Залуусын орон зай

Мэргэжлийн тамирчдын зөвлөгөө: Спортоор хичээллэхдээ юуг анхаарах хэрэгтэй вэ?

М.Энхмаа2025.01.155 минут унших
Мэргэжлийн тамирчдын зөвлөгөө: Спортоор хичээллэхдээ юуг анхаарах хэрэгтэй вэ? - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Шинэ содон бүхнийг туршиж, адал явдлыг эрэлхийлэхийг хүсдэг хэн бүхний дотор “Энэ талаар зааж зөвлөх хүн байсан бол?” гэх нууцхан хүсэл байдаг биз ээ. Тэгвэл бид энэ удаагийн нийтлэлээрээ өөрийгөө шинэ зүйлд сорьж үзэхийг хүсдэг спорт сонирхогч залуустаа зориулан кэндо, виртуал дугуй зэрэг бидний төдийлөн сайн мэддэггүй сонирхолтой спортын төрлүүдээр олон жил хичээллэж, амжилттай яваа тамирчдын туршлага дээр тулгуурлан спортын аяллаа эхлүүлэхэд тань туслах “алт” шиг хэрэгтэй зөвлөгөөнүүдийг багцлан хүргэж байна!

“Спорт авиралт бол дэлхийн татах хүчний эсрэг буюу дээшээ чиглэлд явдаг ганцхан спорт” О.Ууганцэцэг

Миний хувьд спорт авиралтын төрлөөр 2013 оноос хойш хичээллэж эхлээд одоо 12 жил болох гэж байна. МУБИС-ийн хичээлийн хоёрдугаар улирлаас сургалтын хөтөлбөрт ханан хаданд авиралтын хичээл орсон юм. Би өөрөө хөнгөн шингэн биетэй, туранхай байсан учраас хичээлийн явцад сайн авирч байгаадаа урамшаад “Надад их тохирсон спорт юм байна” гэж бодсон. Удалгүй багш маань тэмцээнд орох санал тавиад, анхны тэмцээндээ оролцон шагналт байранд шалгарч байлаа. Түүнээс хойш авсан шагналдаа урамшиж, улам их татагдсан гэх үү дээ. 

Спорт авиралт бол илүү экстрим төрлийн спорт. Мөн “Токио 2020” Олимпын наадмаас эхлээд Олимпын төрөлд орсон учраас сүүлийн үед хүмүүс их сонирхож байгаа шинэлэг спортын нэг гэж хэлж болно. Дэлхийн татах хүчний эсрэг буюу дээшээ чиглэлд явдаг ганцхан спорт учраас тухайн хүнээс маш их тэсвэр тэвчээр, хатуужил шаарддаг. Харин дээшээ өндөрт гарахын хэрээр адреналин ихээр ялгарч, айдастай хэр нь маш гоё аз жаргалтай мэдрэмжийг төрүүлдгээрээ онцлог. Миний хувьд өндрөөс айдаг байсан тул “Эхлээд тэр хүртэлх зайнд авиръя, дараа нь тэр хүртэл явъя” гэх мэт айдсаа бага багаар даван туулсаар нэг л мэдэх нь ээ шууд дээшээ гардаг, доош буухдаа юунаас ч айдаггүй болчихсон байсан. Сүүлдээ өндрөөс буухдаа аймаар их кайф мэдэрдэг болсон. Ер нь дээш авираад доош олсоороо буух тэр мэдрэмж л хамгийн гоё байдаг даа. 

Мэргэжлийн тамирчдын зөвлөгөө: Спортоор хичээллэхдээ юуг анхаарах хэрэгтэй вэ? нийтлэлийн зураг

Энэ спортоор хичээллэж эхлээд надад гарсан өөрчлөлт, эерэг тал гэвэл бишгүй л олон. Гэхдээ хамгийн том өөрчлөлт бол өөртөө итгэх итгэл маань илүү нэмэгдсэн юм байна. Учир нь спорт авиралт гэдэг бол өөртэйгөө л тэмцдэг спорт. Хамгаалалттай, хамгаалалтгүй гээд олон төрлөөр авирахдаа би зөвхөн өөртөө итгэж, оргилд гарахын төлөө өөрийгөө зоригжуулж байгаа шүү дээ. Тэр ч утгаараа бүх зүйл дээр шийдвэр гаргахдаа өөртөө маш итгэлтэй болсон байх.

