Залуусын орон зай

Валентинаар хийх романтик болзоо

М.Энхмаа2025.02.143 минут унших
Валентинаар хийх романтик болзоо - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

“Дурлал анхны үнсэлтээр дуусаж, хайр дараа нь эхэлдэг” хэмээн их найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуай хэлсэн байдаг. Дурласан нэгнээ бодох төдийд инээмсэглэл тодорч, харц тулгарах тэр агшинд зүрхний цохилт түргэсэн хамтдаа л байвал бүх зүйл сайхан болох юм шиг дэврүүн, хүсэл тэмүүллээр дүүрэн энэ мөч хэдий гайхалтай ч цаг хугацааны уртад анхны мэдрэмж, догдлол бүхнээ урьдын хэвээр хадгална гэдэг нэн чухал. Gottman Institute-ийн судалгаагаар долоо хоногт ердөө хоёрхон цагийг болзоонд зориулснаар хосын харилцааг илүү аз жаргалтай, бат бөх болгодгийг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, хайраас ургасан тэр л цэцгийг үргэлж усалж, бие биедээ өдөр бүр шинээр дурлах нь бидний даалгавар гэлтэй. Иймээс энэ удаагийн нийтлэлээрээ валентины баярыг угтан хайртай хүнтэйгээ мартагдашгүй дурсамжийг бүтээхэд тань туслах хамгийн романтик, сэтгэл хөдөлгөм болзооны санаануудыг хуваалцаж байна. 

Хайртай түүндээ ахин дурлах нь

Хосууд бие биедээ чанартай цагийг зориулах нь сэтгэл зүйн холбоог гүнзгийрүүлдэг бөгөөд нээлттэй, чин сэтгэлийн яриа өрнүүлснээр бие биедээ итгэх итгэлцлийг нэмэгдүүлж, бат бөх харилцааны үндэс болдог аж. Иймд хосын харилцаагаа гал халуун, шинэхнээр нь хадгалж үлдэхийг эрмэлздэг, хайрлах урлагт суралцсан хүн бүрийн заавал турших болзоог санал болгоё.

Бүтээлч болзоо: Хамтдаа керамик урлал хийх, зураг зурах

Валентинаар хийх романтик болзоо нийтлэлийн зураг

Хосын харилцааг илүү сонирхолтой болгодог зүйл бол яахын аргагүй шинэ зүйлсийг турших явдал билээ. Харилцаанд хамтдаа хөгжилдөх нь хамгийн чухал зүйлсийн нэг юм. Ажлын стресс, амьдралын асуудлуудын дунд хосууд хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрүүлэх нь харилцааны сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг. Тиймээс таны дараагийн болзоо керамик урлал хийх аль эсвэл тухтай орчинд дуртай хөгжмөө сонсонгоо канвас дээр зураг зурах байж яагаад болохгүй гэж? Энэ төрлийн бүтээлч болзоо нь сэтгэл санааг тайвшруулж, бие биедээ улам ойртож, дотносох боломжийг бүрдүүлдгээрээ онцлог юм. Учир нь хосууд хамтдаа ямар нэг зүйл хийх үед тэдний хоорондын ойлголцол, харилцан эмпатийн түвшин дээшилдэг байна. Энэхүү болзоог илүү хөгжилтэй болгохын тулд бие биеэ санагдуулдаг дүрсийг зурах, хос аяга таваг урлаж, хайртай хүндээ бэлэг болгон үлдээх мөн хэн хамгийн бүтээлч сэтгэлгээтэйгээ шалгахын тулд сонирхолтой тэмцээн зохиох гэх мэт өөрсдийн хэв маягт тохируулан цагийг хөгжилтэй, дурсамж дүүрэн өнгөрөөгөөрэй.

Романтик болзоо: Лааны гэрэлд оройн зоог барих

Валентинаар хийх романтик болзоо нийтлэлийн зураг

Тансаг ресторанд шилдэг ахлах тогоочийн гарын хоолыг амтална гэдэг мэдээж гоё. Гэхдээ нэг өдөр хайртай хүнийхээ “ахлах тогооч” нь болоорой. Учир нь гэртээ тав тухтай орчинд, тансаг оройн зоог бэлтгэх нь хосын харилцааг илүү сэтгэл догдлом болгож, романтик орчныг бүрдүүлдэг байна. Дуртай хоолоо хамтдаа хийж, лааны гэрэлд намуухан хөгжим сонсонгоо амьдралын утга учрын тухай гүнзгий ярилцаж яагаад болохгүй гэж? Учир нь болзоо гэдэг цагийг зугаатай өнгөрүүлэхийн нэр биш харилцааныхаа тухай ярилцах чухал мөч юм. Хоёулхнаа байхдаа хамтын ирээдүй, дундын зорилго, харилцааныхаа талаарх чухал зүйлсийн тухай ярилцах нь та хоёрын харилцааг улам бат бөх болоход туслах болно. 

