"Youth Conference" хүрээгээ тэлж, 21 аймаг, Ази, Европ дахь монгол залуусыг нэгтгэх аялал эхэллээ


Дэлхий дахинаа цар тахал эрчимжиж, улс орнууд хэсэгчилсэн болон хатуу хөл хорио тогтоож эхэлсэн тэр мөчид залуусын сурч хөгжих боломж, хийж бүтээх хүсэл тэмүүлэл цар тахалтай хамт хоригдсон гэхэд хилсдэхгүй. Харин энэ мөчид манай нийгэмд залуусын дуу хоолой хүч түрэн гарч ирж, залуус хамтдаа хөгжих орон зайг эрэлхийлэн мэдлэг, туршлагатай нэгнээсээ суралцаж, сурсан мэдсэнээ бусадтайгаа хуваалцан гэрэлтэй ирээдүйг бүтээхийн төлөө GenZ үеийн залуус нэгдэж чадсан нь “Z Networking Conference” байсан юм. ЦойлогсоZ залуусын коммьюнитигийн санаачилгаар залуусын оюунд хөрөнгө оруулах энэхүү арга хэмжээ нь 2021 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр “Хуваалц, суралц, бүтээ” уриан дор зохион байгуулагдаж, танхимаар 200 гаруй хүнийг хамарч, цахим орчинд тасралтгүй 2-3 цагийн турш 80,000 гаруй хүнд хүрсэн байдаг.
Ийнхүү Монгол орны өнцөг булан бүрд суугаа залуу үеийн төлөөллийг нэгтгэж, хүсэл тэмүүллийг нь хөглөсөөр ирсэн “Z Networking Conference” 2023 оноос “Youth Conference” болон хүрээгээ тэлж, 1,500 гаруй залуус арга хэмжээнд танхимаар оролцохын сацуу цахимаар болон цэнхэр дэлгэцээр шууд дамжуулан 30,000 гаруй залууст хүрсэн билээ. ЦойлогсоZ залуусын коммьюнитигийн санаачлан зохион байгуулдаг энэхүү арга хэмжээ нь энэ удаад Үндэсний хэмжээний залуусын арга хэмжээ болтлоо өргөжиж, арваннэгдүгээр сарын 17-ны өдөр “National Youth Conference 2024: Go for Synergy” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа.
Хамтарч ажиллах, бүтээмжээ нэмэгдүүлэх, олон улсад гарах хүсэл тэмүүлэлтэй залуусын үүсгэн байгуулсан ЦойлогсоZ багийн хамт олон энэ дөрвөн жилийн хугацаанд асуудлаас шийдэл эрэлхийлж, хамтын ажиллагааг эрхэмлэн, залуусын үзэл бодлыг илэрхийлэх хүчтэй дуу хоолой болохын хамт 250,000 гаруй залууст эергээр нөлөөлөх “залуусын коммьюнитиг” хэдийн бий болгожээ.
“ЦойлогсоZ” хамтран үүсгэн байгуулагч Э.Мөнхжаргал: Хамтын хүчин чармайлтыг /synergy/ хүн бүр ойлгоосой, хамтардаг байгаасай, бүтээмжээ нэмэгдүүлээд, эерэг нөлөөллийг гаргаасай гэж хүсдэг

“ЦойлогсоZ-ын гол зорилго бол хамтын ажиллагааг нэмэгдүүлэх замаар бүтээмжийг нэмэгдүүлэх. Үүний тулд бид хамтрах ёстой. Синерги /Synergy/ гэдэг ойлголтын дагуу 1+1*>3 буюу хоёр хүн хамтарч ажиллавал түүнээс гарах үр дагавар, нөлөөлөл нь хэд дахин илүү шүү дээ. Тиймээс энэ концепцийг хүн бүр ойлгоосой, хамтардаг байгаасай, бүтээмжээ нэмэгдүүлээд, эерэг нөлөөллийг гаргаасай гэж хүсдэг. Хамгийн анх залуучуудаа нэгтгэнэ гэхээр яаж нэгтгэхээ ч ойлгохгүй, нэг тийм холын зорилго шиг санагдаж байсан. Гэтэл өнөөдрийн арга хэмжээг маань Ховд, Баян-Өлгий зэрэг алслагдсан аймгуудын залуус зорин ирж, Нийслэлийн ЕБ-ын 29 дүгээр тусгай сургуулийн сурагчид болон хотын захын дүүргийн оролцогчид гээд үндэсний хэмжээний 2,000 гаруй залуусын төлөөлөл нэгдэж байна шүү дээ.
