Нүүрсний дараах авралын гарц: Зэсийн үнэ хоёр дахин өсөв


Өнөөдрийг хүртэл Монголын эдийн засгийн гол хөдөлгүүр нь нүүрсний экспорт байсан. Гэвч энэ жилийн эхний хагаст нүүрсний экспортын орлого 45 хувиар буурч, эдийн засагт анхааруулга өглөө. Харин эсрэгээрээ зэсийн экспортын орлого 61.7 хувиар өсөж, 2.35 тэрбум ам.долларт хүрч, нүүрсний орлоготой бараг тэнцэв. Дэлхийн эрчим хүчний шилжилтийн стратегийн гол түүхий эдийн нэг болсон зэс Монголын дараагийн гарц болж ирж буйг энэ баримтууд илтгэх шиг.
MEF Youth 2025 арга хэмжээний панел хэлэлцүүлгийн үеэр “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Э.Мэндтүвшин “Сүүлийн үед нүүрсний экспорт болон орлого буурах хандлагатай болж эхэлж байна. Гэвч нөгөө талаасаа энэ нөхцөл байдлыг тодорхой хэмжээнд нөхөж болох боломж бий. Учир нь нүүрсний үнэ буурч байхад өнгөрсөн хоёр, гурван жилийн хугацаанд зэсийн үнэ харьцангуй тогтвортой өссөөр ирлээ. Тухайлбал, зөвхөн энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар л гэхэд зэсийн үнэ өнгөрсөн онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Тиймээс бид уламжлалт хамаарлаасаа аажмаар гарч, илүү тогтвортой, олон тулгуурт эдийн засаг руу зоригтой шилжих ёстой цаг ирсэн гэдгийг сануулмаар байна” гэсэн юм.

Монгол Улсын эдийн засгийн олон тулгуурт шилжилт
Монгол Улс эдийн засгийн хэт хамаарлыг бууруулж, олон тулгуурт эдийн засаг руу шилжих шаардлагатай гэдгийг олон улсын байгууллагууд болон судлаачид ч онцолсоор байгаа билээ. Тухайлбал, Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн хэт хамаарал нь тогтвортой өсөлтөд саад болж байгаа учраас эдийн засгийн төрөлжилт, шинэ салбаруудыг хөгжүүлэх шаардлагатайг зөвлөсөн юм.
Зэсийн стратегийн ач холбогдол
Зэс нь цахилгаан машин, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан сүлжээ зэрэг ногоон шилжилтэд зайлшгүй шаардлагатай түүхий эд билээ. Дэлхийн зэсийн эрэлт 2050 он гэхэд 1.6 дахин нэмэгдэх төлөвтэй байгаа нь Монголын зэсийн салбарын өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх боломжтой. 2023 онд Монгол Улс 2.65 тэрбум ам.долларын зэсийн хүдэр экспортолсноор дэлхийн хэмжээнд 10 дугаар байрт орсон юм. Гэвч экспортын 90 гаруй хувь нь боловсруулаагүй зэсийн баяжмал байдаг учраас манай улс зэсийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлага үүсэж буй.
Бид зэсийн баялгаа зөв зохистой удирдаж, боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар эдийн засгаа төрөлжүүлэх боломжтой. Үүний тулд дэд бүтэц, санхүүжилт, засаглалын асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байна. Ингэснээр “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Э.Мэндтүвшиний хэлсэнчлэн зэс нь Монголын эдийн засгийн шинэ тулгуур болж, тогтвортой хөгжлийг хангах боломжийг бүрдүүлэх юм.