2023 оны Randstad судалгаагаар нийт хөдөлмөр эрхлэгчдийн 93,7% нь ажил амьдралын тэнцвэрт байдалд хүрэх нь чухал хэмээн үзэж байгаа нь инновацын эрин үед ажиллаж буй хүмүүст тулгарч буй чухал сорилт мөн гэдгийг илтгэж байна. Нөгөөтэйгүүр хөдөлмөрийн зах зээлд хүч түрэн орж буй залуу үеийн бүтээмж, хүлээлтэд тулгарч буй онцлох сорилт нь тус агуулга гэдгийг олон улсын судалгаанууд дурджээ.
Гэвч залуус төдийгүй нийгмийн дунд ажил амьдралын тэнцвэрт байдлыг хэрхэн хангах вэ? Үүнд хүрэхэд ямар алхмуудыг оновчтой хийх вэ? зэрэг шийдэл эрэлхийлсэн асуултууд цөөнгүй. Тэгвэл хариултыг эрэлхийлэхээс өмнө агуулгын хүрээнд ойлголтоо нэгтгэе. Ихэвчлэн бид ажил, амьдралыг хэт ялгаж салгах ойлгон, тэнцвэржүүлэх арга зам хэрэгжүүлэхийг хичээх нь элбэг. Гэвч энэ нь бидэнд зарим нэг сөрөг үр дагаврыг бий болгох хандлагатай байна.

Нэгдүгээрт, ажил нь хувийн амьдралаас илүү их цаг эзэлдэг эсвэл эсрэгээрээ байснаас болоод тэнцвэргүй мэт санагдаж дарамт, бухимдал зэрэг сөрөг мэдрэмж бий болгодог. Хүмүүс аль нэгэнд нь хангалттай цаг зарцуулаагүйдээ өөрийгөө буруутгаж, улмаар стресс, ядрахад хүргэдэг.
Хоёрдугаарт, ажил амьдралаа салгах нь өсөлт, хөгжлийн боломжийг хязгаарлаж болзошгүй. Олон хүмүүс хувийн хүсэл тэмүүлэл, сонирхол нь мэргэжлийн ажилтай нь огтлолцдог бол энэ хоёрыг тусад нь байлгаснаар ур чадвар, туршлагаа тэлэх боломжоо алддаг.
Эцэст нь ажил амьдралыг салгах санаа нь ажил мэргэжил, ерөнхий сайн сайхан байдалд сөргөөр нөлөөлнө. Ингэж үзэх нь ажил бол сэтгэл ханамжтай амьдралын салшгүй хэсэг гэхээсээ илүү тэвчих ёстой зүйл гэсэн ойлголтыг бий болгож эхэлнэ.
Нөгөө талаас ажил дээр тулгарч буй сорилт (challenge), таны эзэмшсэн ур чадвар (skill)-н зөрүү таны сэтгэл ханамж, нөхцөл байдалд нөлөөлж болзошгүй юм. Таны хувь ажлын байран дээр аль хэсэгт буйг доорх график дээрх энгийн томьёоллоор богино хугацаанд тодорхойлж үзээрэй.

Магадгүй таны ур чадвар, ажлын сорилтуудад хүрэхгүйгээс танд төрөл бүрийн айдас, санаа зовинол байна уу? Таны ур чадварыг ажлын байр хангалттай гаргаж чадахгүй байгаагаас болоод хэтэрхий уйтгартай, чухал биш санагдаж байна уу? Аль эсвэл та өндөр ур чадвар, ажлын сорилтууд уялдуулан илүү сэтгэл ханамжтайгаар хийж байж болох юм.
Дээрх нөхцөлүүдийн аль нэгнээс үл хамааран бидний бодол, сэтгэхүйд гаднаас орж ирж буй тэдгээр сөрөг бодлуудаас салж одоогийн нөхцөл байдлаа дүгнэн, хэрэгжүүлэх арга замуудтай танилцацгаая.
Ажил бол амьдралын нэгээхэн хэсэг

Ажил (Professional life), хувийн амьдрал (Personal life) бүхэлдээ бидний амьдралын (life) нэгээхэн хэсэг бөгөөд эдгээр нь нэгдмэл байвал ажилдаа илүү утга учиртай, зорилготой хандахаас гадна ажлын сэтгэл ханамж, бүтээмж нэмэгдэх боломжтой. Эцсийн дүндээ ажил амьдралын тэнцвэрт байдалд хүрэхийн тулд тэдгээрийг хувийн үнэт зүйл, тэргүүлэх чиглэл, амьдралын томилгоотойгоо (mission) уялдуулан нэгтгэх арга замыг хайж олон, эрүүл мэнд, сайн сайхан байдлаа (well-being) хадгалах нь чухал юм.

Тэгвэл дэлхий дахинд ажил болон хувийн амьдралаа уялдуулан тэнвцэржүүлэхэд анхаарч буй чиглэлүүдтэй танилцъя.
Энэ мэтчилэн ажил, хувийн амьдралыг уялдуулан тэнцвэржүүлэх судалгаанд суурилсан олон аргуудыг хэрэгжүүлэх боломжтой. Гэвч энэхүү нийтлэлд зөвхөн ажил, хувийн амьдралтай холбоотой агуулга, өнцгөөс тайлбарласан бөгөөд үүний гүнд нь амьдралын (life) суурь чухал агуулгыг дэлгэрүүлэн судлах, түүний талаар хувийн эргэцүүлэл хийх нь чухал гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс уншигч та дараах асуултуудад цаг гарган хариулж үзээрэй.
Та аз жаргалд хүрэх биш аз жаргалтайгаар амьдарч байна уу? Та хувийн болон ажлын харилцаа, амьдралдаа хэр сэтгэл хангалуун байна вэ? Үүнтэй холбоотой дотор төрж буй сөрөг бодлуудаас өөрийгөө салган жинхэнэ өөрөөрөө эргэцүүлэхэд танд ямар мэдрэмж, бодол төрж байна вэ? Танд амжилт хүсье..
Ашигласан эх сурвалж:
- Randstad Holding (2023); Research; “Randstad Workmonitor 2023”
- Posted.mn (2023); Нийтлэл; “Z үеийнхний хөдөлмөрийн зах зээлийн хүлээлт ба бүтээмж”
- Csikszentmihalyi, M. (2008); Flow: The psychology of optimal experience. Harper Perennial Modern Classics
- Deloitte,(2023); "2023 Gen Z and Millennial Survey"