Залуусын орон зай

Валентинаар өгөх боломжтой эко бэлгүүд

Б.Отгонзаяа2025.02.115 минут унших
Валентинаар өгөх боломжтой эко бэлгүүд - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

18-р зуунаас хойш өнөөг хүртэл тасралтгүй тэмдэглэсээр ирсэн гэгээн хайрын баярын өдөр болох гэж байна. Хайрын баярыг дэлхий даяар ихэнх хүн хайртай хүндээ ил захидал, цэцгийн баглаа, чихэр, шоколад бэлэглэн сэтгэлээ илчилж өнгөрөөдөг. Товчхондоо бол дэлхийн хамгийн романтик өдөр. Энэхүү нийтлэлийг уншиж суугаа та хайртай хүндээ сэтгэлээ хэрхэн илчилж “армаанчиглах” талаар бодож төлөвлөсөн үү? Хараахан бэлгээ сонгож амжаагүй байгаа бол анхаарлаа нааш хандуулаарай. 

Та үүнийг мэдэх үү?

Жил бүр гэгээн хайрын баярын өдрөөр дэлхий даяар 50 сая гаруй сарнай худалдаалагддаг. Валентин гэхээр хүмүүсийн бодолд хамгийн түрүүнд ямар нэгэн зүйл худалдан авах ёстой гэх бодол орж ирдэг болжээ. Судалгаагаар валентины өдрийг хүмүүс 131.17 хувиар худалдан авалттай холбож боддог гэсэн дүгнэлт гарсан байна. Энэхүү баярыг америкчуудын 55 орчим хувь нь тэмдэглэдэг бөгөөд жилд 18.2 тэрбум доллар зарцуулдаг. Үүний 1.7 тэрбум долларыг зөвхөн чихэр, шоколад амттан авахад зарцуулдаг байна. 

Хайрыг яагаад үнэтэй цэцэг, шоколадаар илэрхийлэх ёстой гэж?

Валентинаар өгөх боломжтой эко бэлгүүд нийтлэлийн зураг

Дэлхийн хамгийн романтик өдөр ойртож байгаа бөгөөд бид энэ өдөр "Чи миний хувьд үнэхээр онцгой нэгэн шүү!" гэдгийг хайртай түүндээ харуулахыг зорьдог. Гэхдээ үүнийг хуванцраар ороосон шоколад, импортын цэцэг зэрэг байгаль орчинд үзүүлэх нөлөөний хувьд тийм ч таатай биш хэлбэрээр илэрхийлэх албагүй шүү дээ. Хайр яагаад ийм “үнэтэй” байх ёстой гэж? 

Тэгвэл бид танд Валентины баярын бэлгээ байгаль орчинд ээлтэй байдлаар сонгож, хайртай хүнээ баярлуулах сонирхолтой бэлгийн санаануудаас хуваалцъя. 

Цэцэг, мэдрэмж аль алиныг нь үхүүлэхгүй байх сонголт

“Цэцэг хэдий үхдэг ч цэцэг авсан мэдрэмж үхдэггүй” гэдэг. Гэхдээ бидэнд цэцгээ ч тэр мэдрэмжээ ч тэр үхүүлэхгүй байх арга бий. Энэ нь маш энгийн. Импортын амьд цэцгийн баглаа бэлэглэхийн оронд тасалгааны ургамал, удаан хадгалагдах цэцгийн багц, давсан цэцэг гэх мэт байгальд ээлтэй сонголтуудыг хийж болно. 

Манай улсад худалдаалагдаж буй ихэнх амьд цэцэг импортоор орж ирдэг бөгөөд энэ нь байгаль орчинд ихээхэн сөрөг нөлөөтэй. Тухайлбал, тээвэрлэлт, хадгалалт, хүлэмжийн хийн ялгарал, химийн бодисын хэрэглээ их байдаг. Үүнээс гадна, амьд цэцгийн баглаанд ашигладаг пластик, целлофан савлагаа байгальд удаан задардаг бөгөөд хог хаягдлыг нэмэгдүүлдэг ажээ.

Валентинаар өгөх боломжтой эко бэлгүүд нийтлэлийн зураг

Тасалгааны ургамал, террариум, байгалийн гаралтай давсан цэцэг, савангийн баглаа нь утга учиртай бэлэг байхаас гадна байгальд ээлтэй сонголт юм. Тасалгааны цэцэг, ургамал олон жил ургахаас гадна бэлэг хүлээн авч буй хүн урт удаан хугацаанд арчилж, дурсамжаа ч хадагалах боломжтой. Мөн тасалгааны цэцэг ургамал агаар цэвэршүүлж, хүчилтөрөгчийг ялгаруулахаас гадна дахин тарьж, үрслүүлэх боломжтой бөгөөд эдийн засгийн хувьд ч ашигтайТеррариум нь юу юм бол гэж үү? Энэ нь жижиг ургамлуудыг тусгай шилэн саванд хийж, ургуулан давхар өөрийн хүссэнээр зохиомжлон чимэглэх боломжтой бичил цэцэрлэг юм. Арчилгаа ч бага шаарддаг. Хамтдаа террариумаа урлангаа болзож ч болно.  