Анх COVID-19 цар тахлын үед хамгийн анхны, хамгийн том гэгдэх “Z Networking” арга хэмжээгээ зохион байгуулж, танхимаар 200 гаруй хүнийг хамарч байсан. Тухайн үед хичээлээ хийгээд, өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлээд л явдаг байсан оюутнуудын хувьд спонсор босгоод, үеийн залуусаа оролцуулсан арга хэмжээ зохион байгуулсны дараа “их том юмны ард гарлаа даа” л гэж бодож байсан. Дараа жил нь бид хамрах хүрээгээ гурав дахин томруулсан бол дөрөв дэх жилдээ “Youth Conference” арга хэмжээг үндэсний хэмжээнд зохион байгуулж байна. Манай ЦойлогсоZ багийнхан хэзээ ч хийсэн юмандаа ханадаггүй. Ингээд харахад бидний арга хэмжээ маш олон хүний хүч хөдөлмөр, цаг зав, сэтгэл зүтгэл, итгэл дээр зохион байгуулагддаг. Хэдий үзэгч, оролцогчдын нүдэнд арга хэмжээ амжилттай болсон мэт харагдавч зохион байгуулалтын тал дээр үргэлж алдсан байдаг. Алдаа бүрээ дүгнэж, эерэг шүүмжийг хүлээн авч, дараа нь яаж сайжруулж болох вэ гэдэг дээр маш сайн ярилцдаг. Багийг нэгтгэдэг гол зүйл бол зорилго шүү дээ. Бид бол том зорилготой, түүнийгээ биелүүлэхийн төлөө зорьж байгаа, хүсэл тэмүүлэлтэй залуусын баг. Тиймээс бидэнд шантрах эрх байхгүй.
Энэ бол ЦойлогсоZ-ын зохион байгуулж буй сүүлийн эвент биш сүүлийн Youth Conference. Бид залуусыг нэгтгэх Монголын Эдийн засгийн форум, Update зэрэг арга хэмжээнүүдээ зохион байгуулсаар л байх болно. Хэдий ирэх жил заалаа томруулаад, илүү олон хүнийг хамарсан Youth Conference-ыг зохион байгуулж болох ч гэлээ яг энэ форматаар 21 аймаг, хотын захын алслагдсан дүүргүүдийн залууст хүргэх нь илүү чухал. Тиймээс ЦойлогсоZ залуусын коммьюнитигээр дамжуулан залуучуудыг нэгтгэж, эерэг нөлөөллийг бий болгохыг зорьж байна.”
ЦойлогсоZ залуусын коммьюнитигийн санаачлан зохион байгуулдаг “Youth Conference” арга хэмжээнд энэ дөрвөн жилийн хугацаанд 50,000 гаруй залуус биетээр оролцож, 120,000 гаруй залууст цахим орчин дахь шууд дамжуулалтаар хүрч, ирээдүйн гэрэлтэй нийгмийг хамтдаа бүтээхийн төлөө хамтарч ажиллан, санал бодлоо солилцон, аливаад гарц гаргалгааг эрэлхийлж, маргаашийн төлөө улам хүчтэйгээр өөрийн дуу хоолойг илэрхийлсэн байна. Маргаашийг түүчээлэх олон залуусын нэг бол Н.Цэлмэгнаран бөгөөд “Youth Conference” арга хэмжээнд дөрөв дэх жилдээ оролцож буйгаараа онцлог юм.
Н.Цэлмэгнаран: Бусад салбарын залуустайгаа холбогдох, хүрээллээ тэлэх боломжийг “Youth Conference” бидэнд олгодог

“Цар тахал эрчимжсэн хөл хорионы үеэр бидний үеийн залууст сошиал орчинд цагийг өнгөрөөхөөс өөр хийх зүйл байхгүй байлаа шүү дээ. “GenZ үеийнхэн” гэдэг үг тренд болж байсан энэ үед “ЦойлогсоZ” гэх суваг цахим орчинд эерэг үгс болон нөлөөллийн постерууд оруулж эхэлсэн. Тэр цагаас хойш цахим хаягийг нь дагаад, ЦойлогсоZ-ын зохион байгуулдаг олон төрлийн арга хэмжээнд үеийн залуучуудынхаа хамтаар оролцож байгаадаа баярлаж явдаг залуу үеийн төлөөлөл байна. Хамгийн анхны “Z Networking Conference”-ын үеэр би оюутан байсан болохоор үеийн залуусаасаа суралцах, сурсан мэдсэнээ бусадтай хуваалцаж, хүрээллээ тэлэх тийм хэрэгцээ дутагдаж байсан юм. Тиймээс “Z Networking” арга хэмжээндээ онлайнаар оролцож байсан. Энэхүү арга хэмжээнд дөрөв дэх жилдээ оролцож байгаа оролцогчийн хувьд ЦойлогсоZ-ын багийнхан хамгийн анхны арга хэмжээнийхээ үеэр “Дөрөв, таван жилийн дараа бид ийм болсон байна” гэдэг зорилго, зорилт тавьж байсандаа өнөөдөр хүрч чадсанд нь маш их баяртай байна. Өнөөдөр бүх төрлийн залуучууд энэ коммьюнитид нэгдэх боломжтой байна шүү дээ. Жишээлбэл, залуучууд руу чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, сайн дурын байгууллагууд, коммьюнити зэрэг тухайн нэг зорилгын хүрээнд нэгдэж, өөр өөр төрлөөр үйл ажиллагаа явуулдаг олон залуусыг ЦойлогсоZ нэгтгэж чадаж байна шүү дээ. Миний хувьд Лантуун дохио, Ротаракт, Залуучуудын холбоо, Оюутны холбоо гэх мэтчилэн маш олон байгууллагад сайн дурын ажилтан болон удирдах зөвлөлийн ажилтны үүрэг гүйцэтгэж явдаг. Гэхдээ бид бусад салбарынхантайгаа холбогдож чадахгүй байгаа тэр нетворкинг, хүрээллээ тэлэх боломжийг “Youth Conference” бидэнд олгодог нь маш том давуу тал гэж боддог. Өнөөдрийн үйл ажиллагааны хувьд сэтгэл ханамж 100% байна. Залуусын дунд зорилго дээр суурилсан хамтын ажиллагаа байх хэрэгтэй. Тэр зорилго, үнэт зүйлийг нь өдөр болгон сануулдаг нар шиг нь зүйл бидэнд хэрэгтэй байдаг шүү дээ. Нар жаргасан ч, ахиад мандана гэдэг шиг байнга бидний зорилгыг сануулж, бүдрээд боссон ч зүгээр дээ гэх мэдрэмжийг төрүүлдэг ЦойлогсоZ-ын хамт олон бидний “нар” болж яваа юм болов уу гэж боддог. Хаалтын илтгэл дээр ЦойлогсоZ-ын хамтран үүсгэн байгуулагч Б.Батзориг “Энэ бол сүүлийн Youth Conference” гэдгийг хэлэхдээ хоолой нь зангирч байна шүү дээ. Төгсгөл гэдэг бол шинэ зүйлийн эхлэл гэдэг. Тиймээс залуучууд маань “сүүлийн” гэдэг энэ үгээр энэ бол эхлэл шүү гэдэг мессежийг бидэнд өгч байгаа болов уу?”
Хамтын ажиллагааг эрхэмлэж, хамтдаа санал, санаачилгыг эрэлхийлэхийн тулд хамгийн эхлээд бид нэгдэх хэрэгтэй. Залуучуудын хүсэн хүлээдэг, салбар салбарын төлөөллүүдээс суралцаж, алдаа оноогоо дэнсэлж, ахиж дэвжих боломжийг эрэлхийлэн, харилцаа холбоогоо тэлэх боломжийг олгодог “Youth Conference” арга хэмжээг зохион байгуулагч ЦойлогсоZ багийнхан шинэ үеийн залуусыг хэрхэн нэгтгэж, хэнийг ч үл алагчлан хамруулах эрхэм зорилгоо хэзээ ч мартаж байсангүй. Анх удаа Үндэсний хэмжээнд зохион байгуулагдаж буй энэ жилийн хувьд Монгол Улсын баруун хязгаар Ховд аймгийн Жаргалант сумаас арга хэмжээг зорин ирсэн байлаа.
Б.Батдаваа: Алслагдсан аймагт амьдардаг учраас зориг гаргаад, анх удаа “Youth Conference” арга хэмжээг зорин ирсэн

“Миний хувьд ЦойлогсоZ залуусын коммьюнитиг цар тахлын дараа мэддэг болж, зохион байгуулж буй арга хэмжээнүүдэд нь оролцохыг хүсдэг байсан ч манай Ховд аймаг алслагдсан аймаг буюу Улаанбаатар хотоос 1,500 гаруй километрийн цаана байдаг учраас арга хэмжээнд оролцох боломж, бололцоо төдийлөн олддоггүй байсан юм. Харин энэ удаад зориг гаргаад, гэр бүлийнхэндээ “Өөрийнхөө оюунд хөрөнгө оруулалт хиймээр байна. Би яагаад хотын залуучуудтай хөл нийлүүлэн алхаж болохгүй гэж” гэдгийг маш сайн тайлбарлахад гэр бүлийнхэн маань ч дэмжээд хамгийн анхны Youth Conference арга хэмжээндээ оролцлоо. Арга хэмжээнээс Хархорум дижитал академийн үүсгэн байгуулагч Д.Энхбат ахын илтгэл илүү таалагдсан. Учир нь хамтын хүчин чармайлт яагаад чухал болох, ганцаараа биш хамтарч ажиллах нь амжилтад хөтөлдөг гэдгийг амьдралд ойр, энгийн жишээн дээр тайлбарласан шүү дээ. “National Youth Conference 2024: Go for Synergy” арга хэмжээнд оролцоод урьд нь өөрийгөө ямар эготой байснаа ойлгосон. Ганцаараа бүх юмыг болгоно гэж боддог байсан ч одоо өөрийнхөө баг хамт олныг бүрдүүлэх ёстой юм байна, шүүмжлэлт сэтгэлгээгээ хөгжүүлж асуудлыг шийдвэрлэх, аливааг олон талаас нь харж хайрцгаас гарч сэтгэх ёстойг ойлгуулсан арга хэмжээ болж өндөрлөлөө. Арга хэмжээнд салбар салбарын зочдыг оролцуулж, өндөр түвшинд зохион байгуулсан ЦойлогсоZ-ын хамт олондоо баярлалаа. Манай монголчууд зохион байгуулалт тал дээр төдийлөн сайн биш байдаг шүү дээ. Гэтэл “Youth Conference” арга хэмжээний тухайд маш сайн зохион байгуулалттай, сайн дурын ажилтнууд маань сайн ажиллаж байна, тайз дэлгэц, видео шторк гээд бүгд л маш сайн байсан болохоор дэлхийн хэмжээний эвент боллоо гэж бодож байна. Арга хэмжээний үеэр олон залуустай танилцаж, үзэл бодлоо солилцоход аймгийнхаа хэмжээнд л сэтгэж байснаа ойлгосон юм. Нийгэмд хот, хөдөөгийн ялгаа маш их байдаг учраас ирэх жилээс 21 аймгийн залуустаа хүрч ажиллана гэдгийг сонсоод маш их баяртай байна.”

Z үеийнхэн буюу 1995-2010 хооронд төрсөн залуус нийт хүн амын 23 хувийг эзэлж буй энэ цагт бидэнд зайлшгүй шаардлагатай зүйл бол яахын аргагүй хамтын хүчин чармайлт буюу синерги. Нийгэм сайхан болно гэдэгт итгэх бус нийгмийг сайхан болгохын төлөө миний, таны, бид бүгдийн оролцоо хамгийн чухал. Өөрийн хүсдэг гэрэлт ирээдүйг бий болгохын төлөө хамтарч ажиллан, илүү өргөн цар хүрээнд илүү том нөлөөллийг үүсгэн, илүү хариуцлагатай нийгмийг бүтээхийн төлөө 2,000 гаруй залуус “National Youth Conference 2024: Go for Synergy” арга хэмжээнд ийн цуглалаа.
Дөрвөн жилийн өмнө хамтарч ажиллах, бүтээмжээ нэмэгдүүлэх, олон улсад гарах хүсэл тэмүүлэлтэй оюутан залуусын санаачлан эхлүүлж байсан ЦойлогсоZ төсөл өдгөө 250,000 гаруй залууст эергээр нөлөөлөгч хамгийн том коммьюнити болтлоо өргөжин тэлж, сүүлийн хоёр жилийн хугацаанд нийт 30 гаруй эвент, арга хэмжээг дэмжиж ажиллахын сацуугаар хамтран зохион байгуулж, 300,000 гаруй залуусыг нэгтгэжээ. “Хуваалц, суралц, бүтээ” уриатай ЦойлогсоZ багийн хамт олон энэ дөрвөн жилийн хугацаанд сурч мэдсэн мэдлэг туршлага, ололт амжилт, сургамж бүхнээ үеийн залуустайгаа хуваалцаж, залуусын нийгмийн оролцоог нэмэгдүүлж, хамтдаа гэрэлтэй нийгмийг бүтээхийн төлөө хол зай, хил хязгаар, хүрээлэн буй орчны нийгмийн ялгаатай байдлыг үл ажран хүн бүрийн оролцоог чухалчилж, Монгол залуусын дуу хоолойг эрх тэгш хүргэж, хамтдаа хөгжих зорилгоор ийнхүү хотын захын дүүргүүд болон 21 аймаг, Ази, Европын орнуудад суугаа салбар салбарын түүчээ болсон залуусыг нэгтгэх аяллыг ийнхүү эхлүүлж байна. Цааш цаашдаа илүү олон талын хамтын ажиллагааг бэхжүүлсэн, хамтдаа хөгжиж, хамтарч ажиллах боломжийг нэмэгдүүлсэн олон төрлийн арга хэмжээгээр эргэн уулзана гэдэгт итгэлтэй байна.