Мэдрэмжээ илэрхийлэх болзоо: Музей, үзэсгэлэн, театраар зочилж, урлагийн мэдрэмжээ хөглөх

Валентинаар хийх романтик болзоо нийтлэлийн зураг

Музей, үзэсгэлэн театрын болзоо нь хосын харилцаанд гүн гүнзгий мэдрэмж үүсгэдгээрээ онцлог юм. Урлаг, түүх, соёлын талаар хамтдаа судалж, үзэл бодлоо хуваалцсанаар харилцан яриа илүү сонирхолтой, утга учиртай болдог. Өдөр тутмын энгийн болзооноос ялгаатай нь энэ төрлийн болзоо нь танин мэдэхүйг тэлж, гоо зүйн талаарх ойлголтыг гүнзгийрүүлж, бие биеэ шинэ өнцгөөс таньж мэдэх орчныг бүрдүүлдэг билээ. Мөн музей, үзэсгэлэнгийн намуухан, тайван орчин нь хосууд бие биедээ төвлөрч, илүү чанартай цагийг өнгөрүүлэхэд тусалдаг байна. Зарим үзэсгэлэн, музейн арга хэмжээнд өөрсдөө оролцож, бүтээл туурвих боломжтой тул болзоог илүү сонирхолтой, бүтээлч болгох давуу талтай юм шүү. 

Иймд Монголын Уран Зургийн Галерейн “Байнгын үзэсгэлэн”-д дэлгэгдсэн “Урлаг ба Бүсгүй”, “Сэтгэлгээний орон зай, Урлахуй” зэрэг 5 сэдэвчилсэн үзэсгэлэн, Монголын Урчуудын эвлэлд дэлгэгдсэн “Хориннэгдүгээр зууны эхэн үеийн Монгол дүрслэх урлаг дахь хөрөг зураг” үзэсгэлэн, B Contemporary art gallery- д дэлгэгдсэн Гэрэл зурагчин Б.Бат-Оргилын “Иргүн” бие даасан үзэсгэлэнгээр зочлохыг санал болгож байна. Энэ болзоог илүү мартагдашгүй болгохын тулд таалагдсан бүтээлүүдийнхээ талаар болон дуртай уран бүтээлчийнхээ уран бүтээлийн хэв маягийн талаар ярилцаарай. Эцэст нь урлагийн бүтээлээс санаа авч, өөрсдийн бүтээлээ урлаарай.

Сэтгэлээ илчлэх болзоо: Гэртээ кино үзэж романтиклаарай

Валентинаар хийх романтик болзоо нийтлэлийн зураг

Гэртээ кино театрын уур амьсгал бүрдүүлж, дуртай киногоо үзэнгээ романтик үдшийг өнгөрүүлээрэй. Өдөр тутмын амьдралд ажлын ачаалал, нийгмийн хариуцлага, гэр ахуйн ажил зэргээс үүдэн хосууд нэг нэгэндээ анхаарал хандуулах нь ховор болчихдог шүү дээ. Харин хайрттайгаа өнгөрүүлж буй энэ үдэш зөвхөн одоодоо төвлөрөөрэй. Кино эхлэхээс өмнө дуртай амттанаа бэлдэж, бие биедээ зориулан хайрын захидал бичээрэй. Гэгээн хайрын бэлэг тэмдэг болсон энэ өдөр ямар кино сонгохоо мэдэхгүй байвал сэтгэл хөдөлгөж, дурсамж сэргээх Titanic (1997), The Notebook (2004), A Moment to Remember (2004), Bright Star (2009),  Her (2013), La La Land (2016), Ийм нэгэн дурлал (2006), Гоёлын даашинз (2009) зэрэг классик кинонуудыг санал болгож байна. Кино дууссаны дараа киноны үйл явдлын талаар болон өөрт төрсөн мэдрэмжээ илэн далангүй хуваалцаарай. Магадгүй та хоёрын хайрыг харах өнцөг өөрчлөгдсөн ч байж болно шүү дээ. 

Хайр бол анхаарал, цаг хугацаа, чин сэтгэлийн харилцаа дээр тогтдог. Хэрэв та харилцаагаа илүү бат бөх, романтик байлгахыг хүсэж байвал хайртай хүнтэйгээ хамтдаа чанартай цагийг өнгөрүүлж, дурсамж бүтээж байгаарай. “Амьдардагтаа биш энд хайр оршдог учраас бид амьдралд хайртай” хэмээн Фридрих Ницшегийн үгээр энэхүү нийтлэлээ өндөрлүүлье. 

Холбоотой нийтлэлүүд