Залуусын орон зай

Музейн нээлттэй өдрүүд: Таны заавал үзэх музей

М.Энхмаа2025.03.075 минут унших
Музейн нээлттэй өдрүүд: Таны заавал үзэх музей - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Бид хэн байсан бэ? Бид хаанаас ирсэн бэ? Бид хаашаа явж байна вэ? Эдгээр асуултын хариултыг номын хуудаснаас, цахим эх сурвалжаас, аль эсвэл хэн нэгний дурсамж  ярианаас сонсож болох ч хамгийн бодитой, хамгийн үнэ цэнтэй хариултыг бид музейгээс л олж чадна. Учир нь эртний дурсгалт эдэллүүдээр хүрээлэгдсэн музейн орон зай бидэнд түүхийг өөрийн нүдээр харж, гараараа мэдэрч, зүрх сэтгэлээрээ ойлгоход тусалдаг гэхэд хилсдэхгүй биз ээ. Мянга сонсохоор нэг үз гэдэг шүү дээ. Тиймээс гуравдугаар сарын 07-13-ны хооронд орон даяар зохион байгуулагдах “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг угтан монгол хүн бүрийн заавал зочлох музейн талаар бэлтгэн хүргэж байна. Түүхийн хэлхээгээр аялахад та бэлэн үү?

Чингис хаан Үндэсний музей

Музейн нээлттэй өдрүүд: Таны заавал үзэх музей нийтлэлийн зураг

Та XIII зуунд очиж, Их хааны сүр жавхлант ордонд алхахыг хүсэж байна уу? Эсвэл Хүннүгийн дайчдын хуяг дуулгыг өөрийн нүдээр харахыг мөрөөддөг үү? Тэгвэл Чингис хаан Үндэсний музейн үүдээр ороход л таныг Монголын төрт ёсны 2000 жилийн түүх угтах болно.

Чингис хаан Үндэсний музей нь нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгийн эзэнт гүрнийг үндэслэгч Модунь шаньюйгаас эхлээд XX зууны эхэн хүртэлх Монголын төрт улсуудын хаад, язгууртны үйл ажиллагаа, эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлс, онцлох үйл явдлуудыг харуулах 10,000 гаруй эх үзмэрийг уран зураг, гар зураг, баримал, дархны урлал, оёдол, хатгамал, макет болон  орчин үеийн дэвшилтэт технологи болох AR, QR, VR, интерактив, видео зэрэг техник технологи ашиглан дэглэн үзүүлж байна. Тус музей нь Монголын анхны төрт улсууд, Монголын Их Эзэнт Улс, түүний бүрэлдэхүүний улсууд, XV-XX зууны үеийн Монголын хаад язгууртнууд, Дэлхий дахин ба монголчууд, Их хааны хүндэтгэлийн өргөө зэрэг байнгын үзэсгэлэнгийн 6 танхим болон түр үзэсгэлэнгийн 2 танхимтай.

Хаяг: Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Ж.Самбуугийн гудамж

Цагийн хуваарь: 09:00 - 17:00

Улаанбаатар хотын музей

Музейн нээлттэй өдрүүд: Таны заавал үзэх музей нийтлэлийн зураг

Улаанбаатар хотын газар шороон дээр гишгэлж буй хүн бүрийн заавал үзэх музей бол яахын аргагүй Улаанбаатар хотын музей билээ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын үүсэл хөгжил, хот зохион байгуулалт, нийгэм соёлын амьдралыг бүхэлд нь өгүүлэх бөгөөд Нийслэл хотын бүтэц, зохион байгуулалт цаг хугацааны уртад хэрхэн хувьсан өөрчлөгдөж, өнөөгийн төрхөө хэрхэн олсон талаарх сонирхолтой түүхээр аялуулах цор ганц үзэсгэлэн юм.

Улаанбаатар хотын музей нь Улаанбаатар хотын түүхэн хөгжлийн үечлэлээр Нүүдлийн өргөө, Их хүрээний үе /1639-1778 он/, Их хүрээ хот /1778-1911 он/, Нийслэл хүрээний үе /1911-1924 он/, Улаанбаатар хотын үе /1924-1990 он/, /1990 оноос хойш/ хэмээн хувааж, гурван танхимд үзмэрээ дэлгэн үзүүлдэг байна. Музейн сан хөмрөг 3,300 гаруй үзмэрээс тогтох бөгөөд үзэсгэлэнгийн танхимд нийт үзмэрийн гуравны нэгийг дэлгэж, үзэгч олны хүртээл болгодог ажээ.

