Ижил нэртэй их сургуулиудын маргааныг ОУ-д яаж шийддэг вэ?


Монгол Улсын Их Сургууль /МУИС/, Монголын Үндэсний Их Сургууль /МҮИС/ хоёрын хооронд 2020 оноос хойш нэрийн маргаан үүссэн билээ. Уг маргаанд 2023 онд МУИС ялсан ч, МҮИС нэрээ солилгүйгээр нэршлийн асуудал үргэлжилсээр байв. Харин энэ сарын 3-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаар Монгол Улсын Их Сургуулийн оноосон нэртэй холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдлээ. Тодруулбал, Анхан шатны шүүх, Давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Монголын Үндэсний Их Сургуулийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Монгол Улсын Их Сургуулийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

МҮИС-ийн түүхийн тухайд “Монголын Үндэсний Их Сургууль” НҮТББ нь анх 1998 онд “Чандмань Эрдэнэ” коллеж нэртэй байгуулагдсанаас эхэлдэг. Цаашлаад, БСШУ-ы сайдын 2002 оны арван хоёрдугаар сарын 6-ны 34 дүгээр тушаалаар “Чандмань Эрдэнэ” коллеж нэрээ өөрчилж “Монголын Үндэсний коллеж” болсон. Дараа нь БСШУ-ы сайдын 2004 оны долоодугаар сарын 20-ны 238 дугаар тушаалаар “Дээд сургууль”-ийн ангилалд хамааруулсан. Ийнхүү 2004 оноос “Монголын Үндэсний дээд сургууль “нэрээр үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Ингэж байгаад БСШУ-ы сайдын 2012 оны наймдугаар сарын 6-ны А/454 дүгээр тушаалаар “…Монголын Үндэсний дээд сургуулийг 2012 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Их сургуулийн ангилалд хамааруулсугай” гэж шийдвэрлэжээ /“Зууны мэдээ” сонин, Б.ГАРЬД. 2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 31. БААСАН ГАРАГ. №20 /.
Үүнтэй ижил хэрэг 2013 онд ч болж байв. Тухайлбал, уг онд Монголиан Эйрлайнс компани оноосон нэрээ “Хүннү Эйр” болгож байгаа тухай албан мэдэгдэл гаргаж байлаа. МИАТ ХК-ийн нэртэй давхцаж, олон нийтэд төөрөгдөл учруулж байна гэх гомдлын дагуу нэрээ өөрчилж байсан нь энэ юм. МИАТ-ын нэрээр хувийн компани нислэг үйлдэх нь зохисгүй алхам хэмээн ШӨХТГ-аас тухайн үед мэдээлж байлаа. 2013 оноос Хонконг руу ижил нислэг үйлддэг болсноос хойш нислэгийн төвтэй холбогдох үеэр үл ойлголцол үүссэнээс нислэгийн замд мөргөлдөх эрсдэлтэй байдал үүссэн байна. Тодруулбал, тус хоёр компани ойролцоо нэртэй тул агаарын зам, өндөр зэрэг нислэгийн мэдээлэл өгдөг ажилтан МИАТ болон “Монголиан эйрлайнс”-ын онгоцны нисгэгчдэд ижил мэдээлэл өгсөн хэмээж байлаа.
Эндээс бид ижил нэртэй байгууллагууд байх нь олон улсын хэмжээнд асуудал дагуулахын зэрэгцээ хувийн компани улсын, үндэсний гэх нэршлийг ашиглах боломжгүйг харж байна. МУИС, МҮИС хоёрын маргаан ч үүнээс эхлэлтэй. Гадаадын профессор МҮИС-ийг МУИС-тай андууран ирж ажилласан, хөдөө орон нутгийн элсэгчид сургуулиа андууран элссэн зэрэг үйл явдлууд гарч байлаа.
Олон улс дахь ижил нэрт сургуулийн маргаанууд

