Хаврын улиралд “music taste” хэрхэн өөрчлөгддөг вэ?


“Хавар ирлээ. Хорвоо дэлхий яг л шүлэг мэддэг хүүхэд шиг боллоо” хэмээн Рэйнер Мариа Рилк хэлсэн байдаг. Өвлийн бүрхэг өдрүүдийн дараа одоо л нэг амьдарч эхлэх гэж байгаа юм шиг догдлол, хүсэл тэмүүлэл, сэтгэл хөдлөлөөр дүүрэн өдрүүд ийн айлчилж, “Урин цаг гэдэг ийм л байдаг даа” хэмээх бодол сэтгэл баясгана. Харин улирал солигдох энэ агшин бидний сэтгэл санаа, амьдралын хэв маягт нөлөөлөөд зогсохгүй хөгжмийн сонголтод хүртэл нөлөөлдөг гэдгийг та урьд нь анзаарч байсан уу? Тэгвэл хаврын улирал бидний сэтгэл, мэдрэмжийг хэрхэн хөглөж, хөгжмийн сонголтод нөлөөлдгийг энэхүү нийтлэлээс хүлээн авч уншаарай.
Хөгжим бидний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?
Дуу хөгжим бол бидний сэтгэл зүйг эмчлэгч чадварлаг “эмч” юм. Учир нь хөгжмийн хөг аялгуу нь бидний сэтгэл зүй, танин мэдэхүйд гүн гүнзгий нөлөө үзүүлдгийг судлаачид тогтоосон байна. Тухайлбал, Харвардын Анагаах Ухааны Их Сургуулийн судалгаагаар хөгжим нь стресс бууруулах, төвлөрлийг сайжруулах, сэтгэл гутралыг даван туулахад тусалдаг болохыг тогтоожээ. Ялангуяа, хурдан хэмнэлтэй, эерэг өнгө аястай хөгжим хүний энергийн түвшнийг нэмэгдүүлж, бүтээлч байдлыг дэмждэг байна. Мөн Канадын МакГилл Их сургуулийн судалгаагаар хүн дуртай хөгжмөө сонсох үед тархинд допамин, серотонин, эндорфин зэрэг аз жаргалын дааврууд ялгарч, сэтгэл санаа дээшилдэг болох нь батлагджээ. Иймд дуу хөгжим гэдэг зүгээр нэг зугаа цэнгэл төдийхөн зүйл биш бөгөөд хэн нэгэнтэй хамт байгаа юм шиг тухтай, дотно мэдрэмж төрүүлж, сэтгэл санааг өргөхөд тусалдаг хамгийн сайн найз юм.
Улирлын өөрчлөлт ба Хөгжмийн сонголт

Бидний хөгжмийг таашаах мэдрэмж тогтвортой биш бөгөөд цаг уур, нийгмийн үйл явдал, сэтгэл зүйн нөхцөл байдал зэрэг гадаад, дотоодын олон хүчин зүйлсээс шалтгаалан өөрчлөгдөж байдаг талаар та өмнө нь сонсож байсан уу? Тухайлбал, Биотехнологийн мэдээллийн үндэсний төвийн судалгаагаар байгаль орчны өдөөгч хүчин зүйлс болох нарны гэрэл, агаарын температур нь тархины допамин ялгаруулалтад нөлөөлж, сэтгэл санаа болон хөгжмийн сонголтод хүртэл нөлөөлдөг болохыг тогтоосон байна. 2019 онд Корнеллийн их сургуулийн судлаачид Spotify-ийн 765 сая гаруй стриминг өгөгдлийг шинжилж, улирлын өөрчлөлт нь хөгжмийн сонголтод хэрхэн нөлөөлдгийг судалсан бөгөөд судалгааны дүнд хүмүүс хүйтэн улиралд илүү тайван, нам гүм хөгжмийг сонсдог бол дулаан улиралд илүү эрч хүчтэй, хэмнэлтэй дуунуудыг илүүд үздэгийг тогтоожээ. Энэхүү өөрчлөлт нь бидний ухамсарт үйл явц биш боловч сэтгэл зүйн өөрчлөлт, амьдралын хэв маяг, идэвхтэй байдлын өсөлттэй уялдан аяндаа бий болдог байна.
Эдгээр шинжлэх ухааны судалгаа баримт болон хувь хүмүүсийн туршлага дээрээс үндэслэвээс хаврын хөгжмийн сонголтоороо дамжуулан хүмүүс өөрийгөө илэрхийлэх шинэ арга замыг эрэлхийлдэгтэй ч холбогдож болох юм. Зарим хүмүүс улирлын онцлогт нийцсэн хөгжмийн плэйлист үүсгэсэн байдаг шүү дээ. Иймд хөгжим бол өөрийгөө ойлгох, ахин шинээр нээх, өөрийгөө илэрхийлэх нэгэн чухал хэрэгсэл юм.
Хаврын эгшиг: Хөнгөн, эрч хүчтэй, сэтгэл гижигдэм
Хамаг бүхэн сэргэж, хорвоо дэлхий амилах хаврын улиралд бидний мэдрэмж ч бас илүү “амьд” болдог байна. Энэ талаар BBC агентлаг нэгэн сонирхолтой судалгаа танилцуулсан бөгөөд хаврын сэрүүн, цэнгэг агаар, борооны дараах чийглэг үнэрийн нөлөөгөөр бидний амтлах мэдрэмж илүү хөнгөн, цэвэр, шинэлэг амтыг илүүд үздэгтэй адил хөгжмийн сонголт ч бас амьд, хөгжилтэй, эрч хүчтэй, хөнгөн атлаа сэтгэл гижигдэм аялгуутай байх нь нийтлэг ажээ. Өндөр хэмнэлтэй, мажор аккордуудад тулгуурласан хөнгөн, цоглог аястай дуунууд хаврын улиралд илүү анхаарал татдаг нь нөгөөтээгүүр тодорхой орчинтой холбоотой аж. Учир нь урин дулаан цаг гэдэг хөгжмийн фестиваль, задгай талбайн тоглолтуудын эрин үе шүү дээ! Тиймээс эрч хүчтэй, олон нийтийг уриалан дуудсан цоглог аялгуунууд илүү түгээмэл сонсогддог нь ийм учиртай.
Хаврын улирлын “music taste”