Хаяг: Баянзүрх дүүрэг, Бөхийн өргөөний зүүн талд

Цагийн хуваарь: 09:00 - 18:00

Монголын театрын музей

Музейн нээлттэй өдрүүд: Таны заавал үзэх музей нийтлэлийн зураг

Та театрын шилдэг жүжигчдийн ур чадвар, тайз дэлгэцийн дэглэлт болон  уран бүтээлчдийн сэтгэл зүрхнээс гарсан бүтээлүүдийг хэрхэн амилуулж байсан тухай мэдэхийг хүсвэл Монголын Театрын музейд зочлоорой. Монголын театрын урлагийн түүхэн хөгжил, үндэсний театрын онцлог болоод сор болсон бүтээлүүдийн шилмэл түүврийг та зөвхөн эндээс харах болно.

Музейн сан хөмрөгт 9,000 гаруй үзмэр хадгалагдаж буй бөгөөд театрын уламжлал, тайзны урлаг, үндэсний хөгжим, хөрөг зураг, монгол кино урлаг, Гэгээн Муза гэх 6 танхимд дэлгэн харуулдаг байна.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Соёлын төв өргөөний арын 2 аркны дунд 

Цагийн хуваарь: 09:00 - 17:00

Богд хааны ордон музей

Музейн нээлттэй өдрүүд: Таны заавал үзэх музей нийтлэлийн зураг

Богд хааны ордон музейгээр зочилсон хэн бүхэн “Гайхалтай!” хэмээн уулга алдаж, Богдын хүрээний барилга байгууламж, уран тансаг хийцийг шагшин биширч, тухайн үеийн нийгэм, аж байдал, соёл уламжлалтай танилцахад яг л тэр үед амьдарч буй мэт бодит мэдрэмж төрнө гэдэгт итгэлтэй байна. Учир нь наймдугаар Богд Жавзандамба хутагт болон “Улсын эх дагина” Дондогдулам нарын эдэлж хэрэглэж байсан эд зүйлс бүгд тэр хэвээрээ хадгалагдан үлдсэн байдаг нь музейн уур амьсгалыг илүү “амьд” болгодог гэхэд хилсдэхгүй. 

Богд хааны ордон музей нь 8,600 гаруй үзмэртэй бөгөөд Найдан сүм, Махрамзын сүм, Номын сангийн сүм тэргүүтэй 7 сүм, Өвлийн ордон, Амгалан энхийн хаалга, Сэрүүн асар зэрэг 20 шахам байгууламж, үзвэрийн 40 танхимд үйл ажиллагаа явуулж байна.

Хаяг: Хан-Уул дүүрэг, Зайсан явах замын баруун талд

Цагийн хуваарь: 9:00 - 18:00

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей

Музейн нээлттэй өдрүүд: Таны заавал үзэх музей нийтлэлийн зураг

“Азийн Микеланжело” гэгддэг Өндөр Гэгээн Занабазарын уран тансаг, нарийн хийц бүхий уран бүтээлүүдээс эхлээд эртний уран зургийн өв, буддын шашны урлаг, дархны урлал, хатгамал, цаасан шуумал зэрэг Монголын дүрслэх урлагийн үнэт өв бүхий олон төрлийн үзмэрүүдийг Занабазарын музейгээс үзэж, мэлмий оюунаа баясгаарай. Учир нь Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей бол Монголын дүрслэх урлагийн хөгжил, олон зуун жилийн соёлын өвийг нэг дороос мэдрэх боломжтой билээ.

Тус музей нь 1966 оны 7 дугаар сард Ардын зураач, доктор О.Цүлтэмийн 300 орчим цуглуулган дээр үндэслэн байгуулагдсан бөгөөд өдгөө нэн эртний үеэс (МЭ 40,000-10,000 жил) 20-р зууны эхэн үеийг хамарсан 20,000 гаруй бүтээлийг үзмэрийн 10 гаруй танхимд нийт үзмэрийнхээ 10 хувийг дэлгэн үзүүлдэг байна. Улсын хэмжээнд түүх соёлын хосгүй үнэт ангилалд багтсан 200 орчим дурсгал байдгийн 70 орчим хувь нь Занабазарын музейд хадгалагдаж буй. Жишээлбэл, МЭӨ 2000 жилийн үед хамаарах янгирын толгойн дүрст бариултай хүрэл цутгамал илд, буган чулуун хөшөө, хадны сүг зургаас эхлээд есөн эрдэнийн болон шороон будгаар өнгө хослуулан зурсан бурхдын хөрөг, торгон зээгт наамал бүтээлүүдийг Занабазарын музейгээс үзээрэй.