Спорт авиралтын төрлийг сонирхож байгаа хүмүүс ихэвчлэн шинэ зүйлсийг туршиж үзэх сонирхолтой, экстрим спортод дуртай байдаг. Тиймээс та шинийг туршиж, шинэ мэдрэмжүүдийг мэдэрч, өөрийгөө ялан дийлэхийг хүсдэг бол танд энэ спорт хамгийн тохиромжтой шүү гэж хэлмээр байна. Маш “күүл” спорт юм шүү. 

Спорт авиралтаар хичээллэхээр зорьж буй хүмүүст өгөх 5 зөвлөгөө: 

Зоригтой байгаарай: Анхны авиралтаар хичээллэх гэж буй хүмүүс авирах хананыхаа доор очоод хамгийн түрүүнд “Пөөх, ийм өндөр юм уу? Би яаж авирна аа” гэж боддог байхгүй юу. Тэгэхээр ингэж бодохоос илүүтэй “Би чадна аа” гэж өөрийгөө зоригжуулж, замаа дуусгах зориг хэрэгтэй. Та зоригтой байж л хамгийн эхний алхмаа хийнэ шүү дээ! 

Өөртөө итгээрэй: Хананд авирна гэдэг бол биеийн жингээ гараараа дээш татаж байгаа л гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт “Би үүн дээр гишгэвэл тавцан нь хугарчих вий дээ, намайг дийлэх болов уу?” гэх айдас түгээмэл байдаг. Харин өөртөө итгэлтэй, зоригтой байх юм бол ямар ч зүйлсийг хийж чадна аа л гэсэн үг.  

Биеэ маш сайн халаагаарай: Гарын шуу, булчин гэх мэт бүх булчингаа ажиллуулж өөрийгөө дээш татдаг учраас бие халаалт маш сайн байх ёстой. Нуруу, тохой, хөлийн үеэ сайн халаах нь чухал. Бие халаалт бол спортын хамгийн чухал хэсэг юм шүү.

Зөв техникт суралцаарай: Хажуулдаж эсвэл бүтэн гишгэхгүй, хөлөө зөвхөн өлмийгөөрөө тавих, гар цуцсан тохиолдолд гараа хэрхэн амраах, барьц хооронд шилжихэд хүндрэлтэй байгаа тохиолдолд хөлөө өөр тийш байрлуулах гэх мэт авиралтын техникүүд их чухал байдаг. Техникийн суурь ойлголтоо буруу эзэмшсэн тохиолдолд дараа нь засахад төвөгтэй байдаг учраас анх сурахдаа мэргэжлийн багшаар, эсвэл авирдаг хүмүүсээр заалгаарай.

Битгий бууж өгөөрэй: Та зориг гаргаад, өөртөө итгээд хамгийн эхний авирсан оргилдоо хүрчихлээ шүү дээ. Хамгийн эхний замаа дуусгасан бол бууж өгөлгүй, дараагийн алхмаа хийгээрэй гэж хэлмээр байна. Хэрэв эхний оролдлогын дараа буугаад өгчих юм бол таны өөртөө итгэсэн итгэл, зоригтой байдал нурчихна шүү дээ. 

“Тамирчин хүнд амжилт хэдий чухал ч эрүүл мэндийнхээ төлөө өөртөө үнэнч байгаарай” Б.Наранхүү

Дугуй бол таван тулгуурт спорт гэдгээрээ их онцлог. Хоёр гар, хоёр хөл, өгзөг гээд таван газар биеийн жингээ жигд хуваарилж, ачааллаа тэнцвэржүүлдэг энэхүү спортоор хичээллээд 15 жил болсон байна. Дугуй унах нь зарим үед яг л бясалгал шиг байдаг. Ганцаараа бэлтгэл, сургуулилтаа хийх үед өөртөө төвлөрөөд, хийх ёстой зүйлсээ бодоод бясалгаад явах давуу талтай. Байгальд иог хийх, зааланд иог хийх хоёр өөр мэдрэмж байдаг шүү дээ. Яг л түүнтэй адил мэдрэмжийг зам дээр явахдаа мэдэрдэг. 