Хьюстоны Их Сургууль Өмнөд Техасын Хуулийн коллежийг нэрээ “Хьюстоны Хуулийн коллеж” болгон өөрчилснөөс хойш төөрөгдөл үүсгэсэн хэмээн шүүхэд өгч байв. Өмнөд Техасын Хуулийн коллеж нь 1923 онд байгуулагдсан, Техас мужийн Хьюстон хотод байрладаг хувийн хуулийн сургууль юм. Харин Хьюстоны Их Сургуулийн хуулийн төв нь Хьюстоны Их Сургуулийн системийн нэг хэсэг болох улсын хуулийн сургууль аж. Ийнхүү 2016 оны зургаадугаар сарын 27-нд Хьюстоны Их Сургууль шинээр нэрлэгдсэн Хьюстоны хуулийн коллежийн эсрэг барааны тэмдгийн зөрчлийн нэхэмжлэл гаргасан байна. Уг хувийн сургууль нэрээ сольж, ижил төстэй өнгөний схемийг (улаан, цагаан) баталсан нь шударга бус өрсөлдөөнийг бий болгосон санаатай зөрчил хэмээж байжээ. Ийнхүү 2016 оны арван нэгдүгээр сарын 7-нд Хьюстоны хуулийн коллеж шүүхийн шийдвэрийг даган дахин Өмнөд Техасын Хьюстоны Хуулийн Коллеж нэртэй болон логоны өнгөө өөрчилж байв.

Колумбын Номхон Далайн Их Сургууль (CPU) нь Калифорнид төвтэй, 1978 онд байгуулагдсан, магадлан итгэмжлэгдээгүй хувийн зайн сургалтын байгууллага юм. Харин Колумбын Их Сургууль нь алдартай найман их сургуулийн нэгдэл Айви Лигт багтдаг сургууль юм. Ийнхүү Колумбын Их Сургууль барааны тэмдгийн зөрчлийн хэргээр Колумбын Номхон Далайн Их Сургуулийг Айви Лигт багтдаг гэж оюутнуудыг төөрөгдүүлж байна хэмээн шүүхэд өгч байв. Шүүхийн шийдвэрээр Колумбын Номхон Далайн Их Сургууль үйл ажиллагаагаа бүрэн зогсоож байжээ.
Олон улсад хувийн сургууль улсын сургуультай ижил нэртэй байхыг хэрхэн шийдвэрлэдэг вэ?
АНУ
Хувийн сургууль улсын сургуулийнхтай ижил эсвэл төөрөгдүүлэхүйц төстэй нэрийг ашиглавал Барааны тэмдгийн зөрчлийн тухай хуулийн дагуу хууль эрх зүйн асуудал дагуулдаг. Иймд хувийн сургуулиудыг улсын сургуультай ижил нэр ашиглахыг хориглосон тусгай хууль байхгүй ч барааны тэмдгийн хуулиар зөрчлийг арилгах тогтолцоог бүрдүүлдэг ажээ.
Энэтхэг
Энэтхэгийн 2019 оны Үндэсний Боловсролын Бодлогын (NEP) төсөлд хувийн сургуулиуд нэрдээ "нийтийн" (public) гэсэн нэр томьёог ашиглахаас татгалзахыг санал болгосон. Тодруулбал, тус бодлогын төсөлд “Хувийн сургуулиуд аливаа харилцаа холбоо, баримт бичиг, статусаа зарлахдаа "нийтийн" гэсэн үгийг нэрдээ ашиглахгүй” хэмээжээ.
Тэгэхээр сургуулийн нэрийн асуудал ганц манайд л асуудал дагуулж, анхаарал татаад байгаа зүйл биш аж. Эндээс аливаа байгууллагын нэр өөр байгууллагынхтай ижил төстэй байх нь хууль эрх зүй хийгээд ёс суртахууны хувьд асуудалтай гэдгийг харж болохуйц. Ямар нэг байдлаар аль нэг тал нь заавал нэрээ солих юм уу, эсвэл үйл ажиллагаа доголдох эрсдэлд ордог ажээ.