Хаяг: Чингэлтэй дүүрэг, Худалдаа хөгжлийн банкны төв байрны баруун талд, Барилгачдын талбай

Цагийн хуваарь: 09:00 -16:30

Монгол цэргийн музей

Музейн нээлттэй өдрүүд: Таны заавал үзэх музей нийтлэлийн зураг

“Монголын дайчид яагаад дэлхийн хамгийн шилдэг байв? Монголын армийн хүч чадлын нууц юунд оршиж байсан бэ?” гэх эдгээр асуултын хариултыг та Монгол цэргийн музейгээс олж авах болно. Эртний нүүдэлчин дайчдын үеэс эхлэн өнөөдрийн Зэвсэгт хүчин хүртэлх цэргийн түүх, тактик, арга техник, зэр зэвсгийн хөгжлийг сонирхон судлахыг хүсвэл Монгол цэргийн музейгээр зочлоорой.

Монгол цэргийн музей нь Эртний түүхийн, Шинэ түүхийн, Цэргийн төрөл, мэргэжлийн танхим, Хүндэтгэлийн танхим гэх байнгын үзмэрийн 4 танхимд 9,600 гаруй үзмэрийг дэлгэн үзүүлдэг билээ. Эдгээрээс сонирхуулахад хуучин чулуун зэвсгийн дээд үеэс XX зууны эхэн үеийг хүртэлх дурсгал, НТӨ VIII-VII зууны хүрэл дуулга, хутга, сүх, Хүннү гүрний цэргийн хүрэл тоногтой суран бүс, төрөл бүрийн сумны зэвүүд, бие хамгаалах хэрэгслүүд, XIII зууны үед хамаарах чонын сийлбэр бүхий хотгор илд, 1372 оны хүрлээр цутгасан галт буу зэрэг ховор үнэт үзмэрүүд бий.  

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Хил Хамгаалах Ерөнхий Газрын зүүн талд, Их засаг Их сургуулийн чанх урд

Цагийн хуваарь: 09:00 - 16:30 

Олон Улсын Оюун ухааны музей

Музейн нээлттэй өдрүүд: Таны заавал үзэх музей нийтлэлийн зураг

Оюун ухааны музей нь Монголын анхны хувийн музей гэдгийг та мэдэх үү? Тус музей нь шинжлэх ухааны бүхий л салбарыг тоглоом наадмаар хялбаршуулан тайлбарласан бөгөөд үзэгчэд тэдгээр тоглоом наадгай, үзмэрүүдэд хүрч, тоглож болдог нь хамгийн гоё.

Тус музейд 130 гаруй улс орны оюун ухааны 11,000 бүтээл тавигдсан бөгөөд 4 миллиметр дүрстэй 10 сантиметр хөлөгтэй ясан шатраас эхлээд дахин давтагдашгүй нийт 360 гаруй шатар бий. Энэ мэтчилэн хоёр ширхэгээс эхлэн 673 ширхэг хүртэл дүрсээс бүтсэн 5,000 гаруй оньс гээд таны оюуны царааг сорих олон сонирхолтой бүтээлүүд таныг хүлээж байна.

Хаяг: Баянзүрх дүүрэг, East худалдааны төвийн баруун талд

Цагийн хуваарь: 10:00 - 18:00

Чойжин ламын сүм музей

Музейн нээлттэй өдрүүд: Таны заавал үзэх музей нийтлэлийн зураг

Монголын буддизмын гүн утга агуулга, түүхэн чухал дурсгалуудыг хадгалсан Чойжин ламын сүм музей нь зөвхөн сүмийн архитектур төдийгүй Монголын буддын соёл, шашин шүтлэг, түүхийн үнэт өв болох үзмэрүүдийн цогц орон зай билээ. Тийм ч учраас өдгөө Улаанбаатар хотноо цөөхөн үлдсэн Монголын бурхан шашны түүх, соёлд холбогдох хосгүй үнэт өвийн нэгд тооцогдог байна.