Хөнгөн, хурц өнгө аястай аялгуунууд давамгайлна: Өвлийн улиралд хүмүүс илүү гунигтай, уянгалаг дуунууд сонсдог бол хавар поп, инди, фолк болон электроник хөгжмийн илүү хөгжилтэй, өөдрөг аяс давамгайлдаг.
Идэвхтэй амьдралын хэв маягтай уялдах хөгжим: Нарны илчийг мэдэрч, шувуудын жиргээг сонсонгоо хорвоо дэлхийг ажиглан алхах шиг сайхан мэдрэмж гэж хаа байх вэ. Тийм ч учраас хаврын улирал бид илүү их цагийг гадаа өнгөрүүлж, илүү хөдөлгөөнтэй болдог тул эрч хүч нэмэгдүүлж, бүжиглэхэд тохиромжтой, өндөр хэмнэлтэй дуунууд илүү түгээмэл сонсдог байна.
Дурсамжтай дуунуудаа эргэн сонсоно: Хавар өнгөрсөн үеийн аялал, хөгжилтэй мөчүүдийг санагдуулдаг учраас хүмүүс залуу нас, өмнөх хавар, зун цагтай холбоотой дуунуудыг эргэн сонсох нь элбэг байдаг аж.
Шинэ уран бүтээлчдийн эрэлд гарах үе: Хаврын улирал бол шинийг турших, шинэ уран бүтээлч, шинэ төрөл жанраар аялахад хамгийн тохиромжтой үе. Тиймээс энэ үед хүмүүс шинэ уран бүтээлч, шинэ уран бүтээлийг сонирхох хандлага түгээмэл байдаг байна.
Энэ хаврын заавал сонсох 6 дуу
"Here Comes the Sun" - The Beatles

Хаврын илч, өөдрөг уур амьсгалыг төгс шингээсэн энэхүү сонгодог бүтээл нь удаан хүлээсэн наран мандаж, бүх зүйл шинэ эхлэл рүү тэмүүлэх шиг гайхалтай мэдрэмжийг төрүүлдэг билээ.
“Dog Days Are Over” - Florence + The Machine

Хүнд хэцүү өдрүүд ард хоцорч, аз жаргал, шинэ боломжуудыг угтаж буй тухай өгүүлдэг энэ дуу хаврын сэтгэл хөдөлгөм уур амьсгалд гайхалтай тохирно. Хөгжмийн зэмсэг, уран бүтээлчийн эрч хүчтэй хоолой нь сонсогчдод урам зориг өгөх болно.
“Delbee” - The Royal Heartaches

Хүүхэд насны гэнэн томоогүй мөрөөдөл, нандин дурсамжаар аялуулах энэхүү бүтээлийн үг ая, хөг хэмнэл бүхэн танил дотно, гэгээлэг мэдрэмжийг төрүүлэх болно.
"Beautiful Things" - Benson Boone

Дууны үг, аялгуу нь амьдралын үнэ цэн, гэгээлэг мөчүүд, шинэ боломжуудыг сануулж, энэ хаврыг илүү онцгой болгох болно. Шинэ эхлэл, гоо үзэсгэлэнг мэдрүүлэх энэхүү уран бүтээлийг сонсоод амьдралын сайхан бүхнийг талархан угтаарай.

Хайр дурлал, итгэл найдвар, мөрөөдөл рүү тэмүүлэх энэхүү бүтээл нь хаврын улирлын өөрчлөлт, шинэ боломжуудыг сэтгэл догдлон угтан авахыг нэхэн сануулах мэт. Байгаль дэлхийтэй хамт шинэ эхлэлийг мэдэрч, мөрөөдлөө даган урагшлахад тань энэхүү дуу урам зориг хайрлах болно.
“The Light Within” - The Colors

Эхлэлээсээ төгсгөл хүртэл баяр баясал, эрч хүч, урин цагийг санагдуулах энэ дуу бол яг л залуу нас шиг. Хаврын намуун үдэш найзуудтайгаа хаа нэг тийш зугаалмаар, залуу насны эрч хүчийг мэдэрч юу ч хамаагүй хиймээр. Амьдралын алхам бүрээс аз жаргал, таашаал мэдрэхийг бидэнд сануулах мэт энэхүү бүтээл таны хаврыг чимэх болно.
Эцэст нь хэлэхэд, хаврын эрч хүч, урам зоригийг мэдэрч хүсэл тэмүүллээр дүүрэн урагшлахын тулд хаврын плэйлистээ шинэчилж, шинийг туршихаас бүү айгаарай. Хаврын өдрүүдийг хөгжмийн хэмнэлээр амилуулцгаая!