдэгтээ итгэлтэй байх ёстой. Хэрэв та үнэхээр бэлэн бол тэд ч бас таны амьдралд баяр баясгалан, нөхөрлөл, гайхалтай сайхан дурсамжуудыг авчрах болно гэдэгт итгэлтэй байна!