Өнөөгөөс 110 жилийн тэртээ байгуулагдсан Монгол төрийн их сахиусны гүдэнба, Эрдэнэ билигт тунгалаг бишрэлт хутагт Лувсанхайдавын шашин номын үйлийн их өргөөнд эдүгээ Монголын түүх, шашин, соёл, урлагийн илэрхийлэл болсон дахин давтагдашгүй 6,000 гаруй үзмэрийг олны хүртээл болгожээ.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, UB Mart худалдааны төвийн зүүн талд

Цагийн хуваарь: 10:00 - 17:00

Монголын Үндэсний музей

Музейн нээлттэй өдрүүд: Таны заавал үзэх музей нийтлэлийн зураг

Монгол Улсын нийт музейн үзвэрийн 30 гаруй хувийг буюу 60,000 орчим түүхэн нандин өв бүхий үзмэрийг хадгалан хамгаалж, үзэгч олноо дэлгэн үзүүлдэг музей бол Үндэсний музей юм. Нүүдэлчин монголчуудын амьдралын хэв маяг, сэтгэхүйн онцлогуудыг түүхэн сурвалжуудаар танин мэдүүлдэг гэдгээрээ онцлог. 

Нийт үзмэрийн 10 гаруй хувийг байнгын үзвэрийн 9 танхимд байршуулдаг бөгөөд түр үзэсгэлэнгийн 1 танхимтай. Хүннүгийн эзэнт гүрэн, Монголын Их Эзэнт Улс, Чингис хаан, түүний өв залгамжлагчдын түүх, Монголын ард түмний эгэл амьдрал, үндэсний хувцас, гар урлал, дархны урлал, археологийн олдвор гэх мэт үзмэрүүдтэй танилцахыг хүсвэл Үндэсний музейгээр зочлоорой.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Засгийн газрын ордны баруун талд

Цагийн хуваарь: 09:00 - 18:00

Байгалийн түүхийн музей

Музейн нээлттэй өдрүүд: Таны заавал үзэх музей нийтлэлийн зураг

Байгаль эхээ танин мэдэж, улам их хайрлах хүсэл Байгалийн түүхийн музейг үзээд төрөх болов уу? Байгалийн түүхийн музейд зочилсноор байгалийн түүх, амьтдын нууцлаг ертөнцийг ойлгох, мэдрэх, амьтдын угсаа гарвалийн талаар таньж мэдэх төдийгүй газар зүй, байгаль экологийн нэн сонирхолтой үзмэрүүдийг харах боломжтой. 

Монгол орны байгалийн өвөрмөц онцлог, зүй тогтоц, биологийн олон янз байдлыг нэн сонирхолтой үзмэрүүдээр баяжуулж, Эрт төрмөлийн эрин, Дунд төрмөлийн эрин, Шинэ төрмөл, Монгол орны газарзүй, Геологи, Монгол орны ургамал, Сээрнуруугүйтэн, Загас, хоёр нутагтан, Мөлхөгчид, Монгол орны шувууд, Хөхтөн амьтад гэх 11 байнгын үзэсгэлэнгийн танхим болон 1 түр үзэсгэлэнгийн танхимд 12,000 гаруй үзмэрийг дэлгэн үзүүлж байна.

Хаяг: Тусгаар тогтнолын талбай

Цагийн хуваарь: 09:00 - 18:00

Сансар од эрхсийн ордон буюу Астропарк

Музейн нээлттэй өдрүүд: Таны заавал үзэх музей нийтлэлийн зураг

Та сансарт нисэж, сансар огторгуйг таньж мэдмээр байна уу? Тэгвэл Астропаркаар зочлоорой. Сансар огторгуйн бүхий л нууцыг Сансар од эрхсийн ордон музей танд дэлгэх болно.

Нар ба нарны аймгийн талаарх сонирхолтой зурагт самбарууд, Хүн төрөлхтөн сансрыг хэрхэн эзэмшиж эхэлсэн, сансрын хөлөг, пуужинг хэрхэн зохион бүтээж эхэлсэн зэрэг олон сонирхолтой зүйлсийг таньж мэдэхийн сацуу сансрын нисгэгчдийн сансарт иддэг хоол хүнс болон сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн хөлөглөн сансарт хүрсэн “Союз-39” хөлгийн буугч аппарат, бэлтгэл хийж байхдаа өмсөж байсан хувцас хэрэглэл зэрэгтэй танилцаарай!

Хаяг: Одон орон геофизикийн хүрээлэн, ШУА-ын 7-р байр, Жуковын музейгээс хойш

Цагийн хуваарь: 10:00 - 16:00

Холбоотой нийтлэлүүд