Найруулагч Б.Чингүүний "DZUD" кино "New York Movie Awards 2026" кино наадмаас "Best Feature Film" шагнал хүртлээ


Найруулагч, продюсер Б.Чингүүний шинэ уран бүтээл болох "DZUD" (Зуд) бүрэн хэмжээний уран сайхны кино нь олон улсын кино наадмуудад амжилттай оролцож байна. Нүүдэлчдийн ахуй амьдрал, байгаль цаг уурын хатуу ширүүн сорилт болох зуд турхны үеэрх хүний сэтгэл зүй, мөн чанар, тэдгээрийг хэрхэн даван туулж буйг өвөрмөц шийдлээр харуулсан уг бүтээл АНУ-ын "New York Movie Awards" кино наадмаас дээд шагнал болох "Best Feature Film" буюу “Шилдэг бүрэн хэмжээний уран сайхны кино” шагналыг хүртжээ.
"New York Movie Awards" дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн бие даасан (Indie) уран бүтээлчдийн киног шүүн тунгааж, олон улсын зах зээлд гараагаа эхлэхэд нь дэмжлэг үзүүлдэг нэр хүндтэй наадмуудын нэг юм. Тус наадам нь сар бүр тодорхой номинациудаар шилдгүүдийг шалгаруулдаг бөгөөд "Best Feature Film" шагнал нь тухайн сарын болон тухайн ангиллын хамгийн том шагналд тооцогддог байна. Сар бүрийн шалгаруулалтад түрүүлсэн шилдэг бүтээлүүд нь цаашлаад жилийн эцсийн дээд шалгаруулалтад өрсөлдөх эрхтэй болдог бөгөөд уран бүтээлчид бүтээлийнхээ чанар, зохиол, найруулгыг олон улсын шүүгчдийн бүрэлдэхүүнээр баталгаажуулах чухал боломжийг олгодог байна.
Түүнчлэн, тус бүтээл нь Унгар улсын "Director's Cut International Film Festival" болон Турк улсын "Anatolia International Film Festival" наадмуудын шигшээ шатанд шалгарч, шилдэг бүтээлүүдийн нэгээр тодорчээ.
Сэтгэгдэл