Нөгөөтээгүүр дугуйн спорт бол шинжлэх ухааны үндэслэлтэй спорт. Тоног хэрэгсэл нь хамгийн сүүлийн үеийн материалаар хийгддэг бөгөөд тухайн хүний зарцуулж байгаа хүч, зүрхний цохилт, хүчилтөрөгчтэй орчинд ажиллах чадвар гэх мэт бүхий л хэмжүүр үзүүлэлтийг хамгийн сүүлийн үеийн тоног, төхөөрөмжийн тусламжтайгаар шууд хянах боломжтойгоороо давуу талтай. Бусад спортын лабораторид очиж шинжлүүлдэг хэмжилт, үзүүлэлтүүдийг техникийн тусламжтайгаар өөрөө хянаад ачааллаа тэнцвэржүүлэх боломжтой тул шинжлэх ухааны судалгаатай спортын төрөл юм. Техникийн спорт учраас манай дугуй унадаг эмэгтэйчүүд техниктэй харьцах тал дээр их сурамгай, машиныхаа ойр зуурын тоног хэрэгслээ өөрсдөө сольчихдог, юмны эв дүйг амархан олчихдог хүмүүс байдаг. Ер нь бол энэ спортоор хичээллэж эхлээд техникт дөртэй, гарын дүйтэй болчихдог юм.

Мэргэжлийн тамирчдын зөвлөгөө: Спортоор хичээллэхдээ юуг анхаарах хэрэгтэй вэ? нийтлэлийн зураг

Харин техник технологи хөгжихийн хэрээр виртуал дугуйн хөгжил ч бас эрчимжиж, өгсүүр, уруу гээд яг л зам дээр явж байгаа мэт мэдрэмжийг суурин дугуйнаас мэдрэх боломжтой болсон. Нурууны суулттай, эрүүл мэнддээ анхаарахаар шийдсэн хүмүүс, өндөр настан гээд хэн бүхэн хичээллэхэд тохиромжтой, эрсдэл багатай спорт. 

Дугуйн спортоор хичээллэхээр зорьж буй хүмүүст өгөх 5 зөвлөгөө:

Чухал зүйлдээ мөнгөө битгий харамлаарай: Манайхан сүүлийн үед “Дугуй унана аа, эрүүл мэндээ бодно оо. Дугуй унана аа, цаг хугацаа хэмнэнэ ээ” гээд ямар нэгэн зорилгоо биелүүлэхийн төлөө худалдан авалт хийдэг болсон нь сайшаалтай. Гэхдээ өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд битгий мөнгөө нарийлаарай гэж хэлмээр байна. Цаг хугацаа хэмнэнэ, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлнэ гээд маш олон үр ашгийг харсан худалдан авалтдаа их хуймгаа хандаж, хямд өртөгтэй, буруу харьцаатай, тав тухгүй дугуй авах гээд байдаг. Үүнээс үүдэн “Ахиж хэзээ ч дугуй унахгүй. Амархан эвдэрчихдэг, тав тухгүй. Ер нь бүтэхгүй юм билээ” гэх сөрөг мэдрэмжтэй болчихдог. Тиймээс дугуйн спортоор хичээллэхээр төлөвлөж байгаа бол чанартай дугуй сонгоорой. Илүү тав тухтай, илүү явууртай, өөртөө тохирсон хэмжээтэй, тоног хэрэгслийн хувьд ч тэр илүү чанартай шүү дээ.  Эрүүл мэнддээ хөрөнгө оруулаарай: Виртуал дугуй бол техник технологийн хөгжлийг нэвтрүүлж, гадаа нар салхинд түлэгдэхгүйгээр дотор орчинд дугуй унах боломжийг бүрдүүлснээрээ маш том давуу талтай. Тиймээс дугуй унаж чаддаггүй хүмүүс ч бас хичээллэх боломжтой гэсэн үг. Таван тулгууртай учраас бэртэл гэмтэл, эрсдэл харьцангуй бага. Тиймээс энэ төрлөөр сонирхоод, хичээллээд үзээрэй.

Мэргэжлийн хамтрагчтай болоорой: Спортоор хичээллэхэд бие халаалт болон бэлтгэлийн дараах төгсгөл хоёр хамгийн чухал байдаг. Өндөр ачаалал авсан бол буцаагаад биеэ тайвшруулах хэрэгтэй шүү дээ. Энэ мэтчилэн  спортоор хичээллэхэд булчин, зүрх судсаа хамгаалах хэд хэдэн дүрмүүд байдаг тул багш дасгалжуулагчид аль эсвэл мэргэжлийн дугуй унадаг хүмүүсээс зөвлөгөө аваарай.  Бүх зүйл цахим болчихсон учраас спорт сонирхогчидтой онлайнаар найзууд болоод бэлтгэлийн төлөвлөгөөгөө гаргадаг хамтрагчтай болоорой. Манай дугуйчид харьцангуй нээлттэй хүмүүс байдаг шүү гэж хэлмээр байна.

