Залуусын орон зай

Монголын шигшээ Гуамыг яагаад 12 онооны зөрүүтэй хожих ёстой вэ?

Х.Умаахан2025.02.185 минут унших
Монголын шигшээ Гуамыг яагаад 12 онооны зөрүүтэй хожих ёстой вэ? - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Монгол Улсын шигшээ баг “FIBA Asia Cup 2025 Qualifiers” тэмцээний хэсгийн сүүлийн чухал хоёр тоглолтоо энэ сарын 20, 23-ны өдрүүдэд хийнэ. Хоёрдугаар сарын 20-ны  өдөр Гуамыг талбайд нь 12 болон түүнээс дээш оноогоор хожиж чадвал ААШТ-д оролцох боломжоо хадгалах юм. Эс бөгөөс хасагдана. 

Сагсан бөмбөг сонирхогчдын хувьд амьсгаа даран хүлээж буй эл тоглолт манай улсын шигшээ багийн хувьд “амь, сүүлчийн сумаа” тавихаас өөр сонголтгүй байдалтай нүүр учруулж байна гэхэд хилсдэхгүй.

Монголын шигшээ Гуамыг яагаад 12 онооны зөрүүтэй хожих ёстой вэ? нийтлэлийн зураг

ЯАГААД ЗААВАЛ 12 БОЛОН ТҮҮНЭЭС ДЭЭШ ОНООГООР ХОЖИХ ЁСТОЙ ВЭ?

FIBA (Олон Улсын Сагсан Бөмбөгийн Холбоо) нь багуудыг шалгаруулахдаа хэд хэдэн үндсэн үзүүлэлтүүдийг харгалзан үздэг. Хамгийн түгээмэл үзүүлэлтүүд нь:

  1. Багийн оноо
  2. Багуудын ялалт ба ялагдлын тоо
  3. Онооны зөрүү (Тухайн багийн нийт тоглолтуудад авсан болон алдсан онооны зөрүү)
  4. Авсан оноо (Тухайн багийн нийт тоглолтуудад авсан оноо)

Эндээс дүгнэхэд: Манай улсын шигшээ баг багтсан “С” хэсгийг Япон найман оноогоор тэргүүлж, Хятад долоон оноотой удаалж байна. Харин Гуам тав, Монгол дөрвөн оноотой явна. Хэрэв Монгол Гуамыг талбайд нь хожвол хоёр баг хоёулаа ижил зургаан оноотой болно. Тэгэхээр хоорондын тоглолтын үр дүнг харгалзах ажээ. Гуамын шигшээ баг өнгөрсөн онд Монголыг талбайд нь 74:63-аар хожсон. Тиймээс 12 болон түүнээс дээш оноогоор заавал хожих хүндхэн даалгавартай нүүр тулж буй нь энэ юм..  

Цаашилбал, ААШТ-ний эрхийн төлөө нэмэлт тоглолтыг өөр хэсгийн гуравдугаар байрт орсон багтай хийнэ гэсэн үг. Харин үүнээс бага оноогоор хожих, эсвэл хожигдвол манай шигшээ багийн аялал энэ хүрээд өндөрлөнө.

ӨРГӨТГӨСӨН БҮРЭЛДЭХҮҮНИЙ НЭРС БАЯРЛУУЛСАН Ч ХАЧИР ДЭЭРЭЭ ХУВААРЬ ТААРСАНГҮЙ? 

Монгол Улсын шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнийг Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо зарлахад АНУ-аас Ш.Энхийн-Одоос эхлүүлээд гаднын улсуудад тоглож буй тамирчдын нэрс багтсан хэдий ч тэдний тоглодог багуудын хуваарьтай таараагүй тул ирж чадаагүй. Уг нь эл нэрсэд Б.Баясгалангаас эхлүүлээд Г.Дөлгөөн, Э.Сугар-очир нар байсан ч мөн л хуваарь таараагүй бололтой. 

Тэгвэл Монголын шигшээ баг чухал тоглолтоо хийхээр Гуамыг өчигдөр /2025.02.17/ зорьсон юм. Багийн ерөнхий дасгалжуулагч Фрагкиас Василойс 18 тамирчныг анх цугларалтад дуудсан. Улмаар бэлтгэлийн дараа О.Энхбаатар, Ч.Тэмүүлэн, Б.Барсболд, Б.Билгүүн, О.Эрдэнэцогт, Э.Саруул-Эрдэнэ, Э.Энхбаясгалан, Г.Болор-Эрдэнэ, А.Азбаяр, Г.Дөлгөөн, Г.Болор-Эрдэнэ нарыг Гуамтай тоглох тоглолтод авч явжээ. 

Хэдийгээр гаднын лигт тоглодог тамирчид ирээгүй ч муу бүрэлдэхүүн яавч биш. Залуу, нуруулаг, туршлагатай тамирчид байгаа нь ажиглагдаж байна. 

Ташрамд сонирхуулахад, энэ сарын 23-нд “Юү Жи Арена”-д болох Монгол, Японы шигшээ багийн тоглолтын тасалбар худалдаанд гарчээ. 

ГУАМЫН ШИГШЭЭГИЙН ЭСРЭГ ЯМАР ТОГТОЛТ ҮЗҮҮЛЭХ ВЭ?

Гуам улсын тухайд 170,000 гаруй хүн амтай. Газар нутгийн хэмжээ нь Улаанбаатар хотын дундаж дүүргийн хэмжээтэй ойролцоо юм. Тус  улсын эрэгтэй сагсан бөмбөгийн шигшээ баг Азидаа хүчирхэгт тооцогддог. Ранкаараа топ 10-т эрэмбэлэгддэг. FIBA далайн аварга шалгаруулах тэмцээнд Австрали, Шинэ Зеландаас өөр баг мөнгөн медаль хүртсэн ганцхан тохиолдол байдаг нь Гуам юм. Тэгэхээр арал улс дотроо сагсан бөмбөгөөрөө хамгийн хүчирхэг гурван улсын нэг гэсэн үг.

Гэсэн хэдий ч манай баг тамирчдаас ур чадварын хувьд тийм ч хол тасарчхаагүй. Шигшээ багийн тамирчдын нуруу ч хол зөрүүтэй биш байгаа нь сайшаалтай. Ямартай ч шидэлтийг нь хязгаарлаж, импорт төвийг нь аль болох тоглолтыг нь гаргуулахгүй байвал бидэнд давуу тал болно. 

Нөгөөтээгүүр, сэтгэлзүйн хувьд Гуамын шигшээд давуу тал байгаа ч манай улсын шигшээд хожигдож болохгүй гэсэн хамгийн том үгэн зангилаа бий. Ямартай ч эхний даалгавар бол 11-ээс дээш оноогоор хожих, удаах нь чадвал хоёрдугаар сарын 23-нд  Японыг нутагтаа хожих болж таарлаа. 

Эцэст нь заавал хожих ёстой гэсэн хүндхэн ачааг үүрсэн монголын шигшээ багийн гол хөдөлгүүр болох “тэмээнүүдэд” ард түмний дэмжлэг уухайн түрлэг ихээхэн хэрэгтэй болох биз ээ.

Сануулахад, Саудын Арабын Жедда хотод наймдугаар сарын 05-нд эхлэх ААШТ-д одоогийн байдлаар Саудын Араб, Австрали, Япон, Филиппин, Шинэ Зеланд, Ливан, Йордан гэсэн долоон баг өрсөлдөх эрхээ аваад байна. 

 

 

 

 

Холбоотой нийтлэлүүд