Өөрийн гараар нэхсэн ороолт, бээлий

Валентинаар өгөх боломжтой эко бэлгүүд нийтлэлийн зураг

Мэдээж цаг зав гарган, сэтгэлээ шингээж, өөрийн гараар урлан, бүтээсэн бэлэг юу юунаас ч илүү утга учир, үнэ цэнтэй байх болно. Ялангуяа нэхмэл ороолт, бээлий, малгай зэрэг нь хайртай хүнээ дулаан байлгахаас гадна, хөдөлмөр, сэтгэл шингэсэн онцгой бэлгүүдийн нэг юм. Хэрвээ малгай ороолт нэхэхээр зэхэж байгаа бол үйлдвэрийн нийлэг даавуу, синтетик материалын оронд хонины ноос, сарлагийн хөөвөр, хөвөн зэрэг байгалийн гаралтай материал сонгохыг хичээгээрэй. Дэлгүүрийн бараа бүгд ижил загвартай байдаг бол таны гараар урласан бэлэг дэлхийд цор ганц гээд бод доо.

Эко амралтын багц 

Үнэ цэнтэй бэлэг гэдэг нь зөвхөн эд зүйлсээр хэмжигдэхгүй. Ихэнх хос баярын өдрөөр гадуур болзож, хүн хөл ихтэй газар цагийг өнгөрөөдөг. Гэвч энэ нь зарим хүнд тийм ч тухтай санагддаггүй. Та ч бас тэдний нэг бол хайртай хүндээ хамтдаа стрессээ тайлах эко амралтын багцын эрхийн бичиг бэлэглээрэй.

Байгалийн сайханд амрах эрхийн бичиг - Хайртай хүнтэйгээ хамт хотоос гарч, цэвэр агаарт амран, эрч хүчээ нөхөх боломжтой эко жуулчны бааз, ой мод, нуурын эрэг дээрх амралтын газарт аялж мартагдашгүй дурсамжийг бүтээгээрэй.

Байгалийн гаралтай спа, иогийн амралт - Химийн найрлагагүй, органик бүтээгдэхүүн ашигладаг спа эмчилгээ, иогийн амралтын эрхийн бичиг бэлэглэх нь хайртай хүндээ бие, сэтгэлээ амраах, эрүүл мэнддээ анхаарах боломжийг олгоно.

Адал явдалт болзоо - Хостойгоо хамт цанаар гулгах, морь унах, нохой чарганы аялал хийх зэрэг сонирхолтой болзоог хийгээрэй. Энэ нь мартагдахааргүй дурсамж үлдээхээс гадна эрүүл мэндэд ч тустай байх болно.

Валентинаар өгөх боломжтой эко бэлгүүд нийтлэлийн зураг

Байгалийн гаралтай гар хийцийн өвөрмөц бэлгийн санаанууд

Хэрвээ та хуванцар материалаар хийсэн гоёл чимэглэл бүхий бэлэг сонгохоор төлөвлөж байгаа бол дараах зүйлсийг эргэцүүлээд нэг үзээрэй. Хуванцар болон хиймэл материалаар хийсэн дурсгалын зүйлс нь үйлдвэрлэлийн явцдаа их хэмжээний химийн бодис ялгаруулж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг төдийгүй, хэрэглээнээс гарсан даруйдаа эргээд байгальд хог болон хуримтлагддаг. Харин гар хийцийн эко бэлгүүд нь байгалийн гаралтай тул хаягдал бага үүсгэж, удаан хугацаанд хэрэглэгддэгээрээ давуу талтай. Танд дараах санаануудыг санал болгоё.

Хулсан эсвэл модон материалтай ээмэг, бугуйвч, зүүлт зэрэг эко гоёл чимэглэл - Эдгээр нь зөвхөн байгалийн үзэмжийг илэрхийлээд зогсохгүй, хуванцрын хэрэглээг багасгахад тусална.

Онцгой үг, сийлбэртэй модон эдлэл - Зүүлт, түлхүүрийн оосор, дурсгалын самбар зэрэгт хайртай хүнийхээ нэр, онцгой үгийг сийлж, үнэ цэнтэй дурсамж үлдээх боломжтой.

Валентинаар өгөх боломжтой эко бэлгүүд нийтлэлийн зураг

Гар хийцийн лаа - Зөгийн лав эсвэл ургамлаас гарган авсан үнэр, химийн найрлагагүй лаа нь романтик уур амьсгал бүрдүүлэхээс гадна агаарыг бохирдуулахгүй. Мөн лааг асаасны дараа үг гарч ирэхүйцээр болгож чимэглэвэл бүр ч романтик болно. 

Байгалийн гаралтай саван, биеийн тос, үнэртүүлэгч - Химийн бодисгүй, байгалийн гаралтай тос, ургамлын ханднаас гарган авсан саван, биеийн тос, үнэртүүлэгч нь арьсыг торгомсог зөөлөн, эрүүл байхад туслаад зогсохгүй байгаль экологид ээлтэй сонголт байх болно.

Гар аргаар хийсэн дурсамжийн дэвтэр -  Дахин боловсруулсан цаас бүхий тэмдэглэлийн дэвтэр дээр дурсамж, тэмдэглэл, хайрын түүхээ бичиж үлдээвэл гоё шүү дээ.  

Холбоотой нийтлэлүүд