Битгий яараарай: Аливаа зүйлийг эхлүүлнэ гэдэг нь өөрөө хамгийн чухал байдаг шүү дээ. Тиймээс ямар ч спортоор хичээллэсэн гэсэн эхний гурван сарыг булчингаа суллаж, биеэ дасгахад зарцуулаарай. Манайхан эхний өдрөө шууд л эрчимтэй дасгал хийчихдэг. Гэтэл дараагийн өдрүүдэд нь гэнэт ачаалсан булчин чангарч, спорт хийх сонирхолгүй болчихдог. Тиймээс эхэн үедээ биеэ дасгаж, бага багаар ачаалал өгөөрэй. 

Өөртөө үнэнч байгаарай: Олон тэмцээн уралдаанд оролцох, бэлтгэл сургуулилтаа тогтмол хийх, өөртөө тавьсан сорилтоо биелүүлэх гээд амжилт үзүүлэх нь тамирчин хүний хувьд мэдээж чухал. Гэхдээ хамгийн чухал нь эрүүл мэнд юм шүү. Хэн нэгэнтэй өрсөлдөхөөс илүү өөртэйгөө өрсөлдөж, эрүүл мэндээ бодоод өөртөө үнэнч байгаарай. Өөрийгөө хуурч авсан амжилт бидэнд тийм үнэ цэнтэй санагддаггүй шүү дээ.

“Хүндийн өргөлт бол харахад хүчтэй, бяртай хүн өргөдөг юм шиг хэр нь хөдөлгөөний эвсэл, техникийн ур чадвар шаарддаг спорт” Г.Ануужин

Анх хөнгөн атлетикаар хичээллэдэг байсан болохоор хүндийн өргөлтийн зааланд хүчний бэлтгэл хийдэг байсан юм. Харин тухайн үед хүндийн өргөлтийн тэмцээнд оролцох хүүхдийн тоо дутчихлаа гээд надад техникийн суурь ойлголтыг зааж өгөөд тэмцээнд оролцуулсан. Харахад хүчтэй, бяртай хүн өргөдөг спорт юм шиг хэр нь хөдөлгөөний эвсэл, техникийн ур чадвар шаарддаг юм билээ. Тухайн үед багшийн заасан зүйлсийг амархан сурчихлаа гээд багш нар маань, дээд үеийн ах эгч нар маань их ирээдүйтэй хүүхэд байна гэж байсан. Хүндийг өргөх энэ процесст татагдаад 13 жил болж байна даа.

Хүндийн өргөлт бол 100 хувь сэтгэл зүйн спорт. Хэрэв контактын спорт бол тухайн өрсөлдөгчийнхөө алдаан дээр ажиллах боломжтой шүү дээ. Гэтэл манай спорт амьгүй штанк, төмөр, дэнстэй ажиллаж, тэдгээрийг би өөрөө л удирдана гэсэн үг. Тэгэхээр би зөвхөн өөр дээрээ төвлөрч, тэмцээний үр дүн зөвхөн надаас шалтгаална гэхээр сэтгэл зүйн хувьд сорилт шиг санагдаж байсан. Тиймээс сэтгэл зүйн хувьд өөртөө итгэлтэй, маш сайн төвлөрч, гадаад орчны дуу чимээ, гаднах мэдээллээс өөрийгөө тусгаарлаж төвлөрч чадсан тэмцээнүүддээ амжилттай оролцдог. Өөр дээрээ илүү төвлөрөхийг шаарддаг энэ спортын онцлог маань өөрийгөө ойлгох, өөрийгөө таньж мэдэх боломжийг олгосон гэх юм уу. “За, би ийм үедээ айдаг хүн юм байна. Ийм тохиолдолд зоригтой байдаг юм байна. Ийм үед хянуур байж чаддаг юм байна” гэх мэт тэмцээний үеэр өөрийгөө таних боломжийг олгосноороо хамгийн том давуу талтай. 

