Залуусын орон зай

Цагийн ажил хийхэд тулгардаг түгээмэл асуудлууд

Б.Отгонзаяа2025.03.285 минут унших
Цагийн ажил хийхэд тулгардаг түгээмэл асуудлууд - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Хичээлээ хийнгээ давхар цагийн ажил хийж туршлага хуримтлуулан, ирээдүйнхээ суурийг тавьж буй оюутнууд улам бүр нэмэгдэж байна. Судалгаагаар Монголын оюутнуудын 60 гаруй хувь нь цагийн ажил хийдэг бөгөөд тэдний дийлэнх нь хэрэглээгээ хангах зорилгоор хөдөлмөр эрхэлдэг байна. Манай улсын хувьд 10 оюутан тутмын 7 нь цагийн ажил хийж, хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхолтойгоо илэрхийлсэн байдаг. Гэвч тэдэнд хичээлийнхээ цагтай уялдуулан өөрт тохирох ажил олж хийх нь амаргүй бөгөөд цалин хөлс нь хангалтгүй байдаг байна. Бид энэхүү нийтлэлээрээ дамжуулан цагийн ажил хийдэг оюутнуудтай уулзан, тэдний үзэл бодол, байр суурийг сонсож, нөгөө талаас цагийн ажил зуучлалын байгууллагатай холбогдон манай улсын цагийн ажлын цалингийн дундаж хэмжээ хэд байгаа талаар, ажил олгогч болон цагийн ажилтнуудаас ирдэг санал хүсэлт, шаардлага зэрэг бодит нөхцөл байдлыг сурвалжиллаа.   

Цагийн ажил хийхэд тулгардаг түгээмэл асуудлууд нийтлэлийн зураг

Монгол Улсын хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд Их, дээд сургуульд нийт 147,920 оюутан суралцаж байгаа тухай Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлсэн байна. Тухайлбал, нэгдүгээр курст 25,980 оюутан, Мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад нийт 44,220 оюутан суралцаж байгаагаас 22,000 оюутан шинээр элсэн суралцаж байгаа аж. Бид оюутнуудын дуу хоолой, үзэл бодлыг хүргэхээр ажил, хичээлээ зохицуулан яваа туршлагатай оюутнуудтай холбогдож, дараах мэдээллийг авлаа. 

“Бидэнд тулгардаг хамгийн том бэрхшээлүүдийн нэг бол цагийн ажлын цалин хөлс”

МУИС ПРЕСС дэлгүүрийн борлуулалтын ажилтан Д.Наранжаргал

Цагийн ажил хийхэд тулгардаг түгээмэл асуудлууд нийтлэлийн зураг

“Би МУИС-ийн УТСОУХНУС-ийн Улс төр судлалын гуравдугаар түвшний оюутан. Их сургуулийн сургалтын төлбөрөө ээж ааваараа төлүүлдэг учир хэрэглээнийхээ мөнгийг өөрөө олохоор шийдэж хоёрдугаар курсээсээ эхлэн цагийн ажил хийсэн. Хамгийн анх 2023 онд Golden Gym фитнест хүлээн авагчаар цагийн 5,000 төгрөгийн цалинтай ажилладаг байсан. Одоо МУИС ПРЕСС дэлгүүрийн борлуулалтын ажилтнаар цагийн 6,500 төгрөгөөр ажиллаж байна. Миний хувьд хичээлийнхээ завсар зайгаар долоо хоногт 12-14 цаг ажилладаг. Цагийн ажил хийснээрээ маш олон зүйлийг зэрэг амжуулж, цагийн менежменттэй болохоос гадна багаар ажиллах чадвар маань илүү их хөгжиж байгаа. Мөн бусдын өмнө хариуцлага хүлээх чадварт ч суралцаж байна. Нөгөөтээгүүр, сөрөг талууд ч бий.  Хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийдэг болохоор ачаалал их байдаг. Зарим үед бие даалтуудаа цаг тухайд нь хийж амжихгүй. Бидэнд тулгардаг хамгийн том бэрхшээлүүдийн нэг бол цагийн ажлын цалин хөлс. Мөн хичээлийнхээ завсар зайгаар ажиллаж олсон мөнгөнөөсөө нийгмийн даатгалын шимтгэл төлдөг болохоор гар дээр ирдэг мөнгө бүр ч багасдаг. Оюутан бид чинь бүтэн цагаар ажиллах боломжгүй шүү дээ.  Хичээлийнхээ сул цагуудаар л ажиллана. Тиймээс цагийн ажлын цалинг бага ч болов нэмээсэй гэж боддог.”

