Бусдын зургийг зөвшөөрөлгүй нийтэлбэл 6-12 сар хорих ял шийтгэнэ


Эрхэм хууль зөрчигчид өө (хууль зөрчигч гэдгээ мэдээ ч үгүй байсан биз дээ) энэхүү нийтлэл та бүхнийг өнөөдрийг хүртэл өөрөө ч мэдэлгүйгээр хууль зөрчсөөр ирснийг тань илчлэх болно. Азаар та өөрөө биш байж болох ч ямар их хууль зөрчигчдийн дунд амьдарч байгаагаа мэдэх юм. Магад та өмнө нь хууль зөрчигч гэхээр сүүдэрт нуугдаж, өөрийгөө далдалсан онц ноцтой гэмт хэрэгтнүүдийг л төсөөлдөг байсан байх. Гэвч гудамжинд хаясан хог, “туулайчилж” суусан автобус тань таныг “Энэ хүн хууль зөрчигч шүү” гээд зарлаад өгч байгаа юм. Иймээс #ХУУЛЬ_ЗӨРЧИГЧ цувралтай хамт байгаарай.
Найзууд, хамт олноороо караоке орлоо гэж бодъё. Хэн нэгэн маш хөгжилтэй, тэнэг гэмээр үйлдэл гарган, та зургийг нь дараад, бичлэг хийчихлээ. Нэмээд үүнийгээ бусдад үзүүлж, интернэтэд хуваалцсан бол эерэг утга агуулгатай байсан ч тухайн хүний зөвшөөрөлгүй учраас та дахиад л хууль зөрчигч юм.
Эрүүгийн хуулийн 13.8.4 дүгээр хэсэгт Хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийж олон нийтэд тараасан, бусдад дамжуулсан, эсхүл эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан гэрэл зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг олон нийтэд тараасан нь мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах гэмт хэргийн шинжгүй бол хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж, зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Зөрчлийн тухай хуулийн 6.22.3-т дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр бусдад үзүүлсэн, эсхүл хуулбарлаж өгсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх (500,000 төгрөг) хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй (5,000,000 төгрөг) тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Харин мөн хуулиар хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулж, бичлэг хийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг найман зуун нэгжтэй тэнцэх (800,000 төгрөг) хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг найман мянган (8,000,000 төгрөг) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Тайлбар: Энэ зүйлд заасан “Хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршил” гэж ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караокены өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэргийг ойлгоно.
Бараг л хүн бүр ямар нэгэн цахим платформ ашигладаг болсон энэ үед хөөрхөн, сайхан эсвэл гунигтай, бүр уур хүрмээр зүйл харвал зураг, бичлэгийг нь хийгээд л цахим орчинд нийтэлдэг болсон. Нэг ёсондоо интернэт бол бидний “цаазын тавцан” болжээ. Бид буруу зүйлтэй зөвөөр тэмцэх ёстой болохоос адилхан буруугаар тэмцэх учиргүй. Германы философич Фридрих Ницше “Мангастай тулалддаг хүн өөрөө мангас болохоос болгоомжлох хэрэгтэй” хэмээсэн байдаг. Иймээс та бусдын зураг, бичлэгийг хийж, цахим орчинд байршуулахаасаа урьдаж хуулийн аргаар л тэмцэх хэрэгтэй юм шүү.