Мэргэжлийн тамирчдын зөвлөгөө: Спортоор хичээллэхдээ юуг анхаарах хэрэгтэй вэ? нийтлэлийн зураг

Миний хувьд хүн бүр аль ч төрлийн спортоор заавал хичээллэж үзэх хэрэгтэй гэж боддог юм. Хүүхэд болгон гэртээ эрхэм нандин, аав ээжийн эрх танхил хүүхэд шүү дээ. Гэтэл амьдрал дээр гараад хэрхэн биеэ дааж, тулгарсан саад бэрхшээлийг хэрхэн даван туулахыг спорт хүнд зааж өгдөг. Нэг үгээр хэлбэл, спорт хүнийг утгаар нь хүмүүжүүлдэг. Харин хүндийн өргөлтийн спорт бол өөрөө өөртэйгөө тулдаг спорт. Жинхэнэ мөн чанартаа өөрийгөө танина. Өөрийгөө зоригжуулж, “Би яг хэн юм бэ? Би юунд дайчин, тууштай байж чаддаг юм бэ?” гээд өөр рүүгээ их өнгийдөг спорт.

Хүндийн өргөлтөөр хичээллэхээр зорьж буй хүмүүст өгөх 5 зөвлөгөө:

Хөдөлгөөний эвсэлтэй байх нь таны давуу тал: Хүндийн өргөлт бол техникийн спорт тул хүч, техникийг хөгжүүлж болдог. Харин хөдөлгөөний эвсэлтэй, уян хатан чанартай, хурд тэсрэлт сайтай байх нь энэ спортоор хичээллэхэд маш том давуу тал болдог.

Өөртөө итгэлтэй, тууштай байгаарай: Та сонирхож буй спортын төрөлдөө дуртай, тууштай байж чадах юм бол болохгүй зүйл үгүй гэж хэлмээр байна. Тууштай бөгөөд өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Та чадна л гэсэн бол та чадна. Жижиг ч гэсэн өө хараад, өөрийгөө голох шалтгаан маш их байдаг шүү дээ. Тиймээс өөрийгөө голохгүй, “Би чадна” гэсэн тулсан итгэлтэй байх хэрэгтэй шүү. 

Битгий шантраарай: Хүндийн өргөлтөөр хичээллэвэл дайчин, тэмцэх сэтгэл зүйтэй болно шүү гэж хэлмээр байна. Үргэлж “Энийг л өргөчихье” гэсэн бодлоор ханддаг учраас амьдрал дээр ч бас аливаад бууж өгөхгүй, “Зүгээр ээ, би чадна. Энийг л даваад гарчихъя” гэсэн сэтгэлийн хүчтэй болдог. Сэтгэлийн хаттай, дархлаатай болчихоор бүх зүйл дагаад өсдөг шүү дээ. 

Нэгнийгээ урамшуулдаг байгаарай: Спортоос та хүндлэлийг нэг нэгнээ гэсэн хайрыг, урам зоригийг мэдэрнэ. Бусдынхаа амжилтад баярлаж сурахаас эхлээд эргэн тойрныхондоо хайр цацруулсан хүн болж төлөвшдөг юм шиг санагддаг. 

Техникийн ур чадвараа зөв эзэмшээрэй: Хэрэв та ирээдүйтэй, амжилттай сайн тамирчин болохыг хүсэж байгаа бол суурь техникээ зөв эзэмших нь юу юунаас илүү хамгийн чухал. Хүндийг өргөх зөв техникийг сурна гэдэг нь суралцах ёстой процессынхоо 80 хувийг сурсан гэж үздэг юм. Тиймээс анх сурахдаа мэргэжлийн багш, тамирчдаар заалгаж, сууриа зөв тавиулах нь чухал. “Гараа ингэж өргөөрэй, нуруугаа чангалаарай” гэхээс илүү нарийн хөдөлгөөн бүрээр нь заалгаарай. Хүндийн өргөлтийн спортоор хичээллэхийг хүсэж байгаа хүн бүрд Үндэсний шигшээ баг, Алдар спорт хороо, Ээрмэл клуб зэрэг хүндийн өргөлтийн спортод үйл ажиллагаа явуулж байгаа бүх клубуудын үүд хаалга үргэлж нээлттэй, таныг халуун дотноор угтана шүү гэж хэлмээр байна.