“Гаднын улсуудыг бодвол манай улсын хөдөлмөр эрхлэлтийг үнэлэх үнэлэмж бага”

GS25 сүлжээ дэлгүүрийн цагийн ажилтан З.Халиунаа

Цагийн ажил хийхэд тулгардаг түгээмэл асуудлууд нийтлэлийн зураг

“Би МУИС-МТЭС-д эдийн засагч мэргэжлээр сурдаг. Одоо хоёрдугаар түвшин болохоор дадлагад хараахан гарж амжаагүй байгаа бөгөөд туршлага дутмаг гээд мэргэжлээрээ ажиллах боломж олдоогүй. Тиймээс GS25 сүлжээ дэлгүүрт 2024 оны есдүгээр сараас эхлэн цагийн ажилтнаар ажилласан. Хамгийн анх нэгдүгээр курст байхдаа зөөгч хийдэг байсан. Тухайн үед цалин нь өдрийн 40 мянга байсан. Одоо бол долоо хоногт 40 цаг ажиллаад, сарын нэг сая 200 мянган төгрөгийн цалин авдаг. Хичээлийнхээ хажуугаар хийдэг болохоор ядаж л унаа, хоол, бусад хэрэглээний зардлаа олчихдог болохоор надад болоод л байдаг юм. Гэхдээ бусад ажлын цалинг бодвол бага санагддаг. Мөн гаднын улсуудыг бодвол манай улсын хөдөлмөр эрхлэлтийг үнэлэх үнэлэмж нь маш бага. Миний бодлоор Монгол Улс хүний хөдөлмөрийг үнэлэх талд дээр маш муу санагддаг.

Өндөр цалинтай гэвэл бар, караоке гээд шөнөөр хийдэг ажлууд өндөр цалинтай байдаг юм билээ. Гэхдээ цалин нь өндөр ч эрсдэл  нь дагаад өндөр санагдсан. Цагийн ажил хийхэд гардаг асуудал гэвэл дийлэнх ажилчид нь залуус, оюутнууд байдаг болохоор үйлчлүүлэгчид бухимдлаа бидэнд гаргаж, системийн алдаа бүрийг тухайн ажилтны буруу болгож уцаарлах асуудал нэлээдгүй гардаг. 

Цагийн ажил хийхийн давуу тал гэвэл  хичээлийн бус цагаар ажилладаг болохоор ачаалал бага, санхүүгээ хянаж, цагаа зөв зохицуулах, танилын хүрээгээ тэлж, өөрийгөө таньж мэдэхэд минь тусалсан. Сул тал гэвэл хувь хүн талаасаа ядрах, нойр дутуу явах, наад зах нь дархлаа муудах зэрэг сөрөг талтай. Юм бүхэн л эерэг, сөрөг талтай шүү дээ.”

“Цагийн ажил хийхдээ ажиллах нөхцөл, цагийн хуваариа маш сайн тохиролцож, гэрээ хэлэлцээрээ хийх хэрэгтэй”

МУИС-УТСОУХНУС-ын Улс төр судлалын 2-р түвшний оюутан Б.Ариунзул

Цагийн ажил хийхэд тулгардаг түгээмэл асуудлууд нийтлэлийн зураг

“Хамгийн анх 2023 онд нэгдүгээр курст байхдаа хувийн байгууллагад борлуулалтын ажилтнаар ажиллаж эхэлсэн. Нэг жил тухайн байгууллагад ажиллахад хэрэглэгчтэй хэрхэн харьцах талаар мэдлэгтэй болохоос гадна мөнгөний үнэ цэнийг мэдэрч, өөрийн хөдөлмөрлөж олсон мөнгөө зөв захиран зарцуулж сурсан. Сул тал гэвэл 30-аас дээш насны үйлчлүүлэгчидтэй харилцахад тухайн үйлчилгээг хүлээн зөвшөөрөхгүй, хэл амаар доромжлох зэрэг таагүй үйлдлүүд гарч, сэтгэл зүйд хүндээр нөлөөлдөг байсан. Мөн “хэрэглэгч хаан” гэх ойлголтоор цагийн ажилтныг үл тоож, яаж ч харьцсан яах вэ гэсэн хандлага цөөнгүй ажиглагддаг. Миний хувьд хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийгээд хамгийн сайн ойлгосон зүйл нь цагийн ажил хийхдээ ажиллах нөхцөл, цагийн хуваариа маш сайн нарийн тохиролцож, байж гэрээ хэлэлцээрээ хийх хэрэгтэй. Гэрээгээ байгуулахдаа бүрэн уншиж танилцаж, тодруулах зүйл байвал асууж тодруулснаар дараа нь үл ойлголцол гарахгүй шүү дээ.”

