Залуусын орон зай

Бидний хамтын хариуцлага: Зөв хандлагыг төлөвшүүлж чадвал ирээдүй маань улам сайхан болно

М.Энхмаа2024.09.205 минут унших
Бидний хамтын хариуцлага: Зөв хандлагыг төлөвшүүлж чадвал ирээдүй маань улам сайхан болно - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Дэлхийн өрсөлдөх чадварын 2023 оны судалгаанд оролцсон 64 орноос Монгол Улс 62-т эрэмбэлэгджээ. Энэхүү судалгаанд улс орнуудын эдийн засаг, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа, дэд бүтэц гэх үндсэн 4 хүчин зүйл, 20 дэд бүлэг, нийт 335 шалгуур үзүүлэлтийг харьцуулан үзсэн байна. Тэгвэл өнөөгийн нийгэмд ямар асуудал тулгарч байна вэ? Бид ямар зүйл дээр илүү хариуцлагатай хандаж, нийгэмд эерэг өөрчлөлтийг бүтээхийн төлөө хаанаас эхлэх хэрэгтэй бол? Энэхүү нийтлэлийнхээ хүрээнд хамтын хариуцлага бидэнд яагаад чухал болох талаар салбар салбарын төлөөлөл болсон залуусын дуу хоолойг хүргэж байна. Хариуцлагатай нийгмийг бүтээхэд та бидний оролцоо хамгаас чухал юм шүү!

“Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн Ерөнхий захирал, Японы мэргэжлийн сумо бөхийн 70 дахь Их аварга Д.Бямбадорж: Зөв хандлагыг төлөвшүүлж чадвал эх орон, ирээдүй маань улам л сайхан болно 

Амбахам Маслоу хэрэгцээний таван шатлалыг тодорхойлсон байдаг шүү дээ. Энгийнээр тайлбарлавал, амьд явах, хоол хүнстэй байх, амьдрах дулаахан орон байртай байх суурь хэрэгцээ хангагдсаны дараа бид өөрийн хийж буй зүйлээ бусдад үнэлүүлж, өөрийн хүссэн зүйлээ хийхийг эрмэлздэг. Зодог тайлан эх орондоо ирээд олон салбарт залуучуудтайгаа хамтарч ажиллаж байна. Өнөөгийн залууст маань гэр бүлийнхэн нь бүх зүйлийг нь бэлдээд өгчихөөр амьдралын мөн чанар, хөдөлмөрийн үнэ цэнийг төдийлөн сайн таньж амжилгүй шууд л өөрийгөө үнэлүүлж, өөр зүйл хийхийг хүсдэг болчхож. Тиймээс хүүхдүүд маань алсын хараатай, зорилгоо маш сайн тодорхойлж, түүндээ хүрэх алхам бүрээ тодорхойлж байгаарай.

Нийгмийн хариуцлага зөв хандлага, төлөвшлөөс эхэлдэг. Газар унасан хогийг аваад хогийн саванд хийдэг, хүн бүр хүний нүд рүү хараад хүндэтгэлтэй мэндэлж чаддаг байх зэрэг энгийн ухамсрыг төлөвшүүлж чадвал эх орон, ирээдүй маань улам л сайхан болно гэж ойлгодог.

“Unread today” ерөнхий редактор Д.Түшигт-Эрдэнэ: Бид аливаа зүйлийн гаднах гоё сайханд хэт анхаарах бус чанартай агуулга гаргахын тулд хариуцлагатай хандах хэрэгтэй байна

Бидний хамтын хариуцлага: Зөв хандлагыг төлөвшүүлж чадвал ирээдүй маань улам сайхан болно нийтлэлийн зураг

Нийгэмд тулгамдаж буй олон асуудлын гол суурь нь бид уншихгүй байгаатай холбоотой. Унших гэдэг зүгээр нэг уран зохиол уншаад гуниглах биш аливаа асуудлыг олон өнцгөөс харах, түүнийгээ тунгаан бодохыг хэлнэ. Өнөөдөр яагаад түгжрээд байна вэ гэдгийг олон ургалч өнцгөөс харахын тулд бид уншиж, судалсан байх ёстой. Уншсан зүйлсээ эргэцүүлж, гарц гаргалгаа хайх хамгийн чухал. Бид уншихгүй байна. Нөгөө талаас унших юм байхгүй байна.

Бид аливаа зүйлийн гаднах гоё сайханд хэт анхаарах бус чанартай агуулга гаргахын тулд хариуцлагатай хандах хэрэгтэй байна. Аль ч салбарт тэр.  Кофе шоп ажиллуулж байгаа хүн үзэмж сайтай бялуу гаргахаас илүү яаж амттай бялуу хийх вэ гэдэгтээ анхаардаг байгаасай. Хүнтэй ярилцахдаа ухаантай сонсогдохоосоо илүү яаж үнэн юм хэлэх вэ гэдэг доторх суурь агуулгадаа анхаараасай. Бүгдээрээ чанартай агуулгатай, сүнстэй зүйлс хийх юм бол бүх салбарт эерэг өөрчлөлт гарах байх.