“Бадминтон бол өрсөлдөгчтэйгөө ямар нэгэн контакт үүсгэхгүй, торны наана цаанаас л өрсөлддөг  хамгийн цэвэрхэн спорт” Э.Сумъяасүрэн

Анх есөн настайдаа бадминтоноор тоглож үзэхэд их хөгжилтэй санагдаж байсан юм. Түүнээс хойш тасралтгүй 14 дэх жилдээ хичээллэж байна. Энэ спортоор хичээллэж эхэлснээс хойш олон газраар явж, хүрээллээ тэлэн, олон ч найз нөхөдтэй болсон байна. Бадминтон нь гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олноороо гээд аль ч насны хүн тоглоход маш амархан дүрэмтэй гэдгээрээ онцлог. Өрсөлдөгчтэйгөө ямар нэгэн контакт үүсгэхгүй, торны наана цаанаас л өрсөлддөг хамгийн цэвэрхэн спорт гэж боддог. Манай улсад төдийлөн сайн танигдаагүй болохоос дэлхий дахинаа хамгийн олон хүн тоглодог, алдартай спортуудын нэг юм шүү дээ. 

Мэргэжлийн тамирчдын зөвлөгөө: Спортоор хичээллэхдээ юуг анхаарах хэрэгтэй вэ? нийтлэлийн зураг

Бадминтоноор хичээллэхээр зорьж буй хүмүүст өгөх 5 зөвлөгөө: 

Тууштай байгаарай: Амжилт гаргахад цаг хугацаа, хичээл зүтгэл хэрэгтэй тул тууштай байгаарай.

Зорилгоо тодорхойлоорой: Зорилгоо тодорхойлж, түүндээ хүрэхийн тулд алхам алхмаар өөрийгөө хөгжүүлээрэй.

Цагийн менежменттэй байгаарай: Дасгалжуулагчийнхаа зөвлөгөөг сайн дагаж, бэлтгэл амралтаа зөв зохицуулан чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, хорт муу зуршлуудаас хол байгаарай.

Спортыг хэвшил болгоорой: Хүн болгон мэргэжлийн тамирчин болох албагүй болохоор спортыг өдөр тутмын амьдралынхаа нэг хэсэг болгож хэвшүүлээрэй.

Сахилга батад суралцаарай: Ер нь ямар ч спорт хүнд сахилга бат, хүмүүжил төлөвшил, эрүүл амьдралын хэв маяг гээд олон эерэг нөлөөг бий болгодог учраас хүн бүрийг өөртөө цаг зав гаргаж, ямар нэгэн спортын төрлөөр заавал хичээллээрэй гэж уриалмаар байна.

“Багаа өмсөх яг тэр мөчид хүний мөн чанар ил гардаг юм шиг санагддаг” М.Сарантуяа

2010 онд АНУ-д оюутан болж очоод олон төрлийн спорттой танилцаж байсан юм. Нэгдүгээр түвшний оюутнууд заавал хичээлээс гадуурх үйл ажиллагаа (extracurricular activity) сонгох ёстой юм билээ. Тэгээд хамгийн анх сэлүүрт завиар хичээллэхээр сонгосон ч манай ах “Туяхан юм чинь чамд тохиромжгүй ээ” гээд сэлүүрт завиа больж байсан юм. Үүний дараа туялзуур сэлэм, кэндо хоёроос сонголтоо хийсэн. Туялзуур сэлэм чинь аягүй бариу хувцастай шүү дээ. Кэндо бол хуяг дуулгатай, хар өнгөтэй, нэг тийм сүртэй хувцаслалтай. Хэлэхэд ичмээр ч гэсэн анх хувцсанд нь татагдаж, кэндогоор хичээллэж байлаа. 