Оюутнууд мэргэжлийн дагуу цагийн ажил хийдэггүй бөгөөд дийлэнх нь үйлчилгээний байгууллагад ажилладаг байна. Учир нь манай улсад үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын 80 хувь нь үйлчилгээний байгууллага байдаг. Тиймээс зөөгч, бармен, борлуулалт  үйлчилгээний ажлыг ихэвчлэн оюутан залуус хийдэг аж. Цагийн ажил хийдэг туршлагатай оюутнуудын хувьд цагийн ажил хийхдээ баталгаатай зуучлагч байгууллагаар зуучлуулах хэрэгтэйгээс гадна цалин хөлс, ажиллах цагийн хуваариа маш сайн тохиролцож байж ажиллахыг зөвлөж байна. Мөн цагийн ажилтнуудын хувьд цагийн ажлын цалин хөлс харьцангуй бага байгаа талаар үзэл бодлоо хуваалцсан юм. Тиймээс бид цагийн ажлын зуучлалын агентлагтай холбогдож манай улсын цагийн ажлын цалингийн дундаж хэмжээ хэд байгаа талаар, ажил олгогч болон цагийн ажилтнуудаас ирдэг санал хүсэлт, шаардлага зэргийг тодрууллаа. 

“Ажил олгогч  байгууллагын зүгээс ихэвчлэн туршлагатай ажилтныг биднээс хүсдэг”

“One Agency” цагийн ажил зуучлалын агентлагийн ахлах менежер Б.Ариунзаяа

Цагийн ажил хийхэд тулгардаг түгээмэл асуудлууд нийтлэлийн зураг

“2024 онд манай байгууллагаар дамжуулан 2,185 оюутан, залуус цагийн ажилд зуучлуулсан байна. Цагийн ажил зуучлалын байгуулга нь оюутан болон бусад ажил хайгчид, бүтэн цагийн болон хагас цагийн ажлын байрыг зуучлах үйлчилгээ үзүүлдэг. Бид олон төрлийн ажлын сонголт санал болгож, ажил хайгчдыг тохирох ажил олгогчтой холбох үүрэгтэй. Мөн ажил горилогчидтой гэрээ байгуулан, ажиллах нөхцөл, цалин хөлс зэрэгт зуучлалын үйлчилгээ үзүүлдэг.

Ажил олгогч  байгууллагуудын зүгээс ихэвчлэн туршлагатай ажилтныг биднээс хүсдэг. Гэвч цагийн ажлыг ихэвчлэн оюутан залуус л хийдэг шүү дээ. Ажил олгогч ажилтан хоёрын дунд үүсдэг хамгийн том зөрчил нь цагийн ажилтнууд ажилдаа цагтаа  ирдэггүй. Ажиллана гэж хэлчхээд яг ажил эхлэх өдөр тухайн цагт ажиллахаа болилоо гэхэд л хамгийн том  зөрчилдөөн үүсдэг. Санал гомдлын хувьд цагийн ажилтнууд зарим үед цагаасаа эрт тараад байна гэх гомдлууд ч ирдэг. 

Цагийн ажилтнуудаас ирдэг санал гомдлын хувьд тэд цалин хөлсөө нэмэх хэрэгтэй гэх шаардлагыг хамгийн ихээр тавьдаг. Ер нь бол ажил олгогч талаас хамгийн их санал гомдол ирдэг. Манай улсын хувьд  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу хамгийн бага цалингийн түвшин сард 660 мянган төгрөг байдаг. Цагаар бол 4,500-20,000 төгрөгийн хооронд байдаг. Олон улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ улс орон бүрд харилцан адилгүй байдаг. Жишээлбэл, 2019 оны байдлаар Австрали Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цагт 19.84 австрали доллар байсан бол Япон улсад цагт 902 иен байсан. Эдгээр жишээг Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй харьцуулахад, манай улсын цагийн цалин харьцангуй бага түвшинд байгаа юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 84.1-д долоо хоногийн ердийн ажлын цаг 40-өөс илүүгүй байна гэж заасан бөгөөд оюутнуудын хувьд суралцах үйл ажиллагаатайгаа зохицуулан ажлын цагийг тохируулах шаардлагатай байдаг.

Холбоотой нийтлэлүүд