Хьюмэн Зэт ХХК-ийн Гүйцэтгэх захирал, хамтран үүсгэн байгуулагч М.Баасандэлгэр: Хувь хүний хариуцлагаас хамтын хариуцлага эхэлдэг

Бидний хамтын хариуцлага: Зөв хандлагыг төлөвшүүлж чадвал ирээдүй маань улам сайхан болно нийтлэлийн зураг

Дийлэнх асуудлын гол суурь нь бидний сэтгэлгээ, оюун санааны чиг баримжаанд байна гэж сүүлийн үед бодох болсон юм. Таван жилийн хугацаанд медиа салбарт, тэр дундаа нийгмийн асуудлыг хөндсөн ажил хийж байгаагийнхаа хүрээнд бид хөгжихөө больчихсон байгааг анзаарсан. Юм хийе, нийгэмдээ эерэг өөрчлөлт авчиръя гэсэн нэгнээ хэнхэгдүү гэх маягтай. Тиймээс бид сэтгэлгээний хувьд өөрчлөгдөж, оюун санааны хувьд төлөвших хэрэгтэй байх.

Хувь хүний хариуцлагаас хамтын хариуцлага эхэлдэг. Бид ямар нэгэн шийдвэр гаргасан бол тэр шийдвэрийнхээ төлөө заавал хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй. Хүн бүр өөрөө өөртөө хариуцлага тооцож сурч байж бусдад хариуцлага тооцож сурна шүү дээ. Иймд салбар дундын олон асуудлыг шийдэх, бидний хамгийн хариуцлагатай хандах ёстой зүйл бол хувь хүний хариуцлагад суралцах. 

Хүний их эмч Н.Эрхэмбаяр: Бид шинжлэх ухааны ач холбогдлыг ойлгож байж хариуцлагатай нийгмийг бүтээж чадна

Бидний хамтын хариуцлага: Зөв хандлагыг төлөвшүүлж чадвал ирээдүй маань улам сайхан болно нийтлэлийн зураг

Бидэнд тулгарч буй хамгийн том асуудал нь бид судлахгүй байна. Жишээлбэл, нийгмийн стрессийн асуудал. Нийгэм ууртай, бухимдалтай, шийдвэр гаргалтын алдагдалтай байна. Мэдрэлийн эс ядрахаар хүн шийдвэр гаргалтын алдаанд ордог. Энэ нь орлогын түвшин бага байгаатай холбоотой юм уу, түгжрэлээс үүсэлтэй юу эсвэл эрүүл мэндийн үзүүлэлт муу байгаатай хамааралтай юу гэдгийг бид судлаагүй болохоор мэдэхгүй шүү дээ. Иймээс нийгэмд яг ямар асуудал байна вэ гэдгээ судалдаг байх хэрэгтэй. Судалгаа, хөгжүүлэлтээ огт анхаарахгүй байгаа нь нийгэмд тулгамдаж буй хамгийн том асуудал.

Бид шинжлэх ухааны ач холбогдлыг ойлгож байж хариуцлагатай нийгмийг бүтээж чадна. Манай улс ДНБ-ийнхээ 0.25 хувийг шинжлэх ухаандаа зарцуулдаг үндэстэн. Иймээс яагаад судалгаа, хөгжүүлэлт чухал юм бэ, яагаад лаборатори барих ёстой юм бэ гэдгийг нийтээрээ мэддэг байх ёстой. Аливаа сонголт хийхдээ шинжлэх ухааны мэдлэгт тулгуурладаг, харилцан яриандаа тоо, баримт дурддаг, шинжлэх ухаанд дуртай ард иргэдийг төлөвшүүлэхийн төлөө хариуцлагатай хандацгаая.

Цогц Хөгжлийн Үндэсний Төвийн Гүйцэтгэх захирал, социологич М.Энхбадрал: Өнөөдөр бидний хамгийн чухал хариуцлага бол хариуцлага тооцож чадахгүй зүйлсийнхээ өмнө хариуцлага хүлээх