Кэндо бол эртний Самурайн тулааны урлагаас үүсэлтэй спорт. Хамгийн хурдан, цэвэрхэн аргаар өрсөлдөгчөө буулгаж авах урлаг шүү дээ. Тиймээс хулсан сэлмээ бариад тулааны дуу авиа гаргаж, “Яаа” гээд чангаар орилох ёстой байдаг. Өөрийнхөө дотоод хүнийг сэрээж, өөрийгөө зоригжуулдаг гэх үү дээ. Миний хувьд тэмцээн бүрийнхээ өмнө сандардаг. Гэхдээ багаа өмсөөд, тэмцээн эхлэх мөчид миний бүх сандрал алга болчихдог. Учир нь багаа өмсөх яг тэр мөчид хүний мөн чанар ил гардаг юм шиг санагддаг. Тухайн хүн дайчин, тулаанч хүн үү аль эсвэл амархан шантардаг, залхуу хүн байна уу гэдгийг кэндо ил гаргадаг гэж боддог юм. Тулааны үед маш хурдан шийдвэр гаргадгаараа онцлог. Тиймээс бодлоо цэгцэлж, анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй болдог. Оюутан байхдаа кэндогоор хичээллэж эхэлсэн учраас миний дүн их сайжирсан. Тулааны үеэр анхаарал төвлөрөлт сайжраад ирэхээр өөрийн эрхгүй хичээлдээ төвлөрдөг болсон.

Мэргэжлийн тамирчдын зөвлөгөө: Спортоор хичээллэхдээ юуг анхаарах хэрэгтэй вэ? нийтлэлийн зураг

Нөгөөтээгүүр кэндо бол маш гоо үзэсгэлэнтэй спорт. Гарын байрлал, хувцсаа өмсөхдөө уяагаа зангидаж байгаа зангидалт гээд бүх зүйл нь утга учиртай байдаг. Эртний Японы аристократууд энэ спортоор хичээллэдэг, бүх л бүтэн нэг өөр давхарга байсан шүү дээ. Тиймээс таны хөдөлгөөн, биеэ авч яваа байдал, эмх цэгцтэй байдал, өөрийгөө нуун далдлах, сэлмээ сугалахдаа хүртэл хурдан, хөнгөн, дуугүй байх ёстой гээд бүх зүйл нь нарийн утга учиртай, эрхэмсэг байдаг юм. 

Кэндогоор хичээллэхээр зорьж буй хүмүүст өгөх 5 зөвлөгөө:

Спортынхоо түүхийг судлаарай: Би аягүй их кэндогийн түүхийг уншиж, судлах дуртай байсан юм. Японы түүх, соёл, Самурайн анги давхарга хэрхэн үүссэн, Самурайн анги буух үед яаж кэндо соёлыг авч үлдсэн, хэрхэн спорт болтлоо хөгжсөн гэх мэт бүх түүхийг нь сонирхож, судалсан. Тиймээс аливаа спортоор хичээллэх гэж байгаа бол үүсэл гарал, үүх түүхийг нь судалж үзээсэй гэж зөвлөмөөр байна. 

Уналт, босолтоос битгий айгаарай: Ямар ч спортод уналт, өсөлтийн үе гэж байдаг. Шинэ зүйл сурч байна гээд үргэлж өсөлттэй байхгүй шүү дээ. Тодорхой цэг дээр ирээд гацдаг эсвэл уналтад ордог. Тиймээс эдгээрийг хүлээн зөвшөөрч, зогсонги байдлаас битгий айгаарай.

Өөрийн арга барилыг олоорой: Богино зайны, дунд зайны, холын зайны, хурдтай тоглодог, олон мэхээр тоглодог гэх мэт олон төрлийн тулаанчид байдаг. Тиймээс тулаанд гарахдаа ойрхноос довтолдог уу, холоос довтолдог уу гээд өөрийнхөө зайг олчих юм бол хулсан сэлмийнхээ төрлийг тодорхойлох давуу талтай шүү.

Өрсөлдөгчөө хүндлээрэй: Таны өрсөлдөгч хэдий шинэ хүн байсан ч гэсэн өрсөлдөгчдөө зохих хэмжээний хүндэтгэл үзүүлэх нь хамгийн чухал. Өөртөө хэт бардаж болохгүй шүү.

Битгий яараарай: Зөвхөн спорт ч гэлтгүй боловсрол, урлаг гээд аль ч салбарт үр дүндээ хэт төвлөрөхгүйгээр, яаралгүйгээр цагаа зарцуулах хэрэгтэй. Өөрийнхөө цаг хугацааг зарцуулж байна аа гэдэг чинь өөртөө хөрөнгө оруулалт хийж байна аа л гэсэн үг шүү дээ. Тиймээс хөрөнгө оруулалтынхаа үр шимийг хүртэхийн тулд тэвчээртэй хүлээгээрэй гэж хэлмээр байна.

Холбоотой нийтлэлүүд