Бидний хамтын хариуцлага: Зөв хандлагыг төлөвшүүлж чадвал ирээдүй маань улам сайхан болно нийтлэлийн зураг
Нийгэм бүрд тодорхой итгэдэг зүйл, нийтлэг итгэл үнэмшил байх ёстой. Ард иргэд нь тэр зүйл рүүгээ тэмүүлдэг байх хэрэгтэй. Тухайлбал, “Бид хамтдаа хөгжинө, эерэг өөрчлөлтийг бүтээнэ. Хичээж байна” гэдэг ч юм уу. Ийм итгэл үнэмшил, үнэт зүйл манай нийгэмд байхгүй болчихсон нь бидэнд тулгамдаж буй хамгийн том асуудал. Бид мэргэжил эзэмшээд, хариуцлагатай, хичээл зүтгэлтэй байвал сайхан амьдарч чадна гэх итгэл үнэмшилтэй байж тухайн нийгэм хөгждөг. Энэ бүхний шалтгаан нь хөдөлмөрийн үнэлэмж бага, шударга бус зүйлс их байгаатай холбоотой юм. Нийгэм эрүүл бус, маш тогтворгүй болчихжээ. Тиймээс бид япончууд, герман хүмүүс хариуцлагатай гэж ярьдаг шигээ “Бид чадна, монголчууд шударга, хөдөлмөрч” гэх итгэл үнэмшилтэй байх хамгийн чухал.

Өнөөдөр бидний хамгийн чухал хариуцлага бол хариуцлага тооцож чадахгүй зүйлсийнхээ өмнө хариуцлага хүлээх. Бид өнгөрсөн болон ирээдүйн өмнө, хариуцлага тооцож чадахгүй зүйлийн өмнө хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй.

"TsoilogsoZ Youth Community" хамтран үүсгэн байгуулагч, CMO Э.Мөнхжаргал: Хамтын хариуцлагаа ухамсарласнаар залуусын итгэл найдварын галыг асаах боломжтой

Бидний хамтын хариуцлага: Зөв хандлагыг төлөвшүүлж чадвал ирээдүй маань улам сайхан болно нийтлэлийн зураг

Манай улс хөгжиж буй орны хувьд макро, микро түвшний асуудал зөндөө л байгаа. Харин залуучуудад тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэхэд залуусын “hope” буюу итгэл найдвар хэрэгтэй гэж бодогдох болсон юм. Хийж буй ажлынхаа хүрээнд залуустай ярилцаж, санал бодлыг нь сонсоод үзэхээр дийлэнх залуус өөр оронд сурч, ажиллах хүсэлтэй. Гадагшаа л гарчих юм бол бүх зүйл сайхан болно гэх бодолтой болчихсон байгаа нь анзаарагдсан. 

Бид эх орондоо сайхан амьдрах итгэл найдвараа алдаж байгаа нь магадгүй бидний үзэж харж байгаа сөрөг мэдээлэлтэй холбоотой байх. Тиймээс бид хамтын хариуцлагаа ухамсарлаж, хувь хүн, албан байгууллагууд сайн туршлагаа бусадтайгаа хуваалцан эерэг нөлөөллийг түгээдэг байх нь чухал. Үүний нэг жишээ бол “Update 2024” арга хэмжээ юм. Нийгмийн хариуцлагын хүрээнд хувь хүн, иргэний нийгмийн байгууллага, аж ахуйн нэгжүүд хийж бүтээсэн эерэг зүйлсээ бусадтайгаа хуваалцсанаар залуусынхаа итгэл найдварын галыг асаах боломжтой шүү дээ. 

Монголын Маркетингийн Холбооны Дэд ерөнхийлөгч Т.Энхбаясгалан: Байгууллагууд хамтарч ажиллах нь нийгмийн өмнө хүлээж буй хамгийн том хариуцлага

Бидний хамтын хариуцлага: Зөв хандлагыг төлөвшүүлж чадвал ирээдүй маань улам сайхан болно нийтлэлийн зураг

Маркетингийн байгууллагууд, ашгийн төлөө байгууллагууд маркетингийнхаа үйл ажиллагааг хэтэрхий ашгийн төлөө чиглүүлээд байгаа нь бидэнд тулгамдаж буй асуудал. Котекс брэнд Тужийн нарсанд 1 сая мод тарьсан гэдэгтэй адил компаниуд нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд гар бие оролцож, нийгмийн маркетинг хийгээсэй гэж хүсдэг. 

Ашгийн төлөө байгууллага (Profit), төрийн байгууллага (People), иргэний нийгмийн байгууллага (Planet) хамтарч ажиллах тал дээр хариуцлагатай хандаж, 3P-гийн зарчмыг баримталж байж нийгмийн хүчтэй дуу хоолой болох болно. Тус тусдаа нэг жижиг асуудлыг шийдэх гэхээсээ илүү хамтарч ажилласнаар нийгэмд хүчтэй нөлөөллийг үүсгэж чаддаг. Хамтын ажиллагааны үр нөлөө нь геометр прогресс шиг асар хурдацтай өсдөг учраас бид хамтарч ажиллах тал дээр хариуцлагатай хандах хэрэгтэй байна. 

Холбоотой